Л.МӨНХ-ЭРДЭНЭ: МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО НЬ ДАРЛАЛ МӨЛЖЛӨГ ЮМ

2020-08-31  
Үүний гол үндэс нь: 
1) боловсролыг хувийн хэрэг
2) арилжаа, ашиг олох хэрэгсэл
3) ялгаварлах хэрэгсэл
4) тэгш бусыг бэхжүүлэх хэрэгсэл болгосон явдал.
Энэ бүхнийг зөвхөн ганц үйлдлээр л гүйцэлдүүлсэн. Тэр нь хувийн шат шатны боловсролын байгууллагуудыг хуульчилж, тэдгээрийг төлбөртэй болгосон явдал. Монгол Улс 1989 оноос хойш нэг ч улсын их, дээд сургууль нэмж байгуулаагүй төдийгүй дээд боловсролыг төлбөртэй болгож, улсын их, дээд сургуулиудыг үндсэндээ сургалтын төлбөрөөр өөрсдийгөө санхүүжүүлдэг болгосон.Тэгснээр улсын, хувийн гэлтгүй дээд боловсрол нь иргэдээ мөлжих арга зам болж хувирсан. Дээд боловсрол дээр тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гарааны тухай ярих ямар ч боломжгүй болсон. Харин эсрэгээр тэгш бус байдал байх ёстой зүйл болж хувирсан. Энэ байдал нь дан ганц боловсрол ч биш. Эрүүл мэндийн салбарт ч хамааралтай. Ард түмний төлөөлөгчид ард түмэнтэйгээ нэг оронд амьдарч, жаргавч, зововч, төрөвч, үхэвч хамт байх ёстой. Хүсэхгүй бол өөр замаа хайг. Энэ хууль байх ёстой. Монголын төрийн албан хаагчид Монголын ард түмэнтэй нэг оронд хамт амьдрах ёстой. Хэрвээ тэд өөрсдийн тусдаа орчинтой, оронтой, тэд үр хүүхдээ системтэйгээр гадаадад сургадаг бол Монголыг монголчууд удирдаж байгаа хэрэг огт биш. Ингэвэл олон асуудал өөрчлөгдөнө.
Монголд одоо байгуулагдаад байгаа улс төрийн ч, эдийн засгийн ч, нийгмийн ч, боловсролын ч дэглэм нь Монголын ард түмний хүссэн, Үндсэн хуульдаа тунхагласан нийгэм огтхон ч биш. Энэ нь ардчилсан ч, шударга ёст ч, шударга өрсөлдөөнт ч нийгэм огт биш. Тэгш эрхт нийгэм бол бүр огтхон ч биш. Одоо байгаа дэглэмийг сурах бичгийн ангиллаар бол клептокраси буюу хулгайч луйварчдын засаглал гэж нэрлэдэг. Асуудлын гол нь Монголын эрх баригчид Монголд итгэхээ байчихсанд оршино. Үндсэндээ Монголын эрх баригчид бүхэлдээ яг С.Баяр шиг болсон. Тэдний үр хүүхдийн амьдрал ирээдүй Монголд байхгүй. Монгол улс бол тэдний хувьд мөнгө олох уурхай, колони нь. Монголын төр баялаг олзворлох, колоничлох хэрэгсэл нь.
Тэд хүүхдүүдээ Монголын газар нутаг дээр өөр ангид оронд сургадаг төдийгүй, Америкийн баячуудын хүүхдүүдээ сургадаг бэлтгэл сургуулиудад ч сургадаг. Тийм хүмүүст Монголын боловсрол, Монголын их дээд сургууль, монголчуудын хувь заяа огт хамаагүй шүү дээ. Чухам тийм учраас тэд Монголын дээд боловсролыг золигт гаргаж байгаа юм. Тэд хүүхдүүдээ Монголд амьдрах, Монгол хүн гэж санаа зовдоггүйд хэргийн гол гогцоо оршино гэж МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор, Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Монголын эрх баригчид боловсролыг гаргуунд нь хаясан. Төрийн онц эрх, үүрэгт байх ёстой зүйлийг хувийн хэрэг болгож, хувьд шилжүүлсэн. Хувьд шилжүүлэхдээ зүгээр ч нэг шилжүүлээгүй, ашиг олох, ялгаварлах, тэгш бусыг бэхжүүлэх хэрэгсэл болгосон. Буяны зорилготой, нийтийн тусын тулд төлбөргүй хувийн сургууль байж болох. Энэ нь шинэ үеийн улс үндэстний тогтолцоо бий болохоос өмнө шашин, сүм хийд боловсролын байгууллагын үүргийг биелүүлдэг байснаас уламжилж үлдсэн зүйл. Гэхдээ нэгэнт төр, шашны хэргийг тусгаарлаж, боловсрол төр улсын өөрийн онц эрх болсон учир зөвхөн төр улсаас тогтоосон бүх стандартыг хангасан буяны зорилготой цөөн тооны ийм сургууль бий нь бий. Гэтэл Монголын эрх баригчид хувийн, төлбөртэй сургуулийг хуульчилсан. Сургалтын төлбөртэй, мөн дээрээс нь улсаас хувьсах зардал авдаг хувийн сургуулиудыг бий болгож, тэдэнд илтэд давуу тал олгосон. Хуулиар давуу тал олж авсан хувийн сургуулиуд нь улсын сургуулиудын шилдэг багш нарыг цалин болон бусад хүчин зүйлээр системтэйгээр тонодог. Дээр нь цөөн тооны шилдэг сурагчдыг нь ч сургуулиа сурталчлах, тэгснээрээ илүү их сурагч татах зорилгоор системтэйгээр тонодог. Энэ нь үндсэндээ иргэдийг зоосны нүхээр ялгаварлах, ангилах, шатлах, кастлах үйл явц. Ингэж хувийн сургуулиудад давуу байдал олгож, боловсролыг арилжаа, ашиг орлогын хэрэгсэл, үнэтэй бараа, тансаг хэрэглээ болгосноор цөөнх нь олонхынхоо боломж, ирээдүйг хуулиар тонон дээрэмдсэн. Ялгарлын үр дүнд улсын сургууль, улсын сургуулийн хүүхдүүдийн ирээдүй золиослогдсон. Үндсэндээ эрх баригчид ард түмний хүүхдийн ирээдүйг золиосолж, өөрсдийн хүүхдүүддээ зориулсан ертөнцийг бий болгосон гэж Монголын Боловсролын системийг Мөнх-Эрдэнэ судлаач дүгнэлээ.
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?