МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

2020-09-07  
Монголын ахмадын холбоо удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн зөвшилцсөний үндсэн дээр Монгол улсын Ерөнхий сайд Тантай уулзаж ахмад настнуудын тавьсан дор дурдсан асуудлуудыг таны анхааралд толилуулж, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг танаас хүсэж байна.
Үүнд:

1. Ахмад настнуудаас олон жилийн туршид тэтгэврийн зөрүүг арилгуулах талаар төр засагтаа удаа дараа асуудал тавьж ирсэн боловч өдий болтол шийдвэрлэгдээгүй байна. Монголын ахмадын холбооноос хийсэн судалгаагаар 10, 20 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадууд одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс сард олон арван мянган төгрөгийн бага тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ зөрүүг арилгахад 700 шахам тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдаж байна.

Иймд тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар дараах зарчим баримталж ажиллахыг санал болгож байна
 
1.1. Засгийн газраас тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож тэтгэврийн зөрүүг арилгахад тухайн тэтгэвэр авагчид хэдэн төгрөг нэмж шаардагдахыг тогтоох.

 

1.2. Тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг гаргахдаа 2010 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахад онцлон анхаарах, ялангуяа 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2021 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн барагдуулах.
 
1.3. Үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлдэг зарчмаа хэвээр мөрдөх.

1.4.Жил бүрийн улсын төсөвт зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж 200-аас доошгүй тэрбум төгрөгийг нэмж тусгах замаар 2021-2024 онд багтаан бүрэн шийдвэрлэх бодлого баримтлах .

2. 2021 он бол түүхт ойнууд тохиосон нэн онцлог жил болж байгаагийн дотор Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиох тул энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Монголын ахмадуудын улсын II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, ахмадуудын өмнө тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг хэлэлцүүлж бодлогоо тодорхойлох.

3. Нийслэл хотод “Монголын ахмадын хөгжил төв” байгуулах зураг төсөв, газрын асуудлыг 2020 онд бүрэн шийдвэрлэж, Геронтологийн үндэсний төвийн барилгыг 2021 онд ашиглалтанд оруулах арга хэмжээг 2021-2022 оны улсын төвлөрсөн төсөвт тусган бүрэн шийдвэрлэх.

4. Ахмад настнуудын амьжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд зориулж ажлын байр нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20 хүртэл хувийг тусгайлан хуваарилж ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмждэг журам тогтоох.

5. Орон гэргүй ахмад настнуудад “түрээслэн эзэмшээд өмчлөх” зарчмаар түрээсийн орон сууц олгох журмыг хялбаршуулж ахмад настнуудад оногдох квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх.

6. Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг өрхийн эмнэлгүүд сарын туршид бичиж тухайн сардаа аль ч эмийн сангаас эмээ чөлөөтэй авах журам тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад хүрэлцээтэй хувиарлаж, ахмадуудад чирэгдэлгүй үйлчлэх шуурхай арга хэмжээ авах.
 
7. Монголын ахмадын байгууллагуудын интернет сүлжээ, техник тоноглол, материаллаг баазыг бэхжүүлэхэд гадаад, дотоодын хандив тусламж төсөл, хөтөлбөрөөр дамжуулж тусгайлан дэмжлэг туслалцаа үзүүлэх ялангуяа Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолыг үндэслэн Монголын ахмадын холбооны санхүүжилтийн хэмжээг Ерөнхий сайдын 2018 онд Ахмадын дээд, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсний дагуу жилд 450.0 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, ахмадын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх.
 
8. Засгийн газрын 20190 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, орон нутагт ахмадын байр, ордон өргөө, танхим байгуулж тохижуулах, тэдгээрийг хэвийн ажиллуулахад тухай шатны Засаг дарга нараас бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэх, ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны зардал, идэвхтэн сонгуультны цалин урамшууллыг нэмэгдүүлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт чиглэл өгөх.

Эдгээр асуудлыг Ерөнхий сайд Та анхаарлынхаа төвд байлгаж асуудал хариуцсан сайд нарт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж Монголын ахмадуудын олон жилийн туршид тавьсан санал хүсэлтэнд бодитой хариу өгч дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ. 2020.08.28
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?