Д.САРАНГЭРЭЛ: ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ИРГЭДЭД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОХ БОЛОМЖ БИЙ

2020-10-08  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 

Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг аж.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь бодлогын түвшинд шийдвэр гаргадаг хараат бус байгууллага. Энэ байгууллагын дарга нь Эрүүл мэндийн сайд нь байх нь оновчтой. Ингэснээр, Эрүүл мэндийн салбарын асуудлыг ЭМДС-тай уялдуулж ажиллах чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс бие даан ЭМДС ажиллуулсан. Ингэснээр, урьдчилан сэргийлэх үзлэг, хөнгөлөлттэй эм, Элэг бүтэн монгол хөтөлбөр зэрэг үр дүнтэй ажил хийсэн. Хуульд өөрчлөлт орсноор цаашид хөнгөлөлтэтй эм олгох асуудалд дэвшил гарна. Учир нь ахмадууд сард нэг удаа очерлож хөнгөлөлттэй эм авдаг байсан бол Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн өөрчлөлтөөр сангаас олгох бололцоог бүрдүүлсэн" гэв.

Мөн тэрээр жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорих шаардлага тулгарч буйг онцлоод, ЭМДС-гийн эрсдэлийн санд төрөөс олгож буй 30 тэрбум төгрөгөөс тэдгээр иргэд тус бүрт 100 сая төгрөгийг олгодог байх боломж бүрдүүлэх шаардлагатай гэдгийг хэллээ. Үүнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилогдох Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг санаачилгатай ажиллахыг хүслээ. Одоогоор тус сангаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 5 сая төгрөг олгодог байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, дотооддоо эмчилдэг байх боломжийг хангах, гадаад эмч нарыг авчрах зэрэг аль болох гадаад урсгалыг зогсоох ажил зохион байгуулахад идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж буйг дуулгав. 

Ингээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?