ЖЕК МА ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ IPO ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА

2020-10-27  

Хятадын тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан санхүүгийн технологийн компани Ant Group дэлхийн түүхэнд хамгийн том IPO (Initial Public Offering) ажиллагаа явуулж, $34 тэрбумын хөрөнгө босгохоор төлөвлөжээ.

Даваа гарагт тус компани нэгж хувьцааныхаа үнийг зарласан бөгөөд ирэх сарын эхээр Шанхай, Хонг Конгийн хөрөнгийн биржүүдэд арилжаалж эхлэх төлөвтэй байна. Ant Group-ийн зах зээлийн үнэлгээ $313 тэрбум болсон юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Саудын Арабын төрийн өмчит, газрын тосны Сауди Арамко компани хөрөнгийн зах зээлээс $25.6 тэрбумыг босгосон нь өмнөх дээд амжилт болж байв.

Америк-Хятадын худалдааны маргаан, зөрчлийн улмаас Ant Group энэ удаа АНУ-ын хөрөнгийн зах зээлд биш, дотоодын зах зээлдээ IPO гаргаж байна. Хоёр хотын биржээс тус бүр $17.2 тэрбумын хөрөнгө босгохоор тооцоолжээ.

Ant Group-ийн эцэг компани Алибаба 2014 онд Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр $25 тэрбумыг босгосон нь тухайн үедээ дээд амжилт болсон юм.

21 жилийн өмнө Алибаба Группыг үүсгэн байгуулсан Жэк Ма өнөөдөр $61 тэрбумын хөрөнгөөрөө Хятадын хамгийн баян хүн, дэлхийн 17 дахь баянд тооцогддог.

Ant Group нь гар утасны төлбөр тооцооны Хятадын хамгийн том хоёр платформын нэг Alipay-г эзэмшдэг юм. Мөн зээлийн үнэлгээний Sesame Credit системийг эзэмшдэг.

Тус компани өнгөрсөн онд 18 тэрбум юаний ($2.7 тэрбум) ашиг олсон байна.

Өнөөдөр Alipay үйлчилгээг Хятадад 700 гаруй сая хүн ашигладаг ба сарын гүйлгээний хэмжээ нь 118 их наяд юаньд хүрээд байгаа.

Үүнээс гадна Хятадад зээлийн албан ёсны түүхгүй 460 сая хүн байгаа нь Ant Group-т хэр хэмжээний зах зээлийн нөөц байгааг харуулж байна.

Ant Group энэ удаа компанийнхаа нийт хувьцааны 11 хувь болох 3.34 тэрбум хувьцааг анхдагч зах зээлд гаргах юм. Шанхайн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь 68.8 юаниар арилжаалагдах бол Хонг Конгийн бирж дээр 80 хонгконг доллараар үнэлэгдэх гэнэ.

Ням гарагт Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр Ant Group өөрийн төв байр байрладаг Ханьжоу хотод дахин нэг оффисийн барилга босгоход зориулж 2.7 тэрбум юаниар газар худалдаж авсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?