Хяргас нуурын зүг. Өнгөрсөн жил найз нөхдийн хамт “Алтай таван богд”, “Ховдын Дуут”,”Тэсийн хурим” гэх маршрутаар аялал хийж төрсөн нутаг, Хяргас нуураараа дөнгөж дайрах төдий өнгөрсөн юм. Энэ тухай ч нийтлэлдээ бичиж байлаа (“Open Door” сонин, дугаар 41-45, 2019он). Өнөө зуны хувьд элдэв арга хэмжээгүй, цомхон явахаар шийдэж бага хүү, эхнэртэйгээ Цэнхэрийн рашаан амралтаас нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Халуун рашаанд сүүлийн хоногт намайг эргэсэн андууд маань хамтдаа хөдөлж Архангайн төв Цэцэрлэгт ирэв. Монгол Улсын барилгын зөвлөх инженер Ц.Нарангэрэл анд энэ хотод сүүлийн хэдэн жил худалдаа үйлчилгээ, орон сууц, сургууль цэцэрлэгийн хэд хэдэн барилга барилцаад буй нэгэн. Х.Чинбат андын маань “ЧМ” компани Цэцэрлэг хотын цэвэрлэх байгууламж хэмээх нүсэр обьектыг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хоёр жил гаруйн хугацаанд барьж дуусаад хэдэн сарын өмнө Улсын комисст хүлээлгэж өгсөн тухай би сонсож байсан юм. Барьж байгуулсан энэ байгууламжийнхаа ашиглалтад зарим талын зөвлөгөө өгөхөөр Чинбат анд Цэцэрлэг хотноо ирсэн юм билээ. Ажил алба, амралтын далим тохиолдлоор бид хэд Цэнхэрт учирцгаасан юм.
Чинбаа, Нараа нартай Цэнхэрийн халуун рашаан амралтад
Тэд биднийг хүндэтгэн үдэхээр болж Цэцэрлэг хотын баруун зах дахь нэгэн ресторанд үдийн зоог барьлаа. Баруунтаа зорьж буй аялагчид үүгээр дайрч үйлчлүүлээд гардаг юм байх. Бидэнтэй хамт “Шивээт манхан” рашаанд амарч байсан урлаг соёлын алдартнууд болох, кино найруулагч, жүжигчин Д.Галбаяр, түүний гэргий жүжигчин Т.Хулан, тэдний багийнхан тэнд бас хооллоцгоож байлаа. Бидний үеийнхэн сайн мэдэх драмын жүжигчин Дашхүүгийн том хүү гэдгээр нь Галбаярыг хүмүүс мэдэх юм билээ. Залуу үеийнхэн бол Т.Хуланг “Сарны нулимас” киноны Цоомоогийнх нь дүрээр илүүтэй мэддэг байх. Эдний баг ч бас баруун тийш аялах бололтой. Аян замынханд ая тухтай үйлчилдэг тохилог зоогийн газар, зочид буудлууд зам дагуу элбэгшиж байна гэдгийг хэлэх гээд л энүүхнийг тэрлэчихлээ. Бид хэдийг ийн үдчихээд Чинбаа маань гэргий Мандахтайгаа Цэцэрлэг хотод буусан “Ундрам” зочид буудалдаа үлдлээ. Ашиглалтад ороод жил гаруй болж буй үйлчилгээ сайтай буудал юм гэж тэд магтаж байсан. Буцаж ирэхдээ Архангайд хонох бол яг зам дагуу юм... “Ундрам”-ын гаднаас хөдлөөд удаж төдсөнгүй “Солонготын даваа” өгсөв. Өвөлдөө цас мөс болж халтиргаа гулгаа үүснэ гээд даваа өгсөх уруудах хоёр км гаруй замыг шороогоор нь үлдээгээд хайргадачихаж. Ой мод, гол горхитой үзэсгэлэнт сайхан байгальтай Солонготын давааг уруудсаар засмал замдаа орж хурд нэмэн давхицгаав... Тамир голын үзэсгэлэнт хөндий, Тэрхийн цагаан нуурын эрэг хөвөө аялал жуулчлалын олон цагаан гэртэйгээ ард хоцорлоо. Ая тух бодвол замын энэ олон баазуудын аль нэгэнд нь хоноглож болохоор, уг нь. Нар гудайгаагүй, цаг эрт байсан болохоор бууж тухалсангүй, шуудхан давхисаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум орцгоов. Баруунтаа аялахдаа олонтоо дайрч гарсан танил сум суурин. Том бага зочид буудал, хоол цайны газар, унаа машины засвар үйлчилгээний цэгүүд ч энд олон. Төв гудамжных нь нэг цайны газарт түргэн зуур хооллочихоод, жимс ногооны үүргийн худалдаанаас нь зам зуур ам хөдөлгөх литр нэрс арван мянган төгрөгөөр аваад аян замаа хөөцгөөв.
Зам зуурын сум суурингууд. Тосонгоос цаг гаруй давхиад бүрий болж байхад Тэлмэн нуурт дөхөж ирэв. Холгүйхэн нэг амралтын газар байсан гэж замын хүнээс сонссоноо хайж харж явлаа. Олоод хоночих санаатай. Гэрэл гэгээтэй тийм газар ойр хавьд огт тааралдсангүй. Амралтын газар, буудал байгаа бол ядаж замын хажууханд хаяг самбар нь баймаар, гэрэл гэгээ ч харагдмаар юм даа гэж ярьцгааж явтал Тэлмэн нуур ч алсарсаар ард хоцорлоо. Гурван жилийн өмнө ч байна уу даа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ нуурын хөндийд баахан мал сүрэг багшруулчихсан, хэд хэдэн хот айлыг тэмээгээр, хэсэг айлыг сарлаг, хайнаг тэргээр хөсөглөн нүүлгэж монгол ахуйг гаднын жуулчдад сурталчлан үзүүлж бэсрэг наадам зохион байгуулж байсныг би телевизээр үзэж байсан минь санаанд орж байв. Гаднын жуулчин аймаг сумандаа татах ажлын эхлэл гэж тэрээр ярилцлага өгч байсан санагдана. Засаг даргын тэр яриа энэ хавиар хараахан хэрэгжээгүй байх шиг. Нуурын ойр тойрноор аялал жуулчлалын бааз, гэр буудал байвал зам зуурын бид мэт нь хонож өнжиж сум баг, иргэдийн ажил амьдрал, засаг захиргааных нь эдийн засагт хувь нэмэр оруулчихаар юм уг нь... Шөнө дөлөөр Нөмрөг суманд ирцгээв. Замын хажууханд анивчих сум заасан гэрлэн зараар нь хонох зочид буудлаа ч төвөггүй олчихлоо. Доод давхартаа цай хоолны газартаа, дээрээ гурваас таван ортой хэд хэдэн өрөөтэй юм. Шөнийн нэг цаг болж байхад халуун цай, буцалсан устай байсан нь аян замын бидэнд таатай байв. Гурван ортой өрөө нь хоногийн 35 мянган төгрөгийн үнэтэй нь ч боломжийн юм. Өрөөндөө хөнгөн цайлж байхад олон хүүхэдтэй залуу гэр бүл бидний зэргэлдээх өрөөнд шуугилдаад л орцгоож байв. Эдний буудал ингээд л дүүрэн хонодог бололтой. Буудлаасаа өглөө эрт хөдөллөө. Шөнөжин шивэрсэн бороо үргэлжлээд хээрээр цайлах боломж муу байв. Цаг гаруй давхиад Түдэвтэй суманд ирж цайлах газар хайв. Зам дагасан сум болохоор зэрэгцсэн буудал цай хоолны газар олонтой юм. Зарим буудал нь цайныхаа газрыг зайчлаад хөнжил гудас болсон хүмүүсийг шалаар нэг зулчихсан байв. Өглөө эрт болохоор зарим нь орноосоо цухуйх төдий. Цайны газрууд нь ч ширээгээ наар болгоод аялагчид хонуулчихсан, тэгээд ч тэд нь яараагүй юм байлгүй унтацгааж л байх. Усан борооноор нэг иймэрхүү цайны газар л бидэнд олдов. Гурилтай шөл, будаатай хуурга, гуляш захиалгаар хийж өгнө гэнэ. Бидний өмнөхөнтөө үйлчлүүлж буй аян замынхны ширээн дээрхийг анзаарахад хоолных нь мах өнгө зүс муутай харагдлаа. Би өөрийгөө аяны хиам талхаараа аргалахаар болж манай хоёр гурилтай шөл, гуляш захиалав. Шөл нь зургаа, гуляш нь долоон мянган төгрөг гэнэ. Нийслэлийн кафе, зоогийн газруудынхаас дутахааргүй л үнэтэй юм. Удаж төдөлгүй тэдний захиалгат хоол ч бэлэн болов. Мах нь үнэхээр л өнгө муутай, хар бараандуу харагдаад байх. “Зуданд явчихсан үхрийн мах биш биз наадах чинь...” гэж хэлээд эхнэрээрээ би загнууллаа... Бидэнтэй зэрэгцээд арав гаруй аялагч энд цайлж хооллож байв. Цаг хүрэхгүй хугацаанд энэ бага шиг цайны газар дунджаар зуугаад мянган төгрөгийн орлоготой байх шиг. Зам зуурын үйлчилгээ гэлтгүй хоолныхоо чанар, махныхаа хангамжид анхаараасай гэж л үүнийг өгүүлэв. Уг нь мал махандаа ойр энэ сум орны хоол цайны газрын махны хангамж давгүй л баймаар юм. Хаа очиж манай нийслэлийн гуанз, цайны газрын хоолны махны чанар энэ сум орныхтой харьцуулшгүй сайн гэдгийг энэ Түдэвтэй суманд ирж л баттай ойлголоо. Мэргэжлийн хяналт, Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахын шалгалт, хавь ойрынхны өрсөлдөөн,үйлчлүүлэгчдийн шаардлага гээд олон даваа давж оршин тогтнодог болохоор нийслэлийнх маань тийм байдаг юм болов уу...
“Хэцүү хад”.
Түдэвтэй сумаас гурван цаг гаруй давхиад Хяргас нуурын эрэг хөвөө “Үзүүрийн булаг”-т хүрээд ирлээ. Гадаа нь машин тэрэг олноор зогсчихсон үйлчилгээний бага шиг байшин энд байна лээ. Аялагчид түр зогсож амсхийгээд хөдлөх боломжийн цэг. “Хэцүү хад” амралтын газар 45 км гэсэн сурталчилгааны самбар энэ цэгийн өмнөхөн байв. Хяргас нуурыг хөвөөлж давхисаар “Хэцүү хад” амралт, аялал жуулчлалын баазад ирцгээв. Арав шахам жилийн өмнө найз нөхдийн хамт ирж хоёр гурав хоног амарч байсан хуучны танил газар. Корона, ковидын аюулаас болоод энэ жил гадаад жуулчин байхгүй, манайхан л дангаараа багширч байна даа энд. Тээр жил ирэхэд эднийх арваад гэр, гурав дөрвөн байшинтай байсан юм. Одоо хориод гэртэй болчихож. Таваас долоон ортой дүнзэн байшин тав, гурваас дөрвөн ортой гурвалжин сууц бас тавыг шинээр бариад ашиглалтад оруулчихаж. Бид гурван ортой гурвалжин сууц захиалчихаад нуурын эрэг явав. Эднийхэн усан завийн зогсоол барьчихаж. Найман хүний суудалтай моторт завьтай болчихож. Эргүүл тойруул хийх хоёр хүний суудалтай бага шиг завь бас нэг байна.
Усан аялал зохион байгуулах боломжтой болжээ. Хэдэн жилийн өмнөхөөс илүү хөгжиж дэгжиж буй юм байна даа гэж санагдаж байлаа. Иймэрхүү бодол тээсээр захиалсан гурвалжин сууцандаа орж ирэв. Хоёрхон ор байх юм. Андуурчихсан бололтой гээд ойрхны байр цэвэрлээд явж буй үйлчлэгч охиныг дуудацгаалаа. Тэр охин өрөөнд орж ирэнгүүтээ баруун орны дороос гүйдэг ор татаад гаргаад ирэв. Цагаан хэрэглэлтэй бэлэн ор тэнд байж. Хэдэн жилийн өмнө европт хүү бид гурав аялаж явахдаа Женевийн нэгэн зочид буудалд “үйлчилгээнийхэн нь андуурчихаж” гээд бас нэг иймэрхүү сандраан болж байсан маань санаанд орлоо. Өрөөнөөсөө буудлын хүлээн авах руу утсаар ярих гэсэн чинь одоо энд хамт аялаж яваа, тэр үед европт сурч байсан энэ хүү маань “Эднийхэн ингэж андуурахгүй дээ, та түр хүлээж бай...” гэж намайг хориглочихоод орны дээгүүр доогуур, ханаар нь хайж байгаад нэг чагт татаад цагаан хэрэглэлтэй ор хананаас нь буулгачихаж байсан юм. Энэ тухай би “Женевийн тэмдэглэл” нийтлэлдээ “Ор дэр нэлийгээд байхгүй...” орон зай хэмнэсэн иймэрхүү арга туршлагыг манай аялал жуулчлалын салбарынхан ажил албандаа авч хэрэглээсэй гэж бичиж байж Аян зам, бодол эргэцүүлэл ном-хуудас 99, 2017 он. Алс европт үзэж харж явсан тэр зочид буудлын арга туршлага манай орны баруун хязгаарт аль хэдийнээ ийн хэрэгжиж орхисон нь надад тун ч таатай санагдав. Ор дэрний учир олж өгсөн үйлчлэгч охинтой хэдэн үг солилоо. “Одооноос л аялагч жуулчдын урсгал хэвийн болж байна. Наадмын үеэр хүн маш их, манайхны гэр, байшин аль аль нь пиг ачаалалтай, бид ёстой сөхөрч унатлаа гүйцгээсэн шүү...” гэж байв. М.Мөнхтогтох гэх энэ охин Ховдын Багшийн дээд сургуулийн цэцэрлэгийн багшийн гурав дугаар курсийн оюутан аж. Зуны амралтаар энд ажиллаж сургалтынхаа төлбөрт нэмэр олж буй гэнэ. Завхан сумын охид, хөвгүүд зундаа энд ажиллацгаадаг юм байна. Нутаг усныхаа залуусыг улирлын чанартай ч гэсэн ажлын байртай болгож буй нь өнөөгийн энэ хямралтай үед буянтай үйлс юм. Биднийг анхлан хүлээн авч хоол ундаар үйлчилсэн зоогийн газрын үйлчлэгч Т.Ангирмаа гэх охин Улаангомоос энд ажиллаж байгаа юм билээ. Улсын Багшийн дээд сургуулийн хоёрдугаар курст сурдаг гэж байв.
Байрны үйлчлэгч оюутан М.Мөнхтогтохтой хамт
Зоогийн газрын зөөгч үйлчлэгч Т.Ангирмаа
“Хэцүү хад”-ын энэ амралт Завхан сум талдаа юм. “Сайхан Халиун” гэх компаний эзэмшлийн амралт аж. Компанийн эзэн нь Завхан сумын уугуул С.Хийморьсан гэх залуу байдаг гэж би сонсож байсан. МАН-ын Бага Хурлын гишүүн байсан улс төрд нөлөөтэй нэгэн гэж Увсын уугуул миний анд С.Буянжаргал хоёр гурван жилийн өмнө ярьж байсан юм. Завхан сумаас амралт руугаа өндөр хүчдэлийн цахилгаан улсын төсвөөр татуулчихсан эр шүү гэж магтах матахын хооронд тэрээр өгүүлж байсан юм даг. Зоогийн газарт өглөөний цай ууж байхдаа тус амралтын газрын менежер Г.Өлзийттэй уулзаж танилцав. Гэргий Т.Цэцэгмаа нь амралтын эзэн С.Хийморьсаны эхнэрийн дүү юм байна. Аялал жуулчлалын энэ баазаа удирдаж ажилладаг аж. Түүнтэй ч бас уулзаж танилцав. Баазын зуны их ажлыг нэг гэр бүлийн энэ хоёр залуу л нугалдаг юм байна гэж тэдэнтэй ярилцаж суухдаа ойлгов. Эзэн С.Хийморьсан нь Завхан сумынхаа нутгийн зөвлөлийн дарга юм байна. Тэгээд ч энэ амралтын газартаа нутаг усандаа холбоотой ажлууд нилээд зохион байгуулдаг аж. Сүүлийн хэдэн жил “Тэмээний баяр” хийж “Хурдан тэмээний өвлийн уралдаан” зохион байгуулдаг уламжлалтай болоод буй юм байна. Түүнийх нь сурталчилгаа болох гэрэл зургууд зоогийн газрын хананд хэд хэд байв. Манай улс төрийн томчуул эдний амралтад зочилж амарсаны түүх өгүүлэх хэсэг гэрэл зураг энд бас байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Сү.Батболд нар төрийн энэ өндөр алба хашиж байхдаа энд амарч аялаж явж. Бүгдээрээ л гэргийтэйгээ ирцгээж. Улс төрийн энэ томчуултай эндэхийн эзэн С.Хийморьсан гэргийн хамт зургаа авахуулсан байх юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний гэр бүлийнхэнтэй...
Би менежер Г.Өлзийтэд тоглоом шоглоомоор дараахь асуулт тавьсан юм. “Танай амралтын эзэн томчуудыг ирэхэд л эндээ ирдэг юм аа даа, би танайд хоёр гурван удаа ирэхдээ эзэнтэй чинь ер тааралдаж байсангүй ...” гэв. “Сая улсын баярын үеэр захирал энд хэд хоносон, ер нь ирдэг юм аа, одоо тариа будааны үе давхцаад Зүүнбүрэн рүүгээ явчихсан байгаа. Манайхны толгой компани тэнд 2500 га талбайтай юм. Амралтын газартаа захирал маань анхаарал тавьж байгаа. Хэд хэдэн байр шинээр бариуллаа. Бас үйлчилгээний төрөл нэмж зуун сая шахам төгрөгөөр найман хүний суудалтай моторт завь худалдаж авлаа. Усан зогсоол барьлаа. Аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эргүүл тойруул хийх бас нэг жижиг завь нэмж авсан. Завь жолоодох хүн хүч сургаж авлаа. Наадмын үеэр манайхан завиараа үйлчилсэн. Цаг шахамын аялал нэг хүний хувьд 20 мянган төгрөгийн үнэтэй байх тариф тогтоосон” гэж эдний менежер Г.Өлзийт, амралтын захирал Т.Цэцэгмаа нар ярив... Тэдний энэ танилцуулгын дараа би тэдэнд “Өмнө хоёр гурав ирэхдээ бид нуурын усанд орж байгаад л явцгаасан юмдаг. Сая хүү бид хоёр нуур руу ордог гурван ч шинэ зам өөрсөддөө нээв. Хавцал дундуур өгсөж уруудсаар хадан хясаанд тулсан нуурын маш үзэсгэлэнтэй эрэгт гараад ирдэг нэг зам байх юм. Замдаа хавцалын хоёр ханыг холбосон хадан тушаа харлаа. Өвөрмөц тогтоц юм. Төөрдөг байшингаар аялаж буй мэт хавцал харгуйгаар хад чулуу дамжиж, дээш доош уруудаж өгссөөр том том хавтгай хадтай нуурын эрэгт гараад ирэх бас нэг зам байв. Бартаа саад арай багатай хавцал дундуур явсаар нуур руу гарчихдаг энгийн зам ч байна. Аль ч зам нь нөгөөгөөсөө том том хадан хясаагаар тусгаар, өөр хоорондоо нийлдэггүй, тэгээд ч нуурын өөр өөр эрэгт гарч ирдэг нь аялагчидадаа сонирхолтой юм. Та нар зоогийн газрынхаа хананд нуур тойрны энэ үзэсгэлэнт хавцал, харгуйдын гэрэл зургуудыг бас байршуулчихмаар юм. Бас энэ зам харгуйн маршрутыг зураад тавьчихаач” гэх санал хэлэв. Хаана ямар үзэсгэлэнт хад хавцал, өвөрмөц тогтоц байгааг амрагч аялагчид мэдэхгүй нуур ус харчихаад л явчихдаг нь бололтой юм билээ.
Нуурын эргийн хадат хясаа
Хавцалын хадан тушаа
“Хэцүү хад” амралтад бид нэг л хоносон юм. Өрөө тасалгааны тав тух ч давгүй байв. Ханан дахь цахилгааны залгуур гэхэд л орчин үеийн цахим хэрэгсэл, утас цэнэглэх нэмэлт тоноглолтой, төвийн эрчим хүчээр хангагдчихсан болохоор ажил хэрэгч залуус орой үдэш, шөнө дөлөөр ч алба ажлаа амжуулаад явж байх бололцоотой юм. Нэг амрагчийн багцын үнийн санал 69 мянган төгрөг, энд нь буудлын ор хоног, гурван удаагийн цай хоол багтах юм билээ. Багцаар үйлчлүүлэхгүй гэвэл буудлынх нь нэг ор 35 мянган төгрөг аж. Хоол цайгаа захиалаад цэсийн дагуу тооцоогоо хийгээд явах боломжтой юм. Нэг хоноод бид нийтдээ 210 мянган төгрөгийн орлого энэ амралтад оруулав. Амралтын эргэн тойронд майхан барьсан хонуутын аялагчид бас өдий төдий юм билээ. Амралтын баазын архантайх нуурын эргээр биднийг алхаж аялаж явахад орон нутгийн дугаартай гурван машинтай аялагчид нуурын тэр эрэгт унаа машинаа байрлуулаад, майхан бариад буудаллачихсан харагдана лээ. “Хэцүү хад” амралт руу ирж байхад бидний хойно урд ороод явсан машин тэрэг болохоор бид илүү таньж байв. “Ингэж түрэмгий загнаж болдог юм байхдаа, зураг хөргийг нь аваад сайтад илгээж шүүмжлэхсэн...” гэж бодоод явж байтал амралтын ус зөөж явсан фургон машин тэдэн дээр очиж байна лээ. Удсан ч үгүй тэд майхнаа буулгаж харагдсан. Биднийг буудалдаа оройхон эргэж ирж байхад нуурын эрэгт байсан тэр гурван машин амралтын баазын арын хад чулуутай товцог дээр хүрээд ирчихсэн зогсож байв. Машиныхаа дэргэд майхнаа барьцгаачихаж... “Фургонтай хүн тэр аялагчид дээр очиж байсан, танайхан байсан уу?”гэж Г.Өлзийт менежертээ тааралдахдаа би асууж ярилцсан юм.
“Хэцүү хад”-ын менежер Г.Өлзийттэй хамт
“Би тэдэн дээр очсон юм, манай аймгийн Засаг даргын тамгын газрынхан юм билээ. Биднийг хөөж туудаг чи хэн бэ гээд эхэндээ тоохгүй байсан. Яг нуурын эрэгт арай л болохгүй гэж ятгаж байж тэднийг тэндээс нь хөдөлгөсөн... Ер нь хэл амтай, хэцүү хүмүүстэй бид их үзэлцэнэ шүү дээ, Байгаль орчны байцаагч, хууль дүрэм сахиулагч цагдаа энэ тэр энд байхгүй болохоор хог новш ч одоо яая гэхэв, бид цэвэрлэсэн болоод л байна, энэ сайхан нуур ус, орчны байгаль сүйдчих гээд хэцүүхэн байх юм...” гэж тэрээр зовлон тоочиж байв. Шөнөдөө нуурын эргэн тойрноор хаа сайгүй л гэрэл гэгээ, түүдгийн гал улалзаж харагдана лээ. Машин унаа, майхан савтай чөлөөт амрагчид эрхээ эдэлж буй нь тэр байх. Үлдээсэн хог, буурь бууцыг нь цэвэрлэхээр Өлзийт менежер хэдэн үйлчлэгчээ дагуулаад фургон машинтайгаа явахаас аргагүй л болох байх даа... Хоёр гурван жилийн өмнө нуурын нөгөө эрэг дэх “Хяргас нуур” аялал жуулчлалын баазад амарч байхад тэднийхэн иймэрхүү чөлөөт амрагчдын хөлд бас талхлагддаг тухай зовлон тоочиж байсан. Өнөө жил ямархуу байгааг тэнд очиж байгаад л харна даа... Үргэлжлэл бий
МУСГЗ Д.Цэдэн-Иш