БОСОО" ГАНБААТАР СОНГУУЛИЙН ПИАРААС ХОЦРОХГҮЙГЭЭР ШИЙДЛЭЭ

2021-01-25  

МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БОЛОХ ВЭ? 

2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гурван намын нэр дэвшигчид тодорлоо. Тэр гурван нэр дэвшигч бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, С.Ганбаатар юм. Энэ гурвын тухайд товч дүгнэлт өгье.

Нэг: Х.БАТТУЛГА
 
Тэр бол зураач мэргэжилтэй, бөх хүн. Дунд боловсролтой. Эхний эхнэрээсээ салж, орос эмэгтэйг хоёр дахь эхнэрээ болгосон. Эхнэрээ ил гаргах дургүй. Эс бөгөөс эхнэр нь ил гарах хүсэлгүй дүр төрх ажиглагдсан. Анх Б.Эрдэнэбатын " Эх орон" намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон ч, төдөлгүй АН-д " шингэсэн". Мөнгө, хөрөнгөтэй. "Баянгол" буудлыг " Хөрөнгийн биржийн Золжаргалын тусламжтайгаар "үнэгүй" хувьчилж авсан гэж бичдэг. Мах импекс, Талх чихэр зэрэг төрийн өмчит компаниудыг ч хувьчилж авсан. Цондон бологт аялал жуулчлалын том цогцолбор барьсан. Улсын их хурлын гишүүнээр сонгогдох хугацаандаа Зам тээвэр, Хөдөө Аж ахуйн салбарыг сонгон удаа дараа сайдаар сонгогдсон. Өмнөговь дахь төмөр замын даланг барьж гүйцэтгэх ажлыг хариуцсан. Түүндээ ял үүрэх шахсан. Энэ хэргийг нь түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2017 онд хаасан ч, дахин нээх магадлал өндөрссөн. Түүний хувьд 2017 онд "Монгол ялна" уриатай сонгуульд орж ялалт байгуулсан ч, " Монголыг ялуулах талаар" урагшаа нэг ч алхаагүй гэдэг шүүмжлэл дагалддаг. 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэрбээр АН болон МАН-ыг давхар удирдаж байсан нь МАН-ын зарим лидерүүдийн дургүйцлийг төрүүлж байсан. Гэвч ерөнхийлөгчийн сэнтийд заларсны дараа хос морьтой ( МАН, АН) давхиж явсан түүнийг сонгуулийн босгон дээр " МАН булгиж ", АН бусгалаа". Ийнхүү Баттулга 2021 оны сонгуулийн босгон дээр унасан морь ч үгүй, түшсэн хань ч үгүй үлджээ. Түүнд найруулагч Баатар, түүний уран бүтээлийн баг, С-1 телевизээс өөр хэн ч алга. С-1 телевиз үнэнчээ илэрхийлж, түүнийг хамгаалан бусад руу ганцаараа чадан ядан " гал нээж" байна. 2020 оны орон нутгийн сонгуулийг удирдаж, АН-МАН-ыг нэгтгэж байсан бол, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН дангаараа сонгуульд орох магадлал өндөр болжээ. Ийнхүү Баттулга өөрийг нь нэр дэвшүүлэх улс төрийн намгүй үлдсэн. Хамгийн ноцтой нь, ард түмний эв нэгдлийг хангах үүргээ умартаж, цуглаан жагсаалыг Х.Баттулга санхүүжүүлсэн эсэхийг шалгаж, УИХ хэлэлцэж, түүнийг цаг хугацаанаас нь өмнө огцруулах ч асуудал яригдаж эхэллээ. Нэг бүдэрхээр долоо бүдэрдэг гэдэг үйл явц Баттулгад тохиолдож байна. Түүний улс төрийн төлөвлөгөө нурж байна.

 

Хоёр: У.ХҮРЭЛСҮХ
 
Цэргийн дарга. Цэргийн сургууль төгссөн. Өөрөөр хэлбэл мэдлэг боловсрол нимгэн талдаа. Эр зоригийн хувьд хэнээс зээлэхгүй. Намынхаа үнэнч дайчин тэмцэгч. Бусдын цөсийг хөөргөх чадвартай. " Та энэ намыг удирдаж байна уу, Таны эхнэр энэ намыг удирдаж байна уу? " гэж тухайн үеийн Монгол улсын " хаан" МАХН ( МАН) -ын дарга, ерөнхий сайд Н.Энхбаярын өөдөөс асууж чадсан ЗОРИГТОН. Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын сайдаар томилогдон ажиллаж байсан. Мөрийтэй тоглоомонд гүнзгий орж, Сеулын казинод олон сая долларыг намын журмын нөхөр Ж.Мөнхбатын хамт алдаж байсан гэж бичигддэг. Тухайн үед өөрийн гэх том бизнесгүй, баруун солгойгүй цацах мөнгөгүй байсан тул "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдож, ял үүрэхдээ тулж байсан. Харин түүнийг Н.Энхбаяраас уучлал гуйж өршөөгдөж, түүний өмнөөс "Хадгаламж" банкны гүйцэтгэх захирал Чимэдцэрэн бүх хэргийг өөртөө үүрч, ялыг эдэлсэн гэдэг. Тэр бол унаж, босож явсан эр хүн. Шийдвэрийг огцом гаргадаг нь түүний цэргийн хүний сэтгэхүйтэй холбоотой байж болох. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараахан УИХ-ын зөөлөн сэнтийтэйгээ зууралдалгүй Төрийн Ордныг сайн дураараа орхиж чадсан. Түүний хүчинд Сарангэрэл ( жагсаалтаар) анх удаа УИХ--ын танхимд төрийн түшээ болж ирсэн түүхтэй. У.Хүрэлсүх энэ удаа ч ерөнхий сайдын суудлыг өөрийн саналаар өглөө. Гэхдээ түүний энэ удаагийн шийдвэр нь өмнөхөөсөө эрс ялгаатай. Өмнөх нь эр зоригийн шинж тэмдэгтэй бол, энэ удаагийнх нь залт мэх илүү орсон. Тэр огцорсноороо улс төрөөс холдож буй биш, харин ч Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо л зарлалаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийчихлээ гэж хэлж болно. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа намынхаа даалгаврыг л илүү "сайн" биелүүлж, 2020 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн. Ард түмний амьдрал гялайсангүй. У.Хүрэлсүхийн хамгийн том алдаа бол намаа Монголын Засгийн Газрын дээр тавьж ирсэнд оршино. Дийлэнх шийдвэр нь намын ялалтад зориулсан агуулга шинжтэй. Энэ бүхний гол илэрхийлэл нь Улсын төсвөөс харагдана. 2020 оны төгсгөлд ААН, айл өрхийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг 2021 оны 7-р сарын 01-ныг хүртэл тэглэх Засгийн газрын шийдвэр нь мөн л улс төрийн агуулгатай шийдвэр байсан. Энэ бол улс түмнээ бодох биш, эрх баригч намаа ялуулах, өөрийгээ ерөнхийлөгчөөр сонгуулах улс төрийн шийдвэр юм. Засгийн газар гэнэт огцорсон нь ч ард түмнээ хайрласандаа, хоёр сайдыгаа орхихгүй гэсэндээ, хариуцлага үүрч буйг үлгэрлэж буйдаа биш юм. Хариуцлага алдсан сайдтайгаа тооцоо бодоход л хангалттай байсан. Энэ бол Засаг огцрох шалтгаан биш. Харин Хүрэлсүхийн Засгаасаа " бултах", ерөнхийлөгчид дэвших, сурталчилгаагаа эхлэх шалтаг болсон. Хүрэлсүх улсын төсвийг зөв чигт нь хандуулж, үр ашигтай зарцуулж чадаагүй. Дэд сайд зэрэг төрийн давхардсан орон тоог цөөлж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөв баталсангүй. Засгийн газрын үнэлгээ бол ерөнхий сайдын үнэлгээ болдог. Засгийн газрын сайн муу ажилласныг ПИАР-хэвлэлийн албаны ажлаар биш, ард түмний амьдралаар хэмждэг. Энэ хэмжүүрээр хэмжвэл У.Хүрэлсүх тун тааруу ажилласан гэх дүнтэйгээр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Тэр ялна гэж итгэж буй байх. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд МАН дараалан ялагдах магадлал илүү өндөрсгөн. Түүний энэ удаагийн улс төрийн нүүдэл нь түүнд "хасах оноо " авчирлаа. Мэхт мэхэндээ гэдэг шиг, хүчирхэг ерөнхий сайдынхаа суудлаасаа тэр өөрөө мултарлаа

 

Гурав: С.ГАНБААТАР
 
 
Ганбаатар бол поп улстөрч. Сайн ярьдаг. Уран илтгэдэг. УИХ-д завсартайгаар сонгогдсон. Дарханаас, Эрдэнэтээс. 2020 оны УИХ-д Оюу-толгойг, Эрдэнэт үйлдвэрийг ярьсаар сонгогдсон. Анх улс төрд орохдоо Монголын Үйлдвэрчний Эвлэлийг дөрөөлсөн. Германд сургууль соёл төгссөн гэдэг. Сайхан ярихаас гадна нүдээрээ зальтай инээдэг. Танхимд босож үг хэлснээр " босоо" гэх хоч зүүсэн. 2017 онд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, М.Энхболдод саналаа луйвардуулсан гэж МАХН үздэг. Сүүлчийн шатанд Баттулгатай үлдсэн бол хувь заяа өөрөөр эргэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Union buildning гэж том цогцолбор Замын цагдаагийн зүүн талд бий. Тэнд түүний эзэмшил бий гэж хэвлэлээр нэг удаа бичсэн. Ерөнхийлөгч болох чин хүсэл сонирхолтой хүн гэдэг нь туйлын үнэн. 2020 оны сонгуулийн дараахан: - Би Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж Ганбаатар хэлсэн ч түүнд итгэх хүн цөөн. Дээр нь АН дотроо ч дарга, цэргийнхээ учраа олж чадахаа больж, шүүхдэлцэж эхэлсэн нь МАХН -д эвслээс орхиход нөлөөлсөн. Нам, нэр дэвшигчид амь амиа бодож ч эхэллээ. Сүүлийн 3 жилийн хүзүү толгойгоо холбосон Хүрэлсүх, Баттулга хоёр гэхэд л хоёр тийшээ харлаа. Ганбаатар ч Хүрэлсүхээс хоцрохыг хүссэнгүй. Тэр талбайд өлсгөлөн зарласнаар ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа мөн эхлүүллээ.

 

Дөрөв: ХҮН НАМ
 
ХҮН нам анх удаа Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авсан. МАХН, АН, МАН-аас ерөнхийлөгчид сонгогдож байсан түүхтэй. Тэгвэл ХҮН намын нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудсыг нээх болно. Одоогоор тус намын дарга өөрийн намаас өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. - ХҮН намыг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах байх оролдлого цухалзаж байна. Бид энэ хууль бус санаархлыг таслан зогсооно гэж тус намын дарга Доржханд Control.mn сайтад хариуллаа. Ийнхүү улс төрийн дөрвөн нам Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшихээ зэхэж, зарим нь эхлүүлж байна.
 
Ц ЭНХБАТ
 
 

 

 

 

 

 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?