ЗУРХАЙЧ З.САНЖДОРЖ: ЭМЭГТЭЙ ХҮН ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИНА

2021-02-03  

ХVII жарны тогтворгүй хэмээх Цагаагчин үхэр жилийн (2021 оны) ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба лам, зурхайч, гэвш З.Санждоржтой хөөрөлдлөө.

- Монголчууд Барс сарыг жилийн эхэн болгосон ёс бий гэж дуулддаг.

- “Барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон ёс болбоос Чингис хаан Тангудын Минаг хэмээх хааныг алж, улсыг нь эзлэн аваад хааны газрыг олсон өлзий хутгийн баясгалант хуримын сар хэмээн хуримлаж, барс эзэлсэн сарыг жилийн эх болгов. Бас хавар, зун, намар, өвөл хэмээх дөрвөн цаг болбоос аливаа түмэн бодис хөрвөх, өсөх, хураах, нуух дөрөв мөн бөгөөд, нэгэн жилийн хорин дөрвөн улирлын нэн тэргүүн хаврын уур орох өдөр болбоос жилийн эх болгосон барс сарын шинийн нэгний өмнө, хойно арван таван өдрийн дотор тохиолдох мөнх тогтоол тул тийнхүү түмэн бодис шинэчлэн дэлгэрэх барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон учир бас ийм амуй” хэмээн Монголын нэрт эрдэмтэн Онходын Жамъян гүнийн “Урт өдрийн улиг үгний бичиг” хэмээх сударт айлдсан байдаг. Ингэж монголчуудын цаг тооны бичгийн эхлэл нь хавар буюу цагаан сарын шинийн нэгэн гэдгийг маш тодорхой заасан.

- Өдөр судар гэдэг маш их утга учиртай. Угтаж буй цагаагчин үхэр жилийн ерөнхий өнгө төрх нь ном сударт хэрхэн бууж вэ?

- Сударт зааснаар цагаагчин үхэр жилийн хаврын урь орох өдөр 2021 оны 2-р сарын 12 буюу , цагаагчин туулай өдөр тохиож байгаа. Энэ цагаагчин үхэр жилийн хаврын уур 2021 оны 2-р сарын 3-ний өдөр буюу билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 21-ний төмөр суудалтай хар морь өдөр ба нэг цагаан мэнгэтэй буд гариг тохиосон байна. Энэ өдрөөр цагаагчин үхэр жилийн өнгийг шинжвэл хаврын эхэн сардаа салхи шуурга ихтэй, хур бороо багатай, зах хязгаар орчмын газруудаар гандуу, төв суурин газруудаар өвс ногооны гарц сайн. Зундаа нийт нутгаар хур тунадас элбэг хурц нартай халуун зуншлага сайхан, газрын шим өгөөж сайн, намар нь урт налгар сайхан, үр тариа ургац арвин. Өвөл нь уулархаг баруун зүгтээ цас ихтэй хүйтэн бусад нутгаар өнтэй өвөл болно. Хүний хувьд идэр залуучуудад ээлтэй сайн. Нялхас хүүхдүүдэд ширүүн. Өндөр настангуудад хатуу хүнд жил болно. Ялангуяа бүх хонь жилтэйд сөрөг муу нөлөөтэй.

- Үхэр жил гарч байна. Үхэр жилтнүүдийн хувьд ямар байх шинж тэмдэг илэрч байна?

- Бүх үхэр жилтэнгүүд онцгой анхаарах жил. Тиймээс засал аргаа сайн хийлгэх хэрэгтэй гэж зөвлөе.

- Энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуультай жил. Энэ тухай сударт юу гэж айлдсан байх юм бэ, та сонирхуулна уу?

- Төрийн төмөр хайрцагны судар гэж бий. Түүнд " Эмэгтэй хүн төрийн эрх барина

Лам хүн цэрэгт мордоно " хэмээн айлджээ...

- Утгыг нь тайлбал.. Эмэгтэй хүн төрийн тэргүүн болно гэж шууд утгаар нь ойлгож болох уу?

- Энэ цагаагчин үхэр жилд эмэгтэй хүн төрийн эрх барина гэж айлдсан. Энэ нь билгийн чанарыг эрхэмлэж хүний ертөнцийг идэвхтэй өөрчлөн байгуулах цаг болж гэдгийг та бидэнд сануулж байна. Хүссэн хүсээгүй Англи, Герман, Португали, Швед, Өмнөд Солонгос, Тайван зэрэг орны төрийн эрх мэдлийг эмэгтэй хүн барьж байгаагаас гадна Араб дахинд эмэгтэйчүүдийн эрх мэдэл улам өсөж энэ оноос эхлэн Монгол төдийгүй Азийн олон оронд эмэгтэйчүүд яамдын сайд болох гэр бүл, худалдаа наймаа, пүүс компани тэргүүлэх болсноор соёл боловсрол, улс төр, нийгмийн амьдралд түлхүү оролцож байгаа зэрэг нь билгийн хүчин давамгайлах хандлагатай болсны илрэл мөн. Энэ нь цагаагчин үхэр жилд тэнгэрийн эрхсийн мөчлөг үе нь билгийн мөн чанарыг дэмжих зүй тогтолцоотой болохыг үзүүлж байгаа явдал юм. ...Лам хүн цэрэгт мордоно хэмээсэн учир нь Монголын бурхан шашны дээд удирдлага хэргэмтэн мяндагтан нар нь бурхны шашин их эрдэнэ газар орон хаана бат орших, эс орших нь их зонхи тухайн орон нутгийн шашны суурь болсон хуврагийн аймгийн дэг дэглэм, авир явдал, номлол бүтээл, заах сонсох, аж ахуй сэлтэс номын ёсчлон байгаа үгүйд харгалздаг жаяг цааз зэргийг зөрчиж зөвхөн өөрсдийн нэр алдар, олз ашгийн төлөө төрийн өндөр албан тушаалтангуудад тал засаж, лам хувраг хүний ёс зүйг алдсанаас үүдэж энгийн лам хувраг нар орон хийдээсээ холдож хар хүн болох магадлалтай гэдгийг сануулсан айлдвар ажээ.

- Бурханы шашинд том дохио өгсөн он жил жил болох нь гэж ойлголоо. Нийгэм олны тухайд бусад ном сударт юу гэж айлдсан байх юм бол?

- Нийгмийг шинжилж, дүн шинжилгээ, дохио өгсөн олон судрын нэг бол Монгол Данжуур юм. Монгол данжуурын 211-р ботв буюу Төрт ёсны шашдирт:

- Үнэхээр тийм буруу бодолт муу хүнд Өндөр их нэр хэргэм өгч дээрээ бүү гарга Өндөр суудалд гарснаар ноёрхож ард олныг хорлодог нь Үлгэрлэвээс арьсаа хөхрүүлсэн үнэг мэт гэж айлдсан нь бий. Энэ нь үнэгний арьс нөмөрсөн зальхай хүмүүсийг төрийн өндөр сэнтийд бүү залруул гэсэн санамж. Тэгэхээр ийм зүйл тохиолдох магадлал өндөр байгааг ном сударт айлгасан байна.

- Цар тахал өвчний талаар хэрхэн юу гэж айлдаж вэ?

Их хүрээний эрдэмтэн лам Чойжамцын зохиосон “Онцар гадон дэр зод” буюу Гайхамшигт хуримын сан хөмрөг хэмээх судар бий. Уг судрын 109-р бүлэг буюу “Их хүрээ” барын судрын 118-р хуудасны ар талд ... " Цөвүүн цаг эхлэх үед засах арга үгүй элдэв янзын халдварт өвчин гарна хэмээн айлджээ. Шалтгаан нь ам алдах, тангараг доройтох, тэнгэрийн найман аймаг, дагинасын хямрал зэргээс болно. Мөн судрын 183-р хуудасны ар талд ...Цөвүүн цагт 30 орчим насны хүмүүс хар нөмрөг хувцас өмсөх, толгой дээрх үсээ тайрч задгай тавих, хар тулам (цүнх) үүрэх, хөлдөө шулмын хар гутал буюу шүвгэр хоншоортой гутал өмсөх болно. Тэр үед ялангуяа лусын өвчин элдэв янзын альбингийн хорлол (Вирус) өвчин их гарна гэж айлдсан.

- Цагаагчин үхэр жилийн тогтворгүй гэх нэрийн тухайд?

- Энэ XVII жарны цагаагчин үхэр жилийн ёгт нэр нь ”Тогтворгүй” гэсэн тодотголтой бөгөөд нэмэгдэх хасагдах, өсөх буурах, дээшлэх доошлох гэсэн утгатай үг юм. Харин Төвөдөөр “Парба” гэдэг нь цөөвөр , чоно, шарнад гэх мэт амьтны нэр болно. Энэ цагаагчин үхэр жилийн гол онцлог шинж нь төрийн хууль цааз төгс бус, дээдэс ноёд түшмэл нар хоорондоо зөрчил тэмцэлтэй, хэргэм зэргэмтэн, мяндагтан тушаалтангуудын явдал мөр суудал, зарлиг, тогтоол, шийдвэр нь тогтворгүй, байгаль цаг уурын хувьд тэнцвэргүй, эдийн засаг хөрөнгө мөнгөний дутагдалтай, газар хөдлөх, гал түймэр гарах, ган зуд нүүрлэх, хад чулуу нурах, халдварт өвчин дэлгэрэх г.м утга санааг ёгт үгээр илэрхийлсэн байна. Ёгт үгийн талаар Агваандандар Лхарамба гуайн “ Игэ шадва хайвын хажан” хэмээх судрын 6-р хуудсанд: Үг үсэг алдаагүй ч яруу хэллэг төгөлдөр бус аваас Үзэсгэлэнт эхнэр хувцсаа тайчин нүцгэн гүйх мэт Илт өгүүлэхүй ёгт нэр хийгээд хуучин үгээр эс чимэвээс Эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул мэргэдэд шоовдорлогдохын гэмтэй хэмээн айлдсан байна.

- Үхэр жилийн түүхэн онцлогоос дурдвал?

- Өмнөх үхэр жилүүдэд онцгой сайхан үйл явдал олон тохиолдож байжээ. Тухайлбал: Монголын бурхан шашны тэргүүн Өндөр гэгээний үхэр жилүүдэд тохиосон онцлох үйл явдлуудаас зарим нэгийг дурдвал:

1.XI жарны “Эрхэт” хэмээх улаагчин үхэр жилд (1637он) Өндөр гэгээн 3 настай байхдаа гэнэт өдөрт 2 удаа “Жамбалцанжод” номыг уншиж гайхалтай хувилгаан дүрийг үзүүлж байжээ.

2.XI жарны “Харшлалт” хэмээх шаргачин үхэр жилд (1649он) Өндөр гэгээн Цаст төвөдийн оронд эрдэм сурахаар явжээ.

3.XII жарны “Шаргачин” үхэр жилд (1709он) Өндөр гэгээн 77-н сүүдэртэйдээ “Зүүн хүрээ” хэмээн алдаршсан номын хүрээг байгуулж байсан түүхэн үйл явдлууд тохиож байсан түүхтэй. Үүнээс гадна XVI-р жарны цагаагчин үхэр жилд (1961он) Өндөр гэгээний зохиосон алтан соёмбот үсэгтэй төрийн далбаа НҮБ-ийн өмнө сүндэрлэж Монгол улс тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхагласан түүхэн үйл явдал болж байсан билээ. XVII жарны “тогтворгүй” хэмээх цагаагчин үхэр жил нь олон түүхэн тэмдэглэлт үйл явдлыг Монголын түүхэнд хадаж үлдээсэн онцлог жил болно гэж бас харж байна.

Тэмдэглэсэн Э. ЛХАГВА

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эхнэртээ хэмх базуулсан нөхөр л гарах нь дээ. 2021-02-06
Зочин:Булган шүб хийхэд булгыг амьдаар нь арьсын нь өвчдөг. Тэгэхгүй бол сормуус нь үхчихдэг гэнэ. Ээ мөнхнаран ээж минь 2021-02-26
Зочин:Хувцасанд фэнг шү бий 2021-02-26
Иргэн УБ:Салбадай 2021-05-02
y:unen saihan hudlaa yarih yumaa ene lamiin ner hund budaa 2021-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?