Н.БОЛД ( найруулагч): МАН-ЫГ МАХН НЭРЛЭЖ БАЙХ ҮЕИЙН 50 ЖИЛИЙН ОЙГООР Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГАД ИЛЭРХИЙЛЭЛТ УНШИЖ, ГАРДУУЛЖ БАЙЛАА

2021-03-01  

Одоогоос 50 жилийн өмнө, яг энэ өдөр, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын түүхэн хагас зуун жилийн ойн баярын хуралд оролцож, индэр дээрээс Монголын пионер сурагчдын илэрхийлэлтийг уншиж билээ. Хувьсгалын өнгийг илэрхийлсэн час улаан хавтас бүхий пионер сурагчдыг илэрхийлэлтийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гуайд гардуулан өгч байжээ. Санахад, мэргэжил нэгт дотнын анд, драмын найруулагч Б. Баатар бид хоёр мөн ч олон түүхэн тэмдэглэлт ой, их хурлуудын илэрхийлэлтийг уншсан байх юм... Тухайн үедээ үеийнхэн дундаа жинхэнэ утгаараа ОД байж бид... Олны танил, сургуулийн бахархал, тэр үеийн пионер сурагчдын үлгэрлэн дууриах үлгэр жишээ хүүхдүүд. Тэр ч үүргээ бид нэр төртэй биелүүлсэн гэж боддог. Тухайн үед төрийн ордонд орох гэдэг жинхэнэ нэр төр , хэн хүнд тохиолддоггүй хувь байсан. Илэрхийлэлт уншдаг бидний цөөхөн хүүхдүүдийг тусгайлан анхаарна. Өнөөдөр, энэ түүхэн өдөр надтай хамт илэрхийлэлт уншиж байсан Гэрэлээ эгч, Майцэцэг, Эрдэнэтуяа нарыгаа дурсан санахад үнэхээр сайхан байна. Тэдэнтэйгээ уулзалгүй олон арван он жил болж. Бодвол бүгд аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэдэгт гүнээ итгэж байна.Миний эрхэм анд Баатар тэнгэрийн театрын найруулагчаар дэвшин одсон нь юутай гунигтай... Хүний амьдралд бүх зүйл өнгөрөн одож ганцхан ДУРСАМЖ үлддэг гэдэг юутай үнэн...

/Зураг дээр зүүн талаас Гэрэлээ, би, Майцэцэг, Баатар/

Энэ үнэмлэхний эзэн, зурган дээр байгаа хүн бол манай ангийн Болд. Түүнтэй 9,10 -р ангид нэг ангид суралцах, нэг ширээнд тохой залган суух хувь оногдсон. Нийгмийн ухааны хичээлд түлхүү сайн. Нийгэм, олон нийтийн ажилд зүтгэлтэй учир ангийн даргаар түүнийг сонгосон байсан. Сэнтэг хүүхэд бол биш. Өөдрөг, дэврүүн, ёстой л урлагийн сэтгэлтэй хүүхэд байж. Сурагч байхдаа Москвад очиж үзсэн цөөн сурагчийн нэг гэдгээр нь түүнийг бахархан хардаг байлаа. Ой сайтай. Шүлгийг маш уран уншина. Жүжиглэх , бүжиглэх авьяас нь багаасаа тодорсон хүүхэд байсан. Маш цэвэрхэн хувцаслана. Тэр жил " Мартагдашгүй намар" УСК -ны найруулагч Дамдин гуай сургууль бүрээс кинонд тоглох хүүхдийг сонгосон байдаг. Нийслэлийн арван жилийн 5 дугаар сургуулиас бүжиглэх, дуулах, унших авьяастай 9-ийн "В" -ийн Н.Болд, 9-ийн "А"-гийн Алтанцэцэг нарын хоёрхон хүүхэд л сонгогдсон. Мэдээж сургуулийн захиргаа санал болгож, найруулагч шалгасан нь мэдээж. Намар нь киноны нээлт болж, Монголын бүх сурагчид анги, сургуулиараа " Мартагдашгүй намар" киног үзсэн. " Мартагдашгүй намар" кинонд тоглосон сурагчид ч бүгд л тэр дороо " Од" болцгоосон. Киноны төгсгөлийн хэсэгт манай ангийн Болд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их найрагч Д.Нацагдоржийн " Од" шүлгийг өндөр хадан дээрээс уншиж " Од"-онд бүр ойртсон. Болд маань манай ангийн, сургуулийн бахархал болсон. Энэ кинонд тоглосон намраа Болд маань Москва яваад ирсэн. - Гоё юм уу? гэж шүүрс алдан асууж байснаа санаж байна. Тэр бас кинонд тоглосны хөлс гэж 1000 төгрөгний урамшил авснаа надад дуулгасан. Томчуудын сарын цалинг давсан мөнгө. Энэ бол тухайн үедээ "Мянгын дугуй" буюу одоогийн мопед авах үнэ байж билээ. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэх "Мартагдашгүй намар" УСК кино олон хүүхдийн амьдралын хувь заяаг тодорхойлсон гэж боддог. Манай ангийн Болд гэхэд л жүжигчин болох замналыг ухралтгүй сонгосон. Тэр УБДС-ийн Кино Драмын анги, түүнээс дамжин Киев хотын Кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Кино урлагт өөрөө хэд хэдэн дүр бүтээснээс гадна, театрын урлагт хөгжлийн түүхэнд шинэ түрлэг нэмсэн түүхэн Жамух, Догшин хутагт Данзанравжаагийн " Үлэмжийн чанар " зэрэг дуулалт жүжиг найруулсныг нь онцлох ёстой гэж үздэг.

Ангийн анд Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?