ХҮНСНИЙ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ЧӨЛӨӨЛСНӨӨР НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЖЭЭ

2021-03-03  

Энэ оны эхний хоёр сарын байдлаар импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеийнхээс дунджаар 2,8 дахин нэмэгдсэнийг ХХААХҮЯ мэдээлэв.

Өнгөрсөн онд импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр цагаан будааны импорт өмнөх оныхтой харьцуулбал 11.2 мянга, ургамлын тос 4.3 мянган тонноор өсжээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой, урт хугацаанд хангахаар бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотоодод борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 4-нөөс энэ оны 7 дугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлсэн.

Дотоодын зах зээлд нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгах зорилгоор давхардсан тоогоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос импортлогч 68 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулжээ. Ингэснээр импортын гол нэрийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж, нөөцийг тогтвортой ханган, үнийн хэт өсөлтөөс хамгаалах нөхцөл бүрдүүлж байгаа аж.

Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа ургамлын тосны үнэ тасралтгүй өсөхөд цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэр саатаж буй нь нөлөөлөв. Харин цагаан будааны үнийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс доогуур байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?