Д.ОТГОНБАТ: " АРИГ" БАНКИЙГ БУЛААХАД МОНГОЛ БАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ОРОЛЦСОН "Эрэл"-ийн Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.

2021-04-01  

Та “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Эрдэнэбатын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Б.Эрдэнэбатыг Монгол даяар мэднэ. Цагтаа Монголын толгой бизнесмен байсан. Түүнтэй “Номин” компанийн Ш. Баярсайхан зарга үүсгэсэн. “Номингийн” Баярсайхан саяхан хэвлэлд ярилцлагадаа, Таны үйлчлүүлэгч “Эрэлийн” Эрдэнэбатыг залилан мэхлэгч гэж хэлсэн. Таны үйлчлүүлэгч Б.Эрдэнэбат ингэхэд залилан мэхлэгч мөн үү ?

- "Номин"-гийн Баярсайхан хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх байх. Эрх нь зөрчигдөж, өмчөө булаалгаж, нэр төрөө гутаалгаж, хохирч буй хүн бол миний үйлчлүүлэгч "Эрэл"-ийн Эрдэнэбат юм. Тэр хүн бол хохирогч болохоос залилан мэхлэгч биш.

- Бусдын нэр төрийг сэвтүүлэх, гүтгэх нь хуулиар хориотой доо? - Монгол улс Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулж, нийгэмд шударга ёсыг тогтоож, ардчилсан чөлөөт нийгмийг дээдэлдэг эрх зүйт орон. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад хэнийгч гэм буруутай үл тооцохоор эцэг хуулиар уул эрхийг баталгаажуулж өгсөн. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Эрдэнэбатын хэрэг шийдэгдэж гэм бурууг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байхад залилан мэхлэгч гэж хэлэх нь өөрөө ЭХТА-ийн 13.14 дүгээр зүйл заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, үйлдэгдэж улмаар Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэж чадахгүй нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг нь гутаасан мэдээг хэргийн оролцогч Ш.Баярсайхан нь шүүх хурлаас өмнө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэтээр хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгсэлээр яриад байгаа нь өөрөө хуулийн хариуцлага хүлээх түвшинд ирчихсэн байна. Нөгөө талаар шүүх эрх мэдэл хараат бус гагцхүү хуульд захирагдаж ажиллах ёстой гэтэл дээрх мэдээллийн агуулга хаашаа чиглэж байна гэхээр Улсын Дээд Шүүх рүү чиглэж шүүхийн хараат бус бие даасан байдалд нөлөөлөх гэж байгаа оролдлого гэж харахаас аргагүй юм. Энэ оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ШЕЗ шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах, шүүхэд зүй бус нөлөөлсөн этгээдэд холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой. Миний хувьд ШЕЗ-ийг ажлаа хийж байгаа гэж итгэж байна.

Бизнесмэнүүд хамтарч, салан тусгаарлаж, өмч хөрөнгөө хувааж л байдаг. Энэ бол энгийн эрүүл үзэгдэл. “Номингийн” Баярсайхан хөрөнгө оруулалт хийж орчин үеийн шинэ технологи бүхий Байшин Үйлдвэрлэх Комбинаттай, бас үйл ажиллагаа нь цэгцэрсэн банктай болъё гэж бодох нь буруу биш байсан гэж бодно. Хоёр том бизнесмэн хамтарлаа, хүчээ нэгтгээд эрч хүчтэйгээр хөгжих нь гэж бодож байтал эсрэгээр эргэлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагаас салахаа болилоо?

- Дээд шүүхэд хянагдаж байгаа хэрэг, түүний үйл баримтын талаар ярих нь зохимжгүй тул та бид хоёр Ариг банк түүний хэлцэлийн эхлэл, гэрээний нөхцөл, хэрхэн БҮК-1 үйлдвэртэй холбогдож байгаа талаар ярих нь зөв байх гэж би ойлгож байна. "Номин"-гийн Баярсайхан шүүхэд өгсөн БҮК-1 ( Байшин үйлдвэрлэх комбинат) бол стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр. Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны санхүүжилт, гадаад дотоодын санхүүгийн эх үүсвэртэйгээр эхлүүлсэн. Том төсөл. Ийм том төслийг ганцаараа авч явна, босгоно гэдэг хэцүү. Гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг багасгах зорилготой үйлдвэр. Шинэ технологи, хямд үнийг нэвтрүүлсэн.

Түүх сөхөхөд, 2016 онд “Монгол” банкны ерөнхийлөгч Баяртсайхантай арилжааны банкинд хөрөнгө оруулах зорилгоор Номин-гийн Баярсайхан уулзсан байдаг. Тухайн үед Олон улсын валютын сангаас өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлж , Монголын арилжааны банкуудыг шил дараалан шалгасан байдаг юм. Банкны түвшинг тогтоосон тэрхүү шалгалтаар “Ариг” банк эхний шилдэг гуравд шалгарсан дүн гарсан. Өөрөөр хэлбэл бусад банктай ижил төрийн татаасаар (Нийгмийн даатгал, тэтгэвэр, засгийн газрын хөтөлбөр бондоос босгосон мөнгийг “Ариг” банкаар дамжуулдаггүй) бус эдийн засгийн эрүүл горимоор хөгжиж, өөдөлж буй банк гэдэг нь баталгаажсан. Олон улсын санхүүгийн байгууллагын мэргэжлийн шалгалтын энэхүү дүн шинжилгээ, үнэлэлтийг банк судалж Ш.Баярсайхан гуай Б.Эрдэнэбатад хандсан.

Ийм мэдээллийг Монгол банкнаас авснаа ч 25 дугаар телевиз сувгаар Ш.Баярсайхан хэлсэн. Номин-гийн Баярсайхан банкны хувьцаа эзэмшигч болохыг хүссэн, харин Эрдэнэбатад БҮК-1-д хөрөнгө оруулагч хэрэгтэй байсан. Хоёр талын энэ хүсэл сонирхол нийлснээр Эрдэнэбат, Баярсайхан хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан. БҮК-1 үйлдвэрт нь 20 тэрбүм төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр тохиролцсон. Гэхдээ энэ гэрээгээ хуулийн этгээд байгуулалгүйгээр хувь хүмүүсээр гэрээ байгуулж хөрөнгө оруулсан. Энэ бол эхний тохиролцоо. Хоёр дахь нь “Ариг” банкны 49 хувийг эзэмшихээр 27.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Ийм хоёр гэрээг Монголын нэр бүхий хоёр бизнесмен хийсэн. Гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэрээний биелэлт, гомдлын шаардлага, хохирол гэсэн хэдэн шинжийн аль ч үгүйсгэгддэг, Энэ гэрээгээр хэн нэгнийг хуурч мэхэлсэн, залилсан зүйл огт байхгүй. “Гэрээний хоёр нөхцөл хоёулаа биелсэн”.

Харин Ш. Баярсайхан Хөрөнгө оруулалтаа дутуу хийж, Монгол банктай хамтран Ариг банкийг өнөөдрийг хүртэл хууль зөрчин хохироосоор байна. Баярсайханы 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Эрдэнэбат БҮК-1 үйлдвэртээ оруулж жилийн дараа буюу гэрээнд заасан хугацаандаа тус үйлдвэр нь ашиглалтанд орсон. Гэрээний үүрэг биелсэн. Цаашид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх үү? буцааж татах уу? гэдэг заалтыг ч гэрээнд тусгасан. Нэгбүрчлэн үзвэл, гэрээний бүх заалт биелсэн. Хөрөнгө оруулалт хийсний дараа яг жилийх нь ой дээр тус үйлдвэр ашиглалтанд орж, нээлтээ хийсэн. Тус нээлтийн үеэр Монголын Үндэсний Телевизэд Баярсайхан ярилцлага өгч гэрээгээ дүгнэж тус үйлдвэрийг босгоход зориулж Номин компани 20 тэрбумын хөрөнгө оруулж, 20 хувийн эзэмшигч нь болсоноо баталж, хамтрагч гэдгээ олон нийтэд өөрөө зарласан. Тэгэхээр энд эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан, зүйл огт байхгүй. БҮК-1 үйлдвэр нь 268 тэрбум төгрөгөөр боссон. “Номингийн” Баярсайханы оруулсан хөрөнгө оруулалт өнөөдөр 20 тэрбум төгрөг болсон. Ер нь бол залилан мэхлэх гэмт хэрэг бол материаллаг бүрэлдэхүүнтэй, бодит хохирол учирсан байх ёстой. Баярсайхан хөрөнгө оруулчихаад, мөнгө ч үгүй, үйлдвэр ч үгүй үлдсэн бол энэ залилан мэхлэлт мөн. Гэтэл БҮК- 1 үйлдвэр ашиглалтанд орсон.

Үйлдвэрийн өртөг 268 тэрбум төгрөг. Түүнээс Хөгжлийн банкны 54 тэрбум төгрөгний үндсэн зээл+Ханшний зөрүү+ Хүү+ Алданги нийлээд 132 тэрбумийг хасвал цаана нь 136 тэрбум үлдэнэ . Баярсайханы оруулсан хөрөнгө оруулалт нь 20 тэрбум төгрөг. Үүнийгээ буцааж татаж авах уу? Энэ гэрээнээсээ гарах уу? гэдэг нь тухайн хүний асуудал. Ийм л юм байгаа юм. Ийм зүйлийг залилан гэж ХМХ-ээр тараагаад байгааг би гайхаж байгаа. Нөгөөх нь “Ариг” банкны хөрөнгө оруулалт. Энэ бол тусдаа зүйл.

Тийм үү, ингээд үзэхээр залилангийн шинж чанартай зүйл огт алга л байх юм. - "Ариг" банкинд хөрөнгө оруулах гэрээгээр Улаанбаатар импекс компани ХХК, Дэм санхүүгийн нэгдэлтэй банкны хувьцааны нэгж үнийг тохирч хөрөнгө оруулалт хийж, 49 хувийг нь эзэмшихээр болсон. Эхний ээлжинд 18.7 тэрбум төгрөгийг оруулж 39.4 хувийг нь эзэмшинэ гэж гэрээ байгуулсан. Гэрээний зарим заалт биелсэн.

Гэрээний нэг ч заалтыг Эрдэнэбат, Дэм санхүүгийн нэгдэл зөрчөөгүй. Харин Баярсайхан өөрөө зөрчсөн. 2016 оны 12 р сарын 15 ны өдөр Улаанбаатар импекс ХХК ны 100% ийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханаас Ариг банкинд Хөрөнгө Оруулах шийдвэрийг ирүүлсэн. Мөн энэ шийдвэрийн дагуу 2016 оны 12 р сарын 15 ны өдөр Ариг банкинд Хөрөнгө Оруулах гэрээг байгуулсан. Уг гэрээнд:

Эхний ээлжинд 2016 оны 12 дугаар сарын 20 -ны өдөрт багтаан 18.7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийх, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр багтаан 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ баталгаажуулсан. Эхний хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийсэн. Хоёр дахь хөрөнгө оруулалт болох 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнөөг хүртэл хийгээгүй. Үлдсэн хөрөнгө оруулалтаа гүйцээж хийснээр Баярсайханы эзэмших хувьцаа 49 хувь болохыг гэрээгээр заасан. Энэ үүргээ Баярсайхан өнөөг хүртэл биелүүлээгүй. Тус гэрээгээр 8.7 тэрбум төгрөг хийснээр дүрмийн сан 50 тэрбум хүрэхээр нөхцөлтэй гэрээ байгуулсан. Харин Баярсайхан л Ариг банкинд Хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн.

- Олон улсын валютын сангаас "Ариг" банкийг Олон Улсын стандартын шаардлага хангасан Монголын хамгийн эрүүл саруул арилжааны банкны нэг гэж тогтоожээ. Энэ бол мэргэжлийн маш өндөр олон улсад үнэлэгдсэн үнэлгээ. Ийм үнэлгээтэй банкинд хөрөнгө оруулах хүмүүс мундахгүй. ЭРЭЛ ХХК ны БҮК-1 ч гэсэн нийгмийн хариуцлагатай үйлдвэр. Тэгэхээр Баярсайхан сайн судалж, оновчтой хөрөнгө оруулалт хийжээ л гэж санагдаж байна?

- "Монгол банк" мөнгөний бодлогыг тодорхойлдог. Банкны дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох эрх Монгол банкинд байдаг. 2018 оны 12 дугаар сарын 31 нд арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 50 тэрбум болгох тогтоолыг Монгол банк гаргасан. Хөрөнгө оруулагчийн хувьд Эрдэнэбатад сонголт байсан. Миний мэдэж байгаагаар Японы Хөрөнгө Оруулалтын банк “Ариг” банкинд хөрөнгө оруулахаар 2016 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хүсэлтээ албан тоотоор хүргүүлж байсан. Харин Эрдэнэбат нь Ш. Баярсайханы хүсэлт гуйлтаар Үндэсний хөрөнгө оруулагчийг сонгож, хамтарсан гэдэг. Гэтэл Ш.Баярсайхан гэдэг хүн Ариг банк болон БҮК-1 үйлдвэрт аль алинд нь хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын ямарч судалгаагүй, харанхуй бүдүүлгээр хөрөнгө оруулалт хийсэн, мэдээ мэдээллээс хэт хол юу ч мэдээгүй хийсэн мэт өнөөдөр мэдэн будилаад байгаад их гайхаж байна, Монголд 30 гаран жил бизнес хийж амжилтад хүрсэн хүн энэ зэргийн анхан шатны мэдээлэлгүй байна гэхэд итгэхгүй юм.

- БҮК-1 төсөлд асуудал алга. Тэгэхээр дээрхи нэр бүхий Монголын хоёр бизнесмений маргаан юунаас үүсэв?
 
Монгол банкнаас арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 50 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Үүнийгээ биелүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс Баярсайханыг гэрээнд заасны дагуу 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийхийг "Дэм" санхүүгийн нэгдэл шаардсан. Хэрвээ Баярсайхан тогтсон цаг хугацаандаа 2016 оны 12 р сарын 15 ны өдрийн 16/24 тоот Ариг банкинд Хөрөнгө оруулах гэрээнийхээ 3.6.2 р заалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 31- нд 8.7 тэрбум төгрөгөө оруулсан бол “Ариг” банкны дүрмийн сан 44 тэрбум болж өсөх байсан. Тэр тохиолдолд ердөө л 6 тэрбумийг хоёр тал тус бүрт ноогдох хувь хэмжээгээрээ нийлүүлж, 2017- 2018 оны Банкныхаа ашгаар дүрмийн сангaa гүйцээх төлөвлөгөөтэй 16/24 тоот хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тэгсэн бол Монгол банкны ерөнхийлөгчийн тогтоол ч биеллээ олж, Ариг банкинд ямар ч асуудал үүсэхгүй байсан. Гэтэл банкны 39 хувийг эзэмшигч Улаанбаатар импекс компани нь 8.7 тэрбум төгрөгийг оруулаагүйгээр зогсохгүй Монгол банкинд хандан бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөөч гэсэн хувьцаа эзэмшигчээс гарч боломгүй өөрийгөө дампууруулах хүсэлт гаргасан.
Тухайн үед үнэндээ бид мэл гайхсан. Өөрөө гэрээнийхээ дагуу Хөрөнгө оруулалтаа хийгээгүй байж, Гэтэл...... !!! .....
- Айн, Ариг банк тийм дээ тулсан хэрэг үү? Д.О: Бодоод, эргэцүүлээд байхад, " Ариг" банкны “Дэм санхүүгийн нэгдэл ХХК” хувьцаа эзэмшигчийг хохироосон гол буруутан нь Ш.Баярсайхан. Банкны нэг хувьцаа эзэмшигч нь тухайн банкны 51%-ыг эзэмшигч болохыг хүсэж болно. Гэхдээ энэ хүсэлтээ Монгол банкны эрх бүхий албан тушаалтнуудыг татан оролцуулж хийж болох уу ? Монгол банкинд хандан:-Надад 51%-ыг аваад өгөөч гэж хэлж болохгүй биз дээ. Энэ Эрдэнэбат гэж хүн 51%-иа надад өгөхгүй байна гэж аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг Монгол банкинд эрхэлж болохгүй л дээ бүгд хууль ёсоор л явах ёстой.
- Банкны үйл ажиллагааг нь ингэж хязгаарлавал, бууж өгч, 51%-иа өөрөө өгчихнө гэж бодсон юм биш үү. - Тийм л агуулга харагдаж байна. БЭТ томилсноор “Ариг” банкны гол гурван үйл ажиллагааг зогсоосон. Нэгдүгээрт, 5 сая хүртэл хадгаламж татаж болно , түүнээс дээш хадгаламж татахыг хориглоно. Хоёрдугаарт, зээл олгож болохгүй. Гуравдугаарт, барьцаа , батлан даалт олгож болохгүй. Өөрөөр хэлбэл банкны гол гол үйл ажиллагааг хориглосон. Хүнээр бол артер болон венийн гол гол судсыг боосон.
- Энэ албадлагын үйл ажиллагаа нь тухайн нөхцөл байдалд тохирсон уу? - Огт тохироогүй. Үр дагавар нь илтгэнэ шүү дээ. Хэвийн ажиллагаатай “Ариг” банкны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гэхдээ л "Ариг" банк эрүүл эдийн засгийн зарчмаар банк байсны хүчинд өнөөг хүртэл хоёр жилийн турш өөрөөрөө оршин тогтнож байна. Энэ бол маш том шалгуур. Татаасаар бус зүй тогтлоороо хөгжиж байсны хүчинд банкны бүх шалгуур үзүүлэлтээ өнөөдөр хангасан хэвээр. Хадгаламж эзэмшигч, харилцагч хохирсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Энэ хоёр жилийн хугацаанд. Энэ бол Монголын банкны түүхэн дэх арилжааны банкны тогтоож буй дээд рекорд. Монгол банк "Ариг" банкинд БЭТ томилох шаардлагагүй байсан гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.
 
Монгол банкны удирдлагыг УИХ томилдог. Өөрөөр хэлбэл Дээд байгууллага нь УИХ. Тэгэхээр Монгол банкны зүй бус шийдвэрийн талаар УИХ-д Та хандсан уу?
- Бид Монгол Улсын Их Хурлын дарга болон ерөнхий сайдад хандсан. Банкны үйл ажиллагааг хязгаарласнаас болоод банкны актив, үйл ажиллагаа, орлого буурсан. Энэхүү БЭТ-тэй холбоотой буруу шийдвэрийн талаар УИХ-д хандсан. Монгол банкны нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. “Ариг” банк жилд 7 тэрбумын ашигтай ажилласан байсан. Тэр ашиг алга болсон. Энэ бол "Ариг" банкны хувь эзэмшигчид аль аль нь хохирсон гэсэн үг. Ганц " Дэм" санхүүгийн нэгдэл биш. Улаанбаатар импекс ХХК ч бас хохирол амссан. Сүүлийн хоёр жил боймиллоо. Тэсвэр тэвчээрээ алдана гэж тооцсон байх. Хувьцаа эзэмшигчдийн хурал болох тоолонд Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч бидэнд нэг л зүйлийг тулгаж шахдаг. Та хоёр тохирчих. Эрдэнэбат гуай Та 51-ээс дээш хувьцаагаа өгчих. Ийм шахалтыг л өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол банкны зүгээс үзүүлж ирлээ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Үнэндээ тохирчих гэдэг чинь бууж өг, соёлтойгоор хэлбэл зөвшөөр л гэсэн үг л дээ. Манай үйлчлүүлэгч Эрдэнэбат “Номингийн” Баярсайханд хандан гэрээний дагуу 8.7 тэрбум төгрөгөө оруулчих аа, үлдсэн 6 тэрбумаа хувьд ноогдох хэмжээгээр гаргаж дүрмийн сангаа бүрдүүлье. Ингээд Монгол банкны шаардлагыг биелүүлчихье гэдэг саналыг тавьдаг. Өөрийнхөө оногдох 4 орчим тэрбум төгрөгийг оруулъя. Дансаа нээчих гэхээр Монгол банк дансаа нээж өгдөггүй. Өөдөөс нь тохирчих оо л гээд байдаг. Эндээс бүх зүйл ойлгомжтой.
- Манайд хонгил гэдэг бий болсон тухай ерөнхийлөгч, ерөнхий сайдаас авахуулаад бүх шатны түвшинд ярих болсон. Шахаж байгаад бизнесийг нь булаадаг, өмч хөрөнгийх нь эзнээр суудаг, эзнийг нь хорьдог, хэлмэгдүүлдэг. Хууль хяналтынхны оролцоотой хийдэг. Саяхны өдрүүдэд хууль хяналтынхны буруутай зарим үйл ажиллагаа ил болж эхэлсэн. УИХ-ын 5 гишүүн “Ариг” банкыг дээрэмдэж байгаа тухай асуудлыг сөхлөө. Ажлын хэсэг гарлаа. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ч “Ариг банкийг булаахад шүүгч нар оролцсон шан харамж авсан байх нь нотлогдсон. Үүнийг шалгаж байгаа” гэж хэллээ.
- Дээд шүүх дээр шалгагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад дэлгэрүүлж ярьж болохгүй. Ёс зүйн код бий. Холбогдох байгууллагын шалгалт явж байгаа гэж ойлгож байгаа. Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд хууль хяналтыхантай холбоотой асуудлыг шалгаж байгаа гэсэн.
- Хэргийг өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд шүүгчдийг худалдан авдаг өмгөөлөгч Баасанцогтын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ элдвээр хэлэгдэж буй өмгөөлөгч Баасанцогт гэгч “Номингийн” Баярсайханы өмгөөлөгч мөн үү?
- "Ариг" банктай холбоотой бүх хурал, Хувьцаа эзэмшигчдийн хурал, үүнтэй холбоотой шүүхийн хурлуудад Баярсайханы өмгөөлөгч Баасанцогт алгасалгүй оролцдог. Баярсайханы өмгөөлөгч нь Баасанцогт мөн.
- “Ариг” банкийг үүсгэн байгуулахад Эрдэнэбат гучаад жилийг зарцуулсан. Гэтэл энэ банкныхаа үүдээр ч нэвтэрч чадахгүй хөөгдөж байх нь эмгэнэлтэй ч юм шиг.
- 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Эрдэнэбатыг анхан шатны шүүхийн шийдвэрээр 409-р хорих ангид хорьсон. 12 сарын 15-нд давж заалдах шатны хурал болж батлан даалтанд гарсан. Энэ 135 хоногийн хугацаанд Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд “Ариг” банкны нөгөө хувьцаа эзэмшигчидийн ашиг сонирхолд нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан. 60.46 % эзэмшигч хуралд ирээгүй бол хурал хүчингүй. Компаний тухай хуулиар.
- Гол хувьцаа эзэмшигч шүү дээ.
- Хувьцаа эзэмшигчээ хуралд оролцуулаач. Хурлаа хууль ёсны болгооч ээ гэж шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Ариг банкны Үүсгэн Байгуулагч- 2016 оныг хүртэл 20 гаруй жил 100% хувьцаа эзэмшигч байсан- Гол хувьцаа эзэмшигч Б. Эрдэнэбатыг хуралд оролцуулалгүйгээр нэмж хувьцаа гаргасан. Уг нь Монгол банкны баталгаажуулсан, 2016 оны 12 дугаар сарын 15- ны өдөр "Дэм" санхүүгийн нэгдэл болон, УБ Импэкс ХХК- ны хооронд Ариг банкинд хөрөнгө оруулах 16/24 тоот гэрээний дагуу БЭТ нь УБ Импэкс ХХК ны худалдан авах үүрэгтэй арилжаанд гарсан үлдэгдэл 307 хувьцааг худалдан авч гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардах байсан.
Өмнө нь гаргасан 307 ширхэг хувьцааг УБ Импекс ХХК нь гэрээний дагуу худалдан аваагүй, арилжаалагдаагүй байхад Б. Эрдэнэбатад мэдэгдэлгүй хууль зөрчин шинэ хувьцаа гаргасан. Дэм санхүүгийн нэгдлээс хууль бус үйл ажиллагааг нь эсэргүүцэж, бүр учирласан. Хувьцаа эзэмшигч хоригдож байна. Хуралд оролцох бололцоогүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай, шийдвэр гаргах боломжгүй байгааг харгалзаж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтийг ч гаргасан. Үл тоосон . 409-р хаалттай хорих ангид хоригдож байхад нь гол хувьцаа эзэмшигчийг оролцуулалгүйгээр хуралдаж шинээр нэмэлт хувьцаа гаргаж , тэр хувьцаагаа өөрсдөө худалдан авч 58 %-ийн хувьцаа эзэмшигч болчихсон. Энэ бүх үйл ажиллагаа нь бүгд хууль зөрчсөн. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч дүрмийн сангийн өөрчлөлтийг хийх зөвшөөрөл олгосон байгаа. " Дэм" санхүүгийн нэгдлээс ТУЗ-д гишүүдээ томилуулах эрхтэй. Энэ эрхийг огт эдлүүлээгүй. Хуулийн дагуу гүйцэтгэх захирлыг ТУЗ томилох ёстой. Гэтэл БЭТ нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж гүйцэтгэх захиралыг түр орлон гүйцэтгэгчээр “Номин” компаний охин компани болох Ариг банкны 39.54 % ийн хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ариунжаргалыг томилсон. Тэгэхдээ хууль зөрчин ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилсон.
Хуулийн дагуу гүйцэтгэх заxирлыг ТУЗ томилох ёстой байтал БЭТ томилсон. БЭТ нь хуулиар өөрт нь олгогдоогүй эрхийг хууль зөрчин эдэлсэн. Эцэст нь хэлэхэд, бусдын хөрөнгийг булаах шинэ технологи нэвтэрсэн байна. Эзнийг нь хэвлэлээр гутаан доромжилдог. Шүүхэд дууддаг. Болбол торны ард суулгадаг. Буулгаж авч, өмнөө өвдөг сөхрүүлдэг. Сэтгэл зүйн асар их дарамт учруулдаг. Нийгмийн шахалт үзүүлдэг. Ийм л зүйл миний үйлчлүүлэгч Б.Эрдэнэбатад учирч байна. Эрдэнэбат бол Баярсайханы гүтгэж байгаачлан залилан мэхлэгч, луйварчин огт биш. Харин ч Бүтээн Байгуулагч- Баялаг бүтээгч - хохирогч , эрх нь зөрчигдсөн бизнесмэн юм. Одоогоор ийм л зүйлийг хэлье. Цаг хугацаа бол хамгийн том үнэний хэмжүүр. Үнэн ялна , шударга ёс тогтоно гэдэгт л би итгэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Эрдэнэбатаас өөр хүн байсан бол Номин-гийн Баярсайханы өмнө сөхөрсөн, бууж өгсөн байх. "Эрэл"-ийн Эрдэнэбат тулдаа л энэ бүх тулгалт, хавчлагыг үнэний төлөө давж тэмцэж чадаж байна. Эрдэнэбатад учирсан шиг буй зовлон, дээрэм өөр олон хүнд бүү тохиолдоосой гэж хүсэх байна.
 

 

Ярилцсан Н ГАНТУЛГА
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?