Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд АН ээлжит Их Хурлаа хийж, намын даргын сонгуульд ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг батламжиллаа. АН-ын даргаар батламжлагдсан О.Цогтгэрэл тус ИхХуралд анхныхаа илтгэлийг тавьсныг толилуулж байна.
Эрхэм журмын нөхөд өө
Эрхэм ардчилалд хайртай Монгол улсын иргэд ээ, Ардчилсан намаа ахин сэргээн бадраахын төлөө, амжилт ялалтыг эргүүлэн авчрахын төлөө санаа зориг нэгдэн цугласан Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө, Ардчилсан намын орон зайг үгүйлэн алсаас ажин суугаа Ардчилсан Монгол улсын нийт иргэд ээ та бүхэндээ АН-ы ээлжит бус их хурлын өдрийн мэндийг хүргэе.
Та бид цугтаа Ардчилсан намын эргэн сэргэлтийн эзэд болж байна. Анхдагчдаасаа салаагүй Ардчилсан нам дараагийн үедээ ирж байгаа түүхэн цаг үеийн гэрч болж байна. Бид бүтээхээс нураах нь, босгохоос сүйтгэх нь, эвлэхээс эвдрэлцэх нь илүү хялбар байдгийг хангалттай харлаа. Харин одоо уналтыг сэргэлт, бутралыг нэгдэл, ялагдлыг ялалт болгохоор энд цуглаад байна.
Үе үеийн ардчилагчид, үйлс зорилго нэгт журмын нөхдөө. Бид дотроо тэмцэлдэж тамираа барах биш нэгдэн нягтарч ажилгүйдэл, ядуурлыг тэтгэж буй халамжийн бодлоготой, хүнд суртал, авилгыг гааруулж хүний эрх, шударга ёсыг гишгэж байгаа увайгүй үйлдэлтэй тэмцэх цаг иржээ.
Бидний цагаан морин жилд эхлүүлсэн эрх зүйт төр, иргэний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх тэмцэл бүрэн дуусаагүй байна. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам ялж, амжилт ажлаар дүүрэн байсан цаг бүрт Монгол улс хожиж, Монголчууд ялсан байдаг. Ээдрээт үеийн тухайн цагтаа эрсдэлтэй ч, хожмоо хожоотой үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, иргэн хүн улсдаа эзэн болохуйц олон шийдлүүдийг Ардчиллынхан бид гаргаж, түүний үр шимийг өнөө хүртэл Монголчууд нийтээрээ хүртсээр байгааг та бид мэднэ.
Гэвч өнөөдөр, сүүлийн хэдхэн жилийн буруу бодлогын үр дүнгээр олон зүйлээр Монгол улс эрс ухралтад орлоо. Эрх баригчид шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, өнөө маргаашийг аргацааж, өдөр хоногийг өнгөрүүлсэн үлбэгэр бодлогоо үргэлжлүүлсээр байна. Тэд шүүх, хуулийн засаглалыг дураараа өөрчилж нэг намын дарангуйлал, захиргаадалтын үеийг буцаан авчрахаар улайрч байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан байхад бүтээмжийн бодлого яриагүй тэд 100 жилийн ой тэмдэглэнэ гэж хөөрцөглөн сууна. Ажилгүйдэл, ядууралтай биш ард иргэд, сөрөг хүчинтэйгээ тэмцэлдэж; цар тахал, иргэдийн эрүүл мэндийг биш сонгуулийн ялалт, эрх мэдлээ бататгахад анхаарч; асуудал, шалтгаантай нь биш архи төдийхөн хэлбэр, тусгалтай нь дайтсаар байна.
Төрийн эрх мэдлийг өсгөж, төсвийн хэмжээг тэлж, ордон тойруулж олон байшин барих, даргын өрөөнд зориулж цемент зуурч, тохижилт хийх, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгахаа хөгжлийн манлайд хүргэж байна гэдэг хүмүүс сүүлийн хэдэн жил дураараа дургилаа. Иргэний эрх, ардчилал, оролцооны тухай ойлголт лоозогнол, цэцэрхэлийн хэмжээнд очлоо, тийм хэвээр үлдээсэй гэж эрх баригчид хүсэж байх шиг ч байна.
Гашуун сухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ? гэдэг ганцхан бодлоготой болоод удлаа. Халамжийн капитализм, уул уурхайн социализм байгуулж байгаа тэдний тархинд бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? хоршоолол-хамтрал-холбоосыг хэрхэн сайжруулах вэ? технологи-ноу хау-инновацийг яаж дэмжих вэ? Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг тасралтгүйгээр нэмэгдүүлэх боломжууд юу вэ? гэдэг бодлогын асуулт орж ирэлгүйгээр, үүнд хариулах үгийг амнаасаа гаргалгүйгээр удлаа. Энэ хэвээр яваад байхад болно гэж тэд итгэж байна. Үгүй ээ, иргэд нь эрхгүй, эдийн засаг нь хэврэг ийм улсыг бүтээх гэж Ардчиллын партизанууд хувьсгал хийгээгүй юм.
Монголд хуримтлагдсан бүх асуудал, бэрхшээл зовлонгийн шийдэл нь ганцхан зүйлд л бий. Бүтээмж, Монгол хүний үнэ цэнийн өсөлт! Эдийн засагт өсөлт, бүр тийрэлтэт өсөлт хэрэгтэй. Аргалж ажилладаг, ард иргэдээ айдсаар удирддаг, хуурч дөнгөдөг цаг өнгөрсөн. Улам бүр хэрсүүжиж, улс орныхоо өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч суугаа сонгогчид эрх баригчдаас ч, биднээс ч бодит шийдлийг, хөгжлийн гарцыг, тийрэлтэт өсөлтийн бодлогыг, тодорхой гүйцэтгэлийг шаардаж байна. Иймд бид ч бас аргалж амжилт гаргах, ялалт авах боломжгүй ээ. Үнэн байхыг, үйлдэл ам ажлын зөрүүгүй байхыг цаг үе, нөхцөл байдал биднээс улам ихээр шаардаж эхэлсэн. Аргалсан шинэчлэл, аргалсан ажиллагаа, аргалсан дарга Ардчилсан намд огт хэрэггүй ээ.
Үе үеийн ардчилагчид, үйлс нэгт журмын нөхдөө. Ардчилсан намын гишүүд бол албан тушаал эрх мэдэлд дулдуйдаж, ашиг хонжоо хайгчид биш үзэл бодолдоо үнэнч эрх чөлөөний дайчид гэж итгэдэг. Ардчиллын дайчид та биднийг эдийн засгийн бүтцээ зөв болгох, иргэдийнхээ алдагдсан эрхийг эргүүлэн авчрах, дарангуйлал, завхрал, хүнд суртал, авилгалын эсрэг тууштай тэмцэхийг түүх даалгаж байна, түмэн шаардаж байна. Одоо өнгөрснийг тоочих биш урагшаа харж, хэзээ хэзээнээс эв нэгдэлтэй, тууштай, бат эрмэлзэлтэйгээр язгуурын үзэл баримтлалаа сахих, тунхаглах, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх цаг иржээ. Та бид тэмцэхгүй бол, та бид өөрчлөхгүй бол хэн ч өөрчлөхгүй нь тодорхой. Түүх, цаг хугацаа үүнийг хангалттай харууллаа.