U-15 CHALLENGE" -ИЙН САГСЧИД ДАШТ-Д ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

2021-05-06  

"FIBA" буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “FIBA U15 Skills challenge”-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтод Монголын өсвөрийн сагсчид амжилттай оролцлоо. Таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй баг Таити, Самаоны багийг ялж, Ливаны Ливаны багт хожигдон хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарснаар ДАШТ -д оролцохоор эрхээ халаасаллаа. Энэ тухай Монголын багийн гишүүн, 1-р сургуулийн 8 дугаар ангийн сурагч Цондовдоржийн Жаргалангаас тодруулга авлаа.

-Ази тивээ төлөөлөн ДАШТ-д оролцох болсонд баяр хүргэе! Өөрийнхээ тухай товч танилцуулна уу?

-Баярлалаа. Төгсөө багшийн удирдлаган дор “Төгс жаалууд” клубт 3 дахь жилдээ хичээллэж байна. Багийнхаа хамгийн залуу гишүүн. 14 настай. Бас хамгийн намхан нь.

-Тэмцээнийхээ тухай тодруулаач?

-Цар тахал дэлгэрсэн учир ижил даалгавар авч онлайнаар гүйцэтгэсэн. Тодорхой даалгаврыг хамгийн сайн, хамгийн богино хугацаанд гүйцэтгэх. Бид даалгавраа сайн биелүүлсэн. Ливаны багийг хожижод ердөө л 2 секунд дутсан. Гэхдээ Ази тивээ төлөөлөн ДАШТ -д оролцох болсондоо баяртай байна.

-Сагсан бөмбөгийн спортыг хэрхэн яаж сонгов?

-Огт санамсаргүй. 2019 онд, манай ангийн биеийн тамирын багш өвдсөн байсан. Башийг орлож Төгсөө багш хичээл орж, биднийг Оросын ЭСЯ-ны байрыг тойруулж гүйлгэж биеийн халаалт хийлгэсэн. Тэр үед надаас: -Сагс тоглодог уу гэж асуугаад, -“Төгс жаалууд” гэж клубт ирж хичээллэхийг урьсан. Би гудамжинд л сагс тоглодог байсан үе. Ингэж л багштайгаа анх таарч өнөөдрийг хүртэл багшийн удирдлагаар хичээллэж байна. Бас миний ах Ц.Билигт очир сагс сайн тоглодог учраас намайг сагсан бөмбөгт дуртай болоход их нөлөөлсөн.

-"Төгс жаалууд" клубийнхээ амжилтаас дурдвал?

-2019 онд "Төгс жаалууд" клубын нэрэмжит 3х3 тэмцээний 12 насны ангилалд түрүүлж, анхны алтан медалиа зүүж байлаа. Түүнээсээ 13 насны ангилалд нас өгсөж бас түрүүлсэн. Манай багт манай ангийн Амина, Баясаа, Баасанцэрэн гэдэг охидууд тоглодог байсан. 2020 онд “U14" тэмцээнд түрүүлж Монгол улсын өсвөр насны улсын аварга болсон. “Улаанбаатар лиг” –т түрүүлсэн.

-Өөр ямар нэг спортоор хичээллэж байсан уу?

-Хөлбөмбөгийн “Оч клуб”-т хөлбөмбөг тоглодог байлаа. 2017 онд, Өсвөрийн улсын аваргад орж 4-р байр эзэлсэн. Хүрэл медалийн төлөө тоглолтонд би эсрэг багийн 3 тоглогчийг хуурч багийнхаа цорын ганц гоолыг оруулсан. Харамсалтай нь бид хожигдож медалиас мултарсан. Энэ тоглолт одоо хэр нь санаанаас гардаггүй. Мөн аав минь намайг Спортын төв ордонд, гавьяат тамирчин Амаржаргал найздаа шавь оруулсан. Боксын дугуйланд 3 сар явсан. Надад сагс илүү сонирхолтой байсан учраас хөлбөмбөг, боксыг орхисон.

-Ирээдүйн хүсэл мөрөөдөл?

-Монгол улсаа төлөөлж сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпийн наадамд оролцож алтан медаль авахыг л мөрөөдөж байна. - Ярилцлага өгсөнд баярлалаа. Мөрөөдөлдөө хүрч олимпийн аварга болохыг хүсье.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?