ХЯРГАС НУУРЫН МОНГОЛ МИХАЙЛ (Хөрөг нийтлэл)

2021-10-13  

Хяргас нуурын монгол Михаил

С.Батбаатар

Эрхлэгчийгээ ийн нэрлэж байгаадаа эхлээд хүлцэл өчье. Гэхдээ “Ардын эрх”, “Өнөөдөр”-ийн анхдагчууд ингэж л дууддаг байсан. Михаил хэмээх нь хоч гэхээсээ өөриймсөл давамгайлж сонсогддог тул ийн бичив.

Дархан хот дахь “Ардын эрх” сонины сурвалжлагч болоод удаагүй байх үед хотоос Бал эрхлэгч нэгэнтээ утасдлаа. “Михаил очно. Угтаж авч, унаа тэргээр үйлчилж, алба ажилд нь туслаарай” гэв. “За” гээд утсаа тавьчихсан хойноо “Михаил гэж ямар хүн байдаг юм бол. Орос нэртэй дарга юм байх даа” гэж эргэлзэв.

Дарханд томилогдохдоо Бал эрхлэгчийн итгэл хүлээлгэсэн онцгой визээр, Коллегийн хурал энэ тэрээр оролгүй, зөвхөн Шуурхай мэдээний дарга Т.Гандитай уулзаад л явчихсан тул дарга нараа тэр бүр танихгүй байсан үе.

Эрхлэгчээс лавлаж асууж зүрхлэлгүй Нацагаа (Бүнчингийн Нацагдорж) руу залгатал учиргүй инээснээ “Цэдэн-Иш эрхлэгч л байхгүй юу. Мэддэггүй юм уу” гэж билээ. Цоодол ах бол Цэдэн-Иш гэж ер хэлэхгүй. “Аа муу, Михаил уу”, “Михаил тэгж ярьсан шүү”, “Цаад Михаил чинь юу гэж байна” гэх мэтээр ярина.  

Иш эрхлэгчтэйгээ тийн анх удаа Дархан хотын өвлийн тэнгэр дор уулзаж билээ. Сээгий малгай духдуулж, Дарханы нэхий дээл өмссөн, гутал нь тостой, өмд нь индүүдлэгтэй, мөнгөлөг хүрээтэй цагаан шил зүүсэн, дэгжин байрын тэр эр үнэхээр европжуу төрхтэй аж.

Яагаад ч юм, Сэлэнгэ зүгийн, буриад цусны хүн байх гэсэн бодол олон жил тээгдэж явсан. Гэтэл бүр алс баруун хязгаарын Увсын, Увсынх Увсынхдаа Хяргасын, цэвэр баяд болж таарав. Баядуудыг Баянаа аваргаар төсөөлдөг надад Иш эрхлэгч шиг цагаан шаргал хүн тэнд төрсөн гэхээр сэтгэлд нэг л буудаггүй юм.

Михаил гэдэг нэр цөөхөн дотно нөхөд, хамтран зүтгэгчдийн хүрээнд хэрэглэгддэг бол Иш эрхлэгч гэдэг нь илүү түгээмэл билээ.

Бал, Иш гэх хоёр нэр холбоотой юм шиг он жилүүдийг туулсан. Цаашдаа ч энэ холбоо үг Монголын сэтгүүл зүйд, “Өнөөдөр”-ийн үе үеийнхэнд байнга яригдаж дурсагдсаар байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл Бал эрхлэгчийн минь баруун гар нь Иш эрхлэгч байв. (Хэрвээ ингэж хэлж болдог бол зүүн гар нь Пүүжээ эрхлэгч болно)

Цэрэндоржийн Балдорж хэмээх эрхмийн дээд эрдэнэт хүмүүний ямагт урагш тэмүүлсэн мөнхийн гэмээр цалгиа халгиаг хамгийн түрүүнд тосон мэдэрч, бадарсан онгод, дэрвэсэн хийморийг нь хөгжөөн дэмжигч болж, шинэ хийгээд сайн сайхны төлөөх сэрэхүй мэдрэмжийнх нь хөг ярууслыг тэгшлэн тэтгэгч нь байсан андлалын, ажил хэргийн нөхөрлөлийн гайхам түүх түүнд ногдоно.

Зарим үед барих ташуур, тулах таяг, түлхэх бод, тушаах зардас нь ч болж байсан байх. Сонины цаас дууслаа, Иш эрэлд явна. Захиалга нэмэгдүүлэх шаардлага гарлаа, Иш хөдөөг зорино. Шинэ байртай болно гэнэ, Иш л тэнд шавар, шохойн хэрүүл хийх. Сониноо офсет хэвлэлтэд шилжүүлнэ гэж шийдлээ, Иш л энд тэндээс хуучин компьютер түүж явах. Энэ ажилдаа хэт мэргэшсэн үү, “Өнөөдөр”-ийг анх байгуулахад сэтгүүлчдийн суух ширээ, сандлыг авчрахдаа, баахан хуучин оёдлын машин ганзагалаад ирсэн байсан сан. Хэнээр, юу оёулах гэсэн юм, бүү мэд.   

“Ардын эрх”-ийг хараат байдлаас гаргах гэж Төрийн ордноос дутаан шинэ байшин барьж, анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр”-ийг өлгийдөх бартаат замын өргөс, чулуу бүхнийг түүж, “Би Би Би”-гийн сүлд модны наадмын бэлэг үүрсэн өвгөний дүрд хувилж, зохиолын дууны Хит парадад дуулахаас бусдыг хийж явсан гээд олон олон, тод сонин дүр түүнийх ээ.

2000 оны УИХ-ын сонгууль болох гэж байв. Уншигчдынхаа дунд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүмүүсийг нэрлэх тааврын уралдаан зарлав. Далан зургааг бүгдийг нь таавал машин, 70-75-ыг зөв нэрлэвэл хөргөгч, 65-70-ыг онож хэлсэн бол зурагт гэхчлэн өчнөөн төчнөөн юм амлалаа. Сониноо захиалуулах арга л даа. Бүгдийг нь байтугай, 50-ийг нэрлэх хүн гарахгүй гэдэгт бид бүгдээрээ итгэлтэй байв.

Сонгуулийн дүн гарлаа. Гэтэл тухайн үеийн МАХН 72 суудал аваад зогссонгүй, хөргөгч, зурагт авах болзол хангасан хүн хэд хэдээрээ тодордог юм байна. Нэг өвгөн бүр 72-ыг таасан байж билээ. МАХН-даа үнэнч ахмадууд намынхаа бараг л бүх нэр дэвшигчийг дугуйлчихсан байсан тул бид юун ашиг олох, бүр өрөнд унах нь тодорхой болов. Эгдүүцсэн Бал эрхлэгч хилэгнэлээ хөөрхий муу Иш эрхлэгчид минь гаргаж, “Балай, тэнэг болзол гаргаснаараа Цэдэн-Иш чи өөрөө наад мөнгөө гаргаарай” гэж билээ. Үнэндээ бол санаачлагч нь Бал эрхлэгч, хэрэгжүүлэгч нь Иш эрхлэгч, Б.Галаарид нар байв. Иймэрхүү зүйл нэг биш болно.

Гэхдээ Бал эрхлэгчийн хамгийн итгэлт нөхөр нь ямар ч цагт Иш эрхлэгч л байв. Сөгдөж биш, сөрж өгссөн амьдралынхаа олон давааг тэр Иштэйгээ хамт, бие биенийг тулж түшиж давсан. Бодсон бодол, зорьсон зорилгоо биелүүлж, сэтгэл ханасан үеийнхээ жаргал баярыг ч Михаилтайгаа л хуваалцдаг байсан.  

Бал, Иш, Пүүжээ гэдэг гурван хүн бидний туг, сүлд байсан юм аа. Бидний үеийн сэтгүүлчид эрхлэгч нараараа явах зам, очих зүгээ заалгаж, тэр зам зөв зам гэдэгт баталгаатай итгэж явав. Хатуу гашуун үг хэлэхэд нь хэрсүүжиж, магтан мандуулахад нь урмаар цэнэглэгдэж, сэтгүүл зүйн их донсолгооны талбарт гуйвж дайвахааргүй хөл тэнцсэн билээ л. Бас тэднээрээ гоёж, тэдэнтэйгээ хамт амьдарч, бүтээж туурвиж байгаадаа бахархаж, халуун залуу насныхаа хамгийн гэрэлт дурсамжийн мөрүүдийг бичсэн байна.

Бидний хувьд хүндлэх хүндлэл, дуурайх дуурайл, чигийг заагч луужин нь эрхлэгч нар минь байжээ гэдгийг өдгөө илүү тод ойлгож ухаардаг. Бүсгүйчүүдийн цөөнгүй нь дурлаж ч байсан байх. Нэгэнтээ “Өнөөдөр”-ийн хэдэн сайхан охид бөөгнөрч суугаад сэм шивнэлдэхийг хальт сонсоход “Даанч царай муутай. Тэрнээс дурламаар сайхан хүн” гэлцэх нь Пүүжээ эрхлэгчийн тухай яриа байж билээ.

Бал, Иш хоёр бол Пүүжээгийн дэргэд царайлаг, сайхан эрчүүд л дээ. Нэг удаа “АЭ”-ийн хит парадыг Эрдэнэтэд зохион байгуулахад Бал, Иш эрхлэгч нар маань хамт явав. Тоглолт сайхан болж, орой буцах гэтэл урлаг соёлын алдартнууд, эрхлэгч нарыг минь төмөр замынхан дайлж цайлаад явуулдаггүй ээ. Дарханд шөнөдөө очиж, өглөө тоглох ёстой байдаг. Бидний суусан гурван вагоныг цуваанаас салгаад үлдээчихэж.

Арайхийн тэндээс ховхорч, өглөө зургаан цагийн үед Дархан өртөөн дээр ирлээ. Эрдэнэтээс хөдөлсөн хойно ч цэнгэл баяр үргэлжилсэн тул вагоны агаар муу байв. Урьд орой нь хоёр эрхлэгчийг асран халамжлагчаар томилогдсон надад хандан Бал эрхлэгч “Энэ вагоноо онгойлго. Цэвэр агаарт гарах минь” гэлээ. Хар үүрээр өртөөн дээр хүн бараг байхгүй. Өртөөний жижүүрээс гуйгаад бараагүй тул даргынх нь гэр лүү яриулж байж арайхийн хоёр хүн түр буулгах зөвшөөрөл авлаа.

Ковбой малгай, цэнхэр жийнс, арьсан бошинз тэргүүтнээр гоёсон тэгш гоолиг хоёр сайхан эр өртөөний хоосон тавцан дээгүүр, наран гийхийн өмнөх сэрүүн тунгалаг цаг дор нааш цааш холхин буйг харж зогссон, өдгөөгийн Ардын жүжигчин хоёр дуучин эгч “Танай хоёр эрхлэгч гоё хүмүүс юм аа. Ийм хүмүүсээр удирдуулж ажилладаг, чи азтай залуу байна шүү” гэхийг сонссон Со ах (Төрийн шагналт Д.Сосорбарам) “Та хоёр шиг юм дурласан ч тоохооргүй, дагшин гоё эрчүүд дээ” гэж билээ. Энэ мэт үе бишгүй л тохиож, тэр цаг мөч бүхэнд өөрөө л гоё, сайханд тооцогдсон мэт омог төгөлдөр байдаг сан.

Иш эрхлэгч маань цэмцгэр сайхандаа тэнцсэн нягт нямбай, яг таг зантай нь юм бүхэн дээр илэрнэ. Миний удирдсан нэг дугаарт түүний бэлдсэн ярилцлага орж, 15:00 цаг гэхэд нүүрээ боолгуулсан (сонины сэтгүүлчид сонины нүүр бэлтгэхийг ийн хэлдэг) тэрбээр сонин буутал таван цагийн турш бичсэнээ эргэн хянаж, дахин дахин засаж билээ. Байсхийгээд л ороод ирнэ. Гарчгаа засъя гэнэ. Нэг өгүүлбэр нэмэхгүй бол болохгүй нь гэнэ. Үг илүүдчихжээ гэнэ.  Хамгийн сүүлд “Дэмий газарт таслал тавьсан байна” гэсээр орж ирэхэд нь “Нүүр буугаад, эх бэлтгэл нь хийгдчихсэн” гэж байж арайхийн салсан даа.

Бас хэтэрхий шаргуу, зөрүүд гэмээр эр. Хорхойн дайтай үүрэг өгчихөөд зааны чинээтэй шалгана, шаардана. Хэрвээ түүнийг нь биелүүлээгүй байж таараад, тайлбар тавих гэвэл зэмлэл ч юм уу, шаардлага ч юм уу, ямар нэг “ёстой”-н тухай бүхэл бүтэн лекц сонсож мэднэ.

Итгэл алдсан, буруу зөрүү үйлдэл гаргасан бол загнаж, уурлаж сүр бадруулахгүй. Бал эрхлэгч юм сан бол тас няс бууж, алгадаж, элэгдэж ч мэдэх байтал Иш эрхлэгч болохоор зөөлөн зөөлөн дуугаар, зөндөө их юмыг учирлах, харамсах хослуулан, надад ч юм уу, өөртөө ч юм, хааяа нэг хялайж харчихаад, гүвтнээд л байна. Тэр өрөөнөөс яаж ийгээд гарахын түүс л болдог сон. Дахиж ийм байдалд орохгүйн тулд даалгасныг нь үтэр түргэн биелүүлэхийг бодно. Тэгэхээр мань эрийн сурган хүмүүжлийн өвөрмөц арга байсан ч байж магадгүй юм даа.

Дуулж байхыг нь сонсоогүй ч урлаг соёлын онцгой нандин мэдрэмжтэй. Уран зургийн тун давгүй цуглуулгатай болохыг нь нэг удаа гэрт нь очихдоо харж байлаа. Сонинд байхдаа ховор содон, тэр бүрий ам нээгээд байхааргүй хүмүүстэй ярилцлага голдуу хийдэг байсан. Сониноос гарсныхаа дараа аян замын тэмдэглэлд шунан дурлах болсон. Их ч аялсан.

Хяргас нуурынхаа хөвөөнөөс Ниагарагийн усан хүрхрээ, Марко Пологийн Венецээс Пабло Пикассогийн Барселон, Балтын тэнгисийн Крымээс Карибын тэнгисийн Куба хүртэл бадарчилж, Лувр, Эрмитажаас эхлээд Балбын сүм, Ватиканы ордон, Новодевичийн оршуулгын газрыг хүртэл үзэж, Киотод битүүлж, Токиод золголт хийж, сийрсэн малгайтай вьетнам бүсгүй, хиймэл хөхтэй тайланд эртэй хүртэл учирч амжсаныг нь түүний тэмдэглэлүүдээс уншиж болно.  

Ганцаараа явахгүй. Эхнэрээ, хөвгүүдээ, анд нөхдөө дагуулж, очих газар, уулзах хүн, үзэх юмаа бараг л цаг, минутаар төлөвлөж, аялалд гарахаасаа өмнө түүнийгээ шалган нягталж, сантиметрийн зөрүүгүй шахам болгож байж морддог нь анзаарагдсан.

Ирээд том том, урт урт тэмдэглэл бичиж сонинд өгнө. Хэдэн дугаар дамжиж гардагт нь жаахан төвөгшөөдөг байлаа. Хожим тэмдэглэлүүдээ эмхэтгэж, бандгар том ном болгоод Соёлын гавьяат зүтгэлтний цайллагад нь очсон зочдодоо бэлэг болгон өгснийг эргэн уншвал гайхалтай сайхан мэдлэг мэдээлэл, үнэ цэн шингэсэн бүтээлүүд болсон нь анзаарагдсан.

Сонинд захиргаа, аж ахуй, санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч эрхлэгч, дэд захирлын албыг олон жил, ээлж халаагүй хашсан. Нарийн чанд, тооцоо бүртгэл сайтай болохоор Бал эрхлэгч түүнд санхүү мөнгөний асуудлаа хариуцуулдаг байсан байж таарна. Гэхдээ олсноо цуглуулах, хурааснаа арвижуулах, дүрэмгүй хэдэн сэтгүүлчээ журам цэгцэнд оруулах, авьяас онгодыг нь хөглөх урам бурмаар тэжээх, авдаг хэдэн төгрөгийг нь алдаж дутаалгүй олгоно гэдэг чөмөг дундраасан ажил билээ. Үнэхээр ч сонинд ажилласан он жилүүдийн сүүлчээр үс нь илэрхий шингэрээд ирсэн юмдаг.

Эрсдэлд дуртай захирлаасаа болоод нэг шатах, юу ч хийж, ямрыг ч үйлдэж мэдэх албатуудаасаа болоод давхар хохирох нь нэг биш байсан байх аа.

Нэгэнтээ бид шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглэж, бэлдсэн идээ ундаа дундарч дуусах зуурт Бал эрхлэгч гэнэт “Цэдэн-Ишийг шатаах уу” хэмээн чанга яригчаар хашхирч, яахаас ч буцахгүй дээрээ оччихсон бид “Шатаая аа” хэмээн хоолой нийлүүлэн орилж, Иш эрхлэгч хадны завсарт хавчуулагдсан мэт бүлтэлзэн, дэмий л “Эрхлэгч ээ, үгүй ээ, энэ чинь… Та нар, одоо…” хэмээн гацаж түгдэрч байлаа.

Эцэст нь цэнгээний газрын лангуу хуу хоосорч, үдэш эхэлсэн ёслол өглөө болтол үргэлжилснээр баярын төсөв хэд дахин хэтэрч, бидний баярласан, Иш эрхлэгчийн үрчийсэн хоёр яг тэнцэж, “Цагаан сар ба хар нулимс”-ын үлгэр өндөрлөж байв аа.

“Өнөөдөр” сонины гал тогоо бол сэтгүүл зүйн уран дархны халуу дүүгэсэн том урлан байлаа. Хааяадаа салхи салхилж, бороо орох нь ч бий. Гэсэн ч хэдэн бор сэтгүүлчийнх нь гар дороос төрийг цочроож, түмнийг хуйлруулсан нийтлэлүүд урсаж, шинэ сэтгүүл зүйн үр жимсэлж, зөвхөн шилдэг нь байх туг дэрвэн, хүссэн мөрөөдөл, зорьсон зорилго бүтэмж төгөлдөр цаг дор бүгдээрээ дарга, цэрэггүй хөгжин баясаж, инээд хөөр цалгилж байдаг сан.

Энгийн эгэл, ийм цаг дор Иш эрхлэгч гэрэлтэх мэт цэлмэг сууна. Нүд нь очтон гялалзаж, байн байн нүдний шилээ долоовор хуруугаараа түлхэж, “тэр чинь тэгээд яадаг билээ…” хэмээн онигоо шогийг дэврээж, хөхиүн нь аргагүй өвдгөө алгадан инээж, босон суун дэрвэж байх. Гэхдээ өнөө л хашир хянамгай зан төрх нь юухан дээр ч илэрнэ. Ганц шил юм задлах боллоо гэхэд эхлээд шилэн дээрх шошго, үйлдвэрлэсэн газар, он зэргийг нүүрэндээ наах шахам ойртуулж байгаад сайтар уншина. Дараа нь хундага цэвэрхэн, эсэхийг, хагарч бутрах магадлал байгаа, үгүйг шалгана. Өөртөө хундагалан амсаж, тамшаалж үзээд “Гайгүй юм шиг байна” хэмээх нь зөвшөөрөл олгож буй хэрэг.

Гэсэн хэрнээ зарим цагт хэтэрхий гэмээр гэнэн. Өрөөтэй нь зэргэлдээ байх, нарийн нандинаа хадгалсан агуулахад бидний хэдэн нөхөд нуугдан суугаад, сэмхэн дуулан наргиж байх зуурт тэр өрөөнөөсөө гарч ирснээ “Хөөе, Жаргал гуай. Энэ хэн радиогоо унтраахгүй явчихав аа” гэх дуулдав.

Үнэндээ бол “Өнөөдөр” сонинд радио “дуулах” байтугай, радионы шугам ч байдаггүй байсан юм.

Үгийн сайныг түүж, утгын зангилаа зангидах сэтгүүлчийн хөдөлмөрийг ширээ сандал бүртгэж, өр шир нэхэх аж ахуйн ажилтай хослуулж, эмх цэгц, дүрэм журам сахиулахыг эгэл зөнгөөр, гэгээн гэнэнтэй сүлэлдүүлж, ямар ч цагт, аль ч газарт хичээнгүй шаргуу байдлаараа үлгэрлэж, жагсаалын хэдэн цэргүүдийнхээ сэтгэлийн хойморт заларсан миний Иш эрхлэгч энэ буюу.

…Цонхон цаана намрын цагаан бороо зүсэрч байна. Лутаа андын минь бичсэнчлэн “намрын бороон дор цувгүй алхмаар” орой санж.

Бал, Иш, Пүүжээ эрхлэгч нартайгаа хамт энэ хорвоогийн уудмыг бүтэн тойрох хэрэг гарлаа гэхэд бороотойд байтугай шамаргатайд ч гүйн гарч, цувгүй байтугай гуталгүй явсан ч очих газартаа баараггүй хүрнэ л гэсэн итгэл хэвээр ажээ.

Д.Цэдэн-Иш 1996-2000 онд “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргагч “Монгол ньюс” компанийн  дэд захирлаар ажиллаж байсан. 2017 онд Монгол Улсын соёлын гавьяат  цол хүртсэн.

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?