Х.АМАРЖАРГАЛ: ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСАД ИРЭХ ӨГӨӨЖИЙГ 53 ХУВИАС ДЭЭШ БОЛГОХ САНАЛ ТАВЬСАН

2021-10-27  

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсний дараа хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эхлэхийн өмнө манай сонин “Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Оюутолгойн хэлэлцээ ямар шатанд явж байгаа вэ? Рио Тинто” компани Засгийн газарт санал тавьсан гэсэн?
-Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгтэй Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийж байгаа. Бид эрчимтэй санал солилцон ярилцаж асуудлаа тодорхой цэгцлээд явж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын дэвшүүлсэн асуудлуудаар дэлгэрэнгүй саналыг тавьсан. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх асуудлыг шийдвэрлэх, ногдол ашгийг наашлуулахын тулд  “Эрдэнэс Оюутолгой”-н нэр дээр хуримтлагдаад байгаа өрийг 1.6 тэрбум ам.доллараар тэглэх саналыг өгсөн. Хоёрдугаарт, нэг их наяд төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт бүрдүүлэх. Энэ нь гүний уурхайн олборлолт хойшилсонтой холбогдуулан Оюутолгойгоос Монголын ард түмний хүртэх байсан үр ашгийг наашлуулж, цар тахлын өнөөгийн нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гуравдугаарт, Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу зардлын хэтрэлтийг хариуцах. Үүнийг хэрэгжүүлэхдээ бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтэд ногдох менежментийг үйлчилгээний төлбөрийг авахгүй байх, гүйцэтгэлийн баталгааны шимтгэлийг 2028 оны хоёрдугаар хагас хүртэл тооцохгүй байх санал дэвшүүлсэн.  
-Энэ саналаар 22 тэрбум ам.долларын өр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу? 
-Энэ яриад байгаа 22 тэрбум ам.доллар гэдэг нь ирээдүйн таамаглал тооцоолол юм. Энэ хэмжээ нь зэсийн үнэ, инфляц, үйлдвэрлэлийн зардал, шатахуун, түлшний үнэ түүнчлэн санхүүжилтийн хэлбэр зэргээс шалтгаалан хэлбэлзэж байдаг. Харин энэ бүхэн өөрөө одоо байгаа үндсэн зээлийн дүнгээс хамаардаг. Иймээс бид Эрдэнэс Оюутолгойд ногдох зээлийн хэмжээг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүгээ тэглэе гэсэн. Энэ бүхний үр дүнд Монголын талд ногдох төслийн үр өгөөж 53 хувиас дээш гарах бүрэн боломжтой. 
-"Рио Тинто"-гоос нэг их наяд төгрөгийг санал болгосон нэг талаас хардлага дагуулж байгаа ч нөгөө талаас харилцан буулт хийсэн, хуулийн утгаараа "уучлаарай" гэж тайлбарлах хүмүүс байна. Та бүхэн яагаад ийм шийдэлд хүрэв? 
-Монгол Улсын эдийн засаг тэр дундаа цар тахлын энэ хүнд хэцүү үеийг амжилттай даван туулахад Оюутолгой төслийн оруулсан  үр нөлөө их байсан. Үүнийг ч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд онцолсон байсан. Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед таарч байна. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд татвар, АМНАТ-өөс гадна нэг их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах санал дэвшүүлсэн. COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс ангижрахад улсын эдийн засагт амь тариа болох чухал төслүүдийг дэмжиж улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд энэхүү нэмэлт орлогын эх үүсвэр дэмжлэг болно гэж найдаж байна. Мөн монголчуудын хүртэх үр өгөөж, ногдол ашгийн хугацааг наашлуулах арга зам, Эрдэнэс Оюутолгойн хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдсан байсан зээлийн эрсдэлийг бууруулах саналыг Ажлын хэсэгтэй хамтран судалъя гэсэн санал хүргүүлсэн. 
-УИХ-ын зарим гишүүн "Рио Тинто" компани зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авах зорилгоор Оюутолгойн зардлыг зориудаар өсгөдөг гэж ярьдаг. Энэ тал дээр танай байр суурь юу вэ?
-Төслийн зардлын өсөлт ямар ч нөхцөлд хувь нийлүүлэгчдэд ашиггүй. Тиймээс компаниас зориудаар зардлаа нэмэгдүүлнэ гэж яавч байхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй сорилт бэрхшээлийг даван туулж, өмнийн говьд дэлхийд өрсөлдөхүйц том хэмжээний зэсийн уурхайг цогцлоох бүтээн байгуулалтыг бид хийж чадсан. Энэ зорилтын хүрээнд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдах болсон боловч "Рио Тинто" зардал хэтэрсний улмаас үүсэх үр дагаврыг бүрэн хариуцаж, холбогдох менежментийн төлбөрийг авахгүйгээс гадна ирээдүйд үүсэж болох тухайлбал, цар тахал гэсэн урьдчилан тооцоолох боломжгүй нөлөөллийг бууруулах саналыг Засгийн газарт өгсөн.   
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд "Рио Тинто" одоо хүртэл хариулт өгөөгүй байгаа гэж байсан. Хэзээ хариу өгөх вэ?  
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид хариугаа өгсөн. Бидний хувьд дүгнэлттэй санал нийлэхгүй зүйл их байгаа ч санал нийлэх зүйлс ч бас бий. Тиймээс нэгэнт хамтрагч болсон талууд үүссэн нөхцөл байдалд шалтаг, шалтгаан тоочилгүй урагшлахын тулд бид хүлцэл өчиж, асуудлаа шийдвэрлэх хүсэлтээ гаргаад байна. Үнэндээ Оюутолгой бол олон зүйлээр хөгжил дэвшил авчирсан том бүтээн байгуулалт. Бидний өнөөдрийг хүртэлх зам үргэлж дардан байгаагүй. Монголын говьд, газрын гүнд ярвигтай, далайцтай том төслийг дэд бүтэц хөгжөөгүй тэг цэгээс эхлүүлэхэд амаргүй байсан. Төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолоогүй хүндрэл, бэрхшээлүүд үүссэн ч бид бүтээн байгуулалтаа тасралтгүй хөгжүүлэн гүйцээхээр ажиллаж байна.
-Эв зүйгээ ололцъё гэсэн саналаас "салхи" нааштай эргэж байгаа юм байна, Хоёр тал харилцан асуудлаа цэгцлээд, дараа дараагийн ажлуудаа эхлүүллээ гэхэд гүний уурхай яг хэзээ ажиллаж эхлэх вэ? 
-Оюутолгойн хувь нийлүүлэгчид төслөө урагшлуулах, гүний уурхайгаа ойрын хугацаанд ашиглалтад оруулах нэгдсэн байр суурьтай байна. Ард иргэдийнхээ төлөө Оюутолгойгоос илүү их үр өгөөж хүртэхээр хичээж ирсэн үе үеийн Засгийн газар, Ажлын хэсгийнхний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэлийг хүлээн авч, түншлэлээ бэхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаа. Тиймээс "Рио Тинто"-гийн шинэ удирдлага энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтын төслөө урт удаан хугацаанд тогтвортой үргэлжлүүлэхийн төлөө байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?