МОНГОЛЧУУД 3000 МЕТР ӨНДӨР УУЛСЫН НУТАГТ БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2021-11-29  

Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг урлаачид цуглаж өөрсдийн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа. Монгол оронд хийгдэж буй бяслаг нь байгалийн олон бүс, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан тухайн газар нутгуудын мал, амьтдын сүүний онцлогоос хамаарч өвөрмөц амттай, цөөн төрлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний бий болдог. Түүний нэгэн жишээ нь Алтайн уулсын 3000 метрийн өндөрт байдаг сарлагийн сүүгээр хийсэн бяслаг юм. Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй  учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой ажээ.  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бяслаг урлаачдаа дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр идэвх чармайлттай ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Ярилцлага:  (Я.Энхээ,  “Cheese republic” компанийн захирал, Бяслаг урлаач )

“Бид монголд хийж байгаа бяслагийг урлахдаа артизан маягаар буюу урлаж хийдэг. Энэ нь монгол уламжлал биш, дэлхий даяар хийдэг уламжлалт технологиор хийдэг. Үйлдвэрийн бяслаг хийх чиглэл нь Монголчууд бидэнд ач холбогдол багатай гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн том тоглогчид энэ чиглэлд маш их байдаг. Монголчуудад ямар сонголт байна вэ гэхээр. Том газар нутагтай, олон байгалийн бүстэй үүнээс үүдээд тухайн нутагт байгаа ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалаад өвөрмөц, цөөхөн тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бид энэ жил 160 гаруй тонн бяслаг хийсэн”.

Ярилцлага:  (Ч.Галтайхүү, Тува як бяслаг урлаач)

“ Манай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Урианхай, Тувачуудыг дэмжиж ажилладаг. Бид 30 айлаас сүүг нь авдаг. Бидний гол зорилго нь малчдыг дэмжиж, тэднээс авсан сүүгээрээ маш гоё бяслаг хийж болдгийг тэдэнд үзүүлж, тэдний өсгөж байгаа сарлагийн сүүгээр маш үнэтэй, европид ховор байдаг их эрэлттэй бүтээгдэхүүн хийж болно гэдгийг харуулахыг зорьсон. Мөн сарлаг өсгөхийг дэмжээд ямааны тоо толгойг багасгаж, бэлчээр хамгаалъя гэсэн бодлого барьж байгаа. Тиймээс малчид сарлагаа илүү өсгөж, сүүгээр нь бяслаг үйлдвэрлэж, Тува яак гэсэн брэнд үүсгэнэ гэж эхэлнэ гэж харж байгаа. Манай гол онцлог нь далайн түвшнээс дээш 3000м -ийн өндөрт бэлчдэг сарлагийн сүүгээр бяслагаа хийдэг. 3000 м өндөрт 500 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Тэнд ургадаг эмийн ургамлууд нь олон төрлийн өвчин анагаахад тустай. Тэр ч бүү хэл хорт хавдартай хүмүүст хүртэл тусдаг байдаг гэдгийг Канадын эрдэмтэд баталсан. Тэгэхээр манай бяслаг бол тэдгээр эмийн ургамал иддэг малын сүүгээр хийсэн учраас маш ховор сайн чанарыг бүтээгдэхүүн гэдгийг хүн бүрт хэлэхийг хүсэж байна.

Ярилцлага:  (С.Баясгалан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга)

“ Өнөөдөр болж байгаа фестивалийн гол давуу тал нь Монголын өнцөг булан бүрээс бяслаг урлаачид цуглаж өөр хоорондоо туршлага судлаад, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна. Энэ бол бяслаг урлаачид маань зөвхөн өрхийн хэмжээнд бичил бизнес эрхлээд явах биш цаашдаа нэгдэж нэгдсэн ноу-хау, стратегийг бий болгоод олон улсын зах зээлд гарах боломжийг бүрдүүлж байгаа дам үр нөлөөтэй байна гэж харж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Great reset буюу цар тахлыг  яаж хэрхэн хурдтай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэх талаар санаачилга гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээнд бяслаг үйлдвэрлэгчдийн арга хэмжээ бидний санаачилгатай нэгдэж байна. Өмнөх бизнесийн бүх зарчим цар тахлаас үүдээд өөрчлөгдөж байна. Тиймээс бид шинэ бизнесийн орчинд дасан зохицох шаардлагатай болж байна. Тэгэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхим самар, зөгийн бал, чацаргана зэрэг дотоодын бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд нийлүүлэх кластерийн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнтэй адилаар бяслагны кластер байгуулж бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг хэлмээр байна.”

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?