Энэ үнэн бол Монголын гадаад бодлого замаа алдах нь ээ. Л.Пүрэвсүрэн гэж хүн Германд ажиллаж амьдарсан нь үнэн. Тэрбээр Говь-Алтай аймгаас нэр дэвших гэж их зүтгэсэн. АСЕМ-аар далимдуулаад, сурталчилгаагаа хийгээд авахаа ч орхиогүй.
Түүний дэвшихээр горилсон Говь-Алтай аймгийн суманд тэмээ ботголоход, ботгонд нь ямар сайндаа АСЕМ гэсэн нэрийг хайрлаж байхав. Бүр өөрөө зорьж очиж шүү. Хаваржингаа Говь-Алтайг зорьж, сайн малчны шагналыг хүртэл гардуулахаа гадаад хэргийн сайд мартаагүй. Харин дэвших дээрээ тултал асуудал сөхөгдсөн. Яамныхаа төсвийг хэтрүүлэн хэтрүүлэн Говь-Алтай руу зорчсон гэх зөрчил ил гарчээ. Герман орох эрхгүй болсон гэнэ. Гадаад паспорт дээрээ хар тамга даруулсан гэх мэдээлэл цацагдав. Дээр нь бас Герман улсад амьдарч байхдаа согтуугаар жолоо барьсан. Шийтгүүлсэн. Гэтэл Монголд ч бас согтуугаар жолоо барьсан нь илэрсэн, түүнийг нь журамлах замын цагдаагийн ажилтантай эвгүй харьцсан зэрэг нь түүнийг УИХ -нэр дэвших бүх хаалгыг нь хаасан гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
За архи дарс уусан ч яах вэ? гэж санахад, хар тамга даруулсан гадаад хэргийн сайд гэж байдаг юм уу, байж болдог юм уу? Би л хувьдаа үнэмшихгүй байна. Л.Пүрэвсүрэн сайд Та, энэ бүхэнд хариу өгөх юм биш үү?
Л.ГАНТУЯА