Ц.МАГАЛЖАВ: МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ХҮН БҮРИЙН ҮҮРЭГ ЮМ

2022-03-31  

-Өнөөдөр та үндэсний бөхийн холбоог удирдаж байгаа. Гэхдээ таны анх бөх болсон, зүлэг ногоон дэвжээнд хөл тавьсан 1990-ээд оны үеэс ярилцлагаа эхэлмээр санагдлаа. Тэр үеийн бөхийн дүрэм, жаяг ёс болон та бүхний дагаж мөрддөг “бичигдээгүй хуулиуд” ямар байсан бэ?

-Тэр үеийн хүүхдүүд ямар орчинд өсөж хүмүүжсэн, түүнтэй л адил. Онцлог нь аав маань цэргийн хүн учир би хотод төрөөд,  Эрдэнэтэд сургуульд орж, нийгмийн шилжилтийн үед Зүүнбаянд цэргийн амьдралд өсөж,   наймдугаар  ангиасаа эргээд хотод  ирсэн. Эрдэнэт хотод аав маань Ч.Раднаабазар (Монгол Улсын гавьяат дасгалжуулагч) багшийн бөхийн дугуйланд оруулсан. Дугуйлан тараад гарч явтал багш жижүүр өвөөтэй үүдэнд зогсчихсон “Энэ хүүхэд бөх болно”  гэж хэлэхэд, тэр өвөө гар, хөл барьж шинжээд одоо бодоход урам өгч байсан байх нь. Тэр үеийн бөхийн дүрэм одоогийнхоос өөр байгаагүй. Таны асуусан монгол бөхөд олон зууныг туулж ирсэн бичигдээгүй хуулиуд,  тэр  жудаг, жаяг,  дэг  одоо ч хэвээр. Эрдэнэтээс зуны амралтаараа өвөөгийндөө (ээжийн аав) ирнэ. Өвөөгийнх одоогийн Цагаанхуаранд. Тэнд зүүн зүгийн айлууд олон. Өндөр өвөө маань аварга цолтой бөх Мөнххаан сумаас наашлан Мөрөн суманд олон жил болж, дараа нь Төв аймгийн Баянжаргалан суманд  өөд болсон. Хуучны нэр алдартай хүн өндөр насалсан болохоор төрийн удирдлагуудаас эхлээд нутгийн хүмүүс орж гарах нь их байсны улбаа сүүлд ч байсан гэлтэй. Манай өвөөгийнх хөл ихтэй тэр зүгийн хүмүүс их орж гарна. Хажуу хашааны айл нь дуучин Г.Эрдэнэбат ахынх, Б.Бат-Эрдэнэ аваргын дотно найз. Манай Н.Бүрэнбаатар начин  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Эрдэнэт хотод хүүхэд байхдаа анх аваргын дух хөмсөг, хамар, шанааг нь хараад дагаад алхаад байсан” гэж. Түүнтэй яг адил анх түрүүлээд ирж байна гэхэд нь 10 гаруй настай хүүхэд бас л нүд салгахгүй хараад зогсож байсан нь тод санагдаж байна. Манай өндөр өвөө 1904 оны хавар бололтой юм билээ. Улиастай гол гараад Амгалангийн депо хавь, 1997 он хүртэл байсан ХАА-н материал техникийн хангамжийн баазын хавиас Бүтэмж гэлэн гэж хүнтэй мөрийцөж унаж явсан морио үүрч,  зогсолтгүй Гандангийн дэнж хүрч  мөрийгөө авсан түүхийг  орж гарсан хүмүүс их ярина. Өөрөө залуудаа өвөөгийнхийг  Хэрлэнбаян-Улаанд нутаглаж байхад нь  очиж сонсож тэмдэглэж байснаараа Шаравын Сүрэнжав гуай "Хэрлэнгийн Барьяа" номондоо бичиж, түүнээс  сэдэвлэж Ж.Бунтар найруулагч, Д.Хишигт гуай нар "Гарьд магнай" киногоо хийсэн гээд бөхөд хамаатуулах  сайхан түүх их бий.

-Таны үе, өмнөх үеийн бөхчүүдийн улсын цол авсан барилдаан, наадмын даваа, оноолт бөх сонирхогчдод ил байдаг. Харин түүнээс өмнөхийг  хүмүүс мэддэггүй байх. Та 1996 онд Сүхбаатар аймгийн баяр наадмаар арслан цол хүртэж, тэр үед аймгийн цолтнуудын “Анагаахын их сургуулийн барилдаан” гэж  яригддаг байсанд нэлээн оролцож мөн бэлтгэл сургуулилт  хийж байхдаа  хэнээс үлгэр дууриал авч байв?

-Наймдугаар ангидаа  хотод буцаж ирээд  “Алдар”  нийгэмлэгт Б.Ганбаатар багш, Баясгалан багшийн секцэнд орж одоогийн И.Доржсамбуу гарди, Ш.Батхуяг, С.Мандах, Ш.Зоригт начин  нарыг харж, суралцаж байлаа. И.Доржсамбуу, Ш.Батхуяг ах хонгодох, тахимдах мэхээ давтана, бас зааж өгнө. Дунд сургуулийн сурагч өсвөрийн УАШТ-д үеийнхэнтэйгээ орж тэндээс П.Мөнхжаргал, Б.Одхүү, Мөнхзориг гэсэн сайн хүүхдүүдийг авч бэлтгэж байсан Ардын багш Ц.Дамдин, Ш.Эрдэнэбилэг багш нарын байгуулсан “Удам” дэвжээнд уригдан Биеийн тамирын дээд сургууль дээр бэлтгэл хийж байлаа.  Нэг өдөр бэлтгэл тарахад Д.Сэрээтэр, Ж.Даваажав багш нар маань  дуудаж уулзаад “Дунд сургуулиа төгсөж  УБИС-ийн харьяа  БТДС-д орж сайн бэлтгэл хий, суралцах дөрвөн  жил дотроо үндэсний бөх, чөлөөт бөхөөр  амжилт гаргах боломж байна” гэж  зөвлөлөө. Орой  нь аавд ч бас хэлсэн байсан. Хоёр  багшийг  ярьж байхад  үг бүрийг нь мартахгүйгээр анхаарч зогссон. Тэгээд 10 жилийн сурагч   биеийн тамирын сургуулийн оюутнууд болох одоогийн арслан Д.Ганхуяг, начин Б.Батбаяр, Б.Бадам-Очир, А.Эрхэмбаяр, Л.Наранбаатар, И.Батсайхан нарт нухлуулж эхэлсэн. Эд маань ч өсвөр үе, залуучуудын мундагууд, нэг анги, нэг сургуулийн I, II  курсын оюутнууд болоод тэр үү амь нэгтэй ч байгаа юм шиг гаднаас ирсэн хүүхэд болохоор ээлжилж унагана. Нэг өдөр дахиад л нэлээд нь амалж авч хаяад, сүүлд нь манай А.Эрхэмбаяр хашиж мордож би хана мөргөж чанга уналаа. Ж.Даваажав багш хараад л байх шиг. Бэлтгэл тартал “За хойтон эдэнтэйгээ давж унадаг болно” гэж урам өгч билээ. Хичээл тараад  нөгөө хэд рүүгээ уйгагүй очиж бэлтгэл хийнэ. Секц рүү очих замдаа “Энэ хэдийг яаж давах вэ” гэсэн бодол тээгээд л. Удахгүй манай хэд ч дотносоод,  би  ч оюутан болж хамт тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, заал танхимын барилдаанд нэг хүн шиг ордог болсон. Таны асуусан Анагаахын их сургуулийн барилдаан гэдэг нь одоогийн аймаг,  цэргийн цолтны барилдаан. Бөхийн ахмад зүтгэлтэн Г.Баярцэнгэл гуай заал танхим хомс тул хотын төвд, бас П.Дагвасүрэн арсланг түшиж тэнд залуучуудын барилдаан зохион байгуулдаг байсан байх. Хагас сайн өдөр бүр бүгд тийшээ  очно. Арслан хөндлөн хараад суучихсан харагддагсан. Сайн барилдвал урам өгнө, заримдаа биднийг ёжилно. Энэ баридаанд өмнөх жилүүдэд нь Г.Өсөхбаяр аварга, И.Доржсамбуу гарди, О.Одгэрэл заан, Б.Адъяахүү ах /1994-1997 онд/  жилд 18-22 удаа болдог барилдаанд 4-7 удаа түрүүлчихсэн мөн олон үзүүрлэчихсэн байсан. Г.Баярцэнгэл гуай бөхөө тайлбарлахаас гадна энэ тоон мэдээг байнга хэлж,  энэ жил хэн нь сайн амжилт гаргах нь вэ  гэдэг сэн. Багш нар болон нөхөдтэйгөө сайн бэлтгэл хийж байсны дүнд 1997-1998 оны барилдаанд  12 барилдаж дөрөв  түрүүлж, дөрөв  үзүүрлэхэд Г.Баярцэнгэл гуай их урам өгч бөхийн тухай ном бэлэглээд  үнсэж билээ.

-2000 оны цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай 22 настай байхдаа үлдэж үзүүрлэсэн нь бөх хүний хувьд дурсамжтай он цаг байх. Тухайн үед заалны барилдаануудад ч  сайн барилдаж байсан даа?

-Дээр дурссан Д.Сэрээтэр, Ж.Даваажав багш маань БТДС-д суралцах дөрвөн  жил дотор улсын цол авах боломж байна гэж  дүгнэж байсны илрэл байх. Ж.Даваажав багш бидэнд “Бөхөд 21-22 нас бол их  сайхан нас шүү” гэж байнга  хэлдэг байсан. Сургуулиа төгсөөд аравдугаар сард  22 нас хүрлээ. Хоёрдугаар сарын эхэнд цагаан сар ч  болж их аваргатай  барилдаж үзүүрлэсэн. Ж.Даваажав багшдаа  золгоод очтол “Хэзээ 22 нас хүрсэн билээ”  гэнэ, “Аравдугаар  сард”  гэхэд  юм бодоод сууж байж билээ. Зун нь наадмаар намайг нэлээн харсан байх. Гэтэл багшийг шавь байсан бөх нь гурвын даваанд амлаад хаясанд, барилдаж ирээд бодолд автан суугаад  байсан. Сайхан хүн, сайн багш байсан даа. Бидэнд ахмад бөхчүүд зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай. Д.Мөнх-Эрдэнэ арслан 1997 оны цагаан сарын өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, аймгийн заан В.Мишигдорж нарын дөрвөн  бөхтэй хамт цагаан сарын бэлтгэлд “Найрамдал” зусланд гарна. Ганц нэг зүйл сураад ав гэхэд нь их  баярлаж байлаа. Дархан аварга Х.Баянмөнх 1999 онд наадмын бэлтгэлд авч гарлаа.  А.Сүхбат аварга, Б.Гантогтох  гарди, Ц.Цэрэнхүү начин бид дөрөв, өөр гурван  залуутай очсон. Нэг өдөр их аварга зодог шуудгаа өмсөөд талбайн захад хэсэг тулж зогссоноо мэх хэлж өгье гээд “Ямар ч хүнийг элэг бүсдээд авахаар бол баруун хүнийг сэгсэрч хонгод. Зүүн талтай хүнийг толгой дотуур тойрч сууж хажууд нь гарч барилд. Энэ гурван  залуугийн бие жижиг хоёртой нь мэх давт. Нэг нь баруун, нэг нь зүүн талтай юм, ээлжилж давт” гэлээ. Аваргын заасан зүүн тойрч суух нь олон удаа хэрэг болсон. Дараа нь дунгуйлдаж татах мэхний хувилбар болж үргэлжилсэн. Цэеэ аварга юмыг их боддог, гүн ухааны хүн шиг санагдсан. Өгч байгаа зөвлөгөө нь ч  их өвөрмөц. Нэг наадмаар уначихаад явж  байтал таараад наадмын бэлтгэл яаж хийвэл зүгээр вэ гээд нэлээн юм зөвлөөд мөн  өөрийнхөө овог нэрийг, миний аавын, бас аварга өвөөгийн нэртэй холбон хэлэхийн сацуу юм бодож байснаа “Сайн асууж байгаарай”  гэж билээ. Б.Бат-Эрдэнэ аваргаас юм асуухаар ингээд нумруулж татаад, тэгээд өргөөд тавь гэнэ. Бид өөр шиг нь тийм их бяр, тэвчээргүй тул хэцүү.

-Та одоо МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж, 21 аймаг, есөн дүүрэг, 360 сум, нийт үндэсний бөхийн холбоог тэргүүлж байна. Миний мэдэхээр та бөхөөс хэсэгтээ хол байгаад 2017 оны үед эргэж ирж, байр сууриа идэвхтэй илэрхийлэх болсон. Тэр үед ямар нөхцөл байдал үүссэн юм бэ. Юу болсныг тоймлоод ярьж өгөөч, сайн мэдэх хүний хувьд?

- Асуултын дундаас нь хариулъя. Юуны тулд хэзээ хүртэл барилдах ёстой вэ гэдэг асуултыг бөх бүр өөртөө тавьдаг. Миний хувьд бөхийн удамтай, түүнийг таслахгүй байх. Дараа нь төрүүлж өсгөсөн аав ээжийгээ бага боловч баярлуулах гэсэн дараалал байсан болов уу. 100 жилийн өмнө барилдаж байсан өвөөгийнхөө нэрийг бага боловч сэргээсэн. Харин аав маань 2011 оны намар бурхан болсон. Тэгээд барилдахаа больсон. 2017 онд бөх рүү буцаж ирсэн юм  биш. 2018 онд МҮБХ-ны Их хурал болж түүнд оролцоход зарим залуус  Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүний сонгуульд  өрсөлдөөч гэсэн  санал хэлж, бид хурлаас завсарлага авсан. Бөхийн холбоонд 2002 оноос эхэлсэн маргаан, түүнээс үүссэн их хүндрэл, төвөгтэй асуудлуудыг залуучууд бид үнэндээ сонирхох цаг зав ч байгаагүй, бас мэдэхгүй байсан. Хуралд оролцогчдын ихэнх нь бөхчүүд байдаг тул бид тогоон дотроо ойлголцох хэрэгтэй. Шийдэж болох бага зүйл дээр маргах, мэтгэх нь олон нийтэд, нээлттэй болж байгаа энэ хурлаар бөхийн нэр хүндээ унагаж магад гэж ярилцсан. Б.Бат-Эрдэнэ аваргатай өрсөлдөхөөс нэрээ татъя. Р.Нямдорж тэргүүний эрх үүргийн хуваарь их байсныг өөрчилье, залуучууд өөрсдөө бодлогоо тодорхойлоё  гэж шийдсэн. Ингээд МҮБХ-ны тэргүүн дэд тэргүүнийг орон тооны бус байлгаад Удирдах зөвлөлийн 15 тэргүүлэгчээс гурван хүнийг аварга санал оруулах, үлдсэн 11 нь бөхчүүд байя гэж шийдвэрлэсэн. Хуралд оролцогчдын 100 хувийн  саналаар Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүн, цэцийн гишүүдийн 98.5 хувийн  саналаар намайг дэд тэргүүнээр сонгосон. Гэтэл тэр үед маргалдагч хоёр  талын 2002 оноос 2018 он хүртэл 16 жил үргэлжилсэн  маргаан хүндэрч  хууль, шүүх, улсын бүртгэлийн байгууллагын дээд цэгт хүрсэн байсан. Хурал болсноос 10 хоногийн дараа улсын бүртгэлд “Гацуурт”-ын  захирал Л.Чинбатыг бүртгэн  түүнд гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхөд нь л мэдсэн. Бид хурал дээрээ одоо бодоход их жижиг асуудлаар мэтгэлцэх маягтай байснаа олгой хагаравч тогоондоо, тохой мултравч ханцуйндаа гэдэгсэн гээд сайн ярилцаад  холбооны асуудлаа бүрэн шийдвэрлэлээ гэж бодож байтал өөр тогоо байсан нь ил гарч ирсэн. Ингээд яах вэ гэдэг асуудал тулгарсан. Түүнийг  давж туулах, нэгдмэл байхын төлөө  олон хүний сэтгэл, зүтгэл нийлж  давцгаасан.

-Дархан аварга Ж.Мөнхбатыг өглөө нь эцсийн замд үдээд орой нь та бүхэн маргалдаж Бөхийн өргөөгөө булаацалдсан. Маргааш нь “УИХ-ын гишүүн намайг өргөж гаргаж шидлээ, хоолой боосон нь энэ” гээд А.Сүхбат гишүүн хүзүүнийхээ зургийг харуулж, таныг зохион байгуулсан гээд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэгэхэд  юу болсон юм бэ?

-УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн  хуулийн заалт  одоо ч үйлчилж байгаа байх. Хэн ч хэнийг боож унагах битгий хэл, өчиж өргөж гаргаагүй. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад тогтоогдсон асуудал. Сошиал хөгжөөд мэдээлэл хурдан тардаг болсон үед гарсан асуудал учир нийгэмд дороо тарсан байх. Харин сошиал гэж байгаагүй  2006-2012 онд зарим хүн Бөхийн өргөөнд нэгнийгээ ажлын өрөөнд  орж хананд шахаж боох, олуул  нийлэн  дамжилж гаргах, элэгдэн цохих, тамга тэмдгийг нь булаахыг оролдох  элдвийн зүйл их хийцгээдэг байсан юм билээ. Одоо бодоход тэр үед сошиал гараагүй байсан нь яамай даа гэхээр.

-Он гарсаар хоёр ч  барилдаан хэл ам гарч цуцлах хүртэл асуудал үүссэн. Ерөнхийлөгчийн зүгээс  бөхчүүдийн төлөөллийг хүлээн авч сануулга өгсөн гэсэн. Хоёр талыг эвлэрүүлэх ямар алхмууд хийв?

-Допингийн зөрчилд Бөхийн холбоо, төрийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн Бөхийн салбар комисс гэж хоёр  өөр субьект өөр өөр хариуцлага ногдуулсны учир бөхчүүдийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлсэн. Асуудал үүсэж барилдаан зогссон. Энэ талаар их ярьсан, зохих хүрээнд ойлголт авсан байх. Ерөнхийлөгчийн зүгээс Шадар сайдад Бөхийн салбар комиссынхонтой бөхчүүдийг уулзуулж, энэ асуудлыг нэг мөр шийдүүлэх үүрэг өгсөн. Удахгүй уулзалт болно.

-Бөхчүүд сэргээш хэрэглэсэн асуудал ар араасаа гарч, дээр нь зодоон цохионы хэрэгт байнга нэр холбогдож, дэвжээн дээр барилдах гэж гараад хоорондоо гар зөрүүлэх, бүр амь насаа алдсан зүйл болсонд ард түмэн дургүйцэж, монгол бөхийн нэр хүнд унасан. Үүнд ямар дүгнэлт хийж, яаж засаж залруулах гэж байна вэ?

 -Бөхийн нэр хүнд унасан асуудал таны асуултад дурдсанаар зарим талаар  байгаа. Бид алдаагаа хүлээнэ, багасгах арга замыг эрэлхийлж байна. Сайхан жудагтай олон бөх, одоо барилдаж байгаа дүү нарыг бүхэлд нь харлуулсан ийм асуултад, өмгөөлсөн хариулт хэлж эргээд сэтгүүлчдээс өнөөдөр нэр хүнд нь сайн байгаа салбар хаана байна гэж асуудаг болсон. Манай улс олимп, дэлхийн медальт тамирчдаасаа  ч олон гавьяат эдийн засагчтай. Гэтэл улсын эдийн засаг хүмүүсийн цалин ямар байна. Барилдаж байгаа улсын цолтой бөхчүүдээс хэд дахин олон гавьяат хуульчтай. Тэд хууль эрх зүйт төрийг эмхэлж байна уу. Сэтгүүлч та бүхний дийлэнх нь мөнгөний төлөө буруу зүйлд ч хаалтын гэрээ, захиалгат магталт, гүтгэлэг гээд муу бүх зүйлдээ төгсөрч байгаа. Дээр нь завгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цөөн, завтай нь олон. Янз бүрийн санаа зорилго бүхий 20, 30 хүн сошиалд буруу зөрүүгээр идэвхтэй байж тэд нийгмийг удирдаж байгаа ч юм шиг байдалтай байна. Тэднийг үздэг нь нөгөө завтай олонх  гэх масс. Массын аясыг харж байгаад төр, засаг шийдвэр гаргах байдал сүүлийн хоёр  жил олон давтагдсаныг бүгд харлаа. Бөхийн барилдаан, бөхчүүд нийгэмд ил харагддаг учир асуудал гарвал шүүмжлээд эхэлнэ. Аргагүй, шүүмжлэлийг бид хүлээж  авна. “Бөхчүүд ёс зүйгүй байна”  гэсэн яриа их гарах болсон. Тэднийг хэн ийм болгож байна гэхээр аав ээж нь биш юм. Дагуулдаг гавьяат эдийн засагч, хуульч, топ гэж өөрсдийгөө тодруулсан улстөрч ах нар нь. Тэд уулздаг, сонгуульдаа ашигладаг. Дүү аймгаа төлөөлөөд зогсож бай гэдэг. Манайд төлөвшсөн залуус олон байгаа. Харин төлөвшөөгүй заримд нь “Би” гэдэг үзлийн эх суурь болж эхэлж байна. Би  бол бөх, харин монгол бөх, холбоо, бусад бөх дараагийн зүйл гэх маягаар хандаж байна. Мөнгөтэй бизнесмэнүүд, эрх мэдэлтэй эсвэл цол чимэг өгдөг хүмүүстэй л сайн харилцаатай байх, дагаж давхих гэдэг бодол сууж эхэлцгээж байна. Монгол бөхөд зуунаас зуунд  дамжсан жудаг ёсыг үгүй хийх үйлдлүүд гаргаж эхэлцгээсэн. Н.Батсуурь, Ц.Содномдорж нар үеийн залуучууддаа унахаар тэднийг бага цолтой гээд элэг бүсээ тайлахгүй үйлдлүүд гаргаад эхэлсэн. Санамсаргүй үйлдэл гэж харахгүй байна. Бид ч тэд ч 10, 20 жилийн дараа хэн байх билээ. Харин монгол бөх байсаар л байна. Тэгэхээр ийм үйлдлүүдийг таслахаас аргагүй. Бидэнд ч өмнөх үед ч барилдаанд шатсан, шарлахсан, уурласан зүйл байдаг байсан. Гэтэл одоо арай өөр болоод байх шиг. Үүн дээр нь “Би” төвтэй үзэл суугаад эхлэхээр үүнээс ч долоон дор элдвийн юм гаргана. Юу үйлдэж, хэлж байгаагаа эхнээсээ хянахгүй болж байна. Зарим залуус хоолойгоо шахасхийж, тэрэнтэй уулзлаа, одоо тэгнэ, ингэнэ гэнэ гээд дээгүүр түвшинд яриа хийснээ илэрхийлэхийг оролдох тун инээдтэй, бас эмгэнэлтэй. Яг ийм түүх Солонгос улсад болсон байна. Тэд 1988 оны Олимпийн дараа Солонгос үндэстний сэргэн мандалт эхэллээ гээд үндэсний спортоо их анхаарсан. Анхаарахдаа шрым бөхөө үндэсний үзэл, спортоо хөгжүүлэх бодлогыг зөв талаас нь анхаарсан. Сайны хажуугаар саар нь одоогийн манай зарим улстөрчид ба бөх гэдэг холбоос шиг улстөрчид нь дэмждэг, тэднээ хариуд нь ашигладаг. Үүнээс болж зарим бөх “Би”  төвтэй үзэлтэй болж ирсэн. Тэд “Би”  төвтэй болоод эхлэхээр бөхийн уламжлалт ёс жудгийг тоохоо больж, хэрэг зөрчил гаргаж, гэмт бүлэглэлүүдэд орж эхэлсэн. Солонгосчууд ёс зүйг өөрсдөөсөө их шаарддаг. Улсынхаа таван  ерөнхийлөгчид хариуцлага тооцсон үндэстэн учир асуудлыг дор нь шийдсэн. Төрийн оролцоогоо сайн муутай нь бүхлээр халж, улстөрчдийн нөлөөг ч багасгасан. Үүнийг дүгнэвээс цөөн тооны бөхөөс болж үндэсний шрым бөх нь хэн ч хайхрахгүй зүйл болсон. Эдийн засаг нь хүчирхэг орон болохоор одоо мөнгө санхүүг нь шийдэж   эргээд үндэсний спорт, шрым бөхөө сэргээх талаар бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байгаа. 10-20 жилийн хугацаанд орхигдуулсны сөрөг нөлөө нь залуу үеэс хэт холдсон учир эргэж суулгах гэж тун их асуудал үүсэж байна гэж шрым бөхийн холбооны зүтгэлтэн хэлж байсан. Сүүлийн үед манай зарим иргэн допинг, ёс зүйгүй байдлаас шалтгаалж үндэсний бөхийг хориглох, дэмжихгүй байх хэрэгтэй гэх хандлага гаргаж байгаа нь өрөөсгөл юм. Бид хүчирхэг орон биш, хүн ам цөөн үндэстэн. Бидний оршин байх бусдаас ялгарах онцлогуудын гол цөм нь эх хэл, үндэсний хэв маяг, соёл, үндэсний спорт. Эдгээрийг алсуур орхих бодлогыг хэрэгжүүлбэл бид хэн ч биш  болно. Одоо дэлхий дахинд монгол хүний үнэлэмж худалч, хулгайч үйлдлээрээ Европ, Ази, Америк гээд бүх л тивд муу байна. Иймд “Монгол хүн” гэсэн үнэлэмжийг дээшлүүлэх нь хүн бүрийн үүрэг болж байна. Үүний нэг зам нь үндэсний онцлог, өв соёл, үндэсний спортоороо үндэсний бахархал бий болгох, хүүхэд залуучуудад хүргэх, ядаж л очсон газраа хулгай хийдэггүй хүмүүжилтэй болгох. Үүнд бага боловч дэм өгөх, үндэсний спортоо жигд хөгжүүлэхийн  тулд үндэсний спортын 15 холбоо нэгдэж Үндэсний спортын хороог байгуулаад байна. Одоо үндэсний спортын дөрвөн  холбоо гишүүнчлэлээр орох саналаа өгөөд байна. Бид ил тод нээлттэй, нэг бодлоготой, эвтэй байвал зорилго руугаа бага ч болов дөхнө.

-Та бүхэн саяхан Үндэсний спортын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд хийсэн. Үр дүн нь хэр байв?

-Шууд хэлье. Анхдугаар чуулган олон сайн, зөв, үр дүнтэй зүйлийн эхлэл болж ч болно. Эсвэл нэр төдий байнга л болдог элдэв зөвлөгөөнүүдийн нэг болж үлдэх. Энэ нь Үндэсний спортын хорооны  бодлого, төрөөс үндэсний гэх зүйлдээ хэрхэн хандахаас шалтгаална. Мэдээж анхны зургаан  жилээр сонгогдсон Ерөнхийлөгч маань үүнийг анхаарч байна гэдэг нь их итгэл. Төрийн тэргүүн зургаан  жилд олон  зүйл хийхээр төлөвлөсөн байх. Түүний дотор үндэсний гэх зүйлээ дэмжиж сайжруулах бодлого зайлшгүй  байж таарна.

-Үндэсний спортын хорооны хүндрэл  морины хоёр холбооны асуудлаар эхэлж байгаа сураг гарсан. Энэ талаар таны байр суурийг асуумаар байна?

-Шийдэж болох  асуудал. ЮНЕСКО  Монголын эрийн гурван наадмыг дэлхийн соёлын биет бус өвөөр 2010 онд бүртгэсэн. Түүнд зургаан насны морь уралддаг, айргаар мялаадаг тул айргийн таван  морь гэж нэрлэдэг гэж тун тодорхой тайлбарлаад нийтээр нь бүртгэсэн байгаа. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд зургаан  насны монгол үүлдрийн адуугаар үндэсний морин уралдааныг зохион байгуулж, эхний таван байрт давхисан, айргийн тавыг барьж, морио айрагдуулж, түрүүлүүлсэн уяачдад наадмаар цол чимгийг нь өгөхөөр хуульчлах нь зүйтэй. Хурдны чиглэлээр гадаад үүлдрийн адуутай эрлийзүүлж байгаа эрлийз морьдоо бооцоот уралдаан, ойрын зайн уралдаан, тойруулгадаа уралдуулах боломжийг гаргаж шийдвэрлэх, хөгжүүлэхэд болно. Өнөөдөр наадмын хуульд нь ч байхгүй зүйл бол Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос баталсан журмаар ялгаж уралдуулдаг, улс, бүсэд эрлийз гурван  нас уралдана, айрагдаж түрүүлсэн морины эздэд улсын цол олгоно гэдэг хуулиар зөвшөөрөөгүй, хориглосон байхад хууль зөрчиж цол чимэг олгосон нь алдар нэрний төлөө улайрах үзэгдлийг бий болгосон бололтой. Мэдээж адууны фермер байгуулсан цөөн хэдэн уяач өөрсдөд нь илүү боломж гарч байгаа болохоор бүсийн ба эрлийз морины асуудлыг дэмжинэ. Тэгэхээр цөөнх нь олонхийн эрхийг зөрчиж, хязгаарласан харагддаг. Харин хэн нь олонх вэ гээд цааш ухаж харвал жирийн уяачид нь олонх, тэд жинхэнэ өв тээгчид. Цол алдрын төлөө морио эрлийзжүүлэх аянд уяачид мордоцгоосон. Үүнийг нь овжин ашиглагчид гарч ирэн хөлжих сүлжээгээ бий болгож, эрлийз адуугаа үнэ хүргэж зарах болсон байна. Уламжлалт улсын наадмын 30 айрагнаас хүртэх хүнд байх. Тэгэхээр уламжлалт 30 айраг дээр дөрвөн бүсийн 48 айргийг тооцуулчих боломжийн төлөө яваа улс. Жирийн малчин уяачдад монгол морио айрагдуулах  боломж үгүй. Бас нэг зүйл нь манайд эрлийзэж байгаа морьд нь жинхэнэ хурд юм уу гэхээр сум, аймаг, бүсийн уралдаанд л монгол морьдыг эзэрхийлсэн адуу. Тэд гадаадын тойруулгад хэзээ ч гарч уралдах эрхгүй. Дэлхий дахинд адууг ийм байдлаар эрлийзжүүлэхийг хориглодог гэсэн мэдээллийг өгч байна. Өөр үүлдрийн адууг хооронд нь уралдуулахыг ч зөвшөөрөхгүй. Харин Макс Ганбаатар захирал  бол өөр. Тэр хүн гадаадад хурдан морио авч уралдуулж, түрүүлүүлж Монголоо сурталчилж байна.    Бусад нь бол үгүй. Энд монгол наадмын  морины уралдаанаа л бүдгэрүүлэх ажиллагаанд оролцогсод. Өв уламжлалын тухай хэлэхэд ийм. Нөгөө талаар гаднаас өндөр үнээр янз бүрийн адуу авчирч хөрөнгө мөнгөө гаргасан хүмүүсийн асуудал хэцүү байна гэдэг зүйл ярих юм. Хэн ч мөнгө, хөрөнгөө зөв бас буруу зүйлд зардаг. Эрлийз морьтой уяачдад цэвэр монгол адуу нь ч бий. Тэд сийрэг бодолтой давхар уяатай, бас санхүүгийн боломжтой. Цуглуулсан цэвэр монгол сайн адуу ч олонтой.  Харин наадамдаа морио уралдуулах урамгүй болсон монгол адуутай олон мянган уяач нь хохирогч болж үлдэх гээд байна.  Үүнийг хаа хаанаа бодох ёстой.

 - Үндэсний спортоо зөв авч яваа улсын нэг нь Япон. Тэдний сүмо бөхийг бид их үздэг. Монголын хоёр аварга зодог тайлаад тэнд хамгаалагч хийгээд  зогсож байсан. Харин манайд?

- Солонгосчууд бүх талаараа Японтой өрсөлдөх, зарим талаар сөргөлдөх үйлдлүүд гаргаж байдгийг бид  мэднэ. Тэд одоо дэлхийд дээгүүр орох эдийн засагтай улс, шрым бөхөө сүмо  шиг болгохыг их хичээсэн. Гэвч төрийн оролцоо, нөлөөлөл нь буруу байсан тул сэхэхгүй байгааг дээр дурдсан. Үндэстнүүдийн бөх дотор, бас үндэсний спортын сонгодог жишээ яалт ч үгүй Японы сүмо бөх. Тэнд шударга байдал, хариуцлага, ёс зүй, холбооны мэдэл, нөлөө их. Эзэн хааны бас ерөнхий сайдын оролцоо нь төрийн гэж болох ч зүйлүүд нь ил байдаг. Том өв уламжлалынх нь дэргэд жижиг гэж болох алдаанууд байдаг нь ч үнэн. Хаан гэх настай хүн жилд зургаан удаа болдог башёдаа хааяа нэг ирж гараа даллаад сууж байдаг. Ерөнхий сайд нь дурсгалын цомоо явуулдаг. Харин тэд озеки Точиазума энэ сард сайн барилдлаа. Түрүүлээгүй 10 давсан байна. Одоо засаг хуралдаад хуульд заасны дагуу чимэг, зэрэг өгье, нэг нутаг тул үнэмлэхийг нь би гардуулж өгнө  гэж суудаггүй бололтой. Тэд төр, засгийн зүгээс хийх ёстой ажлаа л сайн хийхийг эрмэлздэг. Бид сүмо бөх шиг чиг баримжаатай байж зөв хөгжих болов уу. Өнөөдөр манайд  бөхийн цолыг Ерөнхийлөгч нь өгчихнө. Давааны амжилтын чимгийг нь Шадар сайд буюу Засгийн газар өгнө гэсэн үг. Наадмын хариуцлага, шийтгэлийг шууд хэлэхэд Хууль зүйн яам өгнө. Эдгээр нь чухал бололтой байдаг тул үе үеийн дарга, ерөнхийлөгч нар үүнтэйгээ уяатай. Одооны Бөхийн холбоо бөх барилдуулах үүрэгтэй. Тэгээд нэг бөх ёс зүйгүй байдал гаргахад холбоог буруутгана. Бөхчүүдээ ёс зүйтэй байлгахыг дээр дооргүй шаардана. Японы сүмотой байнга жишнэ. Одоо зарим бөх нь өөрт нөлөөтэй төлөөллийн өмнө нэг өөр хандаж, бусад барилдаан, бүр аймгийн наадамдаа өндөр цолтой бөх гэхгүй очиж үймүүлэх асуудал үүсгээд байгаа нь харагддаг. Би түрүүнд хэлсэн дахиад ч хэлье. Бид шүүмжлэлийг хүлээж авна, бөхчүүд үүнийгээ засна. Үүний тулд дүрэм журмаа сайжруулах, нээлттэй байх гээд олон асуудал бий.

-Монгол бөхийн хөгжлийн тухайд барьц сонгох нь хөгжлийг “чөдөрлөж”, уран мэх, барилдаанч чанарыг орхигдуулж бяраар шийдэхэд хүргэсэн гэсээр болиулсан.  Бөхчүүдийг ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүйн тулд дүрэм журамдаа  ямар өөрчлөлт оруулах бол?

 -Сүүлийн үеийн монголчуудын  хүнийг ялгаж харилцдаг муу чанараас гадна гуйвамтгай, туйлшрах хандлага  олон зүйл дээр илэрдэг. Үүнийг бид өдөр тутам харж, мэдэрч байна. Нэг жишээ нь барьц сонголт гэх зүйл. Бөхчүүд дөрвөн цаг, хоёр цаг барилдаад цаг үетэйгээ нийцэхгүй болоод эхлэхээр хурдан барилдуулах гэж барьц сонгоог гаргаж. Алдаа, оноотой зүйл. Р.Нямдорж, Д.Данзан гуай нарыг үүн дээр сүүлийн үед их шүүмжлэх аястай. Тэгэхээр тэр үед үүнээс илүү шийдлийг хэн нэгэн  гаргах нь нээлттэй байсан байх. Гэтэл үүнээс дээр санааг хэн ч гаргаагүй. Тэгээд ч асуудлыг олонхиороо шийдсэн юм билээ. Харин дүгнэж бодоод алдааг нь заавал хайж үз гэвэл тэд барьц сонгоог арай удаан хэрэгжүүлсэн юм болов уу гэж боддог. Одоо бөхчүүд хүч тэнцээд, удаан барилдаан хэдийг гаргахад холбоог, удирдлагыг, бөхчүүдийг шүүмжлээд эхлэх нь тодорхой. Тэгэхээр бөхийн барилдааны дүрмийг одоогийнхоос илүү тодорхой болгох хэрэгтэй. Уламжлалаа хэт  алдагдуулахгүйгээр дүрмийн өөрчлөлтийг ойр ойрхон гаргахаас өөр замгүй. Бүр уламжлалыг өөрчлөхөөс аргагүй байдал, шаардлага үүсэж болох уу ч гэж дор бүрнээ бодож үзэх хэрэгтэй. Шүүмжлэл, хуучинсаг байдлаас эмээх шаардлагагүй. Бөхийн барилдааныг дан ганц бөх бүрдүүлэхгүй. Бөх, жаяг дэгийн багийнхан буюу цэц, гарын да, засуул, тайлбарлагч гээд бүгд оролцож бүрдэнэ. Иймд ёс зүй бүгдэд хамааралтай. Одоо алдаагаа бүгд бага багаар засаж л явна. Бөхийн холбоо гишүүддээ нээлттэй, ил тод, шударга, жалга довны үзэлгүй, дүрэм журам нь тодорхой, алдаа дутагдал бага, гишүүдийнхээ эрхийг хамгаалсан бодлого баримталж ажиллахыг хичээж байна. Бүх дүрмээ эргэн харж сайжруулах шаардлагатай.

 - МҮБХ-ны ажлыг  жигдрүүлж чадсан уу, маргаан эцэслэгдсэн үү?

-МҮБХ-ны 2002 оноос эхлэн  маргалдсан удирдлага, бүртгэлийн маргаан 19 жил үргэлжилж 2021 оны гуравдугаар сард улсын бүртгэлд бүртгэж, тавдугаар сард ковидын зэрэглэл буурмагц Их хурлаа хийж шийдэгдсэн. Бөхийн холбооноос хамаарахгүй одоогийн тогтолцоо, наадмын хууль, допингийн дүрэм журам нь жигдрээгүй байгаа тохиолдолд үргэлж асуудал үүснэ. Үүнийг даван туулах явцад хэл ам, хэрүүл тасрахгүй.

 - Тэгвэл “Допинг хэрэглэсэн 38 бөхийн хэрэг”-ийг бөхийн холбоо, АТГ, прокурорын байгууллага яагаад гаргадаггүй, зарладаггүй вэ?

-Бөх сонирхдог хүн бүр мэдэх болсон асуудал юм даа. Бөхийн холбоо үнэндээ мэдэхгүй. Анх АТГ өөрсдөө “Допингтой холбоотой 38 бөхийн хэрэг” гэж шалгаж байгаагаа  зарласан. Үүнээс шалтгаалж допингийн асуудал нийгмийн анхааралд орсон. Допингийн асуудлаар олны танил болох оролдлого хийхээр хэсэг залуус нэвтрүүлэг хүртэл хийж амжсан. Тэр хэсэг нь сошиалд тарсан. Энэ нь АТГ-т допингийн хэргийг шалгаж байхад холбооны зүгээс тус газарт хандах боломжуудыг нэгээр нэмсэн. Залуучуудын ярьсан гэрчтэй асуудлуудыг допингийн хэрэгтэйгээ нэгтгэж шалгана уу гэдэг хүсэлт нь бидний үйл ажиллагаанд тун чухал байсан. Учир мэдэхгүй, өнгөц дүгнэх хүмүүс, зарим нэг хуулийн түр курс төгссөн нөхөд хүртэл цагдаа шалгах юмыг гэж биднийг сошиалаар шүүмжилсэн. Үүнийг яагаад дурдаж байна вэ  гэвэл бид АТГ-ын  үүсгэсэн “38 бөхийн допингийн хэрэг” гэх асуудалд анхнаасаа алдаа гаргахгүй хандах хэрэгтэй гэж дүгнэлт хийсэн. Үүнийгээ ч биелүүлж байгаа. Бид АТГ-т хэргийн талаар ханддаг, тэд Нийслэлийн прокурорын газар “Хэргийг хаасан”  гэдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр  сарын 28-ны өдөр АТГ-т "...энэ хэрэг үнэн бол олон бөхийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл..." гээд хэргийг сэргээн шалгаж өгөх талаар дахин хандсан. Тэд “Хэргийг татан авч хаасан Нийслэлийн прокурорын газраас хариугаа ав” гэсэн. Нийслэлийн прокурорын газарт дахин хандахад  “Хэргийг сэргээн шалгах боломжгүй” гэсэн. Нийслэлийн прокурорын газрын хариуг аваад хуулийн дагуу энэ  сарын 12-ны өдөр Улсын ерөнхий прокурор Д.Жаргалсайханд гомдол гаргасан. Мөн уулзах хүсэлтийг  туслахаар нь дамжуулж хүргүүлсэн. Бөхийн холбоо, АТГ, Нийслэлийн прокурорын газар, Допингийн эсрэг байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн  Бөхийн салбар хороо гэсэн таван байгууллагын дунд сүүлийн гурван  жилийн хугацаанд шидэлцсэн олон бичгийн хариултуудаас дүгнэлт гаргаж болохоор. Дүгнэлт  нь допингийн асуудалд сүүлийн жилүүдэд огт  ил гарахгүй байгаа Допингийн төвийн ерөнхийлөгч,  Ардын эмч Хатанбаатар, хэргийг Нийслэлийн прокурорын газарт нөлөөлж хаалгаад байдаг түүнтэй холбоотой байх магадлалтай 2-3 хүн байх шиг байна гэсэн таамгийг  олон бөх илэрхийлж байгаа. Анх хэрэг үүсгэгдээд хаагдлаа гэхэд худал зүйл байсан байх нь гэж бодсон. Бүх зүйл нь улам нуугдмал тодорхой бус, хэргийг хаагаад байдаг болохоор  тал бүрээс нь хардаж  бодохоос аргагүй болж байна. Хэрэг байдаг бол энэ хэрэг хэзээ нэг өдөр задарна. Байхгүй  бол хуулийн хүрээнд мэдээлэл өгч болохоор асуудал. Тэгэхээр хэсэг бүлэг нөхдийн эрх ашиг хөндөгдөх тул задлахгүй байна гэж бодож байна.

-Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн барилдах эрхийг гурван сараас нэг жил хүртэл  хасах шийтгэл ногдуулдаг. Гэтэл Э.Оюунболд аваргын эрхийг найман жилээр хассан. Энэ тогтолцоо хэр оновчтой вэ. Зөв голдрилд оруулахын тулд ямар алхам хийж байна?

 -Манай улс  Олон улсын  допингийн эсрэг байгууллагад 2007 онд элссэн байдаг. Журамдаа тухайн улсын Засгийн газар “Допингийн эсрэг үндэсний журам” баталж мөрдүүлэх үүрэгтэй юм билээ. Манайд ийм журам байхгүй тул допинг илэрсэн бөхөд Бөхийн холбоо, Бөхийн салбар комисс, бусад холбоо тухайлбал, манай бөхчүүд оролцдог чөлөөт бөхийн холбоо гээд өөр өөр хариуцлага ногдуулдаг. 2021 оны Бөхийн холбооны “Барилдааны дүрэм”-д “... Бөх допингийн зөрчил гаргавал дөрвөн жил, давтан бол найман жил барилдахгүй...” гэж олонхиороо баталсан дүрмийн дагуу Э.Оюунболд арсланд хариуцлага ногдуулсан. БТСУХ-ноос  Юнеско-гийн дэргэдэх Спорт, соёлын асуудал хариуцсан зөвлөлд  “Допингийн эсрэг үндэсний журам”-ын төслөө явуулж,  хариуг хүлээж байгаа юм билээ. Нэмж хэлэхэд 2003 оны Баяр наадмын тухай хууль хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдана. Үүний дараа бид “Барилдааны дүрэм”-ийг дээрх хууль, журмуудтай уялдуулж шинэчилнэ. Бөхчүүдийг уруу татаж хохироогоод байгаа багш нар гэх хүмүүсийг шалгуулахаар өмнө нь допингийн шийтгэл авсан. Одоо аваад байгаа бөхчүүдийн мэдээллийг, харилцан ярианы зурвастай нь нотлох баримт болгон шалгуулахаар ЦЕГ-ын дарга Ж.Болдод хандсан. Хэрэг үүсгэхээс татгалзсан хариу  ирүүлсэн.

 -Бөхийн холбоо Олон нийтийн зөвлөлтэй болох сураг байсан. Энэ талаар?

-МҮБХ өөрийн дүрэмдээ олон өөрчлөлт оруулахаас аргагүй нөхцөл байдлыг туулж байна. 2021 оны Их хурлаар бид олон жил үргэлжилсэн  маргаанаа эцэслэхийн тулд бүртгэлдээ илүү анхаарсан тал бий. Богино ч гэсэн өнгөрсөн 10 сарын хугацаанд тайван үеийн таван  жил шиг зүйлийг тууллаа. Өмнө болж байгаагүй олон зүйл. Тухайлбал, хоёр тэргүүн, хоёр гэрчилгээ, хоёр тамга, дараа нь цар тахал гээд сум, аймаг, улсын наадмын бөхийн барилдаан болсон ч юм шиг, үгүй ч юм шиг. Үүнийг нь хэрхэн бөхийн эрх ашигт нийцүүлж зохион байгуулах вэ гэсэн асуудал байлаа. Энэ үед өмнө нь хувийн асуудлуудтай 2-3 бөхчүүд байсан гэдгийг ч анзаараагүй. Тэд бөхийн холбооны ажлыг яаран дүгнэн, нийтэд илт муучилж байсан. Мөн допингийн дан, давтан үйлдлүүд, үүн дээр өмнөх зөрчлүүдээс  хамгийн бага тун хэмжээтэй ч хамгийн хүнд найман жилийн шийтгэл авсан. Энэ тун хэмжээгээ мөнгөн дүнтэй харьцуулах PR зааж өгөх зөвлөхгүй бөхийг, төрийн албаны зарим нөхөр асуудлыг санаачилж эхлүүлээд дараа нь хүндрэх бол яаж ханддаг. Хэрхэн бултдаг, удирдлагадаа арьсаа хамгаалах арга замаа хэрхэн илэрхийлдэг үйлдлийг ч мэдэж авав. Үүнд нь Бөхийн холбоо алдаа гаргалаа гэж тавлан бархирах эрчүүдийг, нүүр буруулах телевизийн ажилтнуудыг бас харлаа. Энэ асуудалд нь Тагнуулын байгууллагаас албан ёсоор уучлалт гуйж ташаа мэдээлэл тараасан гэдгийг бөхийн холбооны хамт олны дунд албан ёсоор ирж хэлэхийг, бөхчүүд нэгнийгээ шанаадах, өшиглөх үйлдэл ихэссэнг, бөхийн барилдаан зогсоох, бойкотлох үйлдлүүд. Хаалга эвдсэн хэрэг нь хэдэн жил болж хаагдаж байтал, толь шил хагалаад, ахмад бөх нь мань мэтийг араас нь хутгалчих юмсан гэж нутгийн бөхчүүддээ ил цагаан хорсон хэлэхийг, холбооны шийтгэл найман жил, хорооны шийтгэл 11 сар байхыг, Бөхийн өргөө байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг асуудлыг цэгцлэх гээд олон үйл явдлыг харж л байна. Өнөөдөр  Бөхийн өргөөний  газрын гэрчилгээг  анх удаа  авах гэж байна. Дараа нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулна. Энэ олон зүйлийг  дүрмийн дагуу шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээс аргагүй. Тэгэхээр бөхийн холбооны тэргүүлэгчид, Цэцдийн зөвлөл гэдэг бүтцээ чиглэл бүрээр өргөжүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа. Бодлогын шийдвэр гаргадаг тэргүүлэгчид, дүрэм батлах Цэцийн гишүүдийг буруутгах үндэс бас хэцүү. Тэд бүх асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй юм. Тэдний  ихэнх нь бөх тул нутаг ус, багш шавь, ах дүүс гээд олон талын хамааралтай. Үүнээс шалтгаалж хариуцлага, мөн дүрмийн дагуу шийдвэрүүд гаргаж чаддаггүй. Иймд холбооны дүрэмдээ  Ёс зүйн зөвлөл, дүрмийн зөвлөл, олон нийтийн зөвлөл гэсэн бүтцийг оруулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт гарч байгаа.   Зөвлөлүүдийн  20 хувийг  ёс зүйтэй бөхчүүдээр бүрдүүлж, 80 хувийг нь олон нийтийн төлөөлөлд холбооноос хандаж урин бүрдүүлэх ажил хэрэгжүүлбэл үр дүнтэй.  Зөвлөлүүд бөхчүүд, жаяг дэгийн багийнханд хариуцлага ногдуулахаас гадна  түүнээс илүүтэйгээр ёс зүйтэй бөхчүүдээ алдаршуулах, урамшуулах, бөхийг сурталчлах ажлыг хэрэгжүүлэх зорилготой байх ёстой нь харагдаж байна. 

-Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гэсэн. Ийм боломж байх уу?

-Наадмын утга, агуулгын хувьд ямар ч боломжгүй зүйл. COVID-оос болж япончууд 2020 онд хуваарьт  Олимпоо зохион байгуулаагүй. Үүнийгээ 2021 онд "Токио-2020" гэж хийсэн. Түүнээс  санаа авах маягтай  гаргасан нэршил. Энэ  нэршлээ удахгүй засах байх. Олимп бол дөрвөн  жил тутам болдог. 1-2 жилээр урагшлуулж, хойшлуулах бүрэн боломжтойг бид харлаа. Мөн хурал чуулганыг нэгтгээд хийж болно. Харин хоёр наадмыг нэгтгэж зэрэг зохион байгуулна гэсэн ойлголт, боломж огт байгүй. 100, 101 жил гэж  заавал хамтатгаж хийнэ гэвэл 1907 оны хоёр даншиг, 1990 оны наадам ба Монголын нууц товчооны 750 жилийн их ой, 1995 оны наадам болон  Өндөр гэгээний их ойн наадам шиг сарын зайтай хийхээр төлөвлөсөн байж магадгүй. Гэхдээ ийм боломж, нөхцөл байхгүй  л болов уу.

2022 оны наадмын бөхийн барилдаан Ардын хувьсгалын 101 жилийн ойн бөхийн барилдаан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ.  Өнгөрсөн жилд Хүй мандалд болсон 512 бөхийн барилдааныг наадмаа таслахгүйн тулд тооцох олон үндэслэл бий. Тэнд ямар ч алдаа дутагдал гараагүй. УИХ-ын гишүүд цол олгох хуулийг санаачлан боловсруулж батлуулахаар санал оруулж байгаа. Бусад гишүүн маань дэмжин батлах хэрэгтэй. Эрхэм гишүүдийн  сонгогдсон аймаг орон нутаг бүгд  өнгөрсөн зун, намар наадмаа хийж Засаг дарга нар нь аймгийн цол чимгийг олгосон. Сумууд ч наадмын барилдаанаа хийсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?