Ч.ЖАЧИН: Н.ТҮВШИНБАЯР БОЛООД ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ЗҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ АЛДААГ НЬ ДАВТАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЪЯ

2022-04-07  

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал, доктор, дэд профессор, гавьяат багш Ч.Жачинтай ярилцлаа.


-Монгол үндэстнийг хүн төрөлхтөнд таниулахад онцгой гавьяа байгуулсан хүн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр. Тантай өнөөдөр энэ хүний талаар ярилцах юм. Та бэлэн байна уу?

-Бололгүй яах вэ. Мэдэх хүрээндээ ярилцахад нээлттэй байна.

-Улс оронд өөр өөрийнх нь "алтан жаал" гэж бий. Монголын "Алтан жаал" бол маргаан байхгүй Н.Түвшинбаяр мөн байх. Энэ хүний байгуулсан түүхэн гавьяаг бид үгүйсгэх аргагүй. Бид энэ эрхэм хүнийгээ нэртэй төртэй явахад нь улс төрийн хий хоосон шүтэж, гаргасан алдаа бүхнийг зүгээр өнгөрүүлэн өөгшүүлж өнөөгийн байдалд хүргэчихэв үү?

-Н.Түвшинбаярын ээж бид хоёр нутгийн улс

Тэр дундаа Сайхан уулын араар урсах Хулжийн голын хөндийд өссөн. Айрагны голомт нутаг л даа. Түвшинбаярын аав, ээж одоо ч тэр нутагтаа л амьдардаг. Удам судрын тухайд нутаг орондоо нэр хүндтэй, тохитой хүмүүс. Хүүхдүүд нь чихнээс хонх уяж байсан удаа нэг ч үгүй. Айхтар алдар цолд хүрлээ ч гэж сонсоогүй. Удмаараа л эгэл жирийн малчин хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход ээж нь “Би нэг сайн хүүтэй хүн. Одоо Монгол Улс нэг сайн хүүтэй боллоо” гэж хэлж байлаа.

Тухайн үед ч би тэгж л баярласан. Сайн хүү гэхийн учир нь мянганаар тоологдох жилийн түүхэнд монгол үндэстний нүүр царай болсон хүн цөөхөн байдаг. Монголыг Чингис хаанаар төсөөлдөг хүмүүс бий.Тэрнээс хойш Монгол Улсын нэрийг дэлхийд тамгалсан хүн олон байхгүй болов уу. Харин 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болоход Монгол гэх нэрийг дэлхий урьд урьдынхаас илүү сонирхож харсан гэж боддог юм. Ингэж л улсын нүүр царай болж байсан гэж ойлгодог. Бид нүүр царай болсон хүнээ цааш нь яаж авч явах вэ гэдэгт анхаарах байж л дээ. Харамсалтай үйл явдал болж өнгөрсний дараа л ингэж халаглаж сууна. Би нутгийн ахмад багш хүний тухайд Н.Түвшинбаярыгаа хайрлаж, бахархаад яваад байж. Н.Түвшинбаяр маань ийм асуудал руу халтираад орчихно гэж бодсонгүй. Хэдэн өрөө байр өгөөд л, хэдэн зуун сая төгрөгөөр урамшуулаад л, сонгуульд нэр дэвшүүлээд, өндөр албан тушаалд томилогдоход нь бахархаж л суусан. Энэ бүхэн биш байжээ. Үүний хажуугаар нь олимпийн аваргаа хамгаалах ёстой байж л дээ.

-Хамгаалах гэдэг нь?

-Өөрийнх нь чаддаг зүйлийг л хийлгэж, дэмжиж ажиллуулах байж. Улс төр, дипломат алба бол Н.Түвшинбаярын чаддаг ажил биш. Жүдо бөх бол түүний төгс эзэмшсэн зүйл. Орыг нь залгах тамирчдыг Н.Түвшинбаяраар бэлтгүүлэх байж л дээ. Тэгсэн бол өнөөдөр дахиад хэд хэдэн ч олимпийн аварга төрөх байсан юм бил үү. Хоёрдугаарт, энэ хүнээр бахархлаа гэж зүгээр мөнгө өгч байсан нь том алдаа болж. Өнөөдрийн нийгэмд хүнд зүгээр мөнгө өгч байгаа нь буруу зүйл рүү л түлхэж байгаа хэрэг юм байна. Цэл залуухан хүнийг гавьяа байгуулсных нь төлөө сарын хэдэн сая төгрөгөөр тэтгээд сууж байсан нь буруу зам руу хөтөлж л дээ. Ямар ч хүсэл эрмэлзэлгүй болгож. Зүгээр мөнгө аваад сууж болно гэх ойлголттой болгосон байна. Өнөөгийн нийгмийн залуус нэг амжилт үзүүлээд л зүгээр сууж байгаад мөнгө аваад байна гэх ойлголттой байж магадгүй. Энэ их буруу тогтолцоо гэдгийг энд онцолъё.

-Н.Түвшинбаярын гаргасан жижиг алдаанууд дээр толгойг нь илээд л явсан асуудал байгаа.

-Тийм тал бий. Бид алган дээрээ бөмбөрүүлсэн шүү дээ. Архи бариад л. Гаргасан алдаанууд дээр нь толгойг нь илээд л өнгөрүүлдэг асуудал газар авч эцэстээ ийм нөхцөл байдалд хүргэжээ.

-Өнөөдөр түүнийг амтай бүхэн зүхэж байна. Товчхондоо нийгмийн дайсан болсон. Түүний гаргасан үйл бол үнэхээр аймшигтай, балмад хэрцгий. Тэр үйлдлийг нь яагаад ч зөвтгөх аргагүй?

-Нэг үе Н.Түвшинбаяр гэж хүн Монголын нүүр царай болж байсан бол энэ бараан үйл явдлаас хойших үйл явц өнөөдрийн нийгмийн нүүр царайг харууллаа. Өнөөдөр мөнгө, албан тушаал, улс төр л их үнэ цэнэтэй болж. Нөгөө талд эрдэм мэдлэг, ажил хөдөлмөр ямар ч үнэ цэнэгүй байна л даа. Өнөөдөр багш хүн хөдөлмөрлөөд амьдралаа хангалттай аваад явж чадаж байна уу. Гурван хүүхэдтэй багш ажлынхаа хажуугаар нэмэлт орлогын эх үүсвэргүй бол үндсэн цалин 800.000 төгрөгөөр аж амьдралаа залгуулаад явах ямар ч боломж алга. Энэ хэн нэгний цалингийн тухай асуудал огт биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тухай л асуудал. Жишээ татаад ярья л даа. Гагнуур хийж байгаа хүнд 3 сая төгрөг өгье. Гэтэл мэс заслын хутга бариад энхийн манаанд зогсож байгаа эмчид 3 сая төгрөг өгч байна уу, шинэ хүүхдийг эх барьж байгаа эх баригчид хэдэн төгрөгийн цалин өгч байна вэ. Гагнуурчин бүтээн байгуулалт хийж байна. Гэхдээ эх баригч эмч, энхийн манаанд зогсох мэс засалчийн хөдөлмөрийг гагнуурчнаас доогуур үнэлж болохгүй гэж боддог юм. Манай нийгэм өнөөдөр үнэ цэнэтэй зүйлээ үнэлж чадахгүй, албан тушаалыг л үнэлэх юм. Хөдөлмөрийн ур чадвартай, ёс суртахуунтай, зүтгэлтэй хүмүүсийн хөдөлмөр хамгийн үнэ цэнэтэй байх ёстой гэж бодох юм.

Н.Түвшинбаяр олимпийн аварга болтлоо хөлсөө дуслуулж, оюун санаагаа дайчлаад хүн шиг явж байж. Дөрвөн жилийн дараа амжилтаа бататгаж олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн. Тэр хугацаандаа үндэсний бөхийн улсын цол ч авсан. Тэрнээс хойш тэр их нэр хүндийг ашиглаж Их хуралд нэрийг нь дэвшүүлсэн, МҮОХ-ны тэргүүн гэх дипломат албанд томиллоо. Энэ нь тэр хүнийг эвдээд хаячхаж л дээ. Энэ зөвхөн Н.Түвшинбаяр гэх хувь хүний асуудал биш. Монголын ирээдүйн төлөвшил, ёс суртахууны тухай асуудал. Өнөөдөр бусдад хүлээн зөвшөөрөгдсөн амжилттай яваа манлайлагчид Н.Түвшинбаярын зам руу халтирахад бэлэн байна. Уучилж болшгүй алдаа гаргах ангалын ирмэг дээр зогсож байгаа гэдгийг энэ жишээнээс ойлгоосой.

-Унасан нэгнийг дэвсэлдэг бидний мөн чанар энэ жишээнд тод харагдаж байх шиг...

-Дахин онцолъё. Өнөөдрийн нийгмийн дүр төрх энэ жишээнд харагдаж байна л даа. Монголчуудын нүүр царай болж явсан хүн бол Н.Түвшинбаяр. Хэрэг хийснээс нь хойших байдлыг харахад өнөөдрийн бидний дүр төрх л анзаарагдаж байна. Бид хэрхэн эвдэрч, ёс суртахуунаа гээж байгаагийн илрэлийг эндээс харж болно. Сэрээтэрийн Цэрэн гэж гайхамшигтай аварга хүн байлаа. Булган аймгийн Сайхан сумын хүн л дээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн их баяр наадамд түрүүлж, 50 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэсэн, булганчуудын бахархал болсон л хүмүүсийн тод төлөөлөл. Тэр их бөхийг цагийн цагт архиар л угжсан. Тэр дундаа Булганы Сайхан сумын улсууд архи их өгсөн гэж боддог юм. Цэрэгт хүүхэд нь явахад л “Хүүг минь тэгээрэй” гээд архи л өгнө. Хамаатан нь шоронд ороход гаргах гээд л Цэрэн аваргад архи л барина. Аваргыг олон хүүхэдтэй гээд хонь гаргаж өгч байсан тохиолдлыг би мэдэхгүй. Хүн архи авчирсан хүнээс нэг удаа татгалздаг юм байна. Хоёр удаа татгалзана. Гурав дахь дээр нь нэг аяга татна. Дөрөв дэх удаад нь шилээр нь ууна. Тав дахь дээрээс нь хэдэн шилээр нь уудаг. Ингээд л архины хамааралтай болдог юм байна.

С.Цэрэн аварга маань архи уугаад гудамжинд хэвтсэн удаагүй л дээ. Тэр эрүүл чийрэг биетэй хүн ердөө 50 хэд наслаад л тэнгэрийн оронд одсон. Н.Түвшинбаярын асуудалд ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь архи. Энэ хэрэгтэй архи, улс төр л хамт явсан байгаа юм. Үүний уршгаар л нь хүний санаанд багтахгүй хэрэг хийж. Энэ хэргийг хэн ч цагаатгах, өмгөөлөх арга байхгүй. Саявтар ахмад багш хүүхэд зодсон асуудал гарахад бид нийгмээрээ жигшлээ. Тэр багш хүүхдэд гар хүрсэн шалтгааныг манайхан дутуу л хараад байх шиг. Шалтгаан нь хаана байна вэ?

-Таны зүгээс шалтгааныг нь яаж харж байна?

-Тэр хүн хүүхдийг сургахын төлөө чин сэтгэлтэй байгаа нь өглөө 07:00 цагт хүүхдүүдийг цуглуулж давтлага өгч байгаагаас харагддаг. Энэ их зүтгэлийг хэдэн төгрөгөөр урамшуулж байна вэ. Тэр багшийн гэрт хоол, унд байна уу, хүүхдүүдэд нь өмсөх хувцас байна уу гээд асуудлуудыг бодолцож үзэх хэрэгтэй. 30 гаруй жил ажилласан багш элбэг хангалуун, юмны ард гарчихсан байх ёстой биз дээ. Багш хүний хөдөлмөр бүрэн гүйцэд үнэлэгдэхгүй байгаа учраас ар гэрийн асуудал, гачигдал байна л даа. Нас өндөр гарсан эмэгтэй багшийн нуруунд давхар, давхар ирж байгаа биз. Тэр багш энэ олон жил ажиллаад орон сууцанд ороогүй байж болно. Гээд гээд асуудлууд нийлээд л хүүхдийн гар хурууг цохиж нүдэх хэмжээнд хүргэсэн байна шүү дээ. Гэх мэтээр асуудлын шалтгааныг л олж хараасай. Араас нь олон багш ийм асуудалд холбогдох эрсдэл харагдаж байгаа биз. Үүнтэй ижил Н.Түвшинбаярыг нийгмээрээ зүхэхийн өмнө түүнийг үүнд хүрэхэд юу нөлөөлөв гэдэг асуудалд учир шалтгааныг анзаарч хараасай гэж хүсэх юм.

-Та Н.Түвшинбаярын ээж, аавтай нь уулзав уу. Ахмад улс амьдаараа хатаж байгаа байх даа...

-Хатаж байгаа улс харааж байгаагаасаа олон байгаа болов уу. Н.Түвшинбаярын эргэн тойрны бүх хүмүүс л шаналж байгаа. Ээж, аавынх нь тухайд “Миний хүү үнэхээр буруу хэрэг хийж ээ” гэж санаад л сэтгэл нь арай өөр тийшээ чиглэж байгаа болов уу гэж санах юм. Юунаас шалтгаалж ийм аймшигтай үйл явдал болов гэдгийг ээж аав нь биднээс илүү ойлгож байгаа байх. Би ээжийг нь жаахан шар охин байх үеэс нь л мэднэ. Өвөөг нь ч сайн мэднэ. Сум орон нутгийнхан нь тэднээс нүүрээ бууруулж гадуурхаж жигшээд байгаа асуудал байхгүй ээ. Хүмүүс ч янз бүрээр л хэлэх юм. Н.Түвшинбаярын хүүхдүүдийг битгий сургуульд явуул ч гэх шиг. Аав, ээжийнх нь хийсэн хэргийг үр хүүхдэд нь үүрүүлж хэрхэвч болохгүй шүү дээ. Сургуульдаа яваад хэвийн амьдраасай. Аавынхаа бурууг ухамсарлаад зөв сайхан яваасай гэж хүсч байна.

Бүгдээрээ энэ үйлд явдлыг нэг амьсгаа аваад эргээд харъя. Бүх зүйл дээр архинаас татгалзъя. Хязгааргүй шуналаа гээе. Энэ хүн баяр баясгалан авчирч байсан бол хийсэн алдаанаас нь суралцъя. Ийм ирмэгт зогсож байгаа олон залуу бий. Н.Түвшинбаярыг, түүний гэр бүлийг зүхэхээсээ өмнө алдааг нь давтахгүй байх тал дээр илүү анхааръя л гэж уриалах байна даа.

Эх сурвалж: О.Дашням, Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?