ТАЦУЯА ХАМАДА: МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ХӨГЖИНГҮЙ ОРНУУДТАЙ ЭН ТЭНЦҮҮ ЯВНА

2022-04-25  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мобиком корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада (Tatsuya Hamada) Монгол дахь 6 жилийн томилолтоо дуусган нутаг буцахаар болжээ. Тэрбээр зургаан жил гаруйн хугацаанд манай улсад ажиллаж амьдарч, монгол орон, монголчуудтай нөхөрлөсөн билээ. Тиймээс 2021 оны 5 дугаар сард түүний харилцаа холбооны салбар, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Мөн өнгөрсөн 3 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр Тацуяа Хамадаг Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр томилж, өргөмжлөлийг гардуулсан байна. 

Түүнтэй Монгол дахь томилолтоо дуусган нутаг буцахаас нь өмнө уулзаж ярилцлаа. 

-“Аялал жуулчлалын элч”-ээр томилогдсонд баяр хүргэе. Та Монголд хамгийн анх хөл тавихдаа юунд нь татагдсан бэ?

-Би 6 жилийн өмнө Монголд анх ирсэн. Ирэхийн өмнө Монгол бол үхэр, хонь, мориныхоо урд зогссон улаан хацартай жаал хүү гэх мэт аяллын номд гардаг зураг шиг л миний толгойд бууж байсан. Гэвч онгоцны буудалд буугаад Улаанбаатар хот миний төсөөлж байснаас тэс ондоо,  өндөр өндөр барилга байшинтай орчин үеийн том хот байсанд ихэд цочирдсон шүү. Бизнесийн салбарын хүний нүдээр анх харахад дэлхийн хэмжээний уул уурхайн бизнес, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн байсан нь сэтгэлд их тод үлджээ.

-6 жил гаруйн хугацаанд Монголд байлаа. Хамгийн их таалагдсан газар нутаг аль нь вэ?

-Маш олон газар байна. Ер нь би Монголын хахир хүйтэн өвөлд дуртай. Өвлийн улиралд -30, -40 хэмийн хүйтэн байдаг болохоор дургүй хүн олон байдаг. Гэхдээ хотоос жаахан гараад явахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн цасан цагаан өнгөтэй байдаг нь Японы хаана ч байхгүй байгалийн үзэмж гэж бодож байна. Мөн Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгуудын өндөр өвс халиуран ургасан өргөн уудам тал, Булган, Архангай зэрэг төвийн аймгуудын асга хадтай ууланд ургасан өвс ногоо, хөх тэнгэр, баруун аймгуудын Алтайн нурууны тогтоц, хойд хэсгийн усны тунгалаг Хөвсгөл нуур, өмнө зүгийн өргөн уудам говь гээд л олон янзын дүр зураг байдаг тул ганцийг сонгон хэлж боломгүй юм.

-Та бүх аймгуудаар явсан уу?

-Тийм ээ, 21 аймгийг хоёр ч бүтэн тойрчээ. Зарим аймгуудаар 3, 4 удаа ч явсан байна.

-Та манай харилцаа холбооны салбарт 6 жил ажиллажээ. Энэ бол  багагүй хугацаа. Монгол Улсын харилцаа холбооны салбар хэрхэн хөгжиж байна вэ? Мөн цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Мобикомын талаар эхлээд дурдъя. Намайг Монголд 6 жилийн өмнө ирэхэд 3G гол сүлжээ байлаа. 2016 оноос Монголд 4G нэвтэрсэн. Одоо бид 5G-г нэвтрүүлэхээр ярьж байна. 4G бол Японд 2011 оны 11, 12 дугаар сараас нэвтэрч, Японоос 4-5 жил орчмын дараа Монголд орж ирсэн. 5G бол өнгөрсөн оны 3, 4-р сард Японд нэвтэрсэн, ирэх оны сүүлээр Монгол Улсад нэвтрэх төлөвтэй байна. Энэ мэт өнөөгийн Монголын харилцаа холбооны салбарын хөгжил нь Японыхтой зэрэг шахуу явж байна. Энэ бол том ололт амжилт юм. Мэдээж, Мобикомын 4G сүлжээ бүх орон даяар буюу 21 аймгийн 330 суманд нэвтэрсэн учир гар утсаараа интернетэд орох гэж дата хэрэглэх болсон. 6 жилийн өмнө бол ухаалаг утасны (smart phone) хэрэглээ 43 хувь байсан. Харин одоо ухаалаг утасны хэрэглээ 85 хувь дөхөж байна. Энэ бол дэлхийн бусад орнуудтай харьцуулахад үнэхээр өндөр үзүүлэлт юм. Монгол Улс эдийн засгийн хувьд хөгжингүй орны тоонд хараахан ороогүй ч мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөгжингүй орнуудтай эн тэнцүү явж байна.

-Монгол Улсын интернетийн хурд болон ухаалаг утасны хэрэглээ хөгжингүй орнуудтай ижил түвшинд байгаа юм байна. Тэгвэл энэ салбарын цаашдын хөгжилд илүү чухал зүйл юу байх бол?

-Ухаалаг гар утасны хэрэглээ өссөнөөр төрөл бүрийн аппликейшнуудыг өдөр тутмын амьдралдаа бид хэрэглэх болсон. Мөн коронавирусний тархалт нь бидний амьдралын хэв маяг, бизнесийн орчныг  өөрчилж, олон төрлийн аппликейшнуудыг нэвтрүүлэх, тэдгээрийг хөгжүүлэхэд түлхэц болж өгсөн гэж боддог. Мобиком группийн хувьд л гэхэд та бүхний мэдэх "MONPAY" аппликейшныг бусад улсад үйлчилгээний төрлийг нь бага зэрэг өөрчлөн нэвтрүүлэх болсон. Мобикомын гол хувьцаа эзэмшигч KDDI корпораци нь Мобикомын аппликейшн хөгжүүлэх чадварыг өндрөөр үнэлэн, ойрын хугацаанд аутсорсингийн захиалга өгөхөөр яригдаж байна. Энэ нь зөвхөн Мобиком гэлтгүй Монголын мэдээллийн технологийн салбар дэлхийн жишигт нийцэж, хүлээн зөвшөөрөгддөг болсныг илтгэж байна. Цаашид ч улам  хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ойрын хугацаанд уул уурхай, аялал жуулчлалын салбартай дүйцэхүйц дэлхийд үнэлэгдэх чухал салбар болно гэж бодож байна.

-Та амьдралынхаа багагүй хугацаанд Монголд ажиллаж амьдарлаа. Манай улсад өнгөрүүлсэн цаг хугацаа, ололт амжилт гээд хэлэх зүйл олон байгаа болов уу. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Би KDDI-аас томилогдон Монголд ирсэн. Ер нь Япон гэлтгүй бусад орны хүмүүсийн ихэнх томилолтын хугацаа 2-3 жил байдаг. Гэвч миний хувьд 6 жил 2 сар Монголын тэргүүлэгч компанийн захирлын үүрэгтэй томилолт авсан нь онцгой тохиолдол байсан. Тиймээс би энэ компанийн захирлын хувьд үйл ажиллагааг өргөтгөх төдийгүй дараа нь “дурсагдах хүн” болон үлдэх юмсан гэж боддог байлаа. Мөн захирал бол тухайн компанийнхаа нүүр царай, брэнд нь байх ёстой гэх үүднээс улс төрийн нэр хүндтэй хүмүүстэй ч,  бусад хувийн хэвшлийн компаниудтай ч бүх төрлийн харилцааг өргөжүүлснээр Монголын эдийн засаг, нийгэмд гүн гүнзгий нэвтэрч чадах болов уу гэж бодсон. Тиймдээ ч дотоодын эдийн засгийн хурал цуглаан, форумд идэвхтэй оролцож, бизнесийн холбоодын дарга, удирдах зөвлөлийн гишүүнээр ч ажиллалаа.  Мөн 21 аймагт байдаг Мобикомын нийт 70-80 салбараар явсан. Ингэж явж байсан захирал өмнө нь байгаагүй гэж сонссон.

Мэдээж аливаа улсад зөвхөн гэрэл гэгээтэй сайхан бүхэн байдаг бус, гэрэл үл тусах хар бараан сүүдэртэй зүйл ч байдаг. Тиймээс зөвхөн хотын төв гэлтгүй захын хороолол, хог хаягдлын газар хүртэл хэд хэдэн удаа очсон. Цэцэрлэг, сургуульдаа явдаггүй, хорооны албан ёсны бүртгэлд ч байдаггүй хүүхдүүд цөөнгүй байсан нь нэлээд сэтгэл эмзэглүүлсэн. Ийм гэрэл сүүдэр бүгд нийлээд өнөөгийн Монгол гэж боддог. Тиймдээ ч, би энэ улсын нийгэм, эдийн засгийг ойлгож гүн уусан нэвтрэхийг хичээсэн билээ.

-Хэрвээ нууц биш бол Та шинээр томилогдох алба болон цаашдын зорилгынхоо талаар хэлж өгнө үү?

-Токио хот дах KDDI-ийн төв салбар руу буцна. Энэ удаад зөвхөн Монгол төдийгүй бусад улсад бизнесийн төсөл хөгжүүлэх албыг хариуцах болно. Мобикомын адил тухайн орныхоо нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд хувь нэмэр болохуйц том хэмжээний төсөл, бизнесийг удирдана гэж хэлж болох юм.

-Монголд хуримтлуулсан туршлага Таны дараагийн албанд тань сайнаар үр дүнгээ өгөх юм байна гэж ойлголоо.

-Мэдээж тийм ээ. Япондоо буцсан ч Мобикомын ТУЗ-ийн даргаар ажиллах учраас Монголд ойр ойрхон ирэх болно.

-Ярианы сэдвээ түр өөрчлөөд аялал жуулчлалын элчийн талаар асууя. Японд Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд та ямар чиг барин ажиллаж,  ямар байдлаар хувь нэмрээ  оруулья гэж бодож байна вэ?

-Өнөө үед хөтөчийн ном,  зах хязгааргүй сошиал орчин, youtube-ийн бичлэгээр Монгол оронтой танилцах боломжтой болжээ.  Гэхдээ миний бие өөрийн таван мэдрэхүйгээр илүү гүнзгий мэдэрсэн юм. Нүдээр үзээд, чихээр сонсоод, морины янцгаах дуу, хээр талын үнэрийг таван мэдрэхүйгээр мэдэрсэн мэдрэмжээ Япончуудад дамжуулахыг хүсч байна. Коронавирус дэлхий даяар дэгдэхийн өмнө Япон, Монголын хооронд өдөр бүр шууд нислэгтэй байсан бөгөөд 5-6 цагийн хооронд хүрэх боломжтой, аюулгүй, сайхан байв. Тиймээс цаашид Японд огт байхгүй байгалийн үзэмж, өнгө төрхийг өөрийн биеэрээ мэдэрч болохыг бусдад таниулж мэдрүүлэхийг хүсч байна. Монголчууд япон хүнд элэгсэг дотно сайхан ханддаг. Энэхүү сайхан хандлагыг  би маш олон удаа мэдэрсэн ба үгээр илэрхийлэхийн аргагүй тийм гайхалтай мэдрэмжийг олж авсан юм.  Дээр нь би төрөхдөө л “монгол паспорттой” (хөх толбо) байсан.  Япон хүн бүр төрөхдөө хөх толботой төрдөг. Хэдийгээр дипломат паспорт биш ч  Монгол, Япон хоёр улс соёл, нийгэм, амьжиргааны төвшинд ойр дотно улс гэдгийг онцлон хэлмээр байна.

 -Та дараа хэзээ Монголд ирэхээр төлөвлөж байна вэ? Хэрэв Та Монголд ирвэл хамгийн их хийхийг хүсч буй зүйл байна уу?

-Наадмын үеэр ирмээр байна. Сүүлийн 2 жил коронавирусээс болоод наадам үзэж чадсангүй. Наадмаар хот төдийгүй хөдөө орон нутгийн огт танихгүй айлд ороход л дайлж цайлан, халуун дулаанаар угтан яриа өрнүүлдэг. Би тэрхүү сэтгэлд дулаан уур амьсгалд маш их дуртай болохоор заавал явмаар байна.

-Коронавирусний цар тахлын үед хамгийн гэрэлтэй байсан салбар бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байсан гэж бодож байна. Цаашид энэ салбарт ажиллахыг хүсч буй залууст хандаж Та юу хэлэх вэ?

-2017-2022 он хүртэл "Мобикомын анги" нэртэй үйл ажиллагааг сайн дураараа хийж ирсэн. Оюутнууд "Би ирээдүйд Мобикомд ормоор байна. Яах ёстой юм вэ? Одоо би ийм юм сурч байгаа болохоор цаашдаа энэ салбараар явбал зүгээр үү?" гээд л надаас их асуудаг байв. Харин би "Та их сургуульд сурсан зүйлээрээ ирээдүйн амьдралаа шийдэх үү?" гэж асуудаг юм. Монгол залуучууд гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах нь олон ч өнгөрснөө бүхэлд нь ярихаас илүүтэйгээр ажилд орсон хойноо компанидаа юу хийж чадах вэ гэдгийг ярих нь чухал гэж бодож байна. Их сургуульд мэргэжлийн чиглэлээр 4 жил, магистр хүртэл 6 жил суралцсан ч тус компанид ороод цаашдаа хэдэн жил ажиллах вэ гэдэг  нь хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртлэх сурсан түүх, цаг хугацаанаас илүүтэй урт холын цаг хугацаа бол ирээдүй шүү дээ. Тиймээс цаашдын 30 жилийн амьдралаа 4-6 жилээр битгий шийдээрэй гэж хэлмээр байна. 

Ташрамд хэлэхэд, би Мобикомын захирлаар ажиллан, мэдээлэл харилцааны салбарт ажиллаад 25 жил болж байгаа болохоор тодорхой хэмжээнд мэргэшсэн гэж бодож байна. Гэхдээ  миний хувьд ч гэсэн их сургуульд сурч байсан мэргэжил маань Европын түүх судлал байлаа. Гэхдээ би мэргэжилдээ огт харамсч байсан удаагүй ба компанид орсон цагаасаа бизнесийн бүхий л ур чадвар, мэдлэг, ноу-хаунд суралцсан юм.

-Та удахгүй нутаг руугаа буцах гэж байгаа хувь хүний хувьд, бас манай  шилдэг компани болох Мобиком корпорацийн захирал, саяхан томилогдсон Монголын аялал жуулчлалын элчийн хувиар монголчуудад хандаж чин сэтгэлийн үг хэлнэ үү.

-Монгол хүмүүсийн давуу тал нь уян хатан, дасан зохицох чадвартай. Гэхдээ ямарваа үг нь хоёр талтай байдаг ба уян хатан, дасан зохицох чадвар өндөртэй гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийж гүйцэлдүүлэхдээ тааруухан байдаг сул тал ч болдог. 

Харин япон хүмүүсийн давуу тал бол залгамж чанар, төлөвлөх чадвар өндөртэй. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд тууштай байдаг гэсэн үг юм. Гэвч  нөгөө талаараа ганцхан зүйлд л туйлшрах сул тал болох юм. Энэхүү уян хатан байдал, дасан зохицох чадвар, залгамж чанар, төлөвлөх чадварын аль алийг нь тэнцвэртэй байлгаж ажиллах нь монголчууд Та бүхний хувьд чухал гэж бодож байна.

-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/ Б.Болормаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?