Т.БАРХҮҮ: ГЭРИЙН ДААМАЛ ГЭР БҮЛИЙНХНЭЭ "АЛТАН ГАДАС"-ТАЙ УГТАЖ АВАХ НЬ ДЭЭ

2022-07-15  

“Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа.


-“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа, Үндэсний их баяр наадмынхаа босгон дээр төрийн дээд шагнал хүртсэндээ их баярлаж байна. Хамгийн түрүүнд ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэндээ, хамт олондоо талархал илэрхийлье. 2004 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөхөд “X түц” продакшнд ажиллах урилга өгч байсан найруулагч Ч.Найдандорж ахдаа болон хамтдаа зүтгэж явдаг хамт олондоо баярлаж байна. “Х түц” продакшндаа 18 жил ажиллажээ. Энэ хугацаанд жүжиг, кино, шоу тоглолт, “Өвлийн инээмсэглэл”-ээс авахуулаад цөөнгүй контент, уран бүтээлд амьдралынхаа багагүй цаг хугацааг зарцуулж гар нийлж ажилласны үр дүн гэж харж байна. Маш олон хүн баяр хүргэж, амжилт хүсч, гудамжинд явж байхад танихгүй хүн хүртэл баяр хүргэж байгаа нь сайхан санагдаж байна.

-Шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ, хэрхэн хүлээж авав?

-Хоёр хоногийн өмнө л мэдсэн (инээв). Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад 11 цаг 30 минутаас ирээрэй л гэх шиг болсон юм. Дуучин Н.Наранбаатар (Наагий) найз маань ч бас шагнуулсан, Наагийг 10 цагаас ирээрэй гэсэн байсан. Би цагаа буруу сонссон юм болов уу гээд өглөө 10 цагт Төрийн ордон руу очсон. Гэтэл би цагаа буруу сонсоогүй, хоёр дахь ээлж нь байсан юм билээ. Тэгээд 13 цаг хүртэл төрийн ордонд хүлээж суулаа (инээв). Удаан суусан болоод ч тэр үү, төр гэдэг чинь ямар хүндтэй үнэт зүйл вэ гэдгийг мэдрэх шиг боллоо. Шагналыг хүртэх мөчид маш их хүндлэл, хайр, догдлолыг мэдэрлээ. Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат гээд олон сайхан хүмүүстэй хамтдаа сууж догдоллоо.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээжийгээ сувилалд явуулаад, Одноо маань ээжийнхээ нутгаар дүү нар болон ээжтэйгээ хамт амрахаар явсан. Охин Сүндаритайгаа гэртээ үлдсэн байсан юм. Өнгөрсөн ням гаригт охиноо ч зусланд явуулчихсан, гэр даамалдаж байлаа (инээв). Гэрийн даамал гэр бүлийнхнээ "алтан гадас"-тай угтаж авах нь дээ. Утсаар гэр бүлийнхэнтэйгээ ярьсан, тэд маань баяр хүргэж зарим нь баярын нулимс ч унагаж байна. Тэд маань их холоос ирье гэхээр нь болиулсан. Сая охиныхоо зусланд очиж баяраа хуваалцаад ирлээ. Нэг ёсондоо Сүүний, Гүнж хоёрт тэмдгээ үзүүлж эргэлтээр очиж байгаа юм л даа (инээв).

-Таны анхны тайзны уран бүтээл ямар уран бүтээл вэ?

-Их сургуулиа төгсөөд хамгийн анх “Х түц” продакшны “Яах гээд байгаа юм бэ, болиоч ээ ээж ээ” гэдэг тоглолтод цэрэгтэй номерт тоглож байсан.

-Одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-“Хайрыг битгий гомдоо” олон ангит кино маань гараад хоёр долоо хоногийн өмнө дууслаа. Бид ирэх намраас хийх уран бүтээлийнхээ зохиолын сэдэв дээр ажиллаж байна. Үнэхээр онгод ороод гэдэг шиг сэдвээ тодорхойлчихвол “Сэргээш-4” хийх бодолтой байгаа. Зохиол гэдэг бол хамгийн чухал зүйл. Зохиол сайн байвал уран бүтээл сайн байдаг. 2005 оноос хойш 17 жилийн дараа “Сэргээш-4” хийх үү гээд л төлөвлөж байна.

Зусланд байгаа хоёр охин дээрээ очиж "Алтан гадас"-аа үзүүлж, үнсүүллээ

-“Хайрыг битгий гомдоо” ОАК-д таны охин Б.Сүндари тоглосон. Гэр бүлийнхээ хүнтэй олон жил уран бүтээлд хамт ажилласан, охинтойгоо хамт ажиллах ямар байдаг вэ?

-Мэдээж сайхан шүү дээ. Давуу тал ихтэй, киноныхоо хэсгийг гэртээ ч бэлтгэх боломжтой. Охин маань өөрөө хүсвэл урлагийн хүн болох байх.

-Та “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Өөрөө оролцогч байсан хүний хувьд ямар сэтгэгдэл төрж байна?

-Олон хүний хичээл зүтгэлийг 4-12 оноогоор шүүнэ гэдэг хэцүү ажил. Үзэгчдийн дунд маргаан байнга гардаг. “Яг түүн шиг” гэдэг шоу нэвтрүүлгийнхээ болзлыг бүрэн хангаж байна уу гэдгийг л хардаг. Яг түүн шиг дуулсан уу, яг түүн шиг нүүрээ хувиргасан уу, яг түүн шиг хөдөлсөн үү гээд л ажиллаж байгаад өөрийнхөөрөө шүүдэг дээ.

-Яг түүн шиг байхыг шүүхийн тулд дуурайж байгаа уран бүтээлчийг нь нэлээд судалдаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ, сонгож байгаа уран бүтээлчид ихэнх нь олны танил болчихсон хүмүүс байдаг. Тэр тал дээр харахад л ойлгомжтой байдаг.

-Таны хувьд шоуны энэ улирлын ялагч хэн бэ?

-Яг тэр гээд хэлэхэд хэцүү. Хамгийн сүүлийн буюу аравдугаар дугаарт өөрсдийн хамгийн сайн дуурайж чадах хүнээ сонгоно. Найман оролцогч бол бүгд жигд сайн хүмүүс. Нэр цохож хэлэх боломжгүй, хэн нь ч түрүүлэх магадлалтай.

-Таны бодлоор хошин урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Хөгжүүлчих юмсан л гэж боддог болохоос ямар түвшинд байгааг нь нэг их боддоггүй юм байна (инээв). Дараагийн үеийн үзэгчдэд хүргэхийн тулд тоглолтын хэв маяг, тайзны шийдлээ өөрчлөх, сайжруулах нь зөв гэж боддог. Жишээлбэл, 2004 онд тоглож байсан тоглолтын хэв маягаараа л яваад байх юм бол учир дутагдалтай. Бид 2017 оноос хошин урлагийн шоу тоглолт тоглохгүй гэж шийдсэн. Жүжиг, драмын жүжиг гэх мэт тайзны тоглолтууд бол хийнэ. Өөр өнгө төрхөөр шоу тоглолтын хэв маягийг гаргах боломжтой. Одоогоор дэлгэцийн уран бүтээлдээ илүү анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?