С.БАЯРСАЙХАН: ӨӨРСДИЙНХӨӨ Л ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨӨД ТӨРИЙН ШАГНАЛ АВЧ БАЙГАА УЛС БОЛ УРЛАГИЙНХАН ШҮҮ

2022-08-04  

Найруулагч Соёлтын Баярсайхантай ярилцлаа.


-Орон нутагт урлагийн хөгжил ямар байна вэ. Аймгуудын ойгоор хотоос зохиолын дуучид очоод л дуулж байгаа харагдах юм. Сум орон нутгийн уран бүтээлчид ажилгүйдээд байх шиг.

-Миний тухайд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд орон нутгийн театруудад найруулагчаар ажиллаж байна. Хотод том яриад бүлтэрч сууснаас хөдөө орон нутгийн театруудыг хөгжүүлье гэж санасан юм. Олон ч театрыг босгож амжилтад хүргэсэн. Орон нутагт уран бүтээлчээ дэмжих тал дээр асуудалтай шүү. Мөнгөний ажил гарахад л хотоос байдаг л нэг зохиолын дуучдыг дуудчихна. Өнөө хэд нь ам барьж үзэгчдийг доромжилно. Тэднийгээ тансаг буудалд буулгаж, дээд зэргийн хоолоор дайлна. Бүр онгоцоор авчирна гээч. Хотын хэдэн зохиолын дуучдыг ингэж эрхлүүлдэг байж орон нутгийн уран бүтээлчдээ дуулуулаад цэвэр усны ч мөнгө өгөхгүй. Мөнгөгүй юм болоход л хөдөөний хэдэн дуучдаа өмнөө барина. Аймгийн ойгоор ч юм уу төсөв, мөнгөтэй юм болоход орон нутгийн хэдээсээ нүүр буруулна. Ийм байж болохгүй. Хотын ам барьдаг дуучдаас хэд дахин илүү дуучид орон нутагт бий. Олон аймагт найруулагчаар ажилласны тухайд үүнийг нэрлэж ч болно. Оготоны нүхэн дэх сувд гэдэг шиг дуучид орон нутагт байдаг юм шүү. Ийм хүмүүс байхад л

аймгуудын ой болоход хотын нөхдүүд ирээд хамаг төсөв самраад алга болно. Нутаг орны соёл урлагийн төлөө махаа зулгааж байгаа хэд нь таван төгрөггүй үлддэг. Бодит нөхцөл байдал товчхондоо ийм байна.

-Ийм жишиг урлагт хортой биз.

-Хамгийн хортой зүйл энэ. Жишээ татаад хэлье л дээ. Тэр Сэвжидийн Сүхбаатар гэж нөхөр байна. Төрийн шагналаараа далайлгаж олон аймгийн наадмын төсвийг самарсан.

Сэлэнгэ аймгаас л гэхэд 200 орчим сая төгрөг аваад “Буур хээрийн домог” гэж нэг юм хийсэн. Үүнийгээ жаахан өөрчлөөд л Хөвсгөлд авч очоод хэдэн сая төгрөг авчихаж байгаа юм. Одоо Сэвжидийн Сүхбаатарыг салахгүй дагадаг байсан н.Ганболд гэж нөхөр учиртай гурвыг Хэнтий, Говь-Алтай, Зүүнхараад яг ижилхнээр тавьж байгаа юм. Би ч шууд өөрт нь хэлсэн. Сүүлийн жишээ гэхэд л Хөвсгөлийн наадам байна. “Херо” Баатар компьютерт хэдэн зохиолын дуучдын клипийг суулгаж цацаад л 80 сая төгрөг авч байгаа юм. Тэр бид хоёр найруулна гэж ямар баас нь байх вэ дээ. Хөвсгөлийн наадмын урлагийн үзүүлбэр хог болсон. Бүгд хэлнэ. Энэ мэтээр танил тал, нам, арын хаалгаар Монголын урлагийг сүйрүүлж байна. Урлаг бол шинжлэх ухаан. Бид бол тархины “мэс засал” хийх ёстой улс байхгүй юу. Одоо ч тэгээд хэлбэр хөөдөг болж дээ.

Хүмүүс тэгээд оршуулга болж байхад л эмгэнэхгүй, ямар машин явж байгааг нь хардаг болж. Lexus 570 явж байвал сайн оршуулга гэх хандлагатай. Урлаг өөрөө агуулга байх ёстой. Үүнийг танил тал, намаар сүйрүүлж байгаатай эвлэрч чадахгүй. Аймаг орон нутгийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд, баяр наадмаар хотын дуучдыг авчирч хамаг төсвийг тэдэнд зарцуулж, орон нутгийн уран бүтээлчдээ үнэгүйдүүлэхээ боль. Хотын зохиолын дуучдад ингэж пялдганадаг заваан зангаа хая. Төсөвгүй юманд болохоор орон нутгийн театрын уран бүтээлчдээ залхтал явуулна. Нэг төгрөг ч өгөхгүйгээр тэр шүү. Хотын дуучид ирэхэд хөл алдаад л бурхан шиг тахиад байдаг тэнэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Нөгөө хэд нь албатай юм шиг өлөнтөөд л явна. Нэр нүүрээ бод л доо. Та нар улс эх орны төлөө биш, хувийн эрх ашгийн төлөө л яваа улс шүү. Албатай юм шиг ялархахаа болих хэрэгтэй. Өөрсдийнхөө л төлөө хөдөлмөрлөж байж төрийн шагнал авч байгаа улс бол урлагийнхан шүү. Олсон орлогоо та нар улсад өгдөггүй биз дээ. Өөрсдөө л авдаг. Өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж байж бусдад ялархаад юм нэхээд байж таарахгүй шүү, хөдөлмөрийн баатруудаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?