УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2022-09-21  

“MONGOLIAN MINING WEEK-2022” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 23-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан түүхэн 100 жилийнхээ ой хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” компанитай хамтран анх удаа “Шангри-ла Улаанбаатар” цогцолборт зохион байгуулж байна.

Энэ сарын 19-23-ны өдрүүдэд болж буй уг арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар нээж үг хэлсний зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан арга хэмжээнд оролцогчдод уншиж танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн голлох, суурь орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан өрсөлдөх чадвараа нээлттэй ярилцаж, хөгжлийн чөдөр тушаа болсон асуудлуудаа олуулаа хэлэлцэж байна. Тэд мөн уул уурхайн салбарт олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, ажиллах хүчний хүрэлцээ, эрх зүйн орчин, татварын орчин, ирэх 10 жилд БНХАУ-д эрдэс баялгийн ямар бүтээгдэхүүний эрэлт давамгайлах вэ, Монгол Улс уул уурхай, эрдэс баялгийн гол ханган нийлүүлэгч урд хөршийнхөө уул уурхай, эрдэс баялгийн ирээдүйн 5-10 жилийн хэрэгцээг хангахад бэлэн үү зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Постерын өгүүлбэрийг оруулах Хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироосон үйл ажиллагааг зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөх сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилттэй бодлогыг баримтална” гэсэн юм.

Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэд хэдэн зорилтуудыг тодотголоо. Тэрбээр “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ  салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж мега төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээж олон тулгуурт эдийн засгийг дэмжих зорилгоор Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгээд эхэлсэн” гэв. Тэрбээр мөн “Төр хувийн хэвшилдээ боломж итгэлийг өгч, хариуцлагыг нь үүрүүлэн хамтарч ажиллана” гэв.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа өөд нь татахын тулд дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган танилцууллаа.

Х.Эрдэнэбулган “Алсын хараа 2050 Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Булган, Бургастай, Цагааннуур, Шивээхүрэн, Ханх, Ульхан, Цагаандэл-Уул, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтуудад ачаа болон зорчигч тээврийн барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, суурь судалгаа, ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ нарийвчилсан зураг төслүүдийг хийж байна. Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогод боомтын хөгжлийг төлөвлөхдөө Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатарт хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар тусгаснаас гадна Ази-Европыг холбосон БҮС НУТГИЙН ЛОГИСТИК ТӨВ байгуулж, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхийг зорьсон” гэв.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улс дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын Олон улсын байгууллагууд, гаднын хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид, дотоодын хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, салбарын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд гээд 800 гаруй зочин, төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог, түүхэн арга хэмжээ болж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?