Н.АЛТАНТӨГС: ХОЁР ХӨРШ ХАГАРАЛДВАЛ МОНГОЛООС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨЖ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ДАХИН ӨРНҮҮЛНЭ

2022-11-18  

-Монголд дарга анги болох Номен клатура давхарга төлөвшиж байна -


МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын захирал Н.Алтантөгстэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бага хаадын үеийнхтэй төстэй байна хэмээн нийгмийн тодорхой хүрээнийхэн дүгнэж буй. Та үүнтэй санал нийлэх үү. Бага хаадын бутралын үеэс авах сургамж өнөөдөр бидэнд юу байна вэ?

-Юун түрүүнд, Бага хаадын үе гэж нэрлэх оновчгүй юм. Түүхийн зарим нэг номонд ийн нэрлээд биччихсэн. Уг нь бол “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэх нь зүйтэй. Бага хаад гэдэг нэршил нь хятад сурвалжаас гаралтай. Тодруулбал, Даян хааныг Сяо-Ванзы буюу жижиг ван гэсэн доромж үгнээс гаралтай нэршил. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэж монгол нэршлээр нэрлэсэн нь зөв. Учир нь эзэн хаантай, засаг захиргааны бүтэцтэй Монголын түүхийн нэг үе шүү дээ.

Эзэнт гүрний дараах энэ үеийг ажиглахад аливаа феодалын нийгэмд байдаг ноёд эзэн хаанаасаа салан тусгаарлаж бие даасан эрх мэдэлтэй байх гэсэн санаархал ажиглагддаг. Улс төрийн бутралын үе гэхээр мөн л оновчгүй. Учир нь бутарсан үе ч бий. Заримдаа нэгдмэл, хүчирхэг төртэй байсан үе бий. Хаангүй болсон үе ч бас байгаа. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэж явбал зүгээр болов уу.

-Тухайн үеийн түүхэнд олон хаан солигдсон байдаг. Эзэнт гүрний үе шиг нэгдмэл байж чадаагүй шалтгаан нь юу байв. Феодал ноёдын эго их байсан учраас салан тусгаарлах амбиц их гарсан гэж дүгнэж болох уу?

-Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх түүхийн нэг үе бий. Энэ үед богинохон хугацаагаар хаан ширээнд суусан хаад бий. Зарим хаад жамаараа бус хэн нэгэнд хорлуулж нас нөгчих тохиолдол ч байсан. Бүр бага насны хүүхдийг хаан ширээнд суулгаж байсан үе ч бий. Энэ үйл явцууд улс төрийн тодорхой хямралтай үеүдэд өрнөж байсан. Зарим хаан нь тогтвортой удаан хугацаанд эрх барьж байсан үе ч бий. Тиймээс ерөнхийд нь тэр чигтээ дайн байлдаан өрнөсөн, цусан “балчигт живсэн” үе гэж дүгнэх мөн л оновчгүй. Дэлхийн бүх улсын түүхэнд дотооддоо иргэний дайнтай, хуваагдаж бутарсан үеүд бий. Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд нэгдэж, бутарсан үе ээлжилж байсан. Энэ бол аль ч улс оронд байдаг үзэгдэл.

Монголын эзэнт гүрний дараах энэ үеийг бусад улс орнуудын түүхтэй харьцуулахад айхавтар бутарсан эсвэл, Монголын түүхэнд ганц удаа тохиосон хямрал, бутрал биш. Өмнө нь ч тийм зүйл олон тохиосон. Том эзэнт гүрэн байгуулагдаж оргил үедээ хүрээд буцаж суларч, доройтсон, төрийн нэгдмэл байдал тодорхой хэмжээгээр алдагдсан зүйл харагддаг.

Өмнө нь Хүннүгийн эзэнт улс ч ийм замаар явсан. Сяньби, Түрэгийн хаант улс ч ийм замаар явсан. Тиймээс тэдгээртэй адил үе. Энэ үед дандаа бутрал явагдаагүй. Буцаж нэгдэж, дахин өөрийгөө системчилж байгаа үе дунд бий. Батмөнх даян хааны улс төрийн шинэчлэлийг энд дурдаж болно. Энэ бол зургаан түмэн Монгол Улсыг нэгтгэж алтан ургийн ноёрхлыг эргүүлэн тогтоосон том шинэчлэл. Батмөнх даян хаанаас хойш Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд дотоодын хямрал, сөргөөн намжсан. Тэр үед энгийнээр хэлбэл, ах дүү нарын хүүхдүүд Монголыг хувааж захирсан. Алтан ургийн хамаатан саднууд энд тэнд ноён сууж байна шүү дээ.

Түмэн засагт хаан гэхэд л Алтан хаантай урьдынх шиг улангасаж байлдаагүй. Урьд өмнө нь ноёд хоорондоо нэлээн ширүүн байлддаг, хааныгаа хороох явдал гардаг байсан. Харин энэ байдал Батмөнх даян хааны үед намжсан гэж дүгнэж болно. Дэлхийн томоохон эзэнт гүрнүүд бутарч байж мөхдөг зүйл ихэнх улсад ажиглагддаг. Том эзэнт улс харь улсад цохигдоод мөхсөн түүх цөөн. Дотроо сөргөлдөж бутраад ирэхээрээ мөхдөг.

Эзэнт гүрний дараахь үеийн үйл явцад мэдээж улс төрийн шалтгаан нөлөөлсөн. Улс төрийн шалтгаанд Мин улсын бодлогыг нэн тэргүүнд нэрлэх хэрэгтэй. Энэ бол нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулах уламжлалт бодлого явсан. Хүннүгийн эзэнт улсын үед Хань улс төрийн бодлогодоо энэ бодлогыг хэрэгжүүлсэн. Энэхүү бодлого эзэнт гүрний дараах үед үргэлжилсэн. Ялангуяа Монгол Ойрадыг хооронд байлдуулаад Ойрад нь ялаад эхэлбэл Монголд нь тусалдаг, Монгол нь ялаад эхэлбэл Ойрадад туслах бодлогыг явуулж байсан. Түүнчлэн гадаад хүчин зүйл ч нөлөөлсөн. Улс төрийн дотоод хүчин зүйл нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан. Хаан суухын төлөөх, эсвэл хаанаас тусдаа бие даан эрх мэдэлтэй байхын төлөөх тэмцэл, улс төрийн сонирхол байсан. Чингис хааны үед ч дотоод улс төрийн тэмцэл байсан. Их Монгол Улс хүчирхэг үедээ хоорондоо байлдаж байсан шүү дээ. Хаан ширээний төлөө Аригбөх болон Хубилай хааны тэмцэл бол Монголын иргэний дайн. Эзэнт улсын үед тоо нь цөөхөн байсан. Гэхдээ байлдвал нүсэр том хэмжээний байлдаан хийдэг байсан. Тухайлбал, Хүлэгүгийн улс Зүчийн улс хоёрын байлдаан бол дэлхий даяар цуурайтсан том дайн. Монголын Эзэнт гүрний дараах үеийн ноёдын дотоод тэмцэл бол тэр хэмжээнд арай хүрэхгүй. Гэхдээ үе үе дайн байлдаанд хүрч зөрчил тэмцэл ширүүсч байсан нь ноёдын салан тусгаарлах бие даах бодлоготой холбоотой. Хааны буруу гэхээр хэцүү. Ухаантай, зөв бодлоготой хаан байсан. Бодлогын хувьд ойлгомжгүй, тогтворгүй, эсвэл өөр бусдад толгойгоо мэдүүлсэн хаад ч бас байсан. Энэ бол түүхэнд байдаг л зүйл.

-Тухайн үед Алтан ургийнхан ах дүү хамаатан саднаараа энд тэнд хаан сууж байсан гэлээ. Тэгвэл өнөөгийн төрийн албыг төрлийн алба болчихсон хэмээн иргэд шүүмжилдэг. Түүнчлэн өнөөдөр дарга болохын төлөөх тэмцэл улстөрчдийн дунд өрнөж байна. Та өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг түүхч хүний нүдээр харахад зайлшгүй зүй тогтолтой зүйл харагдаж байна. Ямар зүй тогтол гэхээр, манай улсын хамгийн том мөнгөний үүсвэр бол улсын нэгдсэн төсөв. Улсын төсвийг давж гарах хэмжээний эдийн засгийн потенциалтай үндэсний том компани, хувийн хэвшил алга. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны эх үүсвэр нь улсын төсөв давамгайлж байна. Улсын төсөвтэй ямар нэгэн байдлаар холбогдож байж хүмүүс амьдарна. Ийм байхыг эдийн засаг нь өөрөө шаардаж байна. Энэ үзэгдэл ХХ зууны дунд үеэс бий болсон. Одоо ч ажиглагдаж байгаа. Социализм байна уу, ардчилал байна уу хамаагүй. Улсын төсвийн зарцуулалтад эзэн суух тэмцэл, өрсөлдөөн өрнөж байна. Нэг талаас энэ бол жам ёсны өрсөлдөөн. Улсын төсвийн зарцуулалт гэдгээр юуг хэлж байна гэхээр төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагчдыг хэлнэ шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд болон сайд нар, яам агентлагийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч ч гэдэг юм уу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүмүүс. Нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий энэ албан тушаал дээр ямар нэгэн байдлаар очих нь Монголын нийт ард түмний хүсэл болчихоод байна. Боловсрол нь ч дарга болгох руу чиглүүлэх зорилготой. Дарга болж байж арай гайгүй амьдардаг. Үүнийг би улс төр судлаач, эсвэл эдийн засгийн талаас нь биш, түүхч хүний үүднээс хэлж байгаа юм шүү. Дарга болохын төлөөх энэ үзэгдэл 1990 оноос өмнө ч манайд байсан. Монголд дарга анги болох номенклатура давхарга үүсч, төлөвшиж байна. Бусад нь нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий хүнийг тойрон хүрээлнэ. Нэгдүгээр гарын үсгийн хүнийг тойрсон бүлэглэл үүснэ. Ингэж байж эдийн засгийн процесс явна.

Мэдээж төсвийн цалингаас ангид олон зуун мянган хүн хувийн хэвшилд ажиллаж байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс мөн л төсвөөс буюу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнээс хамаардаг. Учир нь тэдгээр хүмүүсийн гол хэрэглэгч нь төсвийн албан хаагч. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдвэл худалдаа үйлчилгээнийхний орлого нэмэгддэг. Хэрвээ худалдаа үйлчилгээ нь буурчихвал орлого нь дагаад буурдаг. Ийнхүү төсвөөс шууд бусаар хамаарч байдаг. Ийм эдийн засгийн байгуулал манайд оршиж байна.

Улс төрийн өрсөлдөөн тэмцэл манайд яаж явж байна гэхээр нэгдүгээр гарын үсгээс хамаарсан өрсөлдөөн дээр л өрнөж байгаа. Түүнээс биш улс орны хөгжлийн ямар нэгэн бодлогын талаар ч юм уу, гадаад бодлогын талаар онолын, улс төрийн үзэл баримтлалын мэтгэлцээн манайд өрнөдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улс ингэж, хөгжлийн ийм замаар замнах ёстой гэсэн өрсөлдөөн улстөрчдийн дунд байдаггүй. Улстөрчид нэгдүгээр гарын үсэг зурах эрх авахын төлөө, өөрийн хүнээ нэгдүгээр гарын үсэгт тавихын төлөө л явж байгаа. Манай улс төрийн намуудын туйлын зорилго бол төрийн албанд намын гишүүдээ оруулах. Төрийн бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт гаргая, хувийн хэвшлийг дэмжье гэсэн янз бүрийн урианууд мөрийн хөтөлбөрт нь байдаг боловч үнэн хэрэгтээ намынх нь гол зорилго энэ биш. Улс төрийн намууд парламентад яаж олонх болох, Ерөнхий сайдыг өөрийн намаас томилохын төлөөх л уралдаанд ордог. Учир нь Ерөнхий сайд төсвийн хамгийн том захиран зарцуулагч шүү дээ.

-Хаант засгийн үед төрийн жолоог нэг хаан тогтвортой барих нь тухайн цаг үедээ хамгийн зөв бодлого байх. Тэгвэл одоогийн нийгэмд, тэр дундаа манайх шиг ардчилсан улсад нэг нам дангаар удаан хугацаанд ноёрхох нь хэр оновчтой вэ?

-Өнөөдөр манай улсад Ардчилсан нам байхгүй болчихсон. Хэлбэрийн төдий оршин байгаа. Ер нь Монголд хоёрын намын тогтолцоо устаж байна. Дэлхийд нэг нам, эсвэл 1.5, 1.1 намын тогтолцоотой улс олон бий. Жишээлбэл, БНХАУ 1.1 намын тогтолцоотой улс гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нэг нам засгийн эрхийг барьдаг. Гэхдээ эрх барих бүрэлдэхүүнд нь бусад нам байдаг. Энэ нь хэлбэрийн төдий оршдог. Сонгууль болоход нэг нам үнэмлэхүй олонх болж ялна. Тэр дунд хэлбэрийн төдий намууддаа хэдэн суудал өгчихдөг. Монголын ардчилал ийм замнал руу явж байгаа. Өөрөөр хэлбэл, 1.1 намын тогтолцоо руу. Цаашдаа Ардчилсан намыг сэхээхгүй байх бодлого байх шиг байна. Нэг нам удаан хугацаанд Засгийн эрх барьснаар олон асуудал гарна. Тэр дундаа Монголын хувьд маш том асуудлууд үүснэ.

-Яг ямар?

-Монголын өөрийн гэсэн нэг онцлог нь хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог. Сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн бодлого нь тодорхойгүй хувьсдаг, гадаад түншүүддээ найдваргүй гэсэн имижийг бүрдүүлсэн. Нэг талаас энэ нь сөрөг имиж болов ч нөгөө талаас засаг төр байнга солигдож байгаа нь гадаад нөлөөллөөс өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалж үлдэх дархлаа маягийн зүйл болж байна. Хоёр хөршийн нэг нь манай тухайн үеийн Засгийн газартай ямар нэгэн хэлцэл хийгээд нөлөөллөө тогтоох гэхээр дараагийнх нь зогсоочихдог. Тухайн Засгийн газарт нөлөөллөө тогтоочихоод “ер нь боллоо доо” гээд байж байтал солигдчихдог. Дараагийн Засгийн газар гарч ирээд “Бид өмнөх Засгийн газрын асуудлыг мэдэхгүй” гэдэг. Ийм явдал хэд хэдэн том төслүүд дээр, хөрш улсуудаас манайд нөлөөллөө өргөтгөх гэсэн үйлдлүүд дээр ажиглагдсан. Үүний ч үр дүнд манайх хоёр хөршөөс бүрэн хамааралтай болчихолгүй байна. Хоёр хөршөөс давж гуравдагч хөрштэй харилцаатай байх эерэг тал гарч байна.

-Харин сөрөг тал нь юу вэ?

-Нэг нам дангаар ноёрхоход сая хэлсэн дархлаа маягийн үзэгдэл устана. Өөрөөр хэлбэл, нэг намын бодлого нь тогтвортой байснаар улс орны хөгжилд эерэг мэт боловч урт хугацаандаа хоёр хөршийн хамаарал эрс хурдацтай улам нэмэгдэх таатай хөрс суурь бий болно. Шуудхан л хоёр хөршөөс хамааралтай болно гэсэн үг биш шүү. Тухайн эрх барьж байгаа намын бодлого Монголын бие даасан байдлыг цаашид хэр тууштай хадгалж үлдэх хүсэл зорилготой байна гэдгээс хамаарна.

-Төсвийн захиран зарцуулагч болохын төлөөх улстөрчид богино зайны ахархан бодлогын өрсөлдөөн нь улс орондоо ямар урхаг тарьдаг вэ?

-Энэ бол их утгагүй, гажиг үзэгдэл л дээ. Нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнийг томилдог байхын төлөө, нэгдүгээр гарын үсэг зурдаг байхын төлөө улс төрийн намууд сонгуульд оролцоно гэдэг бол эмгэнэлтэй зүйл. Гэхдээ нөгөө талаас энэ зайлшгүй явагдах процесс.

Учир нь ийм улсад ийм л процесс өрнөнө. ДНБ-ийх нь ихэнх хувь нь улсын төсөв дээр төвлөрч байхад ийм эдийн засаг, ийм улс төрийн нам, ийм л ард түмэн заяана. Тиймээс улсын төсөв нь ДНБ-ий 30 хувиас доош орж байж эсвэл ДНБ нь улсын төсвөөс дөрөв, арав дахин томорч байж хувийн хэвшил, иргэд засаг төрөөс үл хамааран амьдрах боломж бий болно. Тэгж байж тогтолцоо өөрчлөгдөнө.

-Тогтолцоог өөрчлөхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Би консерватив үзэлтэй хүн л дээ. Манайх төмрөө боловсруулах ёстой. Түүхээс харвал Монголын нутагт байсан улсууд төмрөө өөрсдөө боловсруулж, зэвсгээ өөрсдөө хийдэг байсан. Төмрийн хүдрээ хайлуулж зэр зэвсгээ хийдэг уламжлалтай. ХХ зууны эхэн хагаст төмрийн дархчууд олон байсан. Харин одоо бол манайд төмрийн дархчууд, төмөрлөгийн үйлдвэр “гамшиг"-ийн байдалтай байна. Бэлэн төмөрлөгөө хайлуулаад бүтээгдэхүүн хийчихэж чадахгүй л нөхцөл байдалд орчихоод байна шүү дээ. Түүхээс харвал хөдөлмөрийн багаж хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа эсэх нь тухайн улсын эдийн засгийг шийдэж байгаа юм. Төмөрлөг боловсруулна гэдэг бол технологи, бизнес, аж ахуйн асуудал. Төмөрлөг боловсруулах бол хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын суурь. Ямар нэгэн байдлаар төмөрлөг хайлуулдаг, ган хийж чаддаггүй юм гэхэд ядаж хашааны төмрөө хайлуулаад хийчихдэг, зуухны төмрөө өөрсдөө үйлдвэрлэдэг болж байж Монгол Улс эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх эсэх асуудал яригдана. Одоо бол манай улсад эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх бодит суурь байхгүй. Монгол Улс бол БНХАУ-ын эдийн засгийн дагуул.

-Хөгжихийн тулд гадны туршлагыг их ярьдаг?

-Монголчууд нэг зүйлийг ямагт бодож, санаж явах ёстой мэт санагддаг. Дэлхийн ямар ч улсын туршлага Монголд ихэнхдээ тохирохгүй. Монгол шиг сонирхолтой, хачирхалтай улс дэлхийд өөр хаана ч байхгүй. Орос, Хятадын дунд оршдог гуравхан сая хүн амтай, хөдөө аж ахуй, уул уурхайд тулгуурласан улс шүү дээ, манайх. Ийм улс дэлхийд хаана ч байхгүй. Хоёр улсын дунд хавчуулагдаж оршдог өөр улсыг нэрлэвэл Непал, Бутан, европын Люксембург зэрэг улс байна. Непал, Бутан бол Энэтхэгжчихсэн орнууд. Мэдээж Төвөдийн тодорхой хэмжээний элемент байдаг. Монгол бол хөрш орнуудаасаа огт өөр. Соёл нь ч, үндэстэн нь ч, хүн амын хэмжээ нь ч өөр. БНХАУ-тай хиллэдэг байж хятадууд хамгийн бага байдаг улс. Энэ бол “гаж” үзэгдэл. Тиймээс Монголд дэлхийн ямар ч улсын загвар, туршлага ихэнхдээ тохирохгүй. Бизнесийн загварууд нь ч тохирохгүй. Эдийн засгийн онол нь ч тохирохгүй. Улс төрийн онол нь ч тэр. Орос, Хятадын туршлага, загвар бас тохирохгүй. Энэ хоёр улс бол том орнууд. Тогтолцоо нь өөр. Асуудлыг өргөн масштабаар хэлэлцдэг. Системийн оролцогчид нь хэдэн зуун мянга, хэдэн саяар хэмжигддэг. Монголд систем ярихад их жижиг масштабаар ярина. Тиймээс манайх өөрсдийн хөгжлийн замналыг өөрсдөө бүтээх ёстой. Дэлхийн бусад улсаас хуулах зүйл манайд төдийлөн байхгүй.

-Манай өнөөгийн байдал өнгөрсөн түүхийн аль үетэй төстэй вэ?

-1950-иад оныхтой төстэй. Уул уурхай гэх мэтээр эдийн засгийн шинэ бүтцүүд бий болсон. Төсөв нь хурдацтай тэлж байна. Хамгийн гол нь гадаад орчин. Орос, Хятад хоёр үй зайгүй “найзлаад” явж байна. 1950 оны Монголын гадаад нөхцөл ийм байсан. Зөвлөлт холбоот улс, БНХАУ “бал сараа” хийж байсан үе. Өрнөдийн судлаачид тэр үеийг Зөвлөлт, Хятадын бал сар гэж хочилдог. Тэр үед Монголд Хятадын эдийн засгийн нөлөө өссөн. Мөн Монголын дотоодод улс төрийн өрсөлдөөн нэлээн ширүүссэн. Ю.Цэдэнбалын үүрэг роль тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байсан. Тухайн үед хэдийгээр нэг намын тогтолцоотой байсан ч олон ургалч үзэл байсан.

Ер нь цаашид Монголд нөлөөлөх нэг эрсдэлийг бид бодож байх ёстой. Орос, Хятад хоёр муудалцвал яах вэ гэдгийг тооцоолох ёстой. Хэзээ нэгэн цагт энэ хоёр муудалцах нь гарцаагүй. Чухамхүү хэзээ вэ гэдэг асуудал. Тэр үед манай улсад хүнд асуудлууд тулгарч ирэх болов уу.

-Тухайлбал ямар?

-Хэлмэгдүүлэлт дахиад өрнөж магадгүй. Гэхдээ тэр үеийнх шиг буудаж хорооно гэсэн үг биш шүү дээ. Шоронд хийх ч юм уу, эсвэл үндэсний үзэлтнүүдийг янз бүрийн байдлаар хавчих зүйлс гарч болзошгүй. Мөн дээрээс нь гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шахаж гаргах процесс зайлшгүй явагдана. Хоёр хөрш муудалцаад Монголыг булаацалдаад эхэлбэл гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шууд шахаж гаргадаг. Монголыг тэжээж байгаа Оюу толгойг хамгийн түрүүнд шахаж гаргана гэсэн үг. Чухам ямар аргаар гэдгийг мэдэхгүй. Ямартаа ч хоёр хөрш ямар нэгэн аргыг олдог. Монголд ямар нэгэн байдлаар нөлөөгөө тогтоох өрсөлдөөн эхэлбэл түүнд үйлчлэх хүч бэлэн байж байдаг. Тиймээс цаашид хоёр хөршийн харилцааг маш сайн ажиглаж бэлдэх хэрэгтэй.

-Таны хэлсэн эдгээр зүйл яг өнөөдөр Монголд биежээд хэрэгжиж байгаа юм биш үү. Төрийн эрхэнд байсан өндөр дээд албан тушаалтнуудаа бид саяхан хуйгаар нь шоронд хорилоо. ХЗДХ-ийн сайд саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хавчин шахаж хөөж гаргасан нэг бус нэлээд хэргийг нийгэмд танилцууллаа гэхчлэнгээр эдгээр үйл явцыг дүгнэхэд?

-Одоо явагдаж байж магадгүй. Миний хувьд ийм процесс давтаж байна гэж хэлж мэдэхгүй. Эдгээр үйл явдал дуусаг. Үйл явц дуусч 10, 20 жилийн дараа түүхчдийн ажил эхэлнэ шүү дээ. Одоо дүгнэхэд эрт байна. Адил төстэй үйл явц өрнөж байсан. 1960 онд улс төрийн цэвэрлэгээ хийгдсэн. Энэ бол хоёр хөрш муудалцсантай холбоотойгоор өрнөсөн үйл явдал. 1964 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарт намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай тогтоол гаргаж, ЗХУ, социалист орнуудтай хамтран ажиллахын ач тусыг дутуу үнэлсэн зэргээр буруутгаж хөдөө нутаг заан суулгаж, тэдний эрхийг ноцтой зөрчсөн. 1964 оны энэ үйл явцыг одоо дүгнэхэд хэлмэгдүүлчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр үндэсний үзэлтэй хүмүүс, мөн Хятадын талыг баримталсан ганц нэг хүмүүсийг нийлүүлж байгаад улс төрийн өрсөлдөгчөө зайлуулсан процесс болсон. Тиймээс саяхан улстөрчдийг олноор нь хорьсон үйл явцыг “ингэсэн, тэгсэн” гэж одоо дүгнэхэд хэцүү. Ерөнхийдөө хэлмэгдүүлсэн процесс байж магадгүй. Хөршүүдийн оролцоотойгоор үндэсний үзэлтнүүдийг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлсэн байж магадгүй.

-Оросын нөлөөлөл манайд их байна. Тэр нь Монголын улс төр, нийгмийн амьдралд нөлөөлж байна гэх дүгнэлттэй та санал нийлэх үү?

-Тийм байгаасай.

-Яагаад?

-Одоо манайх Хятадаас их хамааралтай байгаа шүү дээ.

-Эдийн засаг Хятадаас хамааралтай ч Оросоос зааварчилгаа аваад байна гэх дүгнэлт тодорхой хүрээнд байна шүү дээ?

-Урьд өмнөх үеүдтэй харьцуулахад бодлогын хамаарал их бага байна. Бараг байхгүй гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, Оросын нөлөөлөл хамгийн бага байгаа түүхэн цаг үе нь өнөөгийнх. Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөлөл түүхэнд байгаагүй хамгийн их үедээ ирчихээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?