Н.ДУГАР: Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ, ДИЙЛЭХГҮЙ

2022-12-05  

Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Энэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа.Энэ тухайд таны байр суурийг сонсъё?

-Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам бол эдийн засаг, стратегийн хувьд тун хэрэгтэй зам. Гэхдээ терминалын асуудал гарч ирнэ. Таван толгойгоос нүүрсээ ачих терминал нь алга. Терминалаа бариагүй учраас нэг хоёр жилдээ хэцүү.

Хүрздэж, эсковатороор ачих юм уу. Цаана нь холболтын цэг гэж асуудал бас байна. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Ганц урсгалтай төмөр зам учраас жилд 70 сая тонн нүүрс зөөж чадахгүй. Энэ төмөр замыг тавих асуудал 2000 оны эхээр яригдаж байсан. Одоо бараг 20 жил болж байна. Хэрвээ 2005, 2006 онд энэ төмөр замыг тавьчихсан бол түүнээс хойш 15 жилийн турш үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх байсан юм. Түүх сөхье л дөө. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Сүүлд 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс нь өмнө би уулзаад “11 жилийн өмнө Таван толгой Зүүнбаян Ханги мандалын чиглэлийн төмөр замыг барь, цахилгаан станц барь гэж танд хэлж байсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр 11 жилийн дотор 400 км төмөр зам, нэг станц барихгүй байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ” гэж хэлж байсан. Угтаа энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчөөс сонгогдох оноогоо кармалчих байсан юм. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Төсөөлөл дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн гэсэндээ нэг макет хийсэн байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Ингээд ерөнхийдөө төмөр замын асуудал гацчихсан. Би төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар тодруулаач?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тонн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон.

-Тодруулбал?

-Цаад зорилго нь тэр замыг барихгүй байсан юм билээ. Нэгдүгээр сонирхол нь надад өгүүлэхгүй байх, хоёрдугаар сонирхол нь Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь,“Монлаа”-гийн Энхсайхан нар хятадуудад тэр замыг авч өгөх гэж гацаасан байсан. Ж.Батсуурь, Энхсайхан нар хятадуудаас олон сая юанийн авлига авсан баримт нь надад байна. Би Хятадын компанид авч өгөх гэж гацаалаа гэж ойлгосон. Одоо ингээд харахаар өөрсдөө нүүрс хулгайлах гэж гацаасан юм биш байгаа гэж бодож байна.

-Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Дорвитой шийдэл гарч байна уу?

-Миний бие иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Таван толгойг төрд өгүүлсэн. Харин энэ дээр Х.Баттулга, З.Энхболд хоёр “Бид хоёр Таван толгойг авч үлдсэн” гэж улс төрийн шоу их хийсэн шүү. Энержи ресурс гэсэн арваад гэр бүл тэр том ордын лизенцийг 350 сая ам.доллараар Хятадад зарах гэж байсан. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг. Бээжингийн өмнө авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн дүр эсгэж байгаа юм. Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байналээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй л байна. Ил гаргаж ирсэн нь хаана байгаа юм. Нүүрсний хулгайчид бүгд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүрээллийн хүмүүс. Тийм болохоор нүүрсний хулгайчид илэрнэ гэдэг итгэл найдвар тун бүрхэг.

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1970-аад он хүртэл Монголын нефтийн хэрэгцээг хангаж байсан. Ингээд Х.Баттулгыг сайд байх үед Германууд Зүүнбаянгийн нефтийн хуучин үйлдвэрийн ашиглаж ирсэн талбайгаас нефтийн дээжийг нь аваад Германд хэд хэдэн удаа шинжлээд маш сайн чанарын газрын тос байна гэж байсан. Түүнийг түшиглэж жижиг хүчин чадалтай нефтийн үйлдвэр барих төсөл боловсруулсан байдаг. Энэ хүчин чадал нь говийн гурван аймгийн нефтийг хангах байсан. Үүнийг бас л гацаасан. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хөрөнгөжих гээд байгаа юм уу. Ойлгоход хэцүү. Одоо Зүүнбаянгийн нефтийн хуучин ашиглаж байсан үйлдвэрийн цооногийг ашиглах бүрэн боломжтой. Улстөрчид, эрх баригчид тэр үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хүсэхгүй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?