Б.ЛХАГВАЖАВ: НҮҮРСЭНД 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ

2022-12-09  

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Манай улсад инфляцийн түвшин өндөр байна. Инфляцийн түвшин өссөн асуудлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын эдийн засгийн бүх систем өөрчлөгдсөн. Манай улсын толгойны өвчин болоод байгаа инфляци бусад улс оронд ч бий болсон. Бүх л улс орон мөнгө хэвлэсэн. Тухайлбал 2020 оны дөрөвдүгээр сард АНУ анх хоёр их наяд ам.доллар хэвлэж хөдөлмөрийн зах зээл рүүгээ нийлүүлсэн. Европын холбоо 700 тэрбум евро хэвлэсэн. Манайх ч бас хэвлэж тараасан. Гэхдээ улс орнууд өөрийн эдийн засгийнхаа 10 хувиар л тоглолтууд хийсэн. Харин бид улсынхаа эдийн засагтай харьцуулахад том хэмжээний мөнгөөр тоглолт хийсэн.

Тийм учраас өнөөдөр инфляци өсч 100 жилийн өмнө Европт болсон үйл явц манайд давтагдаж байна. Хоёрдугаарт, ковидын үеийн 2020-2021 онд буюу хоёр жилийн төсөвт нийтдээ 8.1 их наядын алдагдал гарсан. Нэг ёсондоо найман их наядаар төгрөг үнэгүйдсэн. Мөнгөний ханш өнөөдөр 20 хувь уначихаад байгаа нь үүнтэй холбоотой. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн. Үүний цохилт ч бас нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас Монголбанкны мэдээллээс харж байхад зарим нэг бүтээгдэхүүний үнийг барихын тулд 2013 онд хэрэгжүүлж байсан алдаатай бодлогыг давтсан. Хэсэгхэн компаниудад мөнгө өгөх замаар хэдэн зуун сая доллар гаргасан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Аль ч улс орон ковидын үед болон түүний дараа авч хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг одоо амсаж байна. Харин сайн, эсвэл муу үр дүнг хэр хэмжээгээр амсах нь тухайн үед хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн үр дүн. Уг нь манай улс мэргэжлийн эдийн засагчид, судлаачдын судалгаан дээр үндэслэж улс төрийн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл тухайн үед улстөрчид эдийн засаг, санхүүгийн шийдвэрийг “мунхаг” зоригтой гаргасан. Ковидын өмнө болон дараа Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайдууд эдийн засгийн ямар ч мэдлэг, ойлголтгүй хүмүүс. Үйлийн үрээр үүнийхээ горыг улс даяараа одоо амсч байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд орчихоод байна.Та энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна?

-Үндсэндээ 2013 оноос хойших аль ч Засгийн газар татвар, даатгалаа цуглуулж түүгээрээ улсын өмчийн газрыг сайн ажиллуулж, нийтийн санг бүрдүүлж, түүнийгээ хэрхэн зөв зохистой захиран зарцуулах талаар анхаарч ажиллахаас илүүтэйгээр гадаадаас их хэмжээний зээл авдаг, газрын хэвлийн баялгаа барьцаалж өр тавьдаг болсон. Бүр энэ ажлаа хоорондоо уралдаж хийдэг. Үүндээ одоо ороогдож уначих гээд байна. Бид улс төрийн эрх мэдэлтнүүдийг нийтийн санхүү дээр тоглох тоглолтыг, тэнд оролцох оролцоог Үндсэн хуулиар хааж өгч чадаагүй. Энэ бол 1992 оноос хойших алдаа. Өнөөдрийн дуулиан болж байгаа нүүрсний хулгайн асуудал ч үүнтэй холбоотой. Үнэнийг хэлэхэд, 2008 оноос хойших Засгийн эрх барьж байсан, тэр дундаа төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийн л хийсэн ажил шүү дээ.

-Таны хэлж байгаагаар 2008 оноос хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нүүрсний хулгайтай холбоотой гэж ойлгох нь зөв үү?

-Ганцхан нүүрсний хулгайгаар зогсохгүй. Газрын хэвлийн баялагтай холбоотой бүх үйл явц тэдэнтэй холбоотой. Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж 6.1 дүгээр зүйлд заасан. Мөн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” хэмээн заасан боловч энэхүү төрийн өмчөө 1992 оноос хойш хуулиар хамгаалж чадаагүй. Төрийн өмчийг хамгаалсан заалт Иргэний хуульд ч байхгүй, Эрүүгийн хуульд ч байхгүй. Төр ба орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан. Уг хуулийг одоо өөрчлөх талаар ярьж байгаа. Тус хуульд төрийн өмчийг хоёр хувааж, төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч хэмээн заасан. Ингэхдээ төрийн нийтийн хамааралтай өмчид ордог газрын хэвлийн баялгийг хамгаалах заалт огт тусгаагүй. Дахин хэлэхэд, төрийн өмчөө бид өнгөрсөн 30 жил ямар ч хуулиар хамгаалаагүй. Тиймээс энэ өмч түр хугацаанд хамгийн дээд эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөгийн эзэмшилд очдог. Ингээд нэг эзнээс нөгөө эзэнд шилжих байдлаар явж ирсэн. Энэ процессын эхэн үед эрх мэдэлтнүүд бага боловч ёс суртахуунтай байсан байх. Харин сүүлдээ энэ эрх мэдэлтэйгээ зууралддаг болсон. Аль ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн нийтийн өмч рүү нэгэнт гараа дүрсэн бол өөрийн гар хөл, төрийн институтийг ашиглаж зууралдсаар байх сонирхолтой байдаг. Үүний тод илэрэл бол нүүрсний хулгай. Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зургадугаар зүйлд төрийн нийтийн хамааралтай өмч хэмээх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу дээр дурдсан Төр ба орон нутгийн өмчийн тухай хуулийг тэр дор нь шинэчлэх ёстой байсан. Гэтэл одоог хүртэл шинэчилж, найруулж чадаагүй. Хэрэв уг хуулийг шинэчилж, найруулаад баталсан бол төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудлыг шинээр шийдэх эрх зүйн орчин бүрдэх байсан. Энэ бол 30 жил үргэлжилсэн алдааг Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад байхад одоо болтол засаагүй байна гэсэн үг.Гэтэл энэ өөрчлөлттэй хамт хийгдсэн УИХ-ын гишүүн Засгийн газарт орж ажиллахтай, гишүүдийн тоотой холбоотой өөрчлөлт тэр цагаас эхлэн хэрэгжиж, бүр хүчингүй болчихсон байна. Одоогийн УИХ тэр чигээрээ Засгийн газар болчихоод сууж байна.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор яригдаж байгаа үнийн дүнгийн тухайд зөрүүтэй мэдээлэл нийгэмд тарсан. Та хулгайлсан нүүрсний үнийн дүнг хэд байх боломжтой гэж үзэж байна?

-Улс орныг удирдаж байгаа улстөрчид нь өөрсдөө нүүрсний хулгайтай холбоотой нийгэмд гаргаж тавьж байгаа тоогоо буруу хэлээд байна. Тухайлбал, дөрвөн их наяд, 400 их наяд, зургаан их наяд гэх тоонууд хэлж байгаа. Үнэндээ зарим нь их наяд гэх тооныхоо ч утгыг ойлгохгүй байна. Угтаа асуудлыг бодитойгоор харж, үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Тухайлбал, миний бие МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа, 2018 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед БНХАУ-ын Бээжин хотод хамт очиж байсан. Тэр үед хилээр өдөрт 100 автомашин гаргахын тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бээжингээс Эрээнд очиж Сангийн сайдтайгаа нийлж гуйж байсан юм шүү. Ингээд бодохоор асуудлыг баримжаатай яримаар байна. Гэтэл 2020 онд гарсан ковидын хүндрэл одоо хүртэл БНХАУ-д үргэлжилж, манай улсын хил гааль, боомттой холбоотой асуудлууд хүндрэлтэй байхад 400 их наяд байтугай 40 их наяд гэдэг байх боломжгүй тоо хэмээн харж байна. Саяхныг хүртэл 100 машин нүүрс гаргаж чадахгүй байсан гэж бодохоор өнгөрсөн хугацаанд нийт гаргасан нүүрсний хэмжээгээ тооцож, хулгайг илрүүлэхэд мэргэжлийн байгууллагууд нь оролцох учиртай.

-Бид 1992 онд анхны Үндсэн хуулиа баталсан. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл нийтийн өмч байгалийн баялгаа хамгаалахтай холбоотой хамгийн чухал зүйл заалтаа өөрчилж чадаагүй байхад бүлэг хулгайчидтай тэмцэх асуудал хий хоосон хийрхэл юм биш үү?

-Үнэндээ 1992 онд батлагдсан Үндсэн хууль өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулж чадахааргүй байна. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хууль бол коммунист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих үеийн завсрын хууль. Европын улс орнууд завсрын Үндсэн хуулиа 2-3 жилийн дараа шинэчилсэн байдаг. Тухайлбал, Польш улс 1992 онд яг манайхтай адил Үндсэн хуулиа баталсан бол 1997 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Хуулиа шинэчлэх болсон гол шалтгаан нь хуучин хуулиа дагавал улс төр, нийгэм эдийн засаг нь бүхэлдээ мухардалд орно хэмээн харсан учир тэд өөр замаар алхаж чадсан. Харин бид 1992 оныхоороо л байна. Эргээд харахад тэр үед нийтийн өмчөөс хулгайлах талаар бодох ёс суртахуунтай ч хүн байгаагүй. Тэдний сэтгэхүйд тийм зүйл багтаагүй байх. Гэтэл нийтийн санхүүг улс төрийн эрхийг авсан нам эвсэл, улстөрчид, эрх мэдэлтнүүдээс хамгаалаагүй учраас тэд боломж л гарвал нийтийн өмч рүү, санхүү рүү дайрч хумсалж, хулгайлж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас иргэдийн боломжийг хулгайлж зээл авч байсан. Энэ бол эхний асуудал. Дараа нь манай намынхан хуулийг нь өөрчилж байгаад Хөгжлийн банкны зээлийг тэр чигт нь авсан. Өнөөдөр нүүрсний хулгайн асуудал хөндөгдөж байна. Нүүрсний хулгай жирийн бизнес эрхлэгчдэд огт хамаагүй асуудал. Улс төрийн намаар дамжуулж нийтийн санхүү рүү дайрч аливаа нэг байдлаар хулгай хийдэг явдал хавтгайрсан байна. Газрын хэвлийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрийн гурван өндөрлөгт байгаа тохиолдолд эдгээр хүмүүсийг байнга хянаж байх ёстой. Нарийн ярих юм бол 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн нийтийн хамааралтай өмч бий болсны дараа Төр орон нутгийн өмчийн хуулийг өөрчлөх байсан. Тус хуулийг өөрчлөх үйл явцад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар онцгойлон оролцож, уул уурхайн хайгуулын ба ашиглалтын лицензийг өөрсдөөрөө дахин хуваарилахад бэлэн болчихсон байсан. Тухайн үед уул уурхайн лиценз эзэмшиж байсан бүх хүн, бизнес эрхэлэгч ААН-үүд айж байсан. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгчид МАК, Ачит Ихт компани спортын ордон барьж өгсөн шүү дээ. Бизнес эрхлэгчдэд Спортын ордон барих Ерөнхийлөгчид бэлэглэх илүүдээ гарсан мөнгө байхгүй шүү дээ.

-Спортын ордон барьж өгөх шалтгаан юу байсан гэж?

-Нэгэнт уул уурхай руу их хэмжээний хөрөнгө оруулчихсан байхад гэнэт лицензийн хөдөлгөөн, өмчийн асуудал гараад ирвэл юу болох вэ. Бүх зүйл замхарна. Тийм учраас бизнесээ хамгаалж, авч үлдэхийн тулд эрх мэдэлтнүүдэд хадаг барьсан үйл явц. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд ковид гарсан. Түүнээс хойш 2020, 2021 онд ковидтойгоо тэмцсэн. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уг тоглоомонд Х.Баттулгын хэрэг байхгүй болсон. Тиймээс өнөөдөр У.Хүрэлсүх ганцаараа бүгдийг мэдэх болсон. Яагаад гэвэл өмнө нь У.Хүрэлсүх ганцаараа бүх лицензийн хөдөлгөөнийг мэдэх орчинг бий болгочихсон учраас хааны хэлбэрт орчихсон. Нүүрсний хулгайтай холбоотойгоор хэд хэдэн хүмүүсийн нэрийг зарлаж байна. Нарийндаа МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг хамгаалдаг байсан залуус бүгд шоронд явах гэж байна. Бодит шүүмжлэлээс тэднийг хамгаалсныхаа шанд шоронд орох болчихлоо. Тэдний ард эрх мэдэлтнүүд сул үлдэж байна. Цаашид Үндсэн хуульдаа томоохон системийн өөрчлөлт хийхгүй бол энэ зовлон үе үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн үед байсан зовлон. Цаашид ч байх зовлон. Нийтийн баялгийн өмчийг эрх мэдэлтнүүдээс хамгаалахгүй бол бүгд байхгүй болдог. Ингээд харахаар газрын хэвлийн баялгийн дахин хуваарилтыг өмнө нь хуваарилж байсан, одоо хуваарилж байгаа, цаашид хуваарилах хүмүүсийн дунд зодоон болж байна. Үүнд жирийн иргэд ямар ч хамаагүй. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа мөхөөлдөс зардаг, ТҮЦ ажиллуулдаг хүнээс НӨАТ-аа хүн бүр авч болох зохицуулалтыг хийсэн боловч газрын хэвлийн баялгийг хэдэн арван сая ам.доллараар нь бүртгэлгүй гаргах үйл явцыг өөрчилж чадаагүйдээ харамсдаг. НӨАТ-ын системээр бүртгэдэг болчихвол хилээр гарч байгаа тонн нүүрс, грамм алтны мэдээлэл ил болно. Гэтэл байгалийн баялагтай холбоотой бүртгэлийн асуудал дээрх эрх мэдэлтнүүд хөдөлж өгөхгүй байгаа юм. Тийм учраас шударга бус асуудлууд үүсч байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Үргэлжлэл бий...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hitad:sunu2 2022-12-12
oros :y****2 2022-12-12
mongol:arai2 2022-12-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?