У.ХҮРЭЛСҮХ, Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР "ЗОДОЛДОЖ" БАЙНА

2022-12-12  

"У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар ‘зодолдож’ байна"

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Иргэд “нүүрсний хулгайчид”-ыг ил болгож, улсад учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахыг шаардан жагсч байна. Өнөөдөр 460, 40 их наядын хохирол учирсан гээд янз бүрийн тоо яригдаж байна. Таны авсан мэдээллээр “нүүрсний хулгай”-н улмаас улсад учирсан хохирлын хэмжээ хэр их байна вэ?

-Эхлээд 460 их наяд гэж яригдаж байсан, дараа нь 40 их наяд болсон. УИХ-ын гишүүд их наяд гэдэг тоогоо бараг мэдэхгүй яриад байгаа болов уу. Нэгд, улсын төсөв 18 их наядаар батлагдлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 40 их наяд гэхээр тоогоо мэдэхгүй, сенсаци хөөж яваа болов уу гэж харагдаж байгаа юм. Хоёрт, энэ нь олон жил яригдаж буй асуудал. Би өмнө нь байнга хэлдэг байсан. Төрийн нийтийн хамааралтай өмч буюу Үндсэн хуулиар төрийн өмчийн асуудлыг шийдээгүйгээс болоод 1992 оноос хойш үе үеийн их мэдэл авсан, хамгийн өндөр гурван хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хамтын тоглолтоор л шийдэгддэг болсон. “Төрийн өмчийг хуулиар хамгаална” гэдэг. Гэвч жишээ нь, Иргэний болон Эрүүгийн хуульд өмчийг хамгаалсан ямар ч заалт байхгүй. Төр ба орон нутгийн өмчийн 1996 оны хууль дээр төрийн өмчөө хоёр хуваасан. Төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч гээд. Төрийн өмчид өөрийн өмч, татвараар бий болсон байшин барилга ордог. Төрийн нийтийн хамааралтай өмчид газар, газрын баялаг, ой мод, агаар мандал, ургамал амьтан, хөшөө дурсгал гээд долоон зүйл ордог. Тэр хуулийн 4.2 дээр маш тодорхой бий. Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших эрх нь УИХ-д хадгалагдана. Үүнтэй холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй гэсэн өгүүлбэр байдаг. Хуулиараа төрийн өмч гээд заасан байдаг ч төрийн өөрийн өмчийг хамгаалдаг инситут байгуулаад явсан.

Эрх мэдэлтнүүд газрын хэвлийн баялгийг ялангуяа 2000 оноос хойш өөрсдөдөө эрчимтэйгээр хуваарилж, сүүлийн жилүүдэд өөрсдийн улс төрийн эрхийг ашиглаж завсаргүй эзэмшиж, ашигласан.

"ОЮУН-ЭРДЭНЭ ЖИНХЭНЭ УЛСТӨРЧ БАЙХ УУ, ‘ХҮҮХЭЛДЭЙ’ БАЙХ УУ ГЭДЭГ ОЙРЫН ХЭД ХОНОГТ ШИЙДЭГДЭНЭ"

-Өнөөдөр иргэдийн тусламж, шахалтаар оффтейк гэрээнүүд ил болж байна. Асуудлын гол нь хаана, юунд байна гэж та бодож байна вэ?

-Нарийндаа 40 тонн нүүрс, хэдэн мянган машин гарснаасаа илүү сүүлийн гурван жилд хаалттай гэрээнүүдээр "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг урьдчилж гаргаад, хэчнээн төгрөг аваад тухайн үед эрх барьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ямар юм руу хийж, яаж зарцуулав гэдэг нь өөрөө гол асуудал. Авчирсан тэрбум ч байна уу, хоёр тэрбум ч байна уу долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээрээ л хааж байна. Жинхэнэ хулгай нь авчирсан тэр их долларыг хэн эрх мэдлээ ашиглаж, давуу эрхтэйгээр зарав гэдэгт бий. Энэ дээр Авлигатай тэмцэх газар, УИХ нь ажиллах байлгүй дээ. Нарийндаа 1992 оноос хойш төрийн өмчийг эзэмших эрхийг барьж байгаа ганц газар нь УИХ. Гэтэл өөрийнх нь өмч хулгайд алдагдчихсан, өөрийнх нь өмчийг барьцаалаад зээл аваад, асар их, тоон дүнгээр бараг 2 тэрбумыг гурван эрх мэдэлтэн, сүүлийн гурван жил хуваарилж байхад УИХ юу хийж байсан юм бэ. Энэ бол буцаад эрх баригч нарын асуудал. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ үүнийг гаргаж ирж байна. Одоо Л.Оюун-Эрдэнийн жинхэнэ улстөрч байх уу, “хүүхэлдэй” байх уу гэдэг ойрын хэд хоногт л шийдэгдэнэ.

Тэр өнөөдрийг хүртэл У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын хэн хэнийх нь “хүүхэлдэй” байсан. Одоо шударга талд зогсоод, адилхан хулгай, луйвар хийсэн бол гаргаж ирээд, эсрэг зогсч чадвал энэ хүн улстөрч болж цаашаа явна, тэгж чадахгүй бол “хүүхэлдэй” чигээрээ л дуусна.

-Энэ гурван хүн оффтейк гэрээнүүдийн хариуцлагыг хүлээх ёстой гэж хэлээд байна уу?

-Гол нь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг барьцаалаад, асар их мөнгө авсан. Яах вэ, төмөр зам, нефтийн үйлдвэр гээд бүтээн байгуулалт хийж байна. Гэтэл тэднийг хянах ёстой систем УИХ өөрөө ажиллахгүй байна. Гэрээнүүд дөнгөж уржигдраас ил болж байна. Тэд тэр их мөнгийг эргэлдүүлж, хуваарилсан хүмүүс мөн байгаа биз дээ.

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жил Ерөнхий сайд хийж байна. У.Хүрэлсүх 2018 оноос хойш хоёр удаа Ерөнхий сайд хийсэн, Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. У.Хүрэлсүх одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болсон.

Тэгэхээр наад хэдийн чинь өөрөө өөрсөдтэйгөө л байлдаж байгаа асуудал байхгүй юу. Ер нь манай эрх мэдэлтнүүдийг нийтийн санхүү, төрийн өмч рүү эрх мэдлээ ашиглаж, дур мэдэн ордгийг хаадаг, хянадаг механизм Үндсэн хуульд байхгүй. Манай Үндсэн хуульд нийтийн санхүүг эрх мэдэлтэн, эрх баригч нам, эрх барьж буй бүлэг улсуудаас хамгаалдаг ямар ч заалт байхгүй, нэг аюул нь.

-Хүний хүсэл мөрөөдөл, шунал гэдэг хязгааргүй байх л даа?

-Тийм ээ. Манай Үндсэн хуульд тухайн үеийн эрх мэдэлтэн өөрийнхөө романтик хүслийг гүйцэлдүүлэхийн тулд хязгааргүй өр зээл авах, төрийн өмчийг хязгааргүй барьцаалж, асар их мөнгө авахыг хянадаг механизм байхгүй. Энийг ашиглаад үе үеийн төрийн өндөрлөгүүд асар их “ажил” хийж байгаа юм. Ялангуяа 2013 онд уул уурхайн том хямрал болоход “Чингис” бондын нэг тэрбум ам.долларыг авч байсан. 2013 онд 2.7 их наяд төгрөг хэвлэж байсан. Гэтэл тэрийг ганцхан Н.Алтанхуяг Ерөнхий сайд мэдээд, захиран зарцуулах ажиллагаа хийгээд эхлүүт тухайн үеийн Ерөнхийлөгч хүртэл “Миний оролцоогүйгээр мөнгө хуваарилж байна” гэж барьцаж, 2013 оны нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, айхтар зүйлийг нь хязгаарласан байдаг шүү дээ. Гэтэл түүнийг аль аль нь биелүүлээгүй. Мөнгө хуваарилахад оролцоод, таг чиг болсон. 2013 оноос хойш зөвхөн бонд гэхэд долоон янзын бонд авсан байна. Оффтейк гэрээний анхны гэрээг 2012 онд Сү.Батболд 300 сая ам.доллар барьцаалаад, “Чалко”-д нүүрс өгөхөөр хийж байсан. Бид долоон жилийн дараа барагдуулж дууссан.

Үе үеийн эрх мэдэлтнүүдийн ингэж дураараа авирладаг, эсвэл хэт пантааз мөрөөдлөө биелүүлэхэд нийтийн санхүүг замбараагүй хэрэглэхийг хааж, Үндсэн хуульдаа оруулж өөрчлөхгүй бол энэ нь нийгэмд дахиад л байж байна.

"ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ АСУУДАЛД Г.ЗАНДАНШАТАР Ч МАШ ИХ ХАМААТАЙ"

-Оффтейк гэрээнүүдийн талыг нууцаас гаргаад, талыг нь нууц хэвээр үлдээжээ. Нууцад үлдсэн оффтейк гэрээнүүд дотор Хятадын төрийн өмчийн “Чалко”, “Норинко” компанитай байгуулсан баяжуулах үйлдвэр, нефть дамжуулах хоолойн томоохон гэрээнүүд багтаж буй гэж дуулсан. Нийт дүн нь тэрбум ам.доллараас ч давах мэдээлэл байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл хийхдээ өөрийн намтай холбоотойг нь ярихгүй байна. Зөвхөн аль хэдийнэ, арваад жилийн өмнөх, улс төрөөс холдсон хэдэн нөхдийг яриад, яг нам дотор байгаагаа ярихгүй байна.

Дээрх гэрээнүүдийг сүүлийн зургаан жилд манай намын үед хийсэн байна. Ганц МАН л бараг 100 хувь төр барьсан биз дээ. Тийм учраас бүгдийг нь гаргах ёстой.

Тэрбум ам.доллар байна уу, 500 сая ам.доллар байна уу ялгаагүй, юу барьцаалсан бэ гэвэл газрын хэвлийн баялаг. Үүнийг бүх хүн мэдэж байх ёстой. Яагаад вэ гэвэл ард түмний баялаг шүү дээ. Яагаад Х.Нямбаатар өөрийнхөө намынхныг бус, өрөөлийн хэдэн улсуудыг яриад байна вэ. Энэ бол манай намын байнгын зовлон, гажиг. Хөгжлийн банкны тухай ярихад манай нам сүүлийн зургаан жилд маш их дампууруулсан. Асуудал босохоор өмнөх ганц нэг нөхдөөс сорчилж, шоу хийгээд л.

-“Муу л бол арын хар овоохой” гэж хандаж болохгүй л дээ, бас…

-Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудалд манай намын УИХ-ын 40 гишүүн тэр аяараа оролцсон. ЖДҮ ярихаар хэдэн нөхөд сорчилж аваад л. Оффтейк гэрээ өөрсдөд нь хамаагүй гэнэ. Уучлаарай, сүүлийн зургаан жил ганцхан манай нам л төр барьж байгаа шүү дээ. Бүгдийг нь гаргах ёстой. Яагаад вэ гэвэл, татвар төлөгч бид ирээдүйд ямар гай зовлонг дарга нар тарьж байгааг мэдэх ёстой. Тийм учраас мэргэжлийн улсууд арай бага дээр нь засч авахгүй бол дахиад таван жилийн дараа бид дийлэхээ байгаад, асар их өрөнд орно. Өнөөдөр тэр л тэмцэл явагдаж байна. Оффтейк юм уу, ямар нэг гэрээгээр далимдуулж авчирсан асар их хэмжээний нууц мөнгөний дахин хуваарилалтын "зодоон" өнөөдөр ингэж илэрч байна. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, У.Хүрэлсүх үүнд гурвуулаа хамаатай. Г.Занданшатар энэ асуудалд бүр маш их хамаатай.

-Нүүрс зах зээлд 1200 ам.доллар байхад нүүрсний оффтейк гэрээнд 20 ам.доллар гээд заачихсан бол Монголд алдагдалтай. Хэдээр зарах вэ гэдгийг асуухаар төрийн нууц гээд ам тагладаг талаар зарим эдийн засагчид хэлж байна. Үүнийг ч ил болгох ёстой болов уу?

-Эрдэс баялаг өөрөө их хэлбэлздэг. Сү.Батболдын 2012 онд “Чалко”-той хийсэн 300 сая ам.доллар, тухайн үед 2012 оны сонгуульд манай МАН-ын хэрэглэсэн л мөнгө байхгүй юу. 100 саяар нь Яармаг, нисэхийн зам тавьсан. Гэтэл тэр үед 57 ам.доллараар хийж байсан. Өсөөд 100 гаруй ам.доллар болж байв. Богино хугацаанд 300 сая ам.доллараа нүүрсээр төлөхөөр болсон. Гэтэл 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирсэн.

Засгийн эрх авна гэдэг “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт”-ийг авах л тэмцэл болдог. “Тавантолгой”-гоос бүх хүмүүсийг зайлуулсан. Н.Алтанхуяг 2013 оны нэг сард бүх хүнээ оруулсан.

Гэтэл 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд, ерөөсөө гуравхан сарын дотор нүүрсний үнэ тав дахин унасан. 150 ам.доллар хүрч байсан коксжих нүүрс 30 ам.доллар болж унасан. Хятадын тал 57 ам.доллараар асар их үнэтэй нүүрс авах гэж байтал манай улстөрчид өөрсдөө гэрээг нь хүчингүй болгоод, дараа нь буцаад Н.Алтанхуяг 30 ам.доллараар бил үү гэрээ хийсэн. Долоон жилийн дараа 300 сая ам.долларын нүүрсээр төлж нэг юм барагдуулсан. Гэтэл оффтейк гэрээнүүдийг хараарай, тэрбум ам.доллар, 500 сая ам.доллар гээд асар үнэтэй мөнгөнүүд эргэж байгаа биз. Covid, дайн байлдааны үед коксжих нүүрс хэдэн зуун ам.доллар хүрээд, буцаад 60 юм уу, 6 ам.доллар дээр ч унаж магадгүй.

"У.ХҮРЭЛСҮХИЙН ЗОВЛОН БОЛ МАКРО ЭДИЙН ЗАСАГ МЭДЭХГҮЙД БАЙГАА ЮМ"

-Энэ талаар маш нарийн тооцоо, судалгаа хийх шаардлагатай юм байна, тийм үү?

-Энэ их удаан хугацаанд авах энэ мөнгийг их алсуур нь сайн судалгаатай хийхгүй бол бид асар их өрөнд л орж байгаа юм. 10, 20 жилээр судлах нь мэргэжлийн хүмүүсийн ажил. Уул уурхайн мэргэжилтнүүд, эдийн засагчид, санхүүгийн улсууд. Гэтэл сүүлийн гурван удаагийн Засгийн газар эдийн засагч Ерөнхий сайдгүй байна. У.Хүрэлсүхийн зовлон бол макро эдийн засаг мэдэхгүйд байгаа юм. Л.Оюун-Эрдэнийн зовлон макро эдийн засгийн талаар огт ойлголтгүйдээ байна. Х.Баттулга бол энийг чинь мэдэхгүй шүү дээ. Онолын хувьд. Сайн бизнесмен. Гэтэл энэ гурван нөхөр ямар сэтгэлийн хөөрлөөр юу хийсэн бэ гэдэг нь ил болох байхгүй юу. Энэ гурав гурвуулаа хариуцлага үүрэх ёстой.

-Үнэхээр оффтейк гэрээнүүд ашиггүй хийгдсэн бол яах вэ?

-Гэрээг нь хүчингүй болгохоос өөр арга байхгүй. Яг ийм үйл явц манайд болж байсан юм. Бид дэд бүтэц, улстөрчдөдөө хэт найдаж болохгүй. Жишээ нь, 1992-1996 онд Жасрай гуайн Засгийн газрын үед “Айбекс-Моламын хэрэг” гэж сонсож байсан уу? Тухайн үеийн Ерөнхий сайдад агаарын зам, эрчим хүч, зам, төмөр зам бүгд зовлон болж харагдаж байсан байхгүй юу. Дан зардал. 99 жилээр Америкийн нэг компанид бүх дэд бүтцээ өгчихсөн байсан. Тэгэхэд нь тухайн үед талийгаач С.Зориг, иргэн Лхамжав, Социал демократ намын А.Ганбаатар нар цэцэд асуудал тавиад, Үндсэн хуулийн цэцээр тэр гэрээг хүчингүй болгож байсан.

-Тухайн үед П.Жасрай гуай гарын үсэг зурсан уу?

-Шадар сайд Ч.Пүрэвдорж гуай гарын үсэг зурж, П.Жасрай гуай ялаас мултарч байсан. Тухайн үед муу санаалж, мөнгө идье гээгүй, зовлон л байсан. Яг өнөөдөр бид нефтийн асуудал, нефтиэ дахин боловсруулах нь аль ч улстөрч, толгойд байгаа улсуудын том зовлон шүү дээ. Мөнгө хэрэгтэй, барьцаа хэрэгтэй. Хамгийн гол нь тэр нь УИХ-даа ч мэдэгдэхгүй нууцаар хийсэндээ асуудал байна. Тийм учраас уучлаарай, сүүлийн зургаан жил УИХ-д сууж байгаа манай Ардын нам энд 100 хувь буруутай.

Ард түмэн 60 гаруй хувиар санал өгсөн. Гэтэл яагаад ирээдүйн татвар төлөгчийн асар их мөнгийг энэ гуравхан этгээдэд барьцаалуулчихсан юм бэ. Энэ талаас нь шалгах хэрэгтэй. Эндээс ч өнөөдрийн “зодоон”, байгаа байдал бий болсон.

-Эрх баригч намынхны хоорондын “зодоон” жагсаалаар илэрч байна гэж хүмүүс ярьж, Засгийн газрыг ч огцруулах зорилго байх шиг байна. Засгийн газрыг огцруулбал ямар үр дүн гарах вэ?

-Би сая тодорхой хэлсэн, асар их, хэдэн тэрбум, хэдэн сая ам.долларын оффтейк гэрээний асуудал яригдаж байна. Наадахыг чинь дөнгөж саяхан авчирч байсан нөхдүүд одоо хуваалт дээрээ “зодолдож” байна. Тийм учраас энэ гурван хүний “зодоон”, өөр юм байхгүй.

Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр “хүүхэлдэй” болгож ашиглаж байгаад, зайлуулаад, хоёулаа эзэн сууна гэж бодож байсан, сүүлдээ хоёулаа хагарсан шүү дээ, 2020 онд юу боллоо.

Одоо У.Хүрэлсүх гэдэг ганцхан “хаан” байна. Шударга талаа бодож, бид арай болохгүй юм хийчихэж ээ гэж дуугараад, улстөрч болох гээд тэмцэж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэмцэлдээ ялах болов уу. Тэгж чадахгүй бол зайлна. Би Л.Оюун-Эрдэнэд нэг зүйлд итгэхгүй байгаа юм.

-Юунд вэ?

-2019 оны арваннэгдүгээр сард хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар буюу Ерөнхий сайдад асар их эрх мэдэл өгсөн. УИХ-аас Засгийн газарт дөрөвхөн гишүүн орохоор болгосон. Ард түмнээс 63 хүний суудал, асар том эрх авсан. Л.Оюун-Эрдэнэд У.Хүрэлсүхийн дараа Ерөнхий сайд болох боломж гарч ирсэн. Гэвч асар том өөрчлөлтөөсөө хоёрхон жилийн дараа няцсан. Няцах шалтгаан нь УИХ-ын асар их мөнгө буюу нийтийн мөнгөнөөс хулгайлах, авах, дахин хуваарилалт дээр очих гэсэн хүмүүсийн тэр их шунал Л.Оюун-Эрдэнийг дарж аваад, арван хэдэн гишүүн Их хурлаас орж байна.

Өнөөдөр Засгийн газарт “бүдүүн” бүлэг бий болсон, буцаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүрэн эрхийг зангидсан нөхдүүдийн цуглуулга болсон. Би гэхдээ Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёрт итгэхгүй байгаа юм.

Хоёрхон жилийн өмнө хийсэн асар том өөрчлөлтийнхөө эхний алхмаа ч хийж чадалгүй бууж өгсөн. Одоо ч бууж өгөхөд бэлэн байна. Би эдийн засагч, эрх зүйчийнхээ хувьд аль ч талд нь орохгүй. Төрийн нийтийн өмчийн тухай хууль УИХ руу орох гээд гурван жил дуншиж байна. Би түрүүн хэлсэн. Яг нарийндаа төрийн өмчийн тухай хууль болчихсон юм гээд. Нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалах ёстой. Төрийн өмчийг Үндсэн хуулиар эрх мэдэлтнүүдээс хамгаалах ёстой. Үндсэн хууль тийм байдал руу явна гэвэл би бүх талаар тусалж болно.

"1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭН Ч ШҮТЭЖ, БУРХАНЧИЛЖ БОЛОХГҮЙ"

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэж ойлголоо, зөв үү?

-Одоо 1992 оны Үндсэн хуулийг хэн ч шүтэж, бурханчилж болохгүй ээ. Чимэд багшийг бурхан гэж бодоод, амьд байхад нь хүмүүс ойртдоггүй байсан. Одоо бол Чимэд багшийн нэрийг барьсан Үндсэн хууль нэг их мөнхийн биш. Уучлаарай, зүгээр л “завсрын хууль” шүү дээ. 1992 оны Үндсэн хуулийг даруй таван жилийн дараа солих ёстой байсан. Үүнийг хамгаалаад байх зүйл байхгүй. Чөлөөт зах зээл, хүний эрхийг хамгаалсан нийгмийнхээ бүх суурийг хийгээд, их том, өргөн Үндсэн хууль хийх хэрэгтэй. 1990 оны социалист улсууд “завсрын” Үндсэн хуулиа дөрөв, таван жилийн дараа бүгд сольсон. Европт өнөөдөр социалист улс байснаа капиталист улс болоод, гайгүй явж байгаа улсууд дандаа Үндсэн хуульдаа зөв зохион байгуулалт хийсэн. Монголд 1992 онд чөлөөт зах зээл гэж байхгүй байсан. Өмчтэй ч хүн байхгүй байсан. Барууны ертөнцийг ч мэдэхгүй байсан. Таамаглаад юм хийчихсэн. Энэ нь манай нийгэм, эдийн засгийг мухардалд аваачиж байна. Үүнийг хамгаалж тухайн үеийн Ардын их хурлын хэдэн өвөө нар гарч ирж ярьдаг. Уучлаарай, тэдэнд ямар ч падлийгүй.

-Яагаад?

-Тухайн үедээ бараг юу хийснээ ч мэдээгүй шүү дээ. Чимэд багшийн хийсэн ерөнхий багцаа, таамаг юм эрх зүйн судалгаан дээр хийсэн, манай нийгмийн мухардал Үндсэн хуульд байгаа юм. Үүнийг солих сонирхол байдаггүй. Мөрөөдлийн, баахан домог үүсгээд явчихсан. Өнөөдрийн УИХ-д ч Үндсэн хуулийг өөрчлөөд явах ёс зүй байхгүй. Хоёрхон жилийн өөрчлөлтөө өнөөдөр ажил хэрэг болгоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн эрхийн тухай хуулиа гурван жил баталж чадаагүй л явна. Тэгэхээр яаж төрийн өмчөө хамгаалах юм бэ. Өнөөдөр төрийн өмч хэдэн их наядаараа алга болвол хойноос нь хяналт тавьж, төрийн өмнөөс ял өгдөг, төрийн өмчийг хариуцах хүн нь прокурор. Ядаж сүүлийн 10 жилийн, бүр “Бороо гоулд”-оо оруулбал 20 жилийн өмчүүдийг эрх мэдэлтнүүд янз бүрийн аргаар буруу гараар оруулаад байхад хянаж байдаг прокурорыг байгуулахгүй байна гэдэг өөрөө их асуудал. Дээр нь Үндсэн хуулиас хяналтын системийг аваад хаячихсан. Одоогийн Үндсэн хууль хяналтын системгүй. Хяналтын систем нь буцаад нийтийн өмч, нийтийн санхүү рүү эрх мэдэлтэн орохыг л хянадаг механизм. Ийм юм байхгүйгээс өнөөдөр эд нар дураараа явж байна. Дөнгөж саяхан хэдэн зуун сая долларын гэрээ хийсэн, нөхөр Л.Оюун-Эрдэнэ анх удаа оффтейкийн гэрээ харж байгаа юм шиг сонин юм яриад зогсож байгаа байхгүй юу.

-Жагсагчид мөн НӨАТ-ын 10 хувийг иргэдэд олгох шаардлага тавьжээ. Үүнээс ч илүү их хувь олгох боломж бий гэж та ярьдаг. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад харвал хэчнээн хувийг олгох боломжтой вэ?

-НӨАТ дээр бид 2016 онд шинэ систем нэвтрүүлсэн. Өнөөдөр бүх иргэнийнхээ тусламжтайгаар бараг 100 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэж байна. Үүний хойно 800, 900 сая талоныг 400 мянган аппарат хэрэгсэл бүртгэж өгч байна. 400 мянган кассын машин гэсэн үг. 2016 онд НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлж байхад 1600 кассын машин л байсан. Хамгийн наад зах нь иргэд маань цалингаасаа бүх татвар, даатгалаа төлдөг. 10 хувь авдаг нь маш харгис татвар.

Тийм учраас үүнийг 70, 80 хувь, ялангуяа Covid-ийн дараахь, дайны үед 70, 80 хувийг иргэдэд буцааж өгөх бүрэн бололцоотой. Бусад татварын орлого НӨАТ-ын тусламжтайгаар тэртэй тэргүй 20, 30 хувь давж байна. Бусад татварын орлого өндөр байгаа тохиолдолд НӨАТ-ыг аль болох 70, 90 рүү чиглүүлэх ёстой.

Зарим секторын хар мөнгө хаана эргэж байна вэ, жишээлбэл, уул уурхайн мөнгө барилга л болж байгаа шүү дээ, ний нуугүй хэлэхэд. Барилгын салбарыг эрүүл болгоё гэвэл орон сууц авсан хүний НӨАТ-ыг 100 хувь буцааж өгөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт ажил үйлчилгээ хийвэл 90 хувиар НӨАТ-ыг буцаан авч болно. НӨАТ дээр ямар хөгжим тоглох нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрхийн асуудал. Би түрүүн хэлсэн, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр макро эдийн засгийн хүмүүс биш учраас ядаж энэ бүртгэлийн гоё системийг ашиглаад, иргэд болон төрд ашигтай юм хийх хэрэгтэй. Гэвч чадахгүй байна. Ерөнхий сайдын чадамж дутуу байна. Дээр нь үе үеийн сайд нар үүнийг дандаа худлаа тайлбарладаг. Жишээ нь, Жавхлан бол НӨАТ-ын ямар ч ойлголтгүй нөхөр. Аль болох л Ардчилсан намын үед хэдэн залуучууд энийг унтраах гээд оролдоод байдаг байсан, үнэнд гүйцэгдээд байж байгаа ч хөгжил гаргаж чадахүй байна. Эрх баригч нар өөрсдөө 2016 онд НӨАТ-ын машиныг шатаана гээд явж байсан улсууд. Яаж энэний давуу талыг ашиглаж, иргэддээ ашигтай юм хийх вэ гэдгийг одоо хүртэл ойлгохгүй байгаа юм.

-Хувь хүний орлогоос шаталсан татвар авах нь зөв үү? Татварын ерөнхий газраас 1300 хүн л энэ өөрчлөлтөд хамрагдана гэж мэдээлсэн. Та юу хэлэх вэ?

-Би 2017 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа үүнийг болиулж байсан. Зөвхөн цалингаараа амьдарч буй, ялангуяа уурхайн жолооч нарт маш хүнд цохилт болох баайсан. Нөгөө хэд үүнийг тооцоолоод, барилгын лизинг энэ тэрээ авсан байдаг. Тухайн үед 20 хувийн татвар авах гэж байсан. Аваад явсан бол бүх юм нь нурж байгаа байхгүй юу. Өнөөдөр татварын газар энэ дээр журам гаргаагүй байна. Хоёрдугаарт, хүмүүс бушуухан нэг сарын 1 болоосой, ашиглалт нь өнгөрчихөөсэй гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд, компаниудын ноогдол ашиг авдаг хүмүүсийн 10 хувьтай сүүлчийн жил. Дараа жил 15, 20 болоод явчихна. Татвар өндөр байснаар нэг их орлого цуглуулдаггүй юм. Хуучин 1992-1995 онд Хувь хүний орлогын албан татвар таван шатлалтай, 40 хувь байлаа. Тэгээд бүх хүмүүсээ гуйлгачин болгочихсон. Одоо тийм байдалд орж байна. Ер нь татварын хуулиудыг өөрчлөх нь УИХ-ын гишүүдийн ажил биш, цаанаа онолтой, мэргэжлийн улсуудад нь хандвал арай өөр. Танай News.mn сайтаар дамжуулаад, хүмүүс 2022 оныхоо буюу өмнөх өршөөлийн хуулиар ноогдол ашиг одоо 10 хувьтай авах сүүлийн шаанс шүү, энэ жил. Бололцоогоо ашиглаарай гэж хэлье. Нэгэнтээ хууль гарсан, 2024 оноос 15, 20 гээд төлөөд явах байх. Хамгийн сүүлийн шаанс ерөөсөө 20-иодхон хоног үлдлээ. Нэгдүгээр сарын 1-нээс маш бодолтойгоор 2022 оныхоо бүх ноогдол ашгаа ядаж 10 хувийн татвартай авч байгаасай гэж баялаг бүтээгч нарт зөвлөж байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Эх сурвалж: news.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?