О.БАТСАЙХАН: 1911 ОНД ИХ МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ ДАХИН СЭРГЭН МАНДЛАА ХЭМЭЭН ДЭЛХИЙ ДАХИНД ТУНХАГЛАСАН ЮМ

2022-12-30  

Өнөөдөр Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхантай ярилцлаа.

-Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр хуульчилсан. Энэ түүхэн өдрийн тухай яриагаа эхлэх үү?

-12 дугаар сарын 29-ний өдөр Монголын тусгаар тогтнолын бахархлын өдөр юм. УИХ-ын 2007 оны шийдвэрээр тэмдэглэлт өдөр, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон. 1911 оны 12 дугаар сарын 29-ний  өдөр буюу одоогоос зуу гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Өмнөд Монгол Манжид дагаар орсноос хойш 275 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа, Зүүн гар буюу ойрадууд Манжид хүчээр эзлэгдсэнээс даруй 150 жилийн дараа Монголчууд нар үзэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн. Бурхан шашны тэргүүн  Богд ламыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон түүхтэй. Энэ нь дэлхий дахинд Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэн мандлаа хэмээн тунхаглан зарласан хэрэг юм. Монголчууд 100 гаруй жилийн тэртээ үндэстнээрээ хөдөлсөн нь тухайн үед үндэсний дархлаа сайн байсны илрэл гэж хэлж болно.

-Эрх чөлөө ба тусгаар тогтнол гэдэг нь тус тусдаа ойлголт. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 онд үүсч, 1921 онд жинхэнэ харц ардууд эцсийн үр дүнд нь хүргэсэн гэж түүхчид тайлбарладаг. Энэ тухайд?

-Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үг бий. Хар гэртээ хаан, Бор гэртээ Богд байх нь монголчуудын хүслэн байлаа. Хэдэн арван жилээр эрх чөлөөгөө хүсэмжилж, айлын хаяанд хавчигдах нь хэн бүхний  хүсэх зүйл биш.

 

1911 оны Монголын үндэсний хувьсгал бол нийт монголчуудын хувьд хүсэн хүлээсэн, хүсэл зориг, тэмүүлэл, эрч хүчээ зориулсан үндэсний хэмжээний түүхэн үйл явдал, олон жилийн дараа бүхий л монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил байлаа. Тиймээс тунхаглан зарласан тусгаар тогтнол Монгол хүн бүрт эрх чөлөө өгснөөс гадна үндэстэний хувьд эрх чөлөөгөө олж авсан түүхэн өдөр юм.

1911 оны Монголын үндэсний хувьсгалын үр дүнд монголчуудын сэтгэлд нар гийж, Нийслэл Хүрээ, Улиастай, Алтанбулаг, Ерөө, Өвөр Монгол, Барга гээд олон монголчуудын нүдэнд баярын нулимс хурж, магнай тэнийтэл баярлаж байсныг гадна дотны эх сурвалжууд нотолж байв. Харин 1921 онд тийм зүйл болоогүй хэмээн зарим эх сурвалжууд хэлдэг.  1921 оны ардын хувьсгалын үеэр Зөвлөлтийн Улаан армийн цэргүүд Хүрээнд ирж, суурьшсан явдлыг хол ойрын монголчууд, бүр Ардын засгийн сайд нар хүртэл эсэргүүцэж байсныг Оросын архивын баримтуудаас харж болно. Эндээс ялгаа нь харагдах болов уу.

-Манжаас салан тусгаарлахдаа монголчууд тусгаар тогтнол гэдэг нэг л зүйл дээр хөдөлбөргүй зогсч байсныг түүх өгүүлдэг. Түүхч хүний хувьд тусгаар тогтнолыг бий болгоход хамгийн том хөшүүрэг нь юу байсан гэж дүгнэдэг вэ?

-Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө олж авах юмсан гэсэн чин хүсэл тэмүүлэл оршиж байсан нь хамгийн том хөшүүрэг болсон. Учир нь Манж Чин гүрний зүгээс Монголын талаар баримталж ирсэн бодлогоо эргэн харж, шинэ засгийн бодлого явуулж эхэлсэн нь газар нутгаа хятад иргэдийн тариалангийн талбай болгон алдах аюул нүүрлэж, монгол үндэстэн олон хүнтэй хятад соёлд уусч, бүр мөсөн устаж үгүй болох аюул тулгарсан тул монголчууд удаа дараа эсэргүүцэн, нэгдэж үндэсний тэмцэл өрнүүлсэн. Хүрээн дэх Манж амбаны монголчуудыг дорд үзсэн хандлага монголчуудын дургүйцлийг хүргэж байлаа. Бүр монгол хүн бүрийн сэтгэлд үзэн ядалт, жигшил зэвүүцэл төрүүлж байсан гэдэг.

Жишээ нь төсөрхөн хэвлэгдсэн, тухайн үед Монголд байсан Норвегийн аялагчийн тэмдэглэлд "Тэр үед нийт язгууртан ноёд хувиа хичээсэн улс биш гэдгээ харуулсан юм. Тэд өөр хоорондоо болоод аймаг хошуудаараа ямар ч зөрчилдөөнгүйгээр нэгэн үзүүрт сэтгэлээр эвлэлдэн нэгдэж, их хэргээ бүтээх тэргүүн зэргийн арга замаа сонгосон билээ" гээд "Амьд Бурхан буюу Хутагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилж, Богд хаан буюу Бурхан хаан хэмээн нэрийдсэн гэдэг. Монголчууд хөгшин залуугүй хөөрөн баярлаж, Богд гэгээн хэмээн авгайлдаг, хайрлаж шүтдэг эрхэм дээдэс нь эдүгээ Богд хаан болсонд урьд урьдынхаасаа илүү ихээр сүсэглэх болов"  хэмээн бичсэнээс монголчуудын нэгдлийг харж болно. Түүнчлэн оросуудыг тусалсан хэмээн ихээр бичдэг боловч оросууд хоёрдмол бодлого баримталж байсан юм.

 

-Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглахдаа яагаад Богд гэгээнтнийг хаанд өргөмжлөх болсон талаар тайлбар хэлэхгүй юу?

-Монгол үндэстний хүнд нөхцөл, тухайн үеийн олон улсын байдал, Манжийн төрийн бууралт, доройтол зэргийг Бурханы шашны тэргүүн Богд гэгээнтэн монголчуудын дунд нэр хүнд, нөлөө бүхий байсан тул гярхай ажиж, бүх монголын ноёд, хутагт хувилгаадыг даншиг өргөх нэрийн дор цуглуулан удаа дараа хэлэлцэн нэгэн үзүүрт зорилгод чиглүүлсэн. Өөрөөр хэлбэл 1911 оны Монголын үндэсний хувьсгалын нэг хөшүүрэг, монголчуудыг нэгтгэсэн томоохон хүчин зүйл бол бурханы шашин байсан бөгөөд бурханы шашны тэргүүн Богдын зарлиг монголчуудад хууль мэт үйлчилж, Богд хаан өөрийн тууштай байр сууриараа монголчуудыг нэгтгэн зангиджээ хэмээн үзэж болно. Тиймээс Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Люба “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн”, Богд хаан өөрийн тууштай, зоримог шийдмэг байдлаараа бусдыгаа дагуулж чадсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

-Дэлхийд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэх он дараалал дээр түүхч, судлаачид маргаантай байдаг. Зарим судлаачид 1945 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн тайлбар ч хийдэг?

-1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл Хүрээнд Улсын цол Монгол, Оны нэр Олноо өргөгдсөн, Их Хүрээ - Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэн Монгол Улс дахин мандлаа хэмээн дэлхий дахинд тунхаглан зарласан бөгөөд энэ мэдээллийг тухайн өдрөөс нь эхлэн дэлхийн хэвлэл, улс орнуудын чихэнд хүргэсэн. Дэлхийн улс орнууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ яаж, хэзээ илэрхийлэх нь тухайн улсын асуудал шүү дээ.

 

Юуны өмнө бид өөрсдөө тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авснаа нотлон илэрхийлж, баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн байх нь бүхнээс чухал. 1911 онд Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараах үеэс эхлэн Англи, Америк, Япон, Дани, Франц, Норвеги гээд дэлхийн олон улсуудын худалдааны пүүс, компаниудын төлөөлөл Монголд олноор ирж, худалдаа, арилжаа эрхэлж, бизнес аялал хийсэн нь баримттай үлдсэн байдаг. Тэд нэгэн дуугаар тусгаар тогтносон Монголд ирсэн, тусгаар Монголын засагтай харьцаж байсан тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Монгол Улсын Засгийн газар Манж Чингийн засгийн газар, Англи, Америк, Дани, Герман, Япон гээд олон улсын Засгийн газарт нот бичиг илгээн, Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарлалаа, танай улстай харилцаа тогтоож, дипломат төлөөлөгч солилцон, худалдаа арилжаа эрхлэхийг хүсч байна хэмээн хүсэлтээ уламжилсан байдаг. Түүнийг нь АНУ-ын Төрийн департамент, Английн Парламент, Японы Засгийн газар, Герман, Францын засгийн газрын түвшинд авч хэлэлцсэн нь тус улсуудын архивт  хадгалаастай үлдсэн. Монгол Оросын хооронд Найрамдлын гэрээ байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Мөн адил гэрээ бичиг Түвд улстай байгуулсан түүхтэй. Энэ бол улс орнууд хүлээн зөвшөөрсний илрэл юм.

 

-Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх түүхийн жимийг үнэн мөнөөр нь хойч үедээ үлдээхэд түүхчдийн оролцоо их. Монгол хүний бахархлыг төрүүлэх үүднээс түүхийг гоёчлохгүйгээр хүргэх нь чухал. Гэвч зөрүүтэй, хэтрүүлэгтэй ойлголтууд явдаг. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Үндэсний түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хэлж болно. Агуу баялаг түүх олон зуун жилийн турш энэ газар нутаг, төрийн уламжлал бидний монголчуудынх мөн болохыг нотлон илэрхийлж, баталгаа нь болж ирсэн. Тиймээс түүх үнэн байх нь хамгаас чухал. Тэр үнэнийг түүхчид судалж, үеэс үед өвлүүлэх нандин үүрэгтэй. Түүх үнэн байвал бид монгол гэдгээ мэдэж, үндэсний бахархал хүн бүрт батжих болно. Харин бидний түүхийг гадны хүмүүс зохиож өгсөн, тэр нь гуйвж дайвсан, түүхэн үнэнийг тойрч зугтаасан, дайрч гутаасан бол тийм түүхээс бид яаж үндэсний бахархалтай монгол төрүүлэх билээ. Тиймээс л Монголын төрөөс үндэсний түүхийг судлах, таниулах, өөрийн болгон эзэмшүүлэхэд анхаарал илүү тавих хэрэгтэй байгаа.Ээдрээ нугачаатай олон зуун жилийн замыг туулахдаа түүх монголчуудыг чиглүүлж, оршин байхын утга учир, үндэс суурь болж иржээ. Эргэн тойрон дахь улс гүрнүүд, ард түмний тархинд монгол үндэстний оршихуй, тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрөх үндэс болсон юм гэдгийг ямагт санаж байх нь чухал.

-Түүхийг бид үргэлжлүүлэн бичиж байна. Монголын өнөөгийн төрхийг зарим түүхчид бага хаадын үетэй зүйрлэсэн байдаг. Таны хувьд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Бага хаадын үеэс ч дор байна шүү дээ. Хатуу хэлбэл өнөөдөр монгол үндэстэн мөхлийн ирмэгт байна. Үүнийгээ ч ухаарах тэнхэлгүй, гурван саяулаа эссэн айраг мэт байна шүү дээ. Яагаад ийм болов? Биднийг нэгтгэдэг үндэсний амин шалгуур болсон identity бусдаас ялгарах өвөрмөц онцлог хаачив, биднийг нэгтгэдэг үнэт зүйлс алга. Үндэсний дархлаа маш сул байна, тиймээс л ийм байдалд оршиж байна. Тиймээс гуйвж дайваагүй Монголын түүхийн сурвалж, ном зохиол үзэх, өргөн олонд хүргэх хэрэгтэй байна. Түүхийнхээ, газар нутгийнхаа, төрийн уламжлалдаа эзэн байх хэрэгтэй байна. Түүхээ мэддэг хүн эх орноо худалддаггүй гэдэг үг бий. Өнөөдөр түүхээ мэддэг хүн бидний дунд хэр олон бол. Энэ олон дундаас төрийн түшээд төрж байгаа шүү дээ.

 

-Та өнөөгийн монголчууд тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг ойлгож байна уу гэдэг нь эргэлзээтэй гэх гээд байна аа даа. Тэгэхээр хичээж, зүтгэж ирсэн тэр их үйл явцыг ухаарахад ямар зүйл нөлөөлнө гэж Та үзэж байна вэ?

-Монгол хүн бүр Би хэн бэ? Бид хэн бэ? Бид Монгол үндэстэний нэг хэсэг  мөн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тусгаар тогтнол, эрх чөлөө авчирч өгсөн Монголын үндэсний эх орончид, гавьяатай тэр өвөг дээдсийнхээ тухай өдөр бүр харж, үзэж, сэтгэлдээ тээж байх нь чухал юм. Өвөг дээдсээ хүндэлж, өрлөг түүхэндээ дуртай байх нь монгол хүн байхын үндэс. Эндээс бидэнд энэ эрх чөлөө, тусгаар тогтнол хэрхэн ирэв? Ямар зам туулж ирэв гэдгийг мэдэх болно. Эх орондоо хайртай байх, монголоо хэмээсэн үзэл бодолтой болох нь хүүхэд, өсвөр үед маань бүхнээс илүү чухал байна. Хүүхэд бүр монголоо хэмээсэн үзэл бодолтой, монгол монголоо үзэн яддаггүй болж өсвөл үндэсний дархлаа тогтож, бэхжинэ. Хүн хүндээ чоно гэдэг латин зүйр үг байдаг. Өнөөгийн монголчуудыг үзвэл, монгол монголдоо чоно мэт болж. Зуу гаруйхан жилийн өмнө тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө эвлэлдэн нэгдэж, хамтран тэмцэж чадсан ард түмэн байлаа шүү дээ. Тэр үед монгол хүн хувиа бодсон  байгаагүй. Одоог бодвол Эзэн Чингисийн алтан ургийнхан хан, тайж, ноёд жинхэнэ утгаараа угсаа залгаж, өвөг дээдэс, өрлөг түүхээ дээдэлсэн хүмүүс байлаа. Орчин цагийн монголчууд  хэт “би” сэг болж мөнгийг шүтэх болсон нь мөхлийн замд байгаагийн илрэл. Энэ талаар нухацтай бодож, эрүүл ухаанаа уралдуулах цаг болжээ. Коммунизмын өлгөө гэгдэж байсан Орос улс Адмирал Колчак, Нэгдүгээр Петр, Екатерина хоёр гээд олон түүхэн зүтгэлтнүүдийнхээ тухай баримтат, уран сайханы кинонуудыг хийж, өргөн олондоо хүргэж байна. Гэтэл Монголд  Эзэн Чингис хааны тухай, тэр эрэлхэг баатруудынх нь тухай, ХХ зууны эхэн үе, 1911 онд төр улс, тусгаар тогтнолоо сэргээсэн Богд хаан, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээт ван Чагдаржав нарын тухай кино байна уу? Үндэсний баатруудын тухай хүүхдийн кинотой бил үү. Уран сайханы номтой бил үү гээд бодмоор байна. Энэ бүхний эхэнд түүхийн судалгаа үнэн зөв байж, суурь нь болох учиртай юм. 

 

-Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөртэйгээ золгож байна. Тусгаар тогтнол байгаа цагт Монгол түмэн илүү их сайхан нийгмийг бүтээх боломжтой. Ирээдүй хойч үе болон нийт Монгол түмэндээ хандаж юу хэлэх вэ?

-Энэ газар нутгийн эзэн, төрийн уламжлал, үндэсний соёлын эзэн нь монголчууд болохыг түүх л нотолно. Монгол хүн монгол нутаг дээрээ бусдын боол байж болохгүй. Тиймээс монгол хүн бүр түүхээ мэдэж, өөрийгээ таних нь чухал. Ядаж үр хүүхдүүдээ монгол болгох нь чухал байна. Тусгаар тогтнолын өдөр айл бүр монгол түүх, соёл, уламжлалаа дээдэлж, үр хойч үедээ өвлүүлэхийг хичээх нь зүйтэй. Монгол дээл хувцасаа өмсч, монгол хоол ундаа идэж, монголоороо ярилцаж, Монгол бахархал, үнэт зүйлс,  эрхэм зүйлс юу билээ хэмээн хэлэлцэж тэмдэглэмээр байна. Монголоо гэсэн хүн бүрийн  оюуны ам нээгдэх болтугай хэмээх мэргэдийн үгийг хүргэе.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?