ЯПОН МОНГОЛ АЛЬ АЛИНЫГ НЬ ДОГДЛООСОН САЙХАН ТОГЛОЛТУУД БОЛЛОО

2023-01-11  

    Монголын Морин хуурын чуулга энэ удаа Японы найман муж, нийслэл болон арваад хотоор аялаж тэдгээрийн 12 тайзанд тоглолт хийгээд саяхан эх орондоо буцаж ирлээ. Манай уншигч, үзэгч олон түмэн тэдний Токио хотноо Эн Эйч Кэй (NHK)-гийн тайзнаа тоглосон тоглолтын талаарх  мэдээллийг сонин хэвлэл, телевизийн нэвтрүүлгээс үзэж харсан байх. Энэ тоглолтыг Японы эзэн хаан, эрхэмсэг хатан болон Японд айлчилж байсан манай Монголын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар үзэж сонирхсон билээ. Энэ удаагийн аялан тоглолтод оролцсон Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяа, аялан тоглолтод оролцсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, аялан тоглолтын орчуулагчаар ажилласан Ц.Бурмаа, М.Уламбадрах, Б.Мөнхтуяа нартай уулзаж ярилцав.

                    

           Ж.Уугантуяа                                                  Ц.Бурмаа                                                                                   

        

 Б.Энхнаран                                                                         Б.Мөнхтуяа        

 

   М.Уламбадрах

-Морин хуурын чуулга Японд олон удаа аялан тоглосон байдаг, энэ удаагийн аялан тоглолт таны хувьд хэд дахь нь вэ? Тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Ж.Уугантуяа:

   -Миний хувьд Морин хуурын чуулга анх байгуулагдсан цагаас нь эхлээд л 30 жил ажиллаж байна. Бүхий л сайхан үйл явдалд нь оролцож түүхийг нь бичилцэж яваадаа баяртай байдаг. Японд бид аль ч улс орноос илүүтэй олон удаа аялан тоглолт хийсэн. Энэ тоглолт миний бараг хорь дахь удаагийнх болж байгаа байх. Эхний тоглолтуудад  цөөхүүлээ явсан  байдаг. Анх 1997 онд Японы   Токио, Осака, Кюүшюүгийн олон  хотуудад манай чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийсэн. Батчулуун багшийнхаа удирдлагад, өнөөгийн энэ аялан тоглолтыг зохион байгуулж байгаа Сато Норико гуайн төлөвлөсөн тоглолтуудад оролцоод явж байлаа. Энэ удаагийн тоглолт үнэхээр л оргил тоглолт байлаа. Манайхан ч энэ удаагийн тоглолтод олон сар бэлтгэсэн, Эн Эйч Кэй-гийн тайзанд тоглох мөрөөдөл манайхны хувьд өнө эртнийх л гэж хэлж болохоор. Ер нь аялан тоглолт бүр өөр өөрийн онцлогтой байсан. Анхныхаа аялан тоглолтын үед буюу 1997 онд Сүмогийн ордонд тоглолтынхоо хувцастай орж монгол урлаг соёл, морин хуураа сурталчилж,бас тэнд барилдаж байсан Кёкүшюүзан Батбаярыгаа дэмжиж байлаа. Япон үзэгчид ч биднийг сонирхож талархан угтаж байсан. 2008 оны тоглолтын үед Эзэн хааны ордонд зочилж Ханхүүд тоглолтоо толилуулж байв. Тэр үеийн Ханхүү Японы Эзэн хаан болчихоод бидний Эн Эйч Кэйгийн тайзанд тоглосон энэ удаагийн тоглолтыг соёрхон үзсэн нь бидний хувьд бахархалт үйл явдал байлаа.

Ц.Бурмаа:

   -Морин хуурын чуулгынхантай би олон жилийн өмнөөс л нөхөрлөж байна даа. Японд хийсэн тоглолтууд гэлтгүй Монголд тоглоход нь ч бас тал талын оролцоотой явлаа. Морин хуурын чуулгын тоглолтуудыг Японд зохион байгуулж ирсэн Сато Норико гэх эрхэм хатагтайтай би 1990 оноос л эхлэн холбогдсон хүн. Тийм болохоор түүний оролцоотой олон талын ажилд япон хэлний орчуулагчийн хувиар яалт ч үгүй татагдан оролцдог байв. Зөвхөн Морин хуурын чуулга гэлтгүй Сато Норикогийн оролцоо зуучлалаар анх 1991 онд Япон оронд очиж дуу хуураа толилуулсан нэрт дуучин Н.Норовбанзад, хөөмийч Д.Сундуй, морин хуурч И.Цогбадрах нарыг дагаж орчуулгыг нь хийж явлаа. Морин хуурын чуулгын энэ удаагийн аялан тоглолт миний хувьд найм дахь удаагийнх болж байна. Амжилттай сайхан тоглолтууд болж өндөрлөлөө.

М.Уламбадрах:

-Сато саны тухай сонсож, мэддэг байсан ч нилээд сүүлд нүүр тулан уулзаж танилцсан. Манай япон хэлний багшийн нагац эгч байсан гэдгийг мэддэг болсон. Тэгээд онгоцонд тааралдаад “ Уучлаарай. Та Сато Норико сан уу, би Имада Хироюки багшийн шавь юм” гэсэн чинь маргааш уулзая гээд л танилцаж байлаа. Морин хуурын чуулгынхантай сая гурав дахь удаагаа явлаа. Өмнөх хоёр дээр бүтэн явж амжаагүй, бичлэг нэвтрүүлэг хийж явж байсан. Энэ удаагийн 11 дүгээр сарын 30-ны тоглолтыг Монгол улсын Ерөнхийлөгч Японы Эзэн хаан, хатныг хүлээн авч хамтдаа үзэж сонирхлоо гэж Японы олон хэвлэл мэдээллээ. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ой, найрамдалт харилцааг тодотгож өгсөн үйл явдал боллоо энэ тоглолт.

Б.Мөнхтуяа:

-Миний бие тоглолтын ерөнхий санаачлагч, зохион байгуулагч Сато Норико сангийн саналаар 2016 оны аялан тоглолтод анх орчуулагчаар ажиллах завшаан тохиосон юм. Энэ удаа хоёр дахь удаагаа орчуулагчаар ажиллаа. Сато Норико санг би бага сургуулийн сурагч байхаасаа мэдэх ба миний сурч байсан Өвөрхангай аймгийн Мэргэд хэмээх сургуулийг байгуулалцахад оролцсон эрхэм хүн билээ. Ахлах сургууль, их сургууль гээд намайг Япон улсад суралцаж байх хугацаанд ч бид холбоотой байж Монгол улстай холбоотой боловсролын, байгаль орчны, соёлын гээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бүртээ намайг оролцуулж ирсний нэг нь тус аялан тоглолт юм. Энэ аялан тоглолт миний хувьд маш чухал үнэт зүйл. Нөгөөтэйгүүр залуу үеийн төлөөлөл болж өөрийн орны урлагийг Япон улсад таниулахад гар бие оролцоно гэдэг бол бас том хувь тавилан байлаа.

-Орчуулагчийн хувьд Та нар япон үзэгчтэй тааралдаж сэтгэгдэлийг нь сонсох тохиол байв уу?

Ц.Бурмаа:

-Ер нь үзэгчид уудам талаар  хурдлан өнгөрөх морьдын төвөргөөнтэй “Монгол аялгуу” ч юму намуун зөөлөн уянгалаг “Сэтгэлийн эгшиг”, “Адажё”-г баясан, уяран хүлээж авах шиг санагдсан.Мэдээж Эн Эйч Кэй, Фүкүокагийн Хаката театрт найрал хөгжим, ятга, морин хуурын гоцлол концертийг анхааран сонсох  мэргэжлийн үзэгчид олон байгаа харагдсан. Морин хуурын домгоос сэдэвлэсэн нэмэлт уншлагатай, хуурын аялгуунд хүүхэд, хөгшчүүл ихэд талархан алга ташиж байв. Дуурийн дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар  “Төрсөн нутаг “ хэмээх японы алдартай дууг нэлээн цэвэр хэллэгтэйгээр дуулж байсан нь үзэгчдээс талархал хүлээсэн.

М.Уламбадрах:

-Морин хуурын чуулгын тоглолт үзсэн япон хүмүүс ер нь сэтгэл хангалуун байдаг. Хэл соёл өөр ч морин хуурын аялгууны хөг, хэмнэл таардаг юм шиг санагддаг.

Б.Мөнхтуяа:

-Ямагүчи мужид тоглолт үзсэн япон эгч, дүү хоёроос сэтгэгдэл сонссон юм байна. “Анх удаа тоглолт үзлээ, үнэнийг хэлэхэд хүлээлтээс дэндүү давсан мэргэжлийн тоглолт байлаа. Хийл гэх мэт чавхдаст хөгжмөөс ялгаагүй гэж бодож байлаа, гэхдээ үгээр илэрхийлэмгүй өөр мэдрэмж өглөө. Заавал монголд очиж үзмээр байна.” гэсэн нь намайг их баярлуулсан. Токио хотын  JICOM HALL-д  миний танил хоёр монгол эрхэм ирж тоглолт үзсэн юм. Эн Эйч Кэй-д тоглосон тоглолтыг  үзсэн, одоо бас л үзэхээр ирлээ гээд  явж байсан. Тоглолт их таалагдсан хэрэг байх.

Ц.Бурмаа:

-Манайхны аравдахь өдрийнхөө тоглолт хийсэн Каваками тосгоны дарга Курияма гуай “Токиод очиж Эн Эйч Кэй-д тоглосон тоглолтыг  үзсэн, одоо тосгондоо дахиад л үзэж байна. Манай энэ Ямабүки танхимыг байгуулагдаагүй байх тэртээ 1997 онд Морин хуурынхан ирж бидний гадаа зассан тайзан дээр тоглолтоо хийж байсан. Хэдэн жилийн дараа энэ шинэ танхим маань ашиглалтад орох үеэр танхимын маань жаврыг үргээхээр ирж тоглож байсанд би туйлын баяртай, бахдалтай байдаг. Тиймээс энэ удаа би тэднийг "Дахин тавтай морилно уу" гэж угтсан. “Морин хуурын дуу аялгуунд сэтгэл хөглөгддөг, уярдаг, урам зориг бадардаг. Манай Ёшино уулын нарсаар хийсэн морин хуур Эн Эйч Кэйд, Эзэн Хааны өмнө дуурссанд сэтгэл өндөр, баяртай байгаа" гэж сэтгэгдлээ ярьж байсныг манайхан сонссон байх..

   -Сэтгэгдэл гэснээс Изүмасино хотын соёлын ордонд тоглолт дууссаны дараа нэг япон өвгөн  суудлаасаа босчихоод олны дунд цурхиртал уйлаад байсан тухай миний таньдаг монгол сэтгүүлч надад ярьсан юм. Яав ийв болоод учрыг нь асуусан чинь “...Өндөр түвшний ийм сайхан тоглолтыг бидэнд үнэгүй үзүүлээд байхдаа яахав дээ...”гээд улам чангаар уйлж байж. Хотынх нь захиргаа зардал мөнгийг нь даагаад иргэддээ үнэгүй үзүүлчихсэн юм байна. Тэр өвгөн “Бид мөнгөө төлж энэ авъяастнуудыг дэмжих байсан шдээ...” гээд уйлж байсан гэнэ лээ.

Ц.Бурмаа:

-Шизуока мужийн Яйзү хотод тоглосон тоглолтын үеэр монгол дээл, жанжин малгайтай нэг залуу уйлаад л нулимасаа нударгаараа арчаад суусан гэж танхимд ажилласан манай зураглаач Түвшээ ярьж байсан. Тэр морин хуур тоглодог залуу гэсэн. Манайхны нэгэнд нь нэрийн хуудсаа өгсөн нь морин хуурын зурагтай юм билээ. Таван жил нутагтаа очиж чадаагүй гэж ярьж байна гэсэн. Бидэнд үйлчилж байсан Изүмисано хотын захиргаанд ажилладаг Оюунгэрэл гэдэг бүсгүй “Сэтгэлийн эгшиг” аялгуу сонсонгуут нулимс аяндаа урссан гэж догдлон ярьж байв.

-Манай сүмогийн Их аварга Какюрү Ананд ч бас хоолой зангирч огшиж, уярал бахархлын нулимастай үзлээ гэж миний нийтлэлд сэтгэгдлээ илэрхийлж байсан шүү, тэгэхээр япон монголгүй л уярсан бахархсан сайхан тоглолтууд болжээ дээ...

Ж.Уугантуяа:

-Манай чуулгынхан олон оронд, олон ч алдартай сайхан тайзан дээр тоглолт хийж үзэгчдээс нь ч, мэргэжилтнүүдээс нь ч өндөр үнэлэлт авч байлаа. Тэр улс орнуудын алдартай тайз шиг нь биш гэхэд бүр бага шиг хот тосгоных нь  зиндааны тоглолтын тайзыг манай төр засгийнхан Монголдоо бий болгочихоосой гэж бид мөрөөддөг юм. Та тэр 1000 гаруй хүн амтай Каваками тосгоны соёлын ордны тайзан дээр бидний тоглосныг харсан биз дээ. Гурван зуугаад хүний суудалтай тэр танхимын тайз нь акустик маш сайтай, мэргэжлийн гэхээр тайз байсан. Ядаж л тийм тайзыг бид мөрөөдөж байна. Улс орон байна даа, энэ зэргийн мөрөөдлийг минь биелүүлээд өгөөсэй. Үзэгч түмнээ, урлагт хайртай ард түмнээ хүндлээд тийм тайзтай, нэг сайхан ордон бариад өгөөсэй гэж хүсч байна. Уг нь засаг төрийн маань үүрэг юм шүү дээ. Дэлхийн өндөр тайзанд гарч улс орныхоо нэр төр, монгол урлаг соёлоо хүргэх нь бидний үүрэг. Бид түүнийгээ биелүүлээд байна. Харин Засаг төр маань...

Б.Энхнаран:

-Би Морин хуурынхаа чуулгатай Японд хоёрдахь удаагаа аялан тоглолт хийгээд байна. Мөн Санкт Петрбургийн Мариинскийн театрын тайзан дээр тоглоход нь хамт явж байлаа. Энэ удаагийн тоглолтын хувьд мэдээж Эн Эйч Кэй оргил нь байв. Аялан тоглолт хийсэн Японы бүх хотуудын тайз сайхан. Дуулахад урамтай юм билээ. Токиогийн JICOM HALL төвийн концертын тайз их таалагдлаа. Дууны шүүлт, хана таазны акустик үнэхээр гайхамшигтай. Дуугаралт маш цэвэр, би үнэхээр баярлаж бахархаж дууллаа. Өмнөх аялан тоглолтын үед ч ийм гайхамшигтай тайзан дээр дуулж Бурмаа орчуулагчид сэтгэгдлээ илэрхийлж явсан юм. Уугантуяагийн мөрөөдөл ч бас миний мөрөөдөл юм. Монголдоо нэг тийм сайхан тайзтай ордонтой болчихоод сэтгэл хангалуун дуулж байх юмсан гэж бодогдох л юм.     

-Энэ удаагийн тоглолтын бэлтгэл ажил өмнөх тоглолтынхоос арай л ялгаатай байв уу?

Ж.Уугантуяа:

-Ер нь манай хамт олон аялан тоглолт, гадны тайз эзэмдэх талд бас ч туршлага хуримтлуулсан хүмүүс шүү дээ. Мэдээж энэ удаагийн тоглолт арай илүү бэлтгэл, өндөр хариуцлага шаардсан нь үнэн. Хоёр орны найрамдалт харилцааны том ой, бас Эзэн хаан, эрхэм дээдсүүд, бас манай Ерөнхийлөгч үзэх тоглолт гэхээр бидэнд шаардлага илүү ихээр тавигдаж байсан. Тоглолтын бэлтгэл хангахад манай Соёлын яам, Гадаад харилцааны яам үүрэг хариуцлага хүлээж оролцлоо. Хөтөлбөр гаргахад ч санал зөвлөгөө өгч байлаа. Эн Эйч Кэй-д тоглох тоглолтод бид ч, манай яам тамгын газрууд ч анхаарал хандуулж, тусламж дэмжлэгээ үзүүлж байв. Дотоод бэлтгэлээ хангахад манай чуулгынхан, хамт олон маань хангалттай сайн ажилласан даа.

Ц.Бурмаа:

   -Бэлтгэл ажил их эртнээс эхэлснийг би хоёр талд орчуулга хийж байсныхаа хувьд мэдэх юм. Эн-Эйч-Кэйгийн танхим битүү захиалгатай байдгаас түрээслэх өдрөө авахад ч хүндрэлтэй, арай гэж жилийн өмнөөс захиалахад боломжтой өдөр нь 11-н сарын 30-н болж, түрээсийн гэрээгээ хийхдээ тал төлбөрийг төлж байж захиалга баталгаажсан гэсэн. “Тэгсний дараа л Эзэн хааныг урих яриа гарч, Шимизү сан, Сато сан бүхий л харилцаа холбоогоо ашиглан  удаан хугацаанд бичиг цаас илгээж уйгагүй хөөцөлдсөн гэх юм билээ. Эзэн Хааны өргөөний тамгын газраас Хаан ирж үзэхийг  зөвшөөрсөн албан захиа Сато сангийн нэр дээр ирсэн нь тоглолт дөхсөн үе байсан гэсэн. Хан хүү байхдаа морин хуурынхны тоглолтыг  үзсэнээс хойш 15 жилийн дараа Хаан ирж тэдний тоглолтыг дахин үзэхээр боллоо гээд Сато сан маш баяртай байсан... Ингээд л Эзэн хаан, Эрхэм дээд хатан, энэ үеэр Японд айлчилсан манай Ерөнхийлөгч, гэргий нь дагалдан яваа манай төр засгийн өндөр албаныхан үзсэн сайхан тоглолт болж өндөрлөлөө. Найрамдалт харилцааны 50 жилийн ойн жилийн концерт гэх утгаар нь япон талын зохион байгуулагч Сато Норико бүр гурван жилийн өмнөөс л одоо тэр яриа хөөрөө болоод байгаа япон нарсаар морин хуур урлуулах санаачлага гаргасан хүн. Манай морин хуурын чуулгыг нутагтаа хэдэнтээ тоглуулж чуулгынхантай ойр дотно болсон японы Нара мужийн Каваками тосгоны дарга Курияма сантай Сато сан ярилцаж тэдний нутгийн Ёшино уулын нарс модыг тэдэнд захиалсан юм билээ. Модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг эдний тосгоныхон ч морин хуур урлах хийцийг захиалснаар нь цаг хугацаанд нь бэлтгэж өгсөн гэдэг. 250 жилийн настай тэр япон нарсаа Сато Норико сан бүр 2019 онд монголд авчирч хуур урладаг Эгшиглэн компаний үйлдвэрт өгч уг компанийхан ч хоёр хуурыг захиалсан цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж өгсөн байдаг. Эн Эйч Кэй-гийн тайзанд тоглосны дараа нэг хуурыг нь чадвал Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хоёр орны найрамдалт харилцааны билэгдэл болгон Японы Эзэн хаанд дурсгаж гардуулахаар манай Морин хуурын чуулгынхан, концерт зохион байгуулсан Японы тал болох Сато Норико хатагтай нар төлөвлөж байсан юм билээ. Харамсалтай нь энэ удаа бүтсэнгүй. Концертын хөтөлбөрт Сато сан өөрийн бас нэг санааг тусгуулсан. Монгол японы 11 настай хоёр хүүгийн хөгжмийн хоршил. Монголын консерваторийн сурагч, төгөлдөр хуурч А.Түшигт, Японы Хоофу хотын дунд сургуулийн сурагч, трубач Ичи Хакудэ нарын өсвөр үеийнхний хамсал бол Монгол Японы найрамдалт харилцааны ирээдүйн билэгдэл юм гэж Сато сан ярьж байсан, үзэгчид ч тэдний тоглолтыг талархан хүлээн авч байсан.

М.Уламбадрах:

-Япон Монгол модоор урласан нэг хуураар нь чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Р.Амарбаяр Эн Эйч Кэйгийн тайзан дээр ч, бас аялан тоглолтын туршид тоглосон. Концерт хөтлөгчид япон, монгол модоор урласан морин хуураар тоглож буйг зарлахад үзэгчид хаа сайгүй талархан хүлээж авч байсан. Монгол японы харилцааны ирээдүй болсон авъяаслаг хоёр хүүгийн тоглолтыг ч аялан тоглолтын туршид үзэгчид нижигнэсэн алга ташилтаар дэмжиж байлаа.

-Бэлтгэж бэлтгэж очсон япон монгол модоор урласан тэр хуураа Эзэн хаанд дурсгал болгон гардуулж чадаагүй талаар би Р.Амаржаргал хуурчаас хальт сонссон. Тоглолтын дараахь Эзэн хааны уулзалтад оролцож ирснийх нь дараах өдөр би түүнтэй уулзаж ярилцлага хийж хэвлэлд  нийтлүүлж байлаа. “Уг нь гардуулна гэж яригдаж байсан. Нарийн учрыг нь би мэдэхгүй, манай удирдлагууд, Сато санаас та асуухгүй юу?”гэж тэр надад хариулж байв.Та нарын хэн нэг нь энэ асуултад хариулбал юу гэх бол?   

Ц.Бурмаа:

-Яг 50 жилийн энэ ойгоор  Эн-Эйч-Кэйд тоглох болзол хангагдвал нэг хуурыг нь Эзэн хаанд бэлэглүүлэх, нөгөө нэг хуураар нь тоглолтод хөгжимдүүлэх  бодолтой байсан  тухайгаа Монголын Гадаад яаманд ч, Токиогийн ЭСЯ-нд ч Сато сан ярьж хэлж байсан гэсэн. Энэ төсөл бүтээгүй тухай би дээр цухас дурдсан даа. Ерөнхийлөгч монголоос авчирсан Ширэн цартай хуураа Эзэн хаанд бэлэглэсэн гэх юм билээ. “Тэр нь хэдий гоёмсог, сийлбэртэй үнэтэй морин хуур байсан ч цаг хугацааны явцад шир нь агших ч юмуу, илүү арчилгаа шаардлагатай болох байхдаа. Уул нь Нарагийн модоор хийгдсэн хуурыг бэлэглэсэн бол тийм хүндрэлгүй, тэгээд ч хоёр орны найрамдлын билэг тэмдэг болж Хааны ордонд үлдэх байсан  юм” гэж Сато сан харамсангуй ярьж байсан. Миний бодлоор Монголын Гадаад харилцааны яам энэ тал дээр сайн анхаарсансан  бол...

М.Уламбадрах:

 -Тэр хуурын тухай ярихад Эзэн хаанд ч юм уу эсвэл Хааны тамгын албанд ч юм уу хожмоо гардуулж өгөх тухай яриа Токиод байхад гарч байсан.

   -Дээр яригдсан зарим асуудлаас анзаарахад харилцан ойлголцоогүй, ажил албанд бэрхшээл учруулсан асуудлууд ч бас гарч байж дээ...

Ц.Бурмаа:

- Хамгийн хүндрэлтэй нь талуудын ойлголцол, тохиролцоо тааруухан байлаа. Онгоцны тийзийн захиалгаас эхлээд л бэрхшээл гарч эхэлсэн. Соёлын яамны түшмэлүүд зөвхөн тоглолтод оролцох уран бүтээлчид, жүжигчид, мөн соёлын яамны дагалдах албатуудынхаа тийзийг захиалчихаад Япон талаас, Сато саны нэр өгсөн орчуулагч, кино зураглаач, хэвлэл мэдээллийнхэн, тэр байтугай Эн Эйч Кэй-гийн тоглолтод Морин хуурын чуулгынхныг ахлуулахаар тохиролцсон Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн тийзийг хүртэл захиалахгүй орхиж хүндрэл учруулж байв. Үүнээс болоод Сато Норикогийн санал болгосон групп хоёр хуваагдаж өөр нислэгээр Токиод очиж, тосох унаа унш, нэмэлт хүн хүчний асуудал гарч байлаа. Буцахдаа ч мөн ялгаагүй. Тэдгээр онгоцны захиалгын өөрчлөлтөөс болж зочид буудал нэмэлт мөнгө төлүүлэх,  захиалгын өөрчлөлтийн нэмэлт торгуулийг  хүн бүр нэмж МИАТ-д төлөх зэрэг маш их үргүй зардлууд гарсан байна лээ. Тэр бүхнийг Сато сан л зохицуулж төлж байна гэж харсан. Илүү үг хэлж байж ч магад, Токио,Эн Эйч Кэй-д хийсэн тоглолтын зардал мөнгөний хувьд нийт гарсан зардлын дөч гаруй хувь нь Монгол талаас орж ирсэн бололтой юм билээ. “Концертын танилцуулга товхимолын нүүр хуудсанд гол зохион байгуулагч гээд Монгол Улсын  Гадаад яам, Соёлын яамны лого байрлуулж, дараагийн хуудсанд нь хоёр яамны сайд нь мэндчилгээгээ дэвшүүлсэнээс харахад концертыг Монголын тал буюу Монголын Засгийн газар зохион байгуулж буй мэт, энэ үүднээс үзэхэд төлбөр тооцоо арай өөр баймаар санагдах юм...” гэж Сато Норико гуай надтай Токиогоос ярьж байсан шүү.

Б.Мөнхтуяа:

   -Бид ямар ч салбарт олон улстай хамтран ажиллахад амлалтдаа хүрдэг байх, том үгээр хэлбэл гэрээний үүргээ биелүүлдэг соёлтой байх хэрэгтэй. Миний бие санхүүгийн мэргэжилтэй хүний хувьд өндөр өртөгтэй энэ Япон улсад 50-60 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтыг зохион байгуулах нь тийм ч амаргүй болохыг алхам тутамдаа мэдэрч байв. Сургуулийн хүүхдүүдэд, мөн хоёр ч сүмд сайн санааны тоглолтыг энэ удаа зохион байгуулна лээ. Сайн сайхан үйл явдлуудтай, бас сургамж авахаар зүйлс олонтой аялан тоглолт болж өндөрлөлөө.

-За энэ ярилцлагыг арай өөдрөг мэдээллээр өндөрлөмөөр байна. Он дуусах торгон мөчид Морин хуурын хоёр хөгжимчин Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртлээ. Эн Эйч Кэй-гийн тайзан дээр ч, бусад муж хотуудад тоглосон концертуудад гоцлон хөгжимдөж үзэгч олны талархлыг зүй ёсоор хүлээж байсан даа тэд...

Ц.Бурмаа:

-Тийм шүү, оны сүүлийн өдөр морин хуурч Р.Амарбаяр, ятга хөгжимчин О.Мөнхтогтох маань

Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртэцгээж бид хамтдаа баярлаж, багаараа тэдэндээ баяр

хүргэсэн. Морин хуурынхны маань хүртэх алдар гавьяа үүгээр дуусахгүй ээ, морин хуурын хувь

заяа их шүү гэх өөдрөг яриа хөөрөө тэнд үргэлжилж байсан.

Цэцгийн баглаа, оргилуун дарстай сайхан өдөр байсан...

  -Ярилцлагад оролцсон та нарт баярлалаа.  

Ярилцлагыг тэмдэглэсэн Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?