ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ: ДАВАА БОЛГОН Л АВАРГЫН ТӨЛӨӨ БАЙДАГ СҮМО

2023-01-30  

    Хакухо аваргын зодог тайлах ёслол өнөөдөр болж байна. NHK сүмогийн Когикан ордонд болж буй ёслолыг нь Япон даяар дамжуулж байна лээ. Монголд ч энэ мэдээллийг  зарим телевиз, цахим сүлжээ орон даяар түгээж байна. Манай сайтад нийтлэлүүдээ ирүүлж бидэнтэй хамтран ажилладаг Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Ишийн Хакухо аваргатай одоогоос найман жилийн өмнө хийсэн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна. Тухайн үед энэ ярилцлага “Өнөөдөр” сонинд цувралаар нийтлэгдэж байжээ.

Хакүхо М.Даваажаргал:

Даваа болгон л аваргын төлөө байдаг сүмо

  ...Ухаалаг утасны тусламжаар бид Хакүхо их аваргын дэвжээг төвөггүйхэн олоод яг болзсон цагтаа хүрээд ирэв. Сүмогийн ордноос тийм ч хол биш албан газруудын бололтой, хөл багатайхан гудамжинд гурван давхар  хүрэн вааран дээвэртэй бор шаргалдуу байшин байна. Асуучих санаатай хүн амьтан харсан ойр тойронд харагдах юм алгаа. Хүү ч утасныхаа зураг хаягийг  хараад байшин мөн байна гэж байв. Би гэдэг хүн монгол зангаараа асууж лавлаж санаагаа амраах бодолтой аяглаж байгаа нь тэр. Ашгүй түгжээтэй хаалга онгойж нэг сүмоч гарч ирээд тэрүүхэнд тавьсан дугуйгаа унаад хөдлөх гэж байна. Ухасхийж очоод “Хакүхо Хакүхо” гээд л асуулаа. Мэддэг  англиараа Хакүхо ёкозүнатай уулзах ёстой юмаа гэв.  Хакүхогоос өөр үг тэр ойлгож байгаа янз алга. Батгэрэл, Гэрэлээ гээд асуулаа, тэгтэл ашгүй Гэрлээ, Гэрлээ гээд хэд давтаад түүн рүү утасдаж өглөө. Японоороо ярьж байна. Гэрлээ ирж явааг дохио зангаараа л надад ойлгууллаа. Арваад минутын дараа хатагтай М.Батгэрэл  таксигаар хүрээд ирлээ. Тэрбээр Хакүхо аваргын эгч, энэ ярилцлага хийх зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтэй хатагтай болохыг өмнөх нийтлэлдээ би нэгэнтээ дурдсан.

...Хаалгаар ороод япон заншлаар гутлаа тайлж, гурав дөрвөн гишгүүр гишгэж дараагийн хаалга онгойгоод л дэвжээ татами нь байж байх юм. Орон зай багатай япон оронд, тэр тусмаа Токиод илүү том зай талбай хомс ховорын л нотолгоо байх. Дэвжээнийх нь наахнатай явган ширээ, дөрөв таван олбог байна. Саарал мавашитай нэг сүмоч хүрэн маваши дэлгээд тавьчихсан арчаад л зүлгээд л байна. Хакүхо аваргын ёслолын маваши юм уу даа гэж би таамаглав.

Хатагтай Батгэрэл биднийг тэрүүхэнд орхиод дээшээ гарлаа. Миний ойлгосноор аварга өрөөндөө амарч байгаа бололтой. Удаж төдөлгүй тэрээр бууж ирээд сүмоч залууд японоор хэдэн үг хэлж нөгөөдөх нь аваргын хүрэн мавашиг эвхээд  тэрүүхэн талбайг бидэнд чөлөөлж өгөв. Япон маягаар суудлаа эзэлж байтал Хакүхо аварга саарал торгомсог кимонотой инээмсэглэсээр буугаад ирлээ. Ингээд л бидний ярилцлага эхлэв.

-Сүмогийн 28 дахь түрүүгээ авч Эзэн хааны цом, Монголынхоо Ерөнхий сайдын цомыг гардаж Токиогийн Кокугикан ордонг шуугиулсан 69 дэх ёкозүна Танд монголынхоо уншигч олны өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа, монгол түмний минь буян заяа бас түшиж байна.

-Энэ удаагийн түрүү аль хэр амттай байв? Бас аль хэр хэцүү байв?

-Сайхан байлаа. Удахгүй би 28 хүрнэ, 28 дахь түрүүгээ авлаа. Баяртай байна. Хэцүү гэдгийн хувьд барилдаан болгон л амаргүй ээ. Нэмэлт барилдаан гарлаа. Тэгэхээрээ сэтгэл санааны хувьд ч хүндхэн шүү дээ. Яг гурван жилийн өмнө Харүмафүжитэй байх аа, бас нэмэлт барилдаан хийж түрүүлж байв. Тэр байдал давтагдлаа.

-Аль хэр амттай байв гэж асууж байгаа маань Харүмафүжи ёкозүна энэ удаагийн башёд зодоглоод түүнтэй барилдаад түрүүлсэн бол танд бүр их амттай, таашаалтай байх байсан болов уу гэдэг бодлоор л асуусан юм. Таны аав Даяар дуурсагдах Далай даян дархан аварга Ж.Мөнхбат (Хамт авахуулсан нэг зургийнхаа ард ДДДДД Мөнхбат гээд таван Д-тэй гарын үсэг зурж надад өгсөнийг нь би Хакухо аваргад өмнө үзүүлж ярьж байв) өөрөөсөө дутахгүй олон Д-тэй Х.Баянмөнх аваргатай (бас олон Д тавьж гарын үсгээ зурдаг юм. Тийм нэг ном нь надад бий.), Дамдин, Цэрэн, Цэрэнтогтох аварга гээд л монгол бөхийн томчуудтай үзэж байгаад түрүүлсэн бол  “мөн ч амттай, аатай байлаа...” гээд л ханхалзаж байх байсан даа гэж санаад  ингэж асууж байгаа юм аа.

-Өмнөх башёд ялагдаад байсан озэки Кисэносатог энэ удаа яллаа. Озэки Какүрюүтай нэмэлт барилдаан гарч давж байж түрүүллээ. Амтгүй байлаа гэж хэлмээргүй байна. Аав “..Анхны өдрийнх ч тэр, арав дахь, 15 дахь өдрийн барилдаан ч тэр бүгд л аваргын төлөө байдаг юм шүү.  Тэгэхээр ялж дийлж, даваа болгоныг авч байж л аваргад хүрнэ шүү чи...” гэж байнга захиж хэлдэг юм. Ингээд бодохоор аль ч даваа хэцүү, бас аль ч даваа амттай гэж хэлж болох юм уу даа.

-Мөнхбат аварга мэдээж Танд баяр хүргэсэн байхдаа. Ер нь хэдийд нь баяр хүргэж ярьдаг вэ?  Таныг түрүүлэхэд аав, ээж нь , бас монгол түмэн ч зурагтынхаа өмнө  дэвхцэх нь холгүй байдаг л даа. Та ч сүүлийн барилдаанд ялангуутаа  олон дагуулаараа хамгаалуулаад л өрөө лүүгээ ороод үсээ засуулаад суудаг. NHK-ийнхэн тэр үеэр Танаас ярилцлага авч байгаа харагддаг. Дараа нь шагналын ёслол цувчихдаг. Аав, ээжийнх нь баяр хүргэлт энэ бүхний аль зайгаар нь болдог вэ? гэж л би сонирхоод байгаа юм.

-Энэ удаа баяр хүргэж яриагүй байна. Заримдаа тэд ярина. Бид ч залгах үе бий. Ер нь ихэнхдээ шагналын ёслол, дэвжээнд хүргэх ёслол дуусаад хүлээн авалт руу явж байх үеэр таардаг юм. Маргааш нөгөөдрөөс нь ярих үе ч бий. 

-Өнөөг хүртэл яриагүй гэхээр таныг  түрүүлэхэд  тэд нэлээд дасаж жирийн л хэрэг болжээ дээ?

-Ярих биз дээ тэд. (Тантай яриагүй юу гэж Батгэрэл эгчээсээ асууж тэр нь яриагүй гэв.) Дэмжигчдийн хүлээн авалт, NHK-ийн шууд ярилцлага, дэвжээнийхэн, ойр тойрныхны дайллага цайллага гээд их оройтсон.

-Таны гэргий хатагтай Саяако хэдийд нь баяр хүргэв? Ер нь яаж баяр хүргэдэг юм, үнсэх үү?

-Хэвлэл мэдээллийнхэнд зураг авахуулах ёслол байдаг. Сүмогийн холбооныхон, дэвжээнийхэн, хамгийн ойрынхон баяр хүргэж сакей өргөдөг. Тэр үеэр авгай хүүхдүүдтэйгээ уулзсан. Хүүхдүүдээ үнсэнэ, тэвэрнэ, Саяакотогоо үнсэлдээд тэврэлдээд байх боломж, зав зай мэдээж байхгүй л дээ. Гэхдээ л баяр хүргэж байгааг нь харц, байр байдлаар нь мэдэрнэ. Бид чинь авгай нөхөр болоод арван жил болж байна даа. Нэг нэгнийхээ баярлаж, санаа сэтгэл зовж байгааг хараад л мэдэх, мэдрэхээр болсон.  

-Таныг дэмжигчдийн хүлээн авалтын зоог дайллагад тэр оролцсонгүй. Эхэнд нь гурван хүүхэдтэйгээ дөнгөж харагдаад л явчихлаа.

-Хүүхдүүдтэйгээ гэртээ харьсан. Тийм зоогт оролцдоггүй юмаа. Ёс жаяг нь тийм юм. Оройны ойр тойрныхны хүлээн авалтад ч Саяако ирээгүй. Би өглөө 10 цагаас хэвлэлийн хуралтай байсан тэнд оролцож ирээд дэвжээндээ түр амарч байна. Гэртээ ч хариагүй л явж байна.

М.Батгэрэл: Манай Саяако даруухан талдаа. Япон дэг жаяг ийм юм. Иймэрхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд ховорхон ордог юм. Япон эхнэрүүд хүүхдүүдийн сургууль соёл, хүмүүжил, нөхрийн  ар талын  алба ажлын ая тухтай нөхцлийг хангах гээд аливаа дайллага ёслолоос ер нь холхон шүү.

-Саяако хатагтай хэдэн өдрийн сүмо  үзэх вэ? Зарим сүмочийн гэргий 15 өдрийнхийг үздэг юм шиг. Гоёмсог кимонотой, үс зүсээ сонгомол япон маягаар янзалсан царайлаг, залуухан хатагтай зурагтаар харагддаг суудалд их л олон өдөр  тухалж суугаад башё үзэж буйг би  харж байв. Нэртэй сүмочийнх нь гэргий байхдаа гэж боддог байлаа. Тэгээд л Таны гэргийг сүмогийн аль хэр  балиашиг юм бол? гэж асууж байгаа юм.

-Саяако эхний өдөр, сүүлийн хоёр өдрийн барилдааныг сүмогийн ордонд ирж үздэг. Амралтын өдөр ч тэгж таардаг. Дэвжээнүүд өөр өөр журамтай байдаг юм билээ. Барутогийн дэвжээнийхэн авгай хүүхнүүдийгээ сүмогийн ордон, дэвжээнд ирэхийг хориглодог гэсэн.

М.Батгэрэл: Тэр хатагтай  чинь сүмочийн гэргий  биш ээ. Сүмо үздэг гэдгээрээ япон даяар алдаршчихсан тийм нэг хүүхэн байдаг юм. Тэр нь брэнд болчихсон.

-Осако, Нагоя, Фукоука зэрэг Токиогоос өөр хотуудад болдог башёд та гэр бүл хүүхдүүдтэйгээ хамт явах уу?

-Үгүй. Түрүүний миний ярьсан эхний болон сүүлийн хоёр өдрийн барилдааны үеэр тэд ирцгээдэг юм.

-Өөр хотуудад явж барилдахад та нэр төртэй том зочид буудалд байрлах уу?

-Үгүй. Сүмочид тун даруухан газар байрладаг. Бид дэвжээгээрээ нүүж очдог юм. Ганц нэг өдрийнх биш 15 өдрийн барилдаан болохоор том нүүдэл болдог.  Бид  сүмд байрладаг юм. Сүмо, сүмогийн дэвээ, шаваа, гар, хөлийн хөдөлгөөн давс, элс, татами бүгд японы эртний ёс заншил, уламжлал сүм, шашинтай их холбоотой юм билээ. Энэ утгаараа япончууд сүмогоо их хүндэлж дээдэлдэг, сүмдээ байрлуулахдаа ч дуртай байдаг.

-Танай дэвжээ хэдэн бөхтэй вэ? Дээд зиндаанд та ганцаараа л байна уу? Танаас өөр монгол бөх байгаа юу?

-Арван сүмочтой. Дээд зиндаанд Рюүо Санчир бид хоёр байсан. Өнгөрсөн жил тэр зодог тайлсан. Одоо авгай хүүхэдтэйгээ америкт амьдарч байгаа. Миний туслах, бас сайн найз минь байлаа тэр. Зодог тайлах ёслол дээр нь би тэсэлгүй уйлсан. Найзын хувьд бид их дотно байсан. Анх дэвжээнд ирэхээсээ л үерхсэн. Сүмогийн холбооны сүүлийн дүрэм журмаар дэвжээнд нэг л гадаад бөх байхыг зөвшөөрдөг болсон.

-Дэвжээндээ тэргүүлэх бөхийн үүрэг ямар байх вэ? Бас эрх ямба нь ямар байдаг бол?

-Дээд зиндаанд барилдаж байгаа сүмоч мэдээж дэвжээнийхээ нэр төрийг гаргаж байна. Тэгэхээр барилдаан бүр нь хариуцлага. Эрх ямба гэдгийн хувьд цолныхоо эрэмбээр л хүндлүүлнэ. Монгол бөхчүүд ч ялгаагүй аварга, арслан гээд эрэмбээрээ явдаг шүү дээ. Цолгүй бөхчүүд дэвжээний хар бор ажлыг бүгдийг ээлжээр хийнэ. Дэвжээгээ засах,  цэвэрлэх, өрөө тасалгаа янзлах хоол унд гээд хийх ажил ихтэй. Цолны эрэмбээрээ бэлтгэл хийнэ, тэр дэс дарааллаараа усанд орно, хоол унданд эхэлж ам хүрнэ гээд л...Дэвжээний тэргүүн бөх тусдаа өрөөтэй байдаг. Том биш л дээ. Миний өрөө гэхэд л унтаж амрахад  таарахаар. Дөрөв таван сүмоч ороод суучихвал чихцэлдэх талдаа шүү. Бусад бөхчүүд маань нийтийн нэг том өрөөнд амьдарцгаадаг. Хоолны өрөө, гал тогоо тусдаа. Бэлтгэл хийдэг дэвжээ бидний хажууханд тэр байна.

-Та хэдэн дагуул, туслахтай вэ? Тэд ямар үүрэгтэй байх вэ?

-Цолны эрэмбээс энэ тоо хамаардаг. Би есөн туслах дагуултай байгаа. Тэд миний ажил албыг зохицуулах, бас харж хамгаалах үүрэгтэй. Ёкозүна гэдэг цол хувь хүнд хамаарахаасаа илүү Японы сүмо гэдэг энэ эртний уламжлал соёл ёс заншилд илүү хамааралтай байна.

-Энэ утгаар авч үзвэл Та зөвхөн нэг дэвжээ тэргүүлэх төдийгүй нийт японы үндэсний сүмо гэх их спортын тэргүүн магнайд зогсож байна л даа. Аварга-Ёкозүнагийн эрх ямба, үүрэг гэж бас том юм байна биз?

- Олон туслах, дагуултай байх нь эрх ямбад ч хамаарах байх л даа. Үүрэг хариуцлага гэвэл эдлэх эрх ямбаасаа ч илүү өндөр. Ёкозүна ийм байх ёстой гээд олон үе дамжиж уламжлагдаад ирсэн ёс заншил байна. Сүмочиддоо үлгэр дууриал болох үүрэгтэй. Сүмогийн холбооны өмнө Ёкозүна хэмээх өндөр цолыг хадгалж түрүүлж байх том үүрэг хүлээнэ. Үзүүр түрүүнд үлдэж чадахгүй гурав дөрөв унаад эхэлбэл цолоо хураалгах, бүр зодог тайлах  асуудал яригдана шүү дээ. Ер нь ёкозүна унах эрхгүй дээ. Тийм л өндөр үүрэг хариуцлагын дор барилддаг болохоор башё болгон, барилдаан бүр биеийн хүч, сэтгэл санааны төвлөрөл, байнгын бэлтгэлийг дээд зэргээр шаарддаг юмаа.

-Туслах, дагуулууд бүгд танай дэвжээнийх байх уу?

-Нэг дэвжээ тийм олон сүмоч гаргаж чадахгүй. Манайхтай гал болдог хамтарч бэлтгэл хийдэг дэвжээнээс зарим туслахуудаа авдаг. Тал нь манай сүмочид.

-Тэд нарын цалин хөлсийг та төлөх үү, эсвэл танай дэвжээ төлдөг юм уу?

-Сүмогийн холбоо төлдөг. Сүмочдын цалинг ч сүмогийн холбоо өгнө.

-Хаа газрын хэвлэл мэдээллийнхэн хэрэгт дуртай л даа. Уншигч, үзэгчдийг   үүндээ дасгачихсан нөгөөдүүл нь ч тиймэрхүү мэдээллийг хүлээж байдаг. Манай монголч уншигчид ялгаагүй болсон доо. Ёкозүнагийн сарын цалин пүнлүү ямар байдаг, Таны даваа бүртээ авдаг олон бандгар дугтуйнуудад хэдий хэмжээний мөнгө байдаг юм бэ? Бас түрүү бөхийн энэ башёгийн бай хичнээн сая иен байсан бол гээд л...

-Миний өмнөх олон ёкозүна иймэрхүү асуултуудад хариулж байсан байхаа. Би ч  энэ талын хариулт хэвлэл мэдээллийнхэнд өгч байсан санагдана. Сарын цалин  гурван сая иен. Түрүүлсэн бөхийн бай шагнал 10 сая иен гэдгийг японд ч, монголд ч мэддэг байхаа. Дугтуйтай бооцооны хувьд нэгэнд нь 60 мянган иен байдаг. Түүнээс 5000 нь зардлын шимтгэл, 25000 нь сүмогийн холбоонд очоод гар дээр 30 мянган иен ирдэг. Сүмоч зодог тайлахад тэр 25000-ыг нь сүмогийн холбоо буцааж өгдөг журамтай юм.

-Таныг барилдахад их л олон туг гарч ирдэг. Тэр туг болгон дугтуй гэдэг. Дагваа ёкозүна бооцооны дугтуйны дээд амжилт тогтоож гэнэ. Хэтэрхий олон туг дэвжээнд гарч цаг их авч байна гээд туг, бооцооны тоонд сүмогийн холбооноос хязгаар тогтоож 30 болгож гэнэ гээд л манайхны зарим сонин хэвлэлд бичиж, тийм яриа гарч байв. Таны авсан бооцооны рекорд хэд бол?

-Асашёорюү аваргынх 52-д хүрчээ гэсэн тоо яригдаж байсан санагдана. Минийх ч тэнд бас хүрч байсан байх аа.

-Сая та түрүүлчихлээ. Өмнөх башёд Харүмафүжи, бас нэг башёд өчигдрийн үзүүрт үлддэг Какүрюү Ананд түрүүлчихсэн. Ахмад бөх Кёкүтэнхо Цэвэгням хүртэл нэг түрүү авчихлаа. Асашёорюү аварга 22 түрүүтэй зодог тайлсан. Монгол бөхчүүд халаа сэлгээгүй түрүүлээд байна гэдэг дургүйцэл япончуудад байдаг л байх даа.

-Өөрийнх нь сүмоч түрүүлээсэй гэдэг хүсэл япончуудад байлгүй яахав. Манай монгол сүмочид ч япон сүмочдоос хэн нэгэн нь түрүүлээсэй, ёкозүнатай болоосой гэж хоорондоо ярьж л байдаг юм. Япон ёкозүнатай болох хүсэл жирийн япон хүнд ч тэр, бас сүмогийн холбоонд ч бас байна. Кисэносато озэкид 14 давбал ёкозүна олгож болох юм гэдэг болзлыг сүмогийн холбоо гаргаж байв. Тэр болзлыг Кисэносато биелүүлж чадсангүй. Саяын башёд 13 түүнээс дээш давбал гээд болзлоо арай зөөлөн болголоо. Тэгтэл тэр бүр олон уначихлаа. Кайёо озэки нийтдээ тав түрүүлчихээд ёкозүна аваагүй шүү дээ.  Дараалж хоёр түрүүлбэл гэдэг болзлыг Кайёо биелүүлж чадаагүй юм. Миний мэдэхийн Точиазүма, Мияабияма нар ч бас нэг нэг түрүүлж байсан санагдана.  Түрүүлж байсан энэ бөхчүүдэд ёкозүна цол өгөөгүй атлаа түрүүлээгүй Кисэносатод ёкозүнагийн болзол  сонсгоод байгаа нь япон бөх түрүүлээсэй гэдэг их хүслийнх нь илрэл юм даа. Сүмо бол японы ард түмний үндэсний спорт. Тийм болохоор япончууд япон их аваргаа хүсэх нь зөв өө. Ийм хүсэлтэй байна гээд япончууд, сүмогийн холбоо монгол сүмочдод дургүйцэл илэрхийлэхгүй. Тийм байдал гаргахгүй соёлтой ард түмэн. Манай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн японд хийсэн айлчлалын үеэр эдний Ерөнхий сайд нь  200-гаад хүн оролцсон хүндэтгэлийн дайллага хийсэн юм. Сүмогийн тухай яриа хөөрөө болох үеэр Абэ сайд“...Сүмог олимпийн төрөлд  оруулчихбал монгол, япон бөхчүүд л бүх медалийг нь хуваагаад авчих байх даа...”гээд тоглоом наргиа болгож байсан. Ер нь монгол сүмочдод хандах хандлага дээр доргүй иймэрхүү л байдаг.

-Олимп гэснээс та  сүмог олимпод оруулбал хүч үзэхэд бэлэн хэмээн ярилцлага өгсөн байсан санагдах юм?

-Япончууд үндэснийхээ спортоос олимпийн төрөлд жүдог оруулсан ард түмэн. Тэгэхээр сүмогоо оруулж чадахыг бас байг гэхгүй. 2020 онд Токиод олимп болно. Аав минь яг тавин жилийн өмнө Токиогийн олимпод чөлөөт бөхөөр зодоглож мөнгөн медаль хүртэж байсан. Сүмо олимпод орчихвол ааваасаа дутахгүй медаль хүртэнэ гээд л үзэж таараа гээд бэлэг дэмбэрэлийн талаас тиймэрхүү агуулгатай ярьсан юмаа.

-Танай аав монгол бөхийн их аварга, Та өөрөө Японы сүмогийн их аварга. Аав, хүү хоёр их аварга гэж хэлж болох юм даа. Та удам залгасан хүүтэй боллоо. Хүү нь, ач нь хоёр их аваргаа залгамжилбал гэдэг бодол мөрөөдөл танд төрдөг үү?

-Тийм мөрөөдөл байна аа, байна. Аав, хүү, өвөө гээд гурван үеийн аваргууд байвал сайхнаа гэх мөрөөдөл байдаг юм ш дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг даа. Ер нь миний багын мөрөөдөл биелээд байна л гэж боддог шүү. Монгол бөхөөр, сүмогоор ч аав хүү хоёр аварга гэж манайд ч, японд ч байхгүй юм.

-Ваканохана, Таконохана гээд хоёр ёкозүна чинь аав хүү биш бил үү?

-Биш ээ, Ваканохана ёкозүна чинь Таканохана их аваргын аавынх нь ах шүү дээ. Сүмотой би их л багаасаа холбогдох хувь заяатай байсан юм шиг. Аав Токиогийн олимпод оролцохдоо авчирсан юм болов уу сүмогийн нэг сэтгүүл манай гэрт намайг зураг хөрөг ойлгодог цагаас л байдаг байсан. Японы бөхчүүд гэж ийм хүмүүс байдаг юм байна гэж би их л эрт  харж байж. Бас нэг нэртэй сүмоч монголд ирэхдээ аавтай уулзахаар манай гэрт ирсэнийг би санадаг юм. Би тэгэхэд зургаатай байж. Тэр нь сая миний ярьсан хоёр ёкозүнагийн өвөө 45 дахь ёкозүна Ваканохана байсан юм билээ. Тийм болохоор миний  хувьд сүмо тохиолдол биш хувь заяа минь байсан юм болов уу гэж би боддог.

-Сүмоч болсон түүх тань ч адармаатай юм билээ дээ. Гологдоод буцах гэж байсан үеийн тухай өөрөөс тань сонсмоор байна.

-Кёкүшюүзан ах, Кёкүтэнхо, Кёкүтэнзан Энхбат нар маань бидний сүмоч болох замыг тавьсан гавьяатай хүмүүс. Тэд хэд элчин дээр оргож очихдоо монгол руугаа буцчихсан бол, бас Ошима дэвжээний Ояакатагийн гэргий тэднийг гуйж уйлаагүй бол, Кёкүтэнзан Энхбат Ояакатагийн гэргийг өрөвдөж  нөгөө хэдийгээ  ятгаж үлдээгээгүй бол өнөөдөр монголчууд сүмод орох байсан ч юм уу , та бид хоёр ингээд энд сүмо яриад сууж байх байсан ч юмуу мэдэхгүй шүү дээ. Сүмоч болсон түүх маань адармаатай гэхээсээ юм юмны зааг ирмэг, ёстой л торгон ирэн дээр л шийдэгдээд яваад байж. Аавыг наадмын бэлтгэлдээ гарахад нь багадаа би дагаад л явдаг байсан. Арван хэд хүрээд бас ч гэж барилдаж бэлтгэл хийдэг болсон. Манай тэр галд Өсөхөө (аварга) , Батбаяр ах байсан байгаа юм. Бид нар сагс их тоглоно. Бага байсан болохоор би хоолоо барахгүй Батбаяр ахад өгнө. Дараагийн жилийн бэлтгэлд гарсан чинь тэр ах ирсэнгүй.  Би нэрийг нь санахгүй нөгөө их хурдан гүйдэг ах хаачсан бэ гээд л аав, бусад ахмадуудаас асуусан чинь Япон руу сүмо сурахаар явсан гэж байв.

 -Тэгээд удалгүй хуучин танил, хурдан гүйдэг ах таныг дуудсан гэл үү?

-Батбаяр ахын аав Даваа гуай аавтай уулзаад намайг япон руу явуулж сүмогийн сургуульд оруулах тухай ярьжээ. Аав  зөвшөөрсөн юм шиг байгаа юм. Би чинь таван хүүхэдтэй айлын бага хүү. Аав ээжтэйгээ хамтдаа унтана, тэд ч намайг гараасаа салгахгүй. Аавынхаа 44-ний жил дээр гарсан болохоор эрх талдаа. Манай аав бас аавынхаа 44-ний  жилд гарсан айлын 11 хүүхдийн нэг шүү дээ.  Эрдэнэсант руу аавынхаа хамаатан садан руу зуныхаа амралтаар цөөн хоногоор явдаг байсаныг эс тооцвол би гэрээсээ тэгтлээ хол явж үзээгүй амьтан байв.  2000 оны аравдугаар сарын сүүлээр Даваа ахтай, нэг орчуулагч бүсгүйтэй долоон хүүхэд япон нислээ. Осакад шууд онгоцоор очсон юм. Онгоцонд  анх сууж, үзэж байгаа нь тэр. Одоогийн Кансайд буусан юм. Нэлийсэн их уснаас өөр юм харагдахгүй байхад онгоц доошлоод, усан дээр л буух нээ. Ингээд л сүйрхнээ, яана аа гэж их айж явлаа. Далай руу далан тавьж байгуулсан болохоор онгоц буудаг нарийн зурвас нь нүдэнд харагдахгүй байж л дээ.  Осакад биднийг япон багшид тушаагаад Даваа ах буцлаа. Манай тэр дэвжээ сонирхогчдын болон мэргэжлийн сүмоч бэлтгэдэг компанийх байв. Тэнд сүмо сурангаа ажил хийж болдог сүмогийнхны сургууль курс маягийн юм байсан. Өглөө үүрээр босгож гүйлгэнэ. Их халуунд хүнд мавашитай гүйх амаргүй. Тэр нь гуя, цавь холгоно. Сунгалт таталтын дасгал хийнэ. Том биетэй бөхчүүдтэй заримдаа бэлтгэл хийнэ. Хийсээд л өгнө. Сар хагасын дараагаас л юм болов уу даа сүмогийн бололтой япон хүмүүс биднийг сонирхож нэг хоёроор нь дуудаж уулзаж, шилж эхэлсэн юмдаг. Кёкүшүюзан, Кёкүтэнхо нар сайн барилдаад, Асашёорюү аварга жүрюёод гарч ирээд л  дэвжээнүүд монгол бөх авах сонирхолтой болсон цаг үе байж. Хамт ирсэн хэд маань шилэгдэж явсаар байв. Сэншё Баярбат, Дайоко Шаравнямбуу хоёр нэг өдөр “борлоод” явчихлаа. Дараахан нь Моконами Базарсадыг бас нэг багш авчихлаа. Би тэгэхэд 15 настай 62 кг жинтэй 175 метр өндөр байв. Гологдож үлдээд байгаадаа гомдолтойхон байлаа. Сурахаар ирсэн гурван сарын виз  маань ч дууслаа. Тэр үед одооных шиг гэр оронтойгоо ярьчихдаг гар утас гэж байсангүй, 100 иен хийж ярьдаг гудамжны таксофоноор аавтайгаа ярьлаа. Хүү нь япон орон үзэж бэлтгэл сургууль хийж юм юм сурлаа. Та надад сайн багш олж байгаарай, хүү нь олимпод бэлтгэнэ гээд хэлчихлээ. Тэгээд л аавдаа нэг шил юм, ээж, ах, эгч нартаа  бэлэг сэлт авчихаад л маргаашийн онгоцоор явах гээд л оройхон багштайгаа, бусад найз нөхөдтэйгээ соёонара-раrty хийлээ. Тэр үеэр багштай Токиогоос нэг Ояаката ярилаа. Монгол сүмоч  авах гэсэн юм байх.  Рюү Санчирболд надаас  өмнө тэр дэвжээний бөх болчихсон байж. Түүнээс дүү хүүхэд байвал авъя гэж. Надтай үлдсэн хоёр аль аль нь надаас насаар ах байв. Би Санчираас нэг дүү байсан  юм билээ.  Манай багш намайг туранхай турь муутай хүү байгаа юм гэж үнэнийг л хэлж. Токиогийн Ояаката Санчираас л дүү бол хамаагүй гэсэн юм байх.  Удахгүй нэг хүн очно наад хүүхдээ өгөөд явуулаарай. Утсаар ийм л яриа хөөрөө болоод байгаа хэрэг шүү дээ. Намайг авах гээд байгаа Ояаката маань цагтаа дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан бие жижигтэй ч дайчин барилдаантай сүмоч байсан гэдгийг хожим нь би мэдсэн юм.  Ийм яриа болсоны дараахан манай дэвжээнд нөгөө хүн нь ирлээ. Токиогийн тэр дэвжээний хуучин сүмоч гэнэ. Ажлаар Осакад ирээд буцах гэж байгаад ояакатагийн даалгавраар намайг авахаар ирж байгаа тэр юм байна. Тэр хүн ч ер нь турь муутай хүүхэд байна шүү гэдгийг Токиод дуулгаж. Нас залуу нь үнэн л бол хамаагүй аваад ир гэж Токиогийн Ояаката хэлсэн юм байх. Тэгээд л маргааш өглөө нь түргэн галт тэргээр Токиод ирж дэвжээндээ очив. Нөгөө авч ирсэн хүнтэйгээ дэвжээний эзэн дээр орлоо. Намайг харангуутаа л цочих шиг болсон. Би чинь юу авчихваа гэж тэр бодсон байх. Тэгж л би энэ Мияагона дэвжээндээ ирсэн юм. Тэр шөнө Ояаката маань утасдаагүй маргааш өглөө болчихсон бол, Токиогоос тэр ахмад сүмоч Осакад ирж таараагүй бол би Кансайгаас маргааш нь нутаг руугаа буцчихсан байх байлаа. Сүмо ч болох хувь заяа минь яг л  хутганы ирэн дээр шийдэгдээд яваад байсан байдаг юм гэж би дээр хэлсэн нь ийм учиртай юм.

-Дэвжээний эзэн Ояаката тань таныг ингэж сонгож авсанаараа их бахархдаг байлгүй дээ.

-Баяртай байдаг биз дээ. Ер нь бид хоёр таарсан нь хувь заяа юм. Багшийн эрдэм, хөдөлмөр шавийн хүч чармайлт нийлж байж өнөөгийн үр дүн гарсан байхаа. Би дэвжээндээ ирээд бас ч гэж гологдож байлаа. Хуучин бөхчүүд манай Ояаката ер нь юу аваад ирэв ээ гэж байсан гэдэг. Сүмочид өдөр бүр бэлтгэл хийгээд байхад намайг тэгс ингэсхийгээд олигтой бэлтгэлд гаргасангүй хэд хонолоо. Бас л голж байгаа юм байлгүй дээ гэж дотроо бодоод, шар хөдөлж байв. Зууд 12 секунд гүйчихдэг, үндэсний бөхөөр мөнгөн медаль авч, сагсаар сургууль дүүргийн аварга болж  байсан тамирчин хүн шүү дээ би чинь. Манайд Ковэ гэж цолтой бөх байсан юм. Кёкүшюүзан тэр хоёр нэг үеийнхэн. Нэг өдөр манай дэвжээнд Кёкүшюү ах ирчихсэн түүнтэй яриад л... Тэгтэл Ковэ намайг заагаад  манайх ийм нэг шинэ бөхтэй болсон ер нь явахгүй байх аа, дэвжээний үсчин болгодог юм уу гэж байна гэнэ. Шар улам гозойно биз дээ. Сэтгэл санаа тавгүй, япон хоол, нөхцөлдөө дасахгүй болохоор улам л туниа муутай болчихсон байсан биз. Юм юм сонсоод “...Зүгээр ч нэг буугаад өгчихгүй дээ, гологдоод буцвал шившиг биз дээ, аварга аавын нэр хайран...” энэ тэр гэж бодож байлаа. Нэг өдөр багш миний хоол ундны дэг жаягт өөрчлөлт оруулж өдөрт хоёр удаа хооллож, таван литр сүү уулгах шийд гаргав. Баахан будаа идүүлнэ. Тэгээд л ихэнхдээ унтаж бай гэдэг заавар өглөө. Хоёр сар ийм дэг барив. Тарга хүч авч, хөлийн булчин их өвдөж байв. Гуравдугаар сарын эхээр  сүмогийн холбооны ээлжит үзлэг болж намайг жинлэж, хэмжив. Таван см өсөөд 180,  18 -аар нэмэгдээд 80 кг болчихож. Ингээд л гурван сарын дундаас сүмогийн тэвчээр хатуужил шаардсан бэлтгэлд орлоо доо. Өглөө үүрээр босоод хоёр цаг мавашитай гүйдэг юм. Тэр нь цавины хэсгийг цус шүүртэл холгоно. Нэг нэгнийгээ түрж дэвжээнээс гаргадаг тэр бэлтгэл миний хувьд их хэцүү нь байсан. Элстэй хатуу татами хөлийн улыг зулгалах гэж байгаа юм шиг л болно. Сөхөрч унатал бэлтгэл хийлгэнэ шүү дээ. Олон ч удаа уйлсан. Энд л дэвжээний багш дасгалжуулагч, Ояаката нарын ур ухаан гардаг юм билээ. Гурав дөрвөн жил ингэж нүдүүлээд л 2004 оны гуравдугаар сарын башёгийн жюүрёо зиндаанд түрүүлж, тавдугаар сарын Токиогийн башёд  макүүчид барилдлаа. Ингээд л их аварга руу бага багаар дөхөж эхлэв. Ер нь миний аз болоход ахмад бөхчүүд, багштайгаа сайхан харилцаатай байлаа. Тэдэнтэйгээ үг хэлээ ололцож чадахгүй таарамж муутайгаасаа залуу бөхчүүд сүмог орхих нь их байх юм билээ. Монгол залуус ч бас тэгж буцсан сонсогддог байв. Сүмогийн бас нэг хатуу нь нэг дэвжээнээс нөгөө дэвжээнд очно, шилжинэ гэж байхгүй..

-Хакүхо аваргын дэвжээ гэдгээрээ Танай Мияагона дэвжээ их нэр хүндтэй биз.

-Манайх эртнээсээ нэртэй дэвжээ. 24 дэх ёкозүна Отори, 43 дахь ёкозүна Ёшибаема  нар манай дэвжээнээс  төрсөн.

-Түрүүлсэн бөхөд баахан цом, шагнал өгдөг. Тэр шагналуудыг ер нь хаана хадгалдаг юм бэ? Танай дэвжээ рүү явах уу?

-Эзэн хааны болон манай Ерөнхий сайдын цом, гадаадын олон том цом ваар савууд сүмогийн ордондоо хадгалагддаг. Сүмо үзэх гээд гол хаалгаар орж ирэхэд ханын том үзэсгэлэн байдаг даа. Тэнд байдаг юм. Дагалдах шагналууд нь түрүүлсэн сүмочдоо ирдэг.

-Жилийн хэрэгцээний будаа, шар айраг, ус, ундаа  бас үхрийн мах хүртэл пүүс компаниуд амлаж байдаг даа. Тэр яадаг вэ?

-Тийм шагналыг дэвжээндээ хэрэглэнэ. Цунами болсоны дараа сүмочдыг би зохион байгуулж буяны ажил хийсэн дээ. Тэгэхэд манай дэвжээ эд материалын их зүйл тэнд гаргасан. Би гамшигт нэрвэгдсэн олон хот, тосгоноор орж хүмүүст сэтгэл санааны болон эд зүйлийн тус дэм үзүүлж байв.

-Жилийн хэдэн өдөр нь та гэртээ байдаг вэ?

-Гурван башё, тойргийн дөрвөн барилдаан өөр хотуудад болдог. Токиогийн  гурван башёгийн үеэр ч дэвжээндээ олон хоногийн бэлтгэл хийдэг. Ингээд бодохоор жилийн дөнгөж дөрвөн сар л гэртээ байдаг байх аа.

-Хүүхдүүдээ эрхлүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг тун хомс юмаа даа. Тэд хэд хүрцгээж байна.

-Том охин маань долоо, дунд хүү зургаа, бага охин гурван настай. Тэмцээн, бэлтгэлгүй үед аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг л боддог. Хүүхдүүдээ эрхлүүлэх цаг гаргана.

-Тэд монгол нэртэй юу?

-Том охин Юнрэнцоо, хүү Мөнхжаргал, бага охин Маяа

-Хүүхдүүд нь Монгол өвөө эмээтэйгээ аль хэр харилцаатай байх вэ? Дархан аварга өвөө нь, Тамираа эмээ нь ач нартайгаа хэл ам яаж ололцдог вэ? Мэдээж эрхлүүлж таараа? Хүүхдүүд монгол хэл мэдэх үү?

-Гурвуулаа монголоор хэдэн үг мэднэ.  Монгол өвөө, эмээгээ ирэхээр тэд “Сайн байна уу, үнсье”  энэ тэр гээд л ярина шүү дээ. Арав хүртэл тоо тоолж чадна.  Ач зээ нараа эмээ, өвөө нар яаж хайрладаг эрхлүүлдэг билээ. Манай гурвыг тэгж л эрхлүүлдэг. Хэл, ярианы бэрхшээл  гэж гараад байхгүй дээ.

-Танайх гэрийн үйлчлэгчтэй юу? Хүүхдүүд цэцэрлэг сургуульд явах уу? - Ямар сургууль соёлд тэд сурах бол? Монгол хэлээр тэд ярих уу?

-Хоёр эмэгтэй бий. Тэд гэр орны ажилд туслана, бас хүүхдүүд харна. Том охин маань сургуулийн өмнөх бэлтгэлд яваад эртнээсээ их нэр хүндтэй японы алдартнууд дээдчүүдийн сурч төгсдөг байсан тийм сургуулийн элсэлтийн тун хүнд шалгалтад тэнцсэн. Удахгүй тэр сургуульдаа орж суралцана. Тийм сургуульд тэнцээд орсонд нь би маш их баяртай байгаа. Охиноороо их бахархаж байгаа.

  М.Батгэрэл: КЕIО-гийн сургууль гэж байдаг юм. Эзэн хааны сургуультай эн зэрэгцэж яригддаг сургууль. КЕIО-г төгссөн хүүхдэд  японы бүх нэртэй их дээд сургуулийн үүд хаалга нээлттэй. Манай ач дүү чинь 1000-аад хүүхдээс “number one”-оор (нэгээр) гараад ирлээ шүү дээ. Сонссон япон, монголгүй шагшаад л байгаа. Та тэр монгол хэл энэ тэр гээд асууж л байна. Би чинь дүүгээ, бас энэ зээ нарыгаа монголтой нь ойрхон байлгах гээд энд байгаа юм ш дээ.  Саяако ч бас ойр зуурын монголтой. Монгол зан заншил мэднэ, хүндэлнэ.

-Хатагтай Саяоко  ажил алба эрхлэх үү?

-Япон бүсгүйчүүд хүнтэй суугаад л хүүхэд гаргаад ихэнхдээ гэрийн эзэгтэй болдог уламжлалтай юм. Тэр тусмаа гурав дөрвөн хүүхэдтэй бол бүр мэдээж. Саяако маань тэр жишгээр л хүүхдүүдээ харж,  хандаж хүмүүжүүлж миний ар талыг авч явна.

-Эзэгтэй чөлөөт цагаараа юу сонирхдог вэ? Театр, кино ший гээд явах уу?

-Япон эзэгтэй нар их олон дугуйлан курст явна, суралцана. Цэцгийн, оёмол хатгамалын, зургийн ч гэх юмуу. Манай  Саяако биеийн тамир, зургийн гээд хэд хэдэн дугуйланд явдаг. Завтай үедээ бид хүүхдүүдтэйгээ хамт гадуур явцгаанаа. Кино театрт очно.  Анх танилцаж байхдаа  ч кино үздэг байв.

-Яаж яваад та япон бүсгүйтэй гэрлэчихсэн юм бэ? Дэвжээнийхээ эзний охинтой гэрлэсэн юм гэнэ лээ гэдэг яриа манайхны дунд явдаг л байсан...?

-Зураг төөрөг гээд ярьдаг даа. Саяако бид хоёр тийм л зураг төөргөөр танилцаад гэр бүл болж гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болчихоод байна. Миний гэргий Токушима мужийн дунд хэрийн бизнестэй хүний охин. Аав нь Асашёорюүгийн фен байсан юм болов уу даа, тэдний дэвжээнийхний хүлээн авалтад гэргийтэйгээ, охинтойгоо ирж, Дагваа ах тэнд“Хоёр дүүгээ уринаа” гээд Ама бид хоёр тэнд орж байв. Тэр үеэр япончууд сүмочидтой зураг хөрөг авахуулаад, танилцаад л чөлөөтэй байдаг юм. Саяако ээжтэйгээ бидний ширээнд суудал  таарч бид хэд танилцаж зураг хөрөг боллоо. Тэр өөрийгөө Токиод сурдаг оюутан гэж байв. Надтай зураг авахуулахад нь миний утсаар Ама авсан юм. Зургаа авмаар байвал хаягаа өгөөрэй гэж Ама тэр бүсгүйд тоглоом шоглоомоор хэлээд би түүнийг нь далим болгож  утасны дугаар, имэйл хаягийг нь утсандаа хийж авсан юм.  Тэгэхэд Саяакогийн үс нь бор шаргалдуу байв. Охид голдуу хар үстэй байдаг даа. Үсээ будчихсан эгчмэд бүсгүй байна даа гэж бодож сонирхож байв. Саяако намайг бас өөрөөсөө ах залуу байна гэж бодсон байгаа юм. Миний хоолой тэр үед саке уугаад, бас дуулж хашгираад сөөнгөдүү болчихсон байв. Японд 20 хүрч байж архи дарсанд ам хүрдэг хуультай юм. Сүмочид, гейша нарын хувьд хэдий хуулийн насанд хүрээгүй ч гэсэн архи дарс зөвшөөрөгддөг бичигдээгүй хуультай юм билээ. Би 18-тай байлаа. Бага шиг  халамцуу бас хоолой нь сөөнгө бүдүүндүү болохоор ах хүн байна гэж Саяако тэр үед бодсон юм билээ. Тэгтэл би түүнээс нэг дүү байдаг. Тэр орой ингэж танилцаад  явав. Үеийн бүсгүй хүнтэй үг сольж ойр байж огт үзээгүй хүн шүү дээ би чинь. Маргаашаас нь мессеж бичиж хааяа утсаар ярьдаг болов. Юу ярих, яаж тэр бүсгүйтэй харьцах тухайгаа бас бодож өөрийгөө бэлтгэж байв. Урьд өмнө нь охид бүсгүйчүүдтэй найзалж байгаагүй болохоор ингэж хэлбэл яадаг бол, тэгвэл яах бол гэх эргэлзээ тээнэглэзээ их байлаа. Ихэнхдээ мессежээр харилцана. Катагани сайн мэдэхгүй болохоороо киреганигаар ихэнхдээ бичнэ. Дэвжээнийхээ бөхчүүдээр бас туслуулна. Чамд сайн болсон энэ тэр гээд хэлмээр байдаг яаж хэлэхээ сайн мэдэхгүй. Тэр үеэр Солонгосын “Өвлийн хайрын домог”ч билүү тийм олон ангит нэг кино телевизээр гарч байсан юм. Тэрнийг оройдоо үзэж тэндээс нэлээд суралцдаг байв. Манай монголд ч бас гарч байгаа гэж ах нар хэлж байв.“Хайранд үг байхгүй...”, “Хайр гэдэг бол амтат бал...” гэдэг ч билүү киноноос сонссон иймэрхүү үгнүүдийг түүж бичээд явуулна шүү дээ. Одоо бодоход инээдтэй ч юм шиг.

М.Батгэрэл: Юу нь инээдтэй байх вэ. Арван дөрөв тавтай япон явчихсан балчир амьтан чинь хайр дурлал энэ тэрээ гэдгийг монголдоо мэдэхгүй байгаад л явахгүй юу. Үерхдэг, захиа занаа бичдэг найз охин ч манай Даваад байхгүй байлаа. Аав ээжийн өврөөс гараагүй балчир амьтан л япон явсан шүү дээ. Тэгээд л Саяако жаахан тал өгөхөөр татагдахгүй хаачихав.

Саяако ч хөвгүүдтэй найзалж байгаагүй юм билээ. Тийм болохоор миний бичсэн, хэлсэнийг тийм л байх ёстой, тэгдэг л юм байлгүй гэж хүлээн авч байсан байгаа юм. Нэг сайхан өдөр зориглоод “...Би чамд хайртай” гээд бичээд явуулчихлаа. Тэгтэл гай болж гадуур хийдэг нэг бэлтгэлийн үеэр гар утсаа хаячихлаа. Саяакогийн утас хаяг тэнд байсан юм. Тэгээд л түүнтэй холбоо тасрав. Хоёр гурав хоногийн дараа сүмочид Шанхай явж үзүүлэх барилдаан хийх товтой байсан юм. Тийшээ явж нэлээд хэд хоног болов. Токиод буцаж ирээд ч Саяакотой холбогдох арга байсангүй. Би дээд зиндаанд гараад ирчихсэн, тавдугаар сарын башё эхлэх гээд бэлтгэл, сургууль ихтэй завгүй байлаа. Саяаког бас ч гэж санаад, хайгаад байдаг. Олох итгэл найдвар муутай байлаа. Миний сүүлийн зоригтой мессежинд ямар хариу өгсөн бол гээд л бодох, таах юм бишгүй. Таван сарын башёд Асашёорюү түрүүлж, би дайчин барилдааны шагнал авч баяртай байв. Хувцас солих өрөөнд бид баяр хөөр болоод байж байтал Саяако аавтайгаа ирчихсэн аав нь Асашёорюүд баяр хүргээд явж байлаа. Саяако над руу хүрч ирлээ. Баярлаж, тулгамдсандаа болоод юу хэлэхээ мэдэхгүй сууж байв. Одоо тэгээд яавал дээр вэ?” гэж Саяако асууж байна. Сандарсандаа болоод “Дэвжээ рүү захиа бичээрэй...” гэж би хэлээд л бидний уулзалт өндөрлөв. Хувцасны өрөө рүү гадны хүмүүс орох хориотой, бас сүмогийн холбооныхон, албаныхан голдуу байсан болохоор ярилцах илүү боломж гараагүй юм. Хэд хоногийн дараа дэвжээний хаягаар захиа ирж бид хоёр дахин холбоо тогтоолоо.

- Таны таг чиг болсон учир начир, таны “хайраа” илчилсэний хариу  дахин яригдав уу?

-“Ийм яриа арай түргэн, эртэдсэн юм биш үү..” гэж Саяако надад хариу өгсөн байгаа юм. Утсаа хаячихсан учраас тэр хариуг нь би аваагүй хэрэг. Тэгээд л сар шахам таг чиг. Саяако ч гайхсан. Тэгж хариулах нь буруу байсан юм болов уу, яаж хэлэх байсан юм бол гээд л... бодсон гэж байгаа. Сүмогийн ордонд ирээд надаас “Яавал дээр вэ” гэж асуудаг нь нөгөө гайхашрал, эргэлзээтэй нь холбоотой байж. Таг чигийн эргэлзээ тайлагдаж бид хоёр хуучнаараа утсаар ярьж, захиа, мессежээр харилцаж эхлэв. Долдугаар сарын башё дундаа орж байхад “Хакүхо танаа, Би чамд хайртай, хичээгээрэй” гэсэн мессеж Саяакогоос ирлээ.  Үерхээд найзлаад нэг хоёр жил болсоны дараа “Чи эхлээд л надад хайртай, дуртай гэж хэлсэн шүү дээ...”гэж би түүнийг цаашлуулдаг юм. Тэр “Үгүй ээ,  та л тавдугаар сард надад анх тэгж бичсэн шүү дээ гэж, би тэр бичиг мессеж хоёр алга болж эд мөрийн баримт устсан учир миний хувьд “Чи л анх надад хайртай гэж хэлсэн” гэж тоглоом хийдэг юм.

М.Батгэрэл: Саяако их гоё захиа  бичнэ шүү дээ. “Хүндэт Хакүхо Танаа, заримдаа Хүндэт М.Даваажаргал Танаа, танд амжилт хүсч баяр хүргэе, хичээгээрэй гэх ч юмуу. Тэгээд бүр монголоор кирилл үсгээр бичнэ. Цаасаа хүртэл гоёыг сонгоно. Гоё зураг зураад, цэцэг навч наагаад хачин чамин захиа ирүүлнэ шүү дээ. Япон хүмүүс чинь  бичиг захидлын их эртний соёлтой ард түмэн юм. Аав, ээж, нутаг орноосоо хол байгаа  хүүхдэд иймэрхүү чин сэтгэлийн халамжтай захиа бичихээр чинь хүний үр энэ амьтан чинь уярахгүй хаачихав.

-Саяако хатагтай Монголд  аль хэр олон очсон бэ? Монголоос юу их таалагдаж юу нь огт санаанд нь нийцдэггүй вэ?

-Надтай танилцахаас өмнө аав ээжтэйгээ монголд аялаж байсан юм билээ.  Аав нь монголчуудтай танил, бас Асашёорюүг хүндэтгэж, барилдааныг нь үзэж уулздаг баяр хүргэдэг тийм танил байсан юм байх. Саяако надтай суугаад монголд  хэд хэд очсон. Тэр нь, энэ нь таалагдахгүй байна, болохгүй байна гэж ер ярьж байгаагүй.

-Өвөл ер нь ирж байсан уу? Утаа, тоос, машины түгжрэл гээд хэцүү юмнууд байдаг шүү дээ?

-Нэг хоёр удаа ирж байсан. Хэцүү юм байна, муу муухай юм байна гэж огт ярихгүй шүү. Би “Сүмогоос буугаад би монгол руугаа бүр явна шүү дээ. Чи чадах уу гэдэг юм. Тэгэхээр явна, чадна аа л гэнэ шүү дээ”. Хакухо хаана байна, хүнд хэцүү байсан ч хамтдаа байна гэдэг л хүн дээ. Өнгөрсөн зун наадмын дараахан хамт ирээд би түрүүлээд буцсан. Саяака хүүхдүүдтэйгээ Хүй долоон худгийн тэнд амралтын газар тав хоносон. Их сайхан байсан гээд л магтаад байна лээ.

-Багадаа Та хөдөө аль хэр явж байв?

-Аавын нутаг Эрдэнэсант руу багаасаа их явсан. Хөдөө мал дээр байдаг аавын хамаатан садныханд зуныхаа амралтыг өнгөрөөнө. Хонь хурга хариулна. Усанд явна, аргал түүнэ, мод түлээ  хагална. Морь их унана. Ойчно, бэртэнэ гээд хамаатнууд маань хурга ишиг эргүүлэх төдийд явган их гүйлгэнэ ээ. Хонь хариулаад өдөржин явахад чинь их өлсөнө шүү дээ. Голдуу айраг тараг, сүү гээд махан хоол, боов боорцог ховордуухан. Гэрээ, аав ээжээ бас их санана. Ер нь өлсөж, зовж, бэрхшээл туулж байж юманд хүрдэг юм биш үү.

М.Батгэрэл: Зуны амралт эхлэнгүүт л ах, дүү бид хэдийг манай аав, ээж хөдөө явуулчихдаг байв. Тэгээд л нэг хэсэг мартана шүү дээ. Хөдөөнийхөн чинь оройдоо л хоол хийнэ. Өлсөнө, гэрээ санана, уйлна. Бид чинь хотод байхдаа өлсөж цангах гэдгийг тэр бүрий мэдэхгүй, аваргын хүүхдүүд шүү дээ. Аав биднийг багад “...Өлсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг нар гэж бүү бод” гээд л их сургадаг байсан юм. Тэр философиороо биднийг хүмүүжүүлэх, хатуужуулах, борогшуулах гээд л зүтгэж байж. Нар салхи үнэртүүлсэн бов бор, хав хар хүүхдүүд л намартаа буцаж ирдэг байлаа. Бие дааж, бага сага бэрхшээлийг давж сурах аав ээжийн тэр үеийн шийд шийдвэр ач тусаа өгсөн байхаа гэж боддог юм.

-Та нар нутагтаа амрахдаа хаана хонож өнждөг вэ? Зочид буудлаар байх уу? Төрсөн гэртээ гэх юмуу даа, дархан аваргынхаар хонох уу?

-Аавынхаар очдог юм аа. Үнсүүлээд л, адис аваад л гарна шүү дээ. Авгай, хүүхэд гээд олуул болохоор хонож өнжихгүй.

-Тэгэхээр хаана ямар буудалд ихэнхдээ байрладаг вэ? Би зочид буудлын нэр хүнд тодорхойлох гээд байна л даа?

-Бид хотод нэг байртай юм аа. Тэндээ байдаг.

-Хаус  уу?

-Үгүй дээ, хотын төвийн шинэ байранд  авсан орон сууц

-Токиодоо танайх ямар дүүрэгт, ямар байранд хэдэн өрөөнд амьдардаг вэ?

-Гынза дүүрэгт орон сууцны байшинд дөрөв таван өрөөтэй байранд амьдарч байна.

М.Батгэрэл: Гынза бол японы нэр хүндтэй дүүрэг. Ёкозүна жирийн дүүрэгт нийтийн жишгийн байр сууцанд амьдарч сууж байна гэж бараг байхгүй л дээ. Эдний бичигдээгүй хууль гэх юм уу даа. Тэгээд монгол ёкозүна ямархуу байхыг бас олон нүд ажиглаж байдаг биз. Тийм болохоор монголдоо байхдаа ч бас анхаарахгүй байж болохгүй л дээ. Олон япон  хүн  заримдаа ч сурвалжлагч, сэтгүүлчид  дагалдаад ирдэг. Ер нь Ёкозүнагийн эргэн тойрон энэ зиндаанд байх ёстой гэх маягийн шаардлага шалгуур байна шүү. Том охины сургууль соёлыг ч тэд харж сонирхож л байгаа. Ордог дэлгүүр хоршоо, хооллодог ресторан, хэрэглэдэг унаа машин, хувцас хунар бүгд л дээд зиндаа байх ёстой гэнэ шүү. Жирийн дэлгүүрээс жирийн хувцас хунар авч байвал энэ ёкозүна чинь ийм хямдхан хүн юм уу. Сүмогийн холбоо юугаа харж байдаг юм бэ энэ тэр гээд японы хэвлэл мэдээлэл шүүмжилнэ шүү.  Сүмо бол хатуу ертөнц.

 -Барилдах ирээдүйгээ Та 2020 оны олимп гээд тодорхойлчихсон. Тавин нас гараад ирэхээр гээд яривал...Точинонадо, Таманишима сүмогийн ордоны  үйлчилгээний хөх хувцастай хуанли зарж, бас озэки Кайяо тийм хувцастай башёгийн төгсгөлд дэвжээ янзлуулаад  явж байна лээ. Та яах бол гэж асууж байгаа юм л даа. Их аваргууд зодог тайлаад сүмогийн удирдлагад орох нь элбэг юм шиг. Китанофүжи, Майноми, Таканохана нар шүүгч,  ёкозүнануудын зөвлөлийн гишүүн энэ тэр гээд явдаг. Та тийм зам руу орох болов уу? Тийшээ орох бол японы иргэн болох ёстой юу?

- Сүмочдын ирээдүй тийм ч амар биш ээ. Цолныхоо хэмжээнд хүрч барилдаж чадахгүй бол доошоо яваад өгнө. Зодог тайлахаас өөр  аргагүй болно. Барилдаж байхдаа ямарваа нэг бизнес хийж болохгүй. Машин тэрэг жолоодож болохгүй гэдэг хатуу дүрэмтэй. Өндөр цолтой сүмоч доод бөхчүүдээ харах халамжлах журамтай. Хоолонд хамтдаа орвол цолтой нь цолгүй бөхөө  даана гэх жишээтэй. Ёкозүна нэг ресторанд ортол олон сүмоч тэнд тааралдвал бүгдийнх нь хоолыг ёкозүна даана. Нэг удаа Аморе мужид явж байгаад санамсаргүй тохиолдлоор зуу шахам сүмочийг ресторанд дааж билээ.  Тэтгэвэрийн тухай ярихад арай эрт байна. Зодог тайлахаараа яах вэ гэдэг ч хариулахад бас хүнд. Гэмтэж бэртчихгүй байх юмсан гэж  хичээдэг. Хүнд гэмтэл авчихвал зодог тайлахаас аргагүй болно шүү дээ. Тэгэхээр ирээдүйд тийм ийм байна гэж хэлэхэд амаргүй. Нэг башёгийн үеэр NHK-ийн тайлбар хийдэг нэртэй тоймч миний тухай ярьж байсныг би сонссон юм. “Хакухо аварга олон түрүүллээ. Япончуудын дунд ч өндөр нэр хүндтэй байна. Цунамигийн үеэр буяны олон ажил зохион байгуулж гамшигт нэрвэгдсэн олон хүнд тусласан. Сүмогийн холбооны олон ажлыг өөр дээрээ авч явна. Хүнд үед холбооны нэр хүндийг нь бас өргөж явна. Ингэж сайн барилдаж байгаад гэмтэж бэртвэл яах вэ? Тэгээд яваад өгнө. Сүмогийн холбоо Хакүхог алдаж болохгүй. Зодог тайлах боллоо гэвэл иргэншлийн элдэв болзол тавихгүйгээр Хакүхог авч үлдэх хэрэгтэй...” гэх мэтээр өөрийнхөө саналыг хэлж байсан. Иймэрхүү санаа бодолтой нэр хүндтэй хүн сүмогийн ойр тойронд байдаг юм байна гээд би баяртай байгаа.

-Аавтайгаа хамт Та Төв аймгийнхаа 90 жилийн ойд оролцоод явсан. Бас нэг өвөл цагаан сараар хамт золголт хийж явахыг зурагтаар хальт харж байсан. Аав, хүү хоёр аварга монголд энд тэнд явахаар хөл хөдөлгөөн хөөр баяр их болно биз. Бүчээд л хучаад л бас ч төвөгтэй байдаг байх даа

-Хүн бүрт л сонирхолтой байдаг байх. Мэнд ус мэдэлцэх, аль болох гар барих, золгох гээд л хүмүүс шавнаа. “90 жилийн ой гээд  сүр болоод байх юм юу байдаг юм. Хүрээ орж мөргөөд буцах зардалгүй болсон нутаггүй цагаачид суурьшчихсан газар шүү дээ, хөөрөөд л хөрөнгө мөнгө үрээд байх юу байдаг юм...” гээд л аав ярина шүү дээ. Цагаан сараар бид хоёр гандан хийдэд очсон. Хүн амьтан аав хүү аваргатай таардаг нь мөн сайханаа гээд л золгох гээд зүтгэж байв. Аав авч хэлэлцдэггүй. Дараа нь аавд та настай ахмадуудтай золгочихгүй дээ гэсэн чинь  бүгд л цувчихна шүү дээ яаж би тэр олон хүний хөлстэй хацарыг өөртэй нааж байх юм бэ гэж байсан юм.

М.Батгэрэл: Манай аав ч бодож санаснаа хамаагүй ярина. Шулуухан, цагаан цайлган хүн шүү дээ. Та түүнийг нь хамаагүй бичиж орхиузай, нөгөө Төв аймаг, нутгийнхан нь гомдоод сүйд болно шүү дээ.

-Гайгүй байх аа. Дархан аваргын иймэрхүү яриаг монгол даяараа л мэднэ шүү дээ. Аварга ч нутаг усаа, монгол түмнээ улам сайн сайхан болоосой гэдэг санаанаас ч заримдаа шүүмжлэх егөөдөх аястай хэлдгийг нь хүмүүс ойлгодог, бас санаа нийлдэг шүү дээ. Тийм зэргийг тэр хэлэх эрхтэй ч хүн. Энд ирэхээр сүмогийн холбоо түүнд бас хүндтэй хандана биз?

-Хүндтэй хандана аа, сурвалжлагчид нь яриа ярилцлага авах гээд л гүйцгээнэ.

-Манай Дагваа аваргыг зодог тайлуулчихлаа. Сүмогийн холбоо хатуурхчихав уу даа гэсэн сэтгэгдэл монголчуудад байдаг. Та энэ үйл явдлыг ер нь яаж харж байв? Хакүхо аварга уйлсан гээд л мэдээ мэдээлэл байсан.

-Миний хувьд их л хүнд байсан. Японы нэг сурвалжлагч Асашёорюү аваргатай барилдаж байсан хамгийн дурсамжтай мөч юу байна гэж надаас асуусан юм. Миний нүдийг нулимс бүрхээд явчихлаа. Асашёорюү аварга миний сайн ах, сайн өрсөлдөгч байлаа.  Анх 19 настайдаа би их аваргыг ялж маш их баяр хөөр болж авсан бооцоо шагналынхаа мөнгийг багшдаа, ээждээ, бас багшийнхаа эхнэрт хувааж өгч байлаа. Энэ баярт мөч яг өнөөдөр тохиож байгаа юм шиг тийм сэтгэгдэл төрөөд өөрийн эрхгүй нулимс нүд бүрхчихсэн юм. Сүмо бол дэг жаяг, журам дүрэм  хатуухантай ертөнц гэдгийг би дээр хэлсэн дээ. Спорт гэхээсээ үндэсний зан заншил, шашны дэг жаяг нь заримдаа илүү давамгайлах шинжтэй  байх шиг. Сүмог япончууд шашин талаас нь их харж сонирхдог. Сүмогийн ёкозүнагийн бүс авах  ёслолыг эдний хамгийн том Мейжийн сүмд зохион байгуулдаг.  Сүмийн үүдний дээд хэсэгт байдаг тууз маягийн  юм байна аа даа яг тийм томсон мушгиатай торгон олсоор ёкозүнагийн бүс, торгон өмсгөлийн доогуурх эмжээрийг хийсэн байдаг юм. Түүнийг та анзаарсан уу үгүй юу? Сүмогийн ордон дахь барилдаан  сүм хэлбэрийн бас тийм томсон олстой асар дор явдаг шүү дээ. Ус, давс, сэлэмтэй ёслол алхаа гишгээ бүгд л шашны эртний хэлбэр загвараараа уламжлагдаад ирсэн тэр хэвээр байна. Сүмог шашинтай холбочихсон, ёкозүнагаа бас тэгж холбочихоод баригдмал байлгах гээд байдаг тал бий байх.

Сүмо, жүдо, акидо, кэндо  гээд л японоос үүсэл гаралтай олон спорт байна. Энэ бүх төрөл нь япон жаягаараа бол хашгирч болохгүй, гараа зангидаж болохгүй,  өрсөлдөгчөө дээдэлнэ, хүндэлнэ гэх ч юм уу олон шаардлага шалгууртай юм билээ. Миний нэг танил ахмад япон хүн жүдогийн дэлхийн аварга үзэж байгаад энэ бол жүдо биш болсон байна гээд толгой сэгсэрч байсан. Аварга болсон залуу өндөр өндөр үсрээд, гараа зангидаж хашгираад  дэвжээ үнсээд л сүйд болж байсан. Ялагдсан бөх нь салтаан доор нь хэвтэж байхад дээр дээр үсрээд л...гээд миний танил шүүмжилж байв.

М.Батгэрэл: Асашёорюүг зодог тайлахад Хакүхо уйлсан шүү. Нэг хэсэгтээ л эвгүй хэцүү байсан байх. Ер нь ёкозүногоо эднийхэн чинь бурхан, бурхны хүү гэж үзнэ шүү. Тэр олс, сүм, сүмо бүгд л нарийн холбоотой юм билээ. Тэгээд ёкозүнагоо бас бурхан шиг байлгана гэнэ. Тэр жолоо барьж болохгүй, бас мөнгөний хойноос явж бизнес хийж болохгүй гэдэг чинь шашны философитой нь холбоотой байх. Тэр байтугай ёкозүна цүнх ч барьж болохгүй гэнэ шүү дээ. Ёкозүнатай уулзаж учрах хүсэлтэй хүн амьтан ч их. Бие давхар бүсгүй хүн ёкозүнагаар нэг илүүлчихвэл хүндрэлгүй сайн сайхан төрнө, хүүхэд нь ч ийм хүн болно гэх юм уу тиймэрхүү яриа хөрөө ёс жаяг байдаг юм билээ.

-Шашны тэр баригдмал дэг жаягийг нь Дагваа аварга зөрчөөд зодог тайлахад хүрчихсэн юм болов уу?

- Ер нь аварга хүн аархал, бяралхал гаргаж байж сайн барилдана шүү дээ. Тэр нь чөлөөтэй сайн гарч байж илүү ялж дийлнэ.  Асашёорюү  аваргын энэ чанар нь зарим хүмүүст өөрөөр ойлгогдсон юм болов уу даа. Зодог тайлах тэр үйл явц маш түргэн зуур болоод өнгөрсөн болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Японы их аваргуудын тухай ахмад бөхчүүдийн ярьж байгааг сонсож байхад янз янзын авир гаргаж янз янзын хэл аманд өртсөн алдартнууд бас байсан юм билээ. Цаг үе тэгэхэд бас өөр байсан байх л даа.

-Япон  126 сая хүнтэй. Токио гэхэд л 12 сая. Монголчууд дөнгөж гурван сая дөхөж байдаг. Тэгсэн мөртлөө энэ олон сая хүнтэй айлын үндэсний сүмог эзэгнээд монгол залуучууд бүр танаар аваад яривал гологдоод буцах гэж байсан турь муутай хүү 28 түрүүлчихээд байдаг. Дөрвөн түрүү авбал японы сүмогийн дээд амжилтыг эвдэх болох нь. Хүн амын тооны харьцуулалт хийхээр ийм амжилт боломжгүй юм шиг. Хүний хүч чадал, чанарт байна уу, нууц нь юу юм бол гэх гээд байна л даа би.

-Хүндхэн л асуулт байна. Хүний тоо, хөгжил дэвшил гэхээр хол зөрүү их бий. Киотогийн нэг эрдэмтэн профессор япон хүний идэж ууж буй хоол хүнсний нарийн судалгааг дайны өмнөх, хойтох үе гээд харьцуулж гаргасан тухайгаа ярьж байсан. Монголчуудын хоол ундны судалгаа бас хийжээ. Тэгээд ёкозүна Хакүхо  багадаа, хүүхэд насандаа одоогийнхоо их аваргын хэмжээнд байх хүч чадлыг бий болгох хоол хүнсийг идэж ууж байсан байна гэдэг дүгнэлт хийжээ. Тэр тухайгаа зориуд надтай уулзаж ярьж байсан юм. Тэгэхээр би амжилтаа монгол нутаг ус, монгол малын сүү сааль, ашиг шим, аав ээж, удам судартайгаа холбож ойлгох нь зүйн хэрэгээ гэж боддог юм.

-Танд сүмогоос өөр хобби ч гэх юмуу сонирхол, сонирхдог юм юу байх вэ? Шатар даам ч гэх юм уу, өөр төрлийн спорт?

-Сүүлийн үед сагс тоглож байгаа. Амралтын өдрүүдээр манай зарим сүмочид, NHK-ийнхэнтэй сагсны тэмцээн хийнэ. Хожигдсон нь хоол даах бооцоотой. Багаасаа байрны гадаа сагсдаж цөөнгүй пүүз урсаных бооцоогоо алдаад байхгүй шүү. Ангийн, сургуулийн шигшээд тоглож дүүргээсээ медаль хүртэж байлаа. Тэгээд ээжээрээ фирмийн шинэ пүүз авахуулсан юм. Дор нь урчихдаг шүү, гамтай өмсөнө шүү гээд л ээж үглэж байна. Би ч нүдийг нь хариулж байгаад  өмсөөд л байрны өмнөх шит рүү гарна шүү дээ. Нэг шуургатай өдөр манай өмнөх талбайд хоёр хүүхэд сагсдаж байна гэнэ. Ээж цонхоороо харчихаад “...Ямар  айлын нүдний булайнууд нь энэ хар шуурганаар ингээд тоглож байдаг байна. Бөмбөг нь ч харагдахгүй байхад...” гэж байж. Удахгүй шуурга бүр  ширүүсч би бөмбөгөө бариад ороод ирэхгүй юу. Гантогтох бид хоёр сагсдаж байсан нь тэр. Бөөн инээдэм.

-Баянаа аваргын Гантогтох уу?

-Тиймээ. Тэднийх манай урд талын байр, бид нийлж сагсддаг байсан юм.

-Сая орж ирэхэд гольфийн цохиур байх юм. Бас шатар даам гээд би асуусан даа?

-Багаасаа шатар тоглосон. Аав миний багш шүү дээ. Шатраар аав зэрэгтэй байх. Сайн нүүнэ. Би олон хожигдсон. Харин өнгөрсөн жил Осака башёгийн үеэр ирэхэд нь нэг хожсон. Тэр башёд би тааруу барилдаад нэг хоёр уначихсан байв. Миний сэтгэл засаж тоглосон юм байна даа гэж би дараа нь ойлгосон. Сүүлийн жилүүдэд гольф сонирхож тоглож байгаа. Стресс сайн тайлах юм. Тоглоод  явж байхад чинь сүмог таг мартана шүү дээ. Өвс ногоо, гол устай газар тоглоно. Монголынхоо хөдөө байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрнө. Нутагтаа ч бас нэг тоглосон.

- Хэн хэнтэй тоглов? Тэд аль хэр юм бэ?

-Манайхан чинь өөрсдийнхөө дассан талбайд сайн юм билээ. Хүрхрээгийн “Скай резорт”-ын шинэ талбайд тоглосон. MCS-ийн Оджаргал ах, банкны Золжаргал, Алтай констракшны Бат-Эрдэнэ, Өлзий гэсэн олон сайн гольфчин байсан.

 -Саяхан та Оросын дүрэмгүй зодооны аварга Фёдор Емельенкотой гар барилдаан хийгээд ялагдчихлаа. Японы сүмогийн их аваргыг ОХУ-ын алдартан яллаа гээд л оросын хэвлэл, телевиз мэдээлж байв. Тэр их чадалтай байв уу?

-Үгүй дээ. Тэмцээний өмнөхөн японы гар барилдааны мэргэжлийн удирдлагууд, Фужи телевизийнхэн намайг тайвшруулаад хөөргөчихсөн байв. Фёдор далай дамжиж нисээд ядруухан байгаа, тэгээд ч тэр олигтой бэлтгэл хийж амжаагүй энэ тэр гээд л...Тэмцээний танхимд  ирээд л өрсөлдөгчөө анх харсан юм.  Нэг жижигхэн нөхөр л харагдав. Би дор нь дарчихна гэдэг итгэлтэй ширээнд суув. Дохио дуугарлаа, дор нь дарчихна гэсэн чинь хоромхон зуур даруулчихлаа.  Ёстой л бөх хүн бүдүүн өвсөнд гэгч юм болсон.

-Дасгал сургуулилт муу хийсэн хэрэг үү?

-Гарын хүчний дасгал, туухай, туйван өргөх сургуулилтыг нэлээд хэдэн өдөр хийсэн. Тактикаа сайн бэлтгээгүй хүч, гарын хүчээ биетэйгээ холбож  бэлтгэл хийж чадаагүй юм билээ.

-Түүнийг хаанаас зохион байгуулсан юм бэ?

-Фужи телевизийн бооцоотой шоу. Телевизүүд үзэгчид татах тийм шоу байсхийгээд л зохион байгуулдаг юм. Маргааш нь төдөн сая үзэгчид манай энэ нэвтрүүлгийг үзлээ, үзэгчдийн тоогоор тэргүүллээ энэ тэр гэх мэтээр телевизийн сурталчилгаа нь явдаг юм.

-Ялагдчихаад санаагаар унав уу? Кисеносатод ялагдахаас хэцүү байв уу?

-Сүмочидтойгоо бол дахиад таарч барилдана, Фёдортой дахин учрахгүй нь харамсалтай. Ялагдал хор шар хөдөлгөлгүй яахав. Тэр орой нь манай монгол сүмочдын шинэ жилийн үдэшлэгтэй байсан юм. Тэнд очоод нөгөөдүүлтэй гар барилдаан хийж бүгдийг нь дараалан ялж бага ч гэсэн тайвширлаа. Маргааш нь хоёр гарын шуу цул өвчин, хөндүүр байв.

-Гэртээ байхдаа Та ямар хоол унд голдуу иддэг вэ? Гурилтай шөл, бууз, хуушуур гээд л ярьдаг даа. Монголоос мах шөл авах уу?

-Боломж байвал монгол хоол идэхийг бодно. Би цуйванд дуртай. Аав, ээж, ах дүү нар монголоос мах аваад ирвэл дуртай л иднэ шүү дээ. Үргэлж аваад байна ч гэж юу байхав дээ. Одоо ч шууд онгоц ирдэг болохоор хангамж гайгүй дээ.

-Цуйван хэн хийх вэ? Та өөрөө хийх үү? Эсвэл хатагтай Саяоко хийдэг юм уу?

-Саёоко монгол хоол хийнэ. Бууз, хуушуур ч хийгээд сурчихсан. Янзын сайхан цуйван хийнэ шүү дээ. Эхэндээ хэцүүхэн юм хийгээд “наадхыг чинь нохой ч тоож идэхгүй гэж хэлээд түүнийгээ уйлуулж байлаа. Бантан ч сайн хийдэг юм. Өчигдөр нэлээд явуулчихсан, бантандвал бантандчихмаар л байна шүү. (бүгдээрээ сүрхий инээв)

-Өчигдөр та гайгүй сайн татчихаа юу?

-Башё дөхөөд бэлтгэл эхлэхээр амсахгүй талдаа. Тэмцээний 15 хоногт бол бүр үгүй шүү дээ. Тэр олон хоног сэтгэл санаагаа ганцхан юманд төвлөрүүлж өөрийгөө зөвхөн түүнд зориулна гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд л өчигдөр тэр стрессээ тайллаа. Манай Шёонтэрү Нямсүрэн нэг удаагийн тийм дэвжээний ёслолын дайллагын үеэр  “Өнөөдөр энэ архи ч ёстой нэг компод шиг сайхан орж байх чинь ээ гээд биднийг баахан инээлгэж байсан юм. Тэрэн шиг тийм үе хааяа байна шүү.

-Та хоёр ам мурийх уу? Япон гэргий нар их л зөөлөн талдаа байх даа?

-Авгай нөхөр хоёр арваад жил болоход түр тар гэхгүй байна гэж юу байх вэ? Би ч аав шигээ заримдаа хатуухан үг хэлчихнэ шүү дээ.

-Түрүүлснийхээ  маргаашаасаа л та дэвжээндээ байж байх юм. Амралт, завсарлага энээ  тэрээ байдаггүй юм уу? Энэ уулзалт ярилцлага гээд хүрээд ирэв үү?

- Ер нь башё дуусаад сүмочид долоо хоног бүтэн амардаг юм. Дэвжээндээ ирж байнгын бэлтгэл л хийхгүй болохоос биш элдэв уулзалт, ажил алба тасрахгүй шүү дээ. Өглөө 10 цагаас хэвлэлийн хуралтай байсан түүнд очоод ирлээ.

-Нэмэлт барилдаан гарчихаад ордон тэр аяар шуугиж байхад таныг давчихаасай гэж байдгаараа залбирч байлаа. Ярилцлага маань будаа болчихно гэж би их айж байв. Ашгүй та түрүүлж магнай тэнийв. Түрүүлээгүй бол ярилцлага өгөхгүй байсан байх даа?

-Бараг л тийм байхаа даа.

-Энэ хоёрдугаар сарын Таны оролцох ажил  албаны төлөвлөгөө гарчихсан байгаа юу?

-Хоёронд миний зохион байгуулж буй хүүхдийн сүмочдын олон улсын тэмцээн болно. Монголоос “Хакүхо” сангийн ивээн тэтгэлгээр найман хүүхэд энэ тэмцээнд оролцоно. Тэд өнөөдөр Токиод нисэж ирж байгаа. Удахгүй тэднийг энд хүлээн авч уулзана. Цагтаа озэки явсан Барутогийн  үс үргээж зодог тайлах ёслол сүмогийн ордонд болно. Тэгээд 11-нд цолтой бөхчүүдийн Фужи телевизийн нэрэмжит Токиогийн тойргийн барилдаан болно. Иймэрхүү ажил алба тасралтгүй.

-Удахгүй сар шинэ гарах гэж байна. Танайхан аль хэр тэмдэглэх вэ? Бууз, мах гээд л бэлтгэл болох уу?

-Бэлтгэл энээ тэр гэж нэг их хөл болохгүй. Японы цагаан сар нь нэг сарын 1-нд болчихсон. Тэр үеэр бид шинэ жилээ хамт тэмдэглэчихсэн. Гэхдээ ёс заншлаараа шинийн нэгнийг угтана.

-Та Токиод шинийн нэгэнд хамгийн түрүүнд хэнтэй золгодог вэ?

-Өнгөрсөн жилүүдэд заримдаа элчин сайдын яаманд очиж шиний нэгний ёслолд оролцож элчин сайддаа золгодог байсан. Ахмад бөхчүүдтэйгээ тэнд таарвал тэдэндээ золгоно.

-Танай гэргий, хүүхдүүд хамт очдог байсан уу?

-Тийм ээ.

-Энэ жил Элчингийн золголтод оролцох уу? Хэнтэй эхэлж золгох вэ?

-Эгчтэйгээ золгоно доо. Элчингийн золголтыг одоогоор яг шийдээгүй байна. Хүүхдийн сүмо гээд тэр талын ажил их байгаа.

-Монгол сүмочидтойгоо сар шинийн  ёслол хийхгүй юу?

-Шинийн гурванд сүмогийн ордонд болох Мияабиямагийн үс авах ёслолын үеэр бүгдтэй нь таараад золгочих байх аа?

-Ер нь монгол сүмочдынхоо хэнтэй нь та арай дотно байдаг вэ? Гэр бүлээрээ нөхөрлөдөг, бас нэг нэгнийхээрээ орж гардаг тийм цаг үе байх уу?

-Бүгдтэй нь сайн харилцаатай явдаг. Гэр бүлээрээ орж гараад дотносоод байгаа юм байхгүй дээ.

-Кёкүтэнхо Цэвэгням тантай адил япон гэргийтэй, Харүмафүжи та хоёр хоёулаа монгол ёкозүна гээд л  та нарыг дотносуулах гээд байна л даа?

-Гэргий нар маань хоорондоо танил, нэг нэгнээ мэднэ. Энд тэнд тааралдахаараа мэдээж мэндтэй явдаг. Харүмафүжи ёкозүнагийн хувьд бид хоёр монгол хэдий ч дэвжээ тусдаа  сүмогийн  өрсөлдөгч  нар шүү дээ.

-Монгол руу та утсаар л ярих уу, интернэтээр харьцах уу?

-Аав, ээжтэй утсаар ярина. Тэд ч заримдаа залгана. Интернэтээр япондоо их харьцах юм даа. Фейсбүүк нээчихсэн чинь миний япон балиашгууд шавчихаад, ойрноос түүнийгээ хязгаарлаж байна.

-Та бол япондоо өндөр зэрэглэлийн “од”. Хаа явсан газар тань мянга, түмэн хүний нүд дагаастай явдаг байх л даа. Тэр хэцүү юм уу, эсвэл та дасчихсан уу?

-Эхэндээ хэцүү, ядаргаатай байсан. Одоо бол аль болох анзаарахгүй тайван байхыг хичээдэг болсон. Зураг хөрөг авахад нь авахуулаад л, гарын үсэг гээд хүссэнд нь зурж өгөөд л аль болох чөлөөтэй явдаг болсон. Яах бол, тэгвэл ингэвэл гээд болгоомжлоод явбал өөрөө сэтгэл санаагаар ядрах юм билээ. Барилдахдаа бие сэтгэл төвлөрүүлэх гэж их ядрана. Бусад үед бас биеэ бариад болгоомжлоод байвал бүр ядаргаа болно гэж бодоод өөрийгөө чөлөөлж байгаа.

-Хүмүүсийн нүд хараанаас холхон шиг амрах юмсан гэж боддог уу? Багадаа хонь хурга хариулж байсан хөдөөдөө очоод ч гэх юм уу?

-Тийм боломж олдвол сайхан л даа. Өнгөрсөн намар тойргийн барилдаан Хавайд болсон. Өмнө нь ч нэг очиж байсан юм. Тэнд аятайхан амарсан. Намайг мэддэг япон хүмүүс ч тэнд цөөхөн юм. Дөрөвдүгээр сард Индонез явсан. Тэнд бас амар байсан. Ер нь япон, монгол хоёртоо амар тайван явна гэж худлаа юм билээ. Хөдөө ч ялгаагүй. Хоёр жилийн өмнө Эрдэнэсант руу явж ганц хоёр хоносон. Тэгэхэд аятайхан амарсан. Намайг очсоны шөнө манайхны тэр хоттой хонинд чоно ороод, шөнө нь бас бороошоод хөлтэйхэн хоносон юм билээ. Үүнийг манайхны ах дүү нар сайн гэж бэлгэшээж байсан шүү.

М.Батгэрэл: Монголдоо очихоор ажил алба нь бүр их. Нэг очсоных гээд амжуулах ажил, уулзах хүн амьтан нь ч олон юм. Төрийн гурван өндөрлөгт бараалхах алба заримдаа гарна. Тэр ч яам, энэ ч яамны сайдтай уулзах болчихно. Дагалдсан бид сэнсэрчихдэг юм.

-Аав ээж нь ойрд японд ирэх үү?

-Сар шинийн дараа ирнэ.

-Тэд нар ирэхээрээ хаана байрлах вэ? Зочид буудалд байх уу?

-Эгчийнд ихэнхдээ байдаг юм.

М.Батгэрэл: Манайх энэ дэвжээнээс холгүй байдаг юм. Миний амьдардаг тэр жирийн гурван өрөө байр Монголчуудын төв штаб гэсэн үг дээ.

-Дархан аваргыг Японд ирэхээр телевиз, сониныхон бас хөөцөлдөнө биз. NHK сүмогийн ордонд бөх үзэж байгааг нь тод томруунаар хэд хэд гаргаад байсан. Монгол дээл, малгайг нь аваргын тууз бүр томоор  татаад л... Ярилцлага энэ тэр өгдөг л байх даа.

-Өгч байсан, өгч байсан. Нэг удаа NHK нь байна уу, Фүжи нь байна уу ааваас ярилцлага авлаа. Би аавтай хамт явж байсан юм. Аавыг танилцуулаад л эхний нэг хоёр асуулт хариулт явлаа. Гурав, дөрөв дэхээсээ эхлээд л “Энэ нэг даль даль гэсэн юм чинь юу гэчих вэ, хэл нь ойлгогдохгүй юм...” гээд аав уурлаж эхэллээ. Өвөр монгол орчуулагч нь сандраад бүр явдаггүй. Тэгээд аргагүй нь эрхэнд би аавд орчуулагч хийж тэр удаагийн  ярилцлагыг дуусгасан юм. Монгол гэхээр л япончууд сайн япон хэлтэй өвөрлөгч олчихож. Хэл нь нэг юм гэж тэд ойлгохгүй юу. Түүнээс хойш алдаагаа япончууд ухаарсан юм байлгүй халх монгол орчуулагч авч л аав, ээжтэй харьцдаг болсон байна лээ.

-М.Батгэрэл: Манай аавын ярьсан хэлснийг хэр баргийн орчуулагч орчуулахад хэцүү шүү. Баараггүй энэ тэр гээд л ярина шүү дээ. Аав  муухай аашилчихвал бүр хэцүү.

-11 сарын барилдаанд та бараг түрүү аваад Кэсиносатод эхэлж унаад, дараагийнхад Харүмофижид унаад бүх боломжоо алдчихсан. Аав тань ийм үед яав, ийв, яагаад ингэчихэв энээ тэрээ гээд ярих уу?

-Арван гурав давчихсан босоо явж байгаад хоёр дараалан унаад бүх боломжоо алдаж орхихоор ямар олиг байхав. Аав заримдаа ярина. Ээж л их ярина шүү дээ. Аварга нөхөртэй, аварга хүүтэй хүн чинь арга ч үгүй байх л даа. Ер нь надад мэх заах гэнэ шүү дээ.

М.Батгэрэл: Аав гэхээсээ ээж илүү их ярина. Сэтгэл нь их хөдөлнө. Ээж барилдааных нь тэмдэглэл хөтөлнө. Аавыг барилдаж байх үед ч тийм байсан. Тэмдэглэлийн олон дэвтэр бий байх шүү. Хүний ээж болохоороо юм юманд их оролцоно.

- Хокуторикийн аав ээж хоёр нь ордонд хүүгийнхээ барилдааныг үзэж монголоор хэлбэл “дээлийнх нь захыг мушгиж суусан” NHK телевиз тэр хоёрыг ойр ойрхон гаргаж байсан санагдана...

Тийм тийм. Тэр башёг манай ээж бас үзэж байсан. Япончууд намайг монгол ахаа л дэмжих байх гэцгээгээд л... Сүүлд л би сонссон юм ээжийн нэг “паян”-г. Хокуторики анх удаагаа түрүүлэх магадлалтай болоод л нэмэлт гарч байсан Осакогийн 2008 оны башё байх. Би түүнд ялагдвал тэр түрүүлэх, би ялбал Асашёорюү түрүүлэх байсан юм. Ер нь их өрсөлдөөнтэй уур амьсгалтай байв. Тэгэхэд яах ч аргагүй би Хокуторикийг давчихлаа. Түүнд мэдээж хүнд хэцүү байсан байх. Аав, ээжид нь ямар олиг байх вэ? Манай ээжийн сэтгэл их өвдсөнийг сүүлд би мэдсэн юм. Тойргийн барилдаан тэр сардаа Осакод болоод ээж тэр үеэр Хокуторикийг олж уулзаад “Уучлаарай хүү минь, миний хүү чамайг ялаад чи энэ удаа түрүүлж чадсангүй” гэж уучлалт гуйжээ. Хокуторики түүнийг сонсоод уйлчихаж. Танай хүүд буруу байхгүй гэж ээжид дахин дахин хэлж байж. Энэ түүхийг Хокуторикийн зодог тайлах ёслолыг сурвалжилсан сэтгүүлч орон нутгийнх нь сонинд гаргасан байсныг сүүлд надад нэг япон хүн авчирч өгсөн юм. Бөх хүүтэй хүний ээж л иймэрхүү ааш аяг гаргаж чадна даа гэж надад бодогдож байв.

-Ээж нь ойрд ирсэн үү?

-Өнгөрсөн 11 сарын Кюүшүбашёгийн үеэр ирсэн. Сүмо гэхээсээ өөр албатай байсан байх.

М.Батгэрэл: Манай ээж чинь насаараа эмч хийсэн хүн шүү дээ. Тийм болохоороо монголын эмнэлэг, эмч нарын төлөө юм хийчих юмсан гэж зүтгэнэ. “Хакухо сан”-гийн энэ талын ажилд зөвлөгөө өгнө. Сангийн  шугамаар түргэн тусламжийн машин монголд нийлүүлэх, бас япон эмч нарыг очуулж эмчилгээ сувилгаа нийлүүлэх гэх мэтийн ажил албанд өөрийн боломжоор оролцохыг хичээдэг юм. Сая ирэхдээ “өндөр настнуудыг япон яаж асарч  хамгаалдаг, халамжилдаг юм бэ гэдгийг судалж энэ талын хүмүүстэй холбоо харилцаа тогтоогоод явлаа.  Эдний энэ талын систем маш сайн шүү. Зуу дөхсөн хүмүүсийг хүүхэд шиг л бөөцийлдөг юм. Авчраад эмчилгээ сувилгаа хийгээд бүтэн өдөр хоол ундыг өгөөд салхинд гаргаад оройдоо гэрт нь хүргээд өгдөг үйлчилгээ байдаг. Ээж тиймэрхүү тогтолцоог мөрөөдөөд л судалж, боломжтой япон хүмүүсийн тус дэмийг энэ талд авах юмсан гээд яваад байгаа юм.

-Таныг анх Миягона дэвжээнд авсан эзэн дэвжээндээ хэвээр үү? Тэр дэвжээндээ их гавъяатай хүн биз?

- Эзэн, багш гээд ээлжлээд л саяхнаас эзэн болоод байгаа. Би ч сайн эзэн, сайн багштай таарсан тулдаа өдий зэрэгтэй явна гэж боддог шүү. Манай дэвжээний ахмад бөхчүүд бас сайн хүмүүс байв. Манай багш цагтаа озэки цолтой барилдаж байсан, биеэр жижигтэй ч, мэх, ухаан хурцтай, нэртэй бөх байсан гэдэг. Мэдээж дэвжээнээсээ ёкозүна төрүүлсэн, түүнийг өөрөө сонгож, өсгөсөн гээд гавъяа байлгүй яахав. Гэхдээ япончууд чинь би тийм гавъяатай гээд цээжээ дэлдээд байдаггүй, би ажлаа хийсэн, хийх юмаа хийж байна гэдэг л ёс жаягтай хүмүүс.

-Та 28 түрүүлж японы сүмогийн өндөрлөгт гараад ирлээ. Одоо дөрөв түрүүлэхэд японы алдарт сүмоч ёкозүна Тайхогийн дээд амжилтыг та эвдэх нь. Олимп хүртэл барилдана гэхээр бүр ч боломжтой, тийм ч холын мөрөөдөл биш байх?

-Гэмтэл бэртэлгүй барилдаж байх нь сүмод их чухал. Бөх хүн бүдүүн өвсөнд гээд дээр та бид хоёр бас ярьсан даа. Тийм болохоор ам гармааргүй байна. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бий ч гэж ярьдаг. Ер нь дээд амжилт гэдэг бол амар юм бишээ гэж л боддог.

-Цаг гаргаж илэн далангүй сайхан ярилцлага өгсөнд тань баярлалаа. Морь жилд таны амжилт, хийморь өөдөө байх болтугай.

     “Өнөөдөр” сонины 2014 оны гуравдугаар сарын дугааруудад цувралаар нийтлэгдсэн.

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Miss Veronica:Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pou****ne tvrtke. Pozdrav, ja sam gospođica Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90.000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com {WhatsApp: +38761545894} 2024-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?