Х.ОЮУНЦЭЦЭГ: ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙН 80 ХУВЬ НЬ ХОЖУУ ШАТАНДАА ОНОШЛОГДОЖ БАЙГАА НЬ НАС БАРАЛТАД ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙНА

2023-03-12  


        Анагаах Ухааны доктор, профессор. Монголын Хоол боловсруулах Дурангийн Нийгэмлэгийн тэргүүн. АШУҮИС-ийн Монгол - Япон Эмнэлгийн
зөвлөх эмч Х.Оюунцэцэгтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

- АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт гадаадын өндөр мэргэжлийн эмч нар Монголын дурангийн эмч нарт сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтын онцлогоос  дурдана уу?
-  Ази Номхон далайн Дурангийн Нийгэмлэг (А-PSDE) болон Монголын Хоол боловсруулах Дурангийн Нийгэмлэг (МХДН)-ийн хамтын ажиллагааны хүрээнд, А-PSDE-ийн хөрөнгө оруулттайгаар APSDE-ын туршлагатай, олон улсын сургагч багш, профессоруудыг урьж, Монгол  улсад тулгамдаад байгаа Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн эмгэгийн дурангийн оношлогоо  эмчилгээний чиглэлээр онолын ба гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж байна. Гадны хөрөнгө оруулалттайгаар, Монголын  дурангийн нарийн мэргэжлийн эмч нарт гардан үйлдлийн олон улсын сургалтыг Монгол улсад анх  удаа зохион байгуулж  байгаагаараа онцлог юм.
- Монголын Хоол боловсруулах Дурангийн  нийгэмлэг гэж өмнө нь тэр болгон дуулж сонсож ирсэнгүй. Та нийгэмлэг, байгууллагынхаа зорилгын талаар  товч танилцуулна уу?
- Анх 2005 онд, одоогоос 18 жилийн  өмнө Монгол улсын эмнэлгийн практикт дурангийн шинэ технологийг нэвтрүүлэх, дурангийн эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх гол зорилготой байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Дурангийн Нийгэмлэг маань гол зорилгынхоо дагуу  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж,  Олон улсын ходоод, гэдэсний дурангийн мэргэжлийн нийгэмлэг, холбоод ба ижил төстэй үүрэг хариуцлага бүхий байгууллагууд болох Mayo clinic USA, AMDA (Asian Medical Doctors Assotiation), Yonsei Severance Hospital, Korea, ANBIG (Asian Novel Bio-Imaging and Intervention Group), TEMDEC (Telemedicine Development Center of Asia), APSD (Asian Facific Society for Digestive Endoscopy), WEO (World Endoscopy Organisation) зэрэг мэргэжлийн олон байгууллагатай  хамтын ажиллагаа тогтоож,   гадаадад мэргэжилтэн сургах, өндөр мэргэжлийн, арвин  туршлагатай гадаадын дурангийн эмч нарыг Монголдоо урьж ажиллуулах, хамтарсан сургалт, хурал семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжсэн.  Түүнчлэн дурангийн шинэ технологи нутагшуулах, эмийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт оруулах, үйл ажиллагааны стандарт боловсруулан батлуулах чиглэлээр Эрүүл мэндийн яамны бодлого боловсруулагчидтай  хамтран ажиллах, хүн амын дунд хоол боловсруулах замын хавдрын урьдал эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг олон талт ажлуудыг амжилттай  зохион байгуулж ирлээ.
Улмаар Монголын Хоол боловсруулах Дурангийн Нийгэмлэг нь 2018 онд  Ази Номхон далайн Дурангийн Нийгэмлэгт (А-PSDE) гишүүнээр элссэн. Тэгснээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд  E-learning, Regional webinar зэрэг  мэргэжлийн  сургалтуудыг А-PSDE-ийн дэмжлэгтэй тогтмол  хийж ирсэн нь Монголын дурангийн эмч нарын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд асар их өгөөж хайрласан юм.
- Тэгвэл энэ удаагийн сургалтыг ялгаа онцлогыг нь Та хэрхэн үзэж байна?
- Онол- практикийг хослуулсан  энэ сургалтаар Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын дурангийн оношлогоо  эмчилгээний орчин үеийн хандлага, хавдрыг эрт үед нь хэрхэн дурангаар оношлох, дурангаар хорт хавдрыг хэрхэн эмчлэх, мөн  Хэт авиат дурангаар нойр булчирхайн архаг эмгэгүүд, нойр булчирхайн хавдрыг ялган оношлох, эмчлэх  аргыг өндөр мэргэжлийн  зочин профессор, эмч нар гардан хийж үзүүлэх юм. Мөн  хэлэлцүүлэг өрнүүлж, лекц унших, дурангийн эмч нарт дурангаар хорт хавдрыг эмчлэх аргыг  Монгол эмч нараар загвар ходоодон дээр гардан хийлгэх юм. Ингэхийн тулд Монголд хараахан байхгүй, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай дурангийн багаж тоног төхөөрөмжийг Японы Олимпус фирмээс авчирсан болно. Онол, практикийн маш өндөр ач холбогдолтой сургалт болж байна.


- Ямар хүмүүс сургалтыг удирдаж байна?
- Энэ сургалтанд  Ази Номхон далайн Дурангийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Seigo Kitano (Япон) өндөр ач холбогдол өгч, өөрийн биеэр оролцож буй. Профессор Hiroshi Kashida (Япон), Issary Laopiamthong (Тайланд), Parit Mekaroonkamol (Тайланд), Toshifumi Kin (Япон), Suchart Sawadsukho (Тайланд), Олимпус (Япон) фирмийн инженер зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй баг сургалтыг гардан удирдаж, Монголын залуу эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж байна.
- Ходоодны хорт хавдар болон түүнийг эмчлэх талаар Монголын өнөөгийн түвшин хаана явна гэж Та бодож байна?
- Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл ба нас баралтаар дэлхийд тэргүүлдэг.  Монголд ходоодны хорт хавдарын өвчлөл 100,000 хүн амд 32,5, Японд 31,6 буюу бараг ижил байгаа ч Японд нас баралтын түвшин хамаагүй бага 8,2 харин Монголд 24,6. Ийм зөрүүтэй байгаагийн гол шалтгааныг
Монголд  улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн нийт хүмүүсийн 80 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож буйтай холбоотой гэж үзэж байна. Энэ шалтгаан нь Монголын  нас баралтын түвшин өндөр гарахад  шууд нөлөөлдөг. Тэгэхэд,  Япон улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр  монголчуудтай ойролцоо (31,6) харьцангуй өндөр  тохиолддог боловч хавдрын бараг 80 хувь нь эхний шатанд оношлогддог. Японд ходоодны хорт хавдрыг эрт оношилсноор хавдрыг дурангаар, эсвэл мэс засал хийж өвчний тавиланг сайжруулан нас баралтыг бууруулж байна.
Япон Солонгос зэрэг ходоодны хорт хавдарын тохиолдол өндөр улс орнуудад хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрүүдийг хэдэн арван жилийн турш хэрэгжүүлсэн нь нас баралтыг бууруулах гол алхам болсон.  Эдгээр орнуудын хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрүүдийг судалж үзэхэд Хеликобактер пилори нянгийн халдварыг илрүүлэх, эмчлэх, сэргийлэх хөтөлбөр,   давсны зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх үзлэгийн үндэсний хөтөлбөр, Дурангийн эмч, сувилагч нарын хүрэлцээ чадавхийг хөгжүүлэх, Дурангийн  тоног төхөөрөмжийн хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх, Судалгаа шинжилгээ зэрэг олон талт ажлуудыг цогцоор нь шийдвэрлэдэг байдаг. Харин Монголд  Монголын дурангийн мэрэгшсэн эмч, эмнэлгийн болон техникийн ажилтан хангалтгүй. Тиймээс эмч нарын тоог  нэмэгдүүлэх,  ур чадварыг хөгжүүлэх нь манай Нийгэмлэгийн  тулгамдсан асуудлуудын нэг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна.
-  Япон улс иргэн бүрээ жил бүр оношилдог юм билээ. Үр дүнг нь өөрөө бас дурдлаа. Манай улс энэ жилээс эрт оношилгооны тухай хэлж ярьж, хэрэгжүүлж эхэллээ.
-  Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдварт болон халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдэд тулгуурлан 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд  Монгол орон даяар 35-аас дээш насны хүн амд ходоодны хорт хавдрыг оношлох зорилгоор дурангийн үзлэгт хамруулж  эхлээд байна. Энэ хүрээнд
урьдчилан сэргийлэх дурангийн үзлэгт 34581 хүн хамруулснаас 262 тохиолдолд (0.8%) ходооны салстад голомтот эмгэг илэрсэн бөгөөд эдгээрээс 185 хүнд эсийн шинжилгээ хийхэд 38.9% д хавдрын урьдал эмгэг, 17.3% д эрт үеийн хавдар, 43.8% д хожуу үеийн хорт хавдар оношлогдсон байна. Улсын эрүүл мэндийн 2017-2020 оны индикаторын мэдээгээр хорт хавдрыг оношлох үеийн TNM үе шат, ходоодны хорт хавдрын in-situ шатанд 0.4%, I үе шатанд 5.1%, II шатанд 15.2%, III үе шатанд 42.7%, 36.5% байна. IV үе шатанд 36.5% тус тус оношлогдсон байна. Монголд ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн ихэнх нь хожуу шатандаа байна.
Хэдийгээр 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгээр 17.3% д эрт үеийн хавдар оношлосон нь өмнөхөөс (5.1%) амжилттай, урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдрыг дурангаар эрт үед нь оношилж нас баралтыг бууруулах боломж нэмэгдэж байгааг харуулж байгаа боловч энэ нь чамлалттай. Бид 80% хүртэл хавдрыг эрт үед нь оношилж байж ходоодны хавдарын шалтгаант нас баралтыг бууруулах боломж бодитой нэмэгдэх юм.
- Япон бол насанд харсан бүх иргэнээ урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулдаг юм билээ. Тэр бүү хэл, Японд удаан хугацаагаар амьдарч буй гадаадын иргэд ч тэр хөтөлбөрт хамрагддаг болохыг дүүгийнхээ жишээгээр анзаарсан. Техник, технологи, хүн хүч, зөв зохистой зохион байгуулалт, нарийн төлөвлөлт ажиглагдсан. Манайд ийм бололцоо хэр вэ?
- Засгийн газраас санаачилсан,  урьдчилан сэргийлэх эрт оношлогооны  үзлэг хийсэн  10 сарын хугацааны явцаас дүгнэлт хийж болох юм.  Нэгдүгээрт Монгол улсад дурангийн эмч, сувилагч, техникийн ажилтан хүрэлцээ багатай, дээр нь  аппарат төхөөрөмж хангалтгүй.
- Яавал энэ асуудлыг шийдэх вэ, гарцыг нь ол гэвэл Та юу гэж хариулах вэ? - Би бол шийдвэр гаргагч биш. Гэхдээ хүний их эмчээр 41 жил, дурангийн эмчээр 34 жил ажилласан мэргэжилтний хувьд санал бодлоо дүгнэж хэлье.  Манай улсын хувьд хүн амын зорилтот бүлгийг богино хугацаанд урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээнд хамруулахад цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай  хоёр үндсэн арга зам байна гэж хувьдаа  харж  байна.
1-рт, Дурангийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, ажлын байрны хүчин чадлыг нэмэгдүүлэн сайжруулахад төрийн зүгээс бодлогоор, хөрөнгө оруулалтаар  дэмжихийг онцгойлон авч үзэх шаардлагатай байна.
2-рт, Дурангийн эмч, сувилагч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэх, мөн тэдний чадавхийг сайжруулж хөгжүүлэх.
Эдгээр нь бидний өмнө тулгамдаад байгаа чухал асуудлууд юм. Өнөөдрийн сургалтыг бид нийгэмлэгийнхээ санаачилгаар гаднын санхүүжилттэйгээр л зохион байгуулж байна.
Алсдаа төрийн бодлого, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл дурангийн эмчилгээ гэдэг бол маш нарийн, маш өндөр өртөгтэй юм.
- Сүүлчийн асуулт. Монгол- Япон Эмнэлгийн тухайд танаас үг сонсоё.
-  Сургалт, судалгаа, эмчилгээ нь хосолсон ийм эмнэлэг гадаадад л байдаг. Японы хөрөнгө оруулалтаар бий болсон  Монгол-Япон эмнэлэг бол анхны ийм жишиг эмнэлэг юм. Энэ бол улсын эмнэлэг. Хувийн эмнэлэгт байдаг өндөр хүчин чадалтай  төхөөрөмжтэй. Одоогоос 3 жилийн өмнөөс жинхэнэ өнгө төрхөө олсон гэж болно. Өөрөөр хэлбэл эмч нар нь эмчилж, багш профессорууд нь төслөө хэрэгжүүлж, шавь нараа сургадаг цогц байгууллага.
Хувийн эмнэлгийн төлбөрийг нь дийлэхгүй иргэд манай эмнэлэгт тэр үйлчилгээгээ авдаг давуу талтай.


Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Б.Пүрэвжав:Манай Х.Оюунцэцэг бол өөрөө олон хүнийг эмчлэн, эрүүлжүүлж, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж, мөн бүх талын дэмжлэгийг зохион байгуулж, МОНГОЛДОО 20 орчим ЭЛИТ ДУРАНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭСЭН гэх мэт болон бусад олон гайхамшигтай гавьяатай монголын нэгэн эмч эрдэмтэн билээ. 2023-03-15
Miss Veronica:Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pou****ne tvrtke. Pozdrav, ja sam gospođica Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90.000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com {WhatsApp: +38761545894} 2024-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?