Б. ТУЯА: “CIGARRETES AFTER SEX" ХАМТЛАГИЙГ "PLAY TIME" НААДАМД ИРҮҮЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА” ГЭХ ГҮТГЭЛГИЙГ ТАМХИНЫ КОМПАНИУД ТАРААЖ БАЙНА.

2023-04-02  

No description available.

" Фокус" ТББ-ын тэргүүн Б.Туяа "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр ингэж мэдэгдлээ. Тэрбээр: - Манай байгууллага нийт хүн ам, залуучуудын дунд эрүүл зан үйлийг сурталчлах зорилгоор олон нийтийн болон ухуулга нөлөөллийн кампанит ажил, нийгмийн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлдэг. 2016 оноос хойш олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тамхины хяналтын тухай хуульд янжуур тамхины зохицуулалт орсон байдаг. Харин сүүлийн жилүүдэд залуусын дунд шинэ тамхин бүтээгдэхүүн болон электрон тамхины хэрэглээ нь ихэсч эдгээр тамхи нь Монгол улсын хилээр ямар ч татваргүйгээр маш ихээр орж ирэх болсон. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Эрүүл мэндийн Яам, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан. “Би "Playtime" наадамд дээрх гадаадын хамтлагийг ирж оролцохыг огт эсэргүүцээгүй байтал “Cigarretes after sex” хамтлагийн постер дээр миний зургийг фотошопдож, Монголын мянга, мянган ээжийн өмнөөс эсэргүүцэж байна гэсэн хуурамч мэдээлэл тавьсан байна. 2001 онд байгуулагдсан байж гурав хоногийн өмнө шинээр хуудас нээх шаардлага байхгүй. Манай Tobacco Reduce Project пэйж хуудаснаас зарим зураг, постуудыг авч агуулгыг нь гуйвуулан тавьсан байна. Манай байгууллагын хувьд янжуур тамхи хоргүй гэж мэдээлж байгаагүй, хэзээ ч ийм байр суурьтай байгаагүй. Тиймээс хуурамч мэдээллийг цааш нь битгий түгээгээрэй. Энэ гүтгэлгийг үндэстэн дамнасан томоохон тамхи үйлдвэрлэгчид хууль батлуулах үйл явцад саад учруулахыг санаархаж энэхүү гүжирдлэгийг тараалаа гэж бодож байна” гэлээ. Мөн Фокус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Хэл ам болоод буй асуудлын цаад утга нь “Playtime” наадмын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Би тус наадмын үндэс суурийг тавьсан хүний хувьд хэлье. Фокус ТББ хэзээ ч "Playtime" наадмыг эсэргүүцэхгүй. Энэ бол гүтгэлэг. "Playtime" бол Монголын хамгийн том рок попын наадам. 100 мянган залуус нэг дор цугладаг. Энэ наадам болдгоороо болно, барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно” гэж хэлэв. Тус хуралд оролцсон "Фокус" ТББ-ын ТУЗ-ийн тэргүүлэгч гишүүн, сэтгүүлч Ц.Энхбат: - Зэвсэг, хүний наймаа, хар тамхи, эм, архи, тамхи бол хамгийн их бохир мөнгө эргэлддэг бизнес. Тэд зах зээлээ улам тэлэхийн тулд шийдвэр гаргагчид, улс төрчдийг лоббидох, ард иргэдийн тархийг угаах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагыг мөнгөөр худалдан авч, ард иргэдийн тархийг угаах ажиллагаагаа тасралтгүй хийдэг. Ийм л үйл ажиллагаагаа өрнөж байна гэж харагдаж байна. "Фокус " ТББ-ын Б.Туяа гэгч олны танил бус эмэгтэйг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн " онилох" болсон. Энэ удаа нэр усгүй, буцах хаяг, буух эзэнгүй хуурамч, гүтгэлгийг санаатайгаар сошиалаар тараалаа. Фокус ТББ, түүний гүйцэтгэх захирлын нэр төрд халдаж, үйл ажиллагааг нь мушгин гуйвуулж, залуучуудыг манай байгууллагын эсрэг турхирах гэсэн явуургүй оролдлого хийлээ. Үүндээ " Playtime" наадам, түүнд оролцох гадаадын хамтлагийг хутгалаа. Үүнийг тамхины үйлдвэр эрхлэгчид захиалсан байх өндөр магадлалтай. Тиймээс энэ асуудлаар зохих хууль хяналтын байгууллагад хандаж, энэхүү гүтгэлгийг таслан зогсоож, захиалагчийг нь илрүүлж, хуулийн дагуу оногдох шийтгэлийг хүлээлгэх болно” гэж нэмж хэллээ. Дээрх гүжирдлэгийг эсэргүүцэж Фокус ТББ-аас дорхи мэдэгдлийг гаргасан байна.

Э.Отгоо

No description available.

Манай ТББ нь 2001 онд нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эрүүл зан үйлийг сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулах бодлогын ухуулга нөлөөллийн ажил хийж замаар иргэдийг тамхины хор хөнөөл, дам тамхидалтаас сэргийлэх, өсвөр насныхныг тамхи татаж эхлэхээс урьдчилан сэргийлэх, улмаар тамхины тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор техникийн ажлын хэсэг байгуулагдан миний бие гишүүнээр ажиллаж олон улсад тамхины хяналтын бодлогоо ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид амжилттай нийцүүлсэн Евразийн бүс нутгийн улс орнуудын уламжлалт болон шинэ тамхины бүтээгдэхүүний зохицуулалт хийсэн туршлагаас суралцах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гэтэл үндэстэн дамнасан томоохон тамхи үйлдвэрлэгчид, тэдгээрийн гар хөл бологсод бидний үйл ажиллагааг гуйвуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс авч хэрэгжүүлдэг олон тактикуудаа манай улсад хэрэгжүүлж хуулийн заалтуудыг сулруулах, хууль батлуулах үйл явцад саад учруулахад чиглэгдсэн лоббиг хүчтэй явуулж хууль тогтоогч нарт нөлөөлөх, хуулинд нэмэлт өөрчлөлт боловсруулахад хөндлөнгөөс өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг оролцуулах, хөлсний сэтгүүлчдийг ашиглан ажлын хэсгийн гишүүдийг харлуулах, янжуур тамхиныханд худалдагдсан мэтээр үндэслэлгүй гүтгэх гэх мэт башир аргыг хэрэглэсээр байна. Бидний зүгээс янжуур тамхийг электрон тамхинаас хор багатай гэх мэдэгдэл хэзээ ч хийж байгаагүй бөгөөд харин бүх төрлийн тамхи хортой, никотин агуулсан тул донтуулах үйлчилгээтэй, электрон тамхины хувьд өсвөр насныхны дунд хэрэглээ нь өдөр ирэх тутамд нэмэгдсээр байгаа талаар мэдээлэл хийж яаралтай хуулийн зохицуулалтаа сайжруулах шаардлагатай талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт ухуулга нөлөөлөл хийсээр ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын нэр, лого, пост зэргийг Tobacco Reduce project пэйжнээс хулгайгаар авч ашиглан цахим хуудас нээж миний нэрээр 2023 оны Playtime хөгжмийн наадамд Cigarettes After Sex хамтлаг оролцох болсоныг эсэргүүцсэн мэтээр хуурамч мэдээлэл байрлуулж, манай өмнөх постуудыг мушгин гуйвуулах, хөлсний троллуудаар ёс зүйгүй комментууд бичүүлэх зэрэг аргаар залуучуудын дунд сенсааци дэгдээж, буруу ташаа ойлголт төрүүлж манай байгууллагын болон миний нэр хүндийг гутаан доромжлох оролдлого хийж байгааг эрс эсэргүүцэж хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна. Манай байгууллагын хувьд төрийн, ТББ, хувийн хэвшлийн, урлаг соёлын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд манай удирдах зөвлөлд Монголын урлаг, соёл, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй төлөөлөл оролцон дуу хоолойгоо өргөн ажилладаг, энэ ч утгаараа бид 2002 оноос жил бүр зохиогддог залуучуудын хүсэн хүлээдэг Плэйтайм хөгжмийн наадамд гадаадын алдартай хамтлаг дуучид ирж оролцох нь илүү далайцтай, сонирхолтой болно гэж үзэж байна. Иймд тамхи үйлдвэрлэгчдийн захиалгатай, зохиомол, гүтгэлэгийн шинж чанартай, байгууллагын болон хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан мэдээллийг нягтлахгүйгээр цахим орчинд олон нийтэд түгээж, сенсаци дэгдээх үйл ажиллагааг нь дэмжиж нийгэмд төөрөгдөл үүсгэхгүй байхыг хүсье. Сэтгүүлч Та бүхэн тамхины хор хөнөөлөөс ард иргэдээ, хойч үеээ хамгаалах үйлсэд зөв, нотолгоотой мэдээллийг түгээж оролцоорой хэмээн уриалж байна.

Фокус ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, төслийн багийнхан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?