Ө.Эрдэнэ-Очир: "Авлига хороолол"-ын автор нь хотын дарга Д.Сумъяабазар

2023-07-31  

“"Aqua garden" буюу олон нийтийн нэрлэж заншсанаар "Авлига хороолол”-ын асуудлаар стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл” ТББ-ын хуульч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Дунд голын ай сав газарт "Авлига хороолол" буюу "Акуа гарден" орон сууцны хороолол, усан паркийн цогцолбор баригдаж буй газар анхнаасаа хууль, журам зөрчиж олгогдсон гэдэг. Тэгвэл газар хэрхэн анх "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн эзэмшилд очсон бэ. Яг ямар хуулийг зөрчсөн талаар хэлж өгөхгүй юу?

-"Авлига хороолол"-ын газрын асуудал 2007 оноос эхлэлтэй. Тухайн үед ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 138-р тогтоол гарсан байдаг. Гэхдээ уг тогтоол олдохгүй байгаа. Уг тогтоол гарахаас өмнө "Эм Энд Жи Констракшн" ХХК ХУД-ийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд 30 айлын орон сууцыг үнэ төлбөргүй олгоно гэдэг танилцуулга явж байдаг. Ингээд ХУД-ийн Засаг даргын 2008 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 23-р дугаар захирамжаар Монгол-Солонгосын хамтарсан"Эм Энд Жи Констракшн" ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон.

Газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Монгол Улсын Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэж гарсан. Гэтэл 2006 онд гарсан 40 мянган айлын орон сууц хэрэгжүүлэх төсөлд аль аль байршилд ямар орон сууц барих вэ гэдэг нь жагсаалтаар гарчихсан байдаг. Үүнд ХУД-ийн 15-р хороо буюу “Авлига хороолол” баригдаж байгаа Дунд голын орчим ороогүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн нэрийг ашигласан.

Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо газрын тухай хууль зөрчсөн. Дуудлага худалдаагаар сонгон шалгаруулалт хийж газар олгодог журамтай. Үүнийг зөрчиж газар олгосон. Дараа нь, буюу 2008 оны есдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт 442 тоот захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулсан. Компани авсан газар дээрээ юу ч хийгээгүй.

Мөн "Эм Энд Жи Констракшн" ХХК-д олгосон уг газар 2011 онд Капитал банк руу шилжиж, газрын маргааны асуудлаар шүүхдээд буцааж авсан байдаг. Газрыг Капитал банкинд шилжүүлэх захирамж дээр газрын үсэг зурсан хүн нь Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр.

-Газрыг анх ашиглах эрхийн гэрчилгээгээр авсан юм байна. Одоо бол эзэмших эрхийн гэрчилгээтэй юм билээ. Гэхдээ газрын зориулалтын асуудал анхаарал татдаг шүү дээ. Газрыг анх ямар зориулалтаар олгож, хэрхэн өөрчилсөн бэ гэдгийг дэс дараалалтай хэлж өгөхгүй юу?

-ХУД-ийн Засаг даргын 2013 оны А/951 захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг эзэмших болгож өөрчлүүлсэн. Газрын эзэмшил, өмчлөл, ашиглалтыг өөрчлөхдөө процесс зөрчсөн. Ингэхдээ газрыг таван жилийн хугацаатай “ногоон байгууламж” гэдэг зорилулалтаар олгосон. Капитал банктай шүүхэдсэн шүүхийн шийдвэрийн дагуу "Эм Энд Жи Констракшн" ХХК-д газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж, “ногоон байгууламж”-ийн зориулалтаар олгосон хүн нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл.

Улмаар газар эзэмших таван жилийн хугацаа дууссаны дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд нийт 11.8 га газрыг гурав хувааж, “ногоон байгууламж”-ийн зориулалтыг “үйлчилгээ”, “усан парк” гэдэг зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж олгосон. Эндээс эхлээд “ногоон байгууламж”-аар олгосон газрын зориулалт “үйлчилгээ” болж өөрчлөгдсөн.

-Газар олж авсан, ашиглах эрхийг эзэмших болгож, зориулалтыг өөрчилсөн процесс нь ийм байж. Газартай холбоотой Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн процессын талаар яриагаа үргэлжлүүлье.  Учир нь, барилгын ажил эхлэхээс өмнө бүх зүйлийг зогсоож, шүүхийн журмаар газрыг цуцлах боломж байсан гэж харагддаг. Яг энэ шүүхийн процесс дээр юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?  

-Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаясгалан 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр захирамж гаргаж, "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүнд, газрын тухайн хуулийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Усны тухай хуулийн 22.3-д заасан усны онцгой хамгаалалтын бүс зөрчсөн гэдэг үндэслэлээр газрыг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож тохижуулахыг захирамжилсан.   

Ийнхүү газар эзэмших эрхийг цуцалах захирамж гарсны дараа компани Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тамгаа хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн маргаан болон Д.Сумъабазар хотын дарга ажлаа хүлээж авахтай давхацсан. Тиймээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн процесс явах үед Д.Сумъяабазар Засаг дарга байсан. Мэдээж өөрөө шүүх хуралд очихгүй нь ойлгомжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилуулж, шүүх хуралд оролцуулсан. Гэхдээ хариуцагчийн хувьд бүх үүрэг хариуцлага, эрх мэдэл нь түүнд байсан.

Шүүх хуралдаанд шүүх хоёр гол дүгнэлт хийсэн. Нэгд, 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Су.Батболд газрыг гурав хувааж үйлчилгээ, усан паркийн зориулалттай олгосон. Харин 2020 оны есдүгээр сарын 30-нд Б.Батбаясгалан газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газрыг цуцалсан. Тиймээс 2018 онд захирамж гарснаас хойш хоёр жил хүрээгүй байхад байхад газрын гэрчилгээг цуцалсан гэдэг шалтгаанаар Газрын тухай хуулийн 40.1.6 нь үгүйсгэгдсэн. Энэ дээр анх олгосон захирамж биш, зориулалт өөрчилсөн гэдгээр сүүлд гарсан 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны захирамжийг дүгнэж, хоёр жилийг тоолж хойш тоолох боломж байгаа.

Хоёрт, Усны тухай хуулийн 22.3-д заасан голын онцгой хамгаалалтын бүс зөрчсөн гэх асуудалд “Авлига хороолол” баригдаж буй Дунд голын эрэгт 2011 онд нийслэлээс үерийн хамгаалалтын далан барьсан. Ингэснээр үер усны аюулаас хамгаалагдсан. Тиймээс БОАЖ-ын сайд болон БХБ-ын сайдын 2015 оны зургадугаар сарын 5-ны өдрийн “Усны сан бүхий газар эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх тухай” хамтарсан гэдэг журмын 2.4-д “Усны барилга, байгууламж дээр онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасныг ашигласан. Гэтэл энэ бол эрх бүхий этгээд усны хамгаалалтын бүсийг хаагуур яаж тогтоох вэ гэдгийг заасан аргачлал, заавар юм. Нийслэлийн хувьд яг усны хамгаалалтын бүсийг тогтоох эрх бүхий этгээд нь НИТХ байдаг. Тэгвэл шүүхийн шийдвэр гаргахаас өмнө буюу 2016 оны НИТХ-ын 50-р тогтоолоор усны онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон. НИТХ-аас тогтоосон усны онцгой хамгаалалтын уг бүсэд одоо баригдаж буй “Авлига хороолол”-ын урд талын хоёр блок тэр чигтээ орчихсон байгаа. Шүүхийн маргааны явцад БОАЖЯ-наас зураглалыг нь гаргаж өгсөн байдаг. Усны тухай хуулиар онцгой хамгаалалтын бүсэд аливаа барилга байгууламж барихыг хориглодог.

-Нийслэл тухайн үед шүүхийн маргаанд усны онцгой хамгаалалтын бүс зөрчсөн гэдэг асуудалд төвлөрч, газрыг цуцалсан шийдвэрээ хамгаалах боломжтой байсан уу. Мөн нийслэл анхны шатны шүүхийн шийдвэрийг давж залдаагүй байдаг. Давж заалдах боломжгүй байсан гэж үү?

-Хариуцагч байгууллага 2016 оны НИТХ-ын 50-р тогтоолын талаар шүүх хурал дээр дурдаагүй. Шүүх ч үүнийг хөөж, эрэн сурвалжлаагүй. Урдуур нь баригдсан далангаас болоод Усны тухай хууль зөрчөөгүй юм шиг дүгнэлт хийсэн. Үерийн далан барилга, байгууламж мөн үү гэвэл тийм. Гэхдээ далан дээр усны онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй. Усны хамгаалалтын бүс дотор далан барихад асуудал байхгүй л гэдэг зохицуулалт. Эсрэгээрээ далан барьсан учраас тэрнээс хойш орон сууц, барилга барихад хамаагүй гэдэг зохицуулалт огт биш.

Би шүүхийн шийдвэр шүүдэг хүн биш. Гэхдээ хуульч хүнийхээ хувьд Нийслэлийн Захиргааны хэргийн Анхны шатны шүүх дээр ийм алдаа гарсан гэж дүгнэж байгаа. Гол нь ийм алдааг засах гэж дараа, дараагийн давж заалдах хяналтын шат байдаг. Би өмгөөлөгч хийсэн 12 жилийн хугацаанд хариуцагч захиргааны байгууллага давж заалдах хяналтын гомдлыг гаргалгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан түүх байхгүй. Тэр тусмаа нийслэл хэзээ ч давж заалдах гомдол гаргахгүйгээр орхидоггүй. Энэ бол нийслэл давж заалдаагүй миний сонссон анхны тохиолдол.

Ийнхүү Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг тэр хэвээр нь хүлээн зөвшөөрч, хуулийн хүчин төгөлдөр болгосон байдаг. Энэ бол нийслэл яагаад өмнө нь гарчихсан баримт бичгүүдийг шүүхэд гаргаж өгөөгүй юм бэ. Яагаад НИТХ-ын тогтоолыг үндэслээд шүүх дээр маргаагүй юм бэ. Яагаад давж заалдах гомдол гаргаагүй юм бэ гэдэг эс үйлдэл юм. Шүүх хуралд орж байгаа нийслэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие дааж шийдвэр гаргахгүй. Хэрэв бие дааж шийдвэр гаргаад давж заалдах гомдол гаргалгүй орхичихсон бол өөрөө эргээд асуудалд орно.

-Нийслэлтэй шүүхдэж байх үед газрын зориулалт нь 2018 онд олгосон “үйлчилгээ”, “усан парк”-ийн зориулалттай байсан юм байна. Гэтэл компани анхнаасаа орон сууцны зориулалттай байсан гэдэг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ орон сууцны зориулалттай болчихсон юм бэ. Мөн барилгын ажлыг зөвшөөрөлгүй эхэлсэн гэж байгаа үндэслэл юу вэ?  

-Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх шаардлагатай. Захиргааны хэргийн шүүхийн онцлог нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б.Батбаясгалангийн захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоход өмнөх эзэмшиж байсан газрын гэрчилгээ нь сэргэдэг. Ингээд л болчихдог. Үүн дээр дахиад шүүхийн шийдвэрийг биелүүлэх захирамж гаргана гэдэг ойлголт байхгүй. Ийм л энгийн. Тэгэхээр  өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Су.Батболдын олгосон “үйлчилгээ”, “усан парк”-ын зориулалттай гурав хуваасан газар байсан.

Гэтэл 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/17 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх” тухай захирамжийн хавсралт хэсэгт “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” гэдэг зориулалттай байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг, “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилж өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд зориулалтыг өөрчлөх тусдаа зохицуулалт Газрын тухай хуульд байдаг. Энэ компанид тэр хууль үйлчилдэггүй. Анхны зориулалтаасаа хэд дахин өөрчлөгдөөд хамгийн сүүлд Д.Сумъяабазар дарга орон сууц болгосон.

Хэрэв Д.Сумъяабазар А/17 тоот захирамж гараагүй бол “Авлига хороолол” өмнөх Су.Батболдын 2018 онд олгосон үйлчилгээ, усан паркийнхаа барилга байгууламжийг л барих боломжтой байсан. Мэдээж орон сууцны зориулалттай газар эзэмших эрхтэй болсон компани орон сууцаа л барьж таарна. Ингээд орон сууц барих тухай хүсэлтээ гаргаад, Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 2022 оны гуравдугаар 23-ны өдөр “гурван блок 24 давхар үйлчилгээтэй орон сууцны цогцолбор” гэдэг архитектор төлөвлөлтийн даалгаврыг нь баталж өгсөн.

Архитектор төлөвлөлтийн даалгавар гарахтай зэрэгцээд барилгын ажил явж эхэлсэн. Барилгын ажил сууриас эхэлдэг. Барилгын тухай хуулиараа барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа эхэлдэг. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүй газар ухаад барилга, байгууламж бариад сууриа цутгаад эхэлчихсэн байдаг. Ингээд ямар ч зөвшөөрөлгүй баригдаад эхлэхээр олон нийтийн дургүйцэл, шүүмжлэлтэй тулгарсан. Уг нь нийчлэлчүүд энд усан парк баригдана гэж бодож байсан. Хашаан дээр нь одоо хүртэл тэр постер нь байгаа. Гэтэл гэнэт л орон сууц баригдаад эхэлсэн. БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга нар энэ асуудлаар хэрүүл хийгээд л байсан. Гэвч хууль зүйн арга хэмжээ огт аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Тэр эрхүүдээ хэрэгжүүлээгүй. Ер нь бол ЖДҮХС шиг нэг нэгэн рүүгээ шиддэг, нэгнээ муухай харагдуулдаг улс төрийн хэрэгсэл болчихсон.

Товчхондоо, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ мэтчилэн улаанбаатарчуудад байнга худлаа хэлж яваа. Шүүхэд оролцсон процессынхаа талаар огт дурддаггүй. Тэгсэн хэрнээ шүүхийг буруутгадаг. Давж заалдаад гурван шатаар нь явчихсан бол шүүхийг буруутгаж болох юм. Монголын Улсын Ерөнхий сайдад худлаа хэлнэ. “Ямар ч асуудалгүй, хууль зөрчөөгүй. Ингээд улстөржүүлээд байгаа юм” гээд жилийн өмнө ярьж байсан нь сошиалд байна. Хэвлэлээр хүртэл шүүх ийм шийдвэр гаргачихсан учраас би яаж ч чадахгүй байна гээд асуудлыг орхигдуулаад байгаа. Гэтэл газрын зориулалт нь үйлчилгээ байсныг орон сууц болгож, “Авлига хороолол” гэх орон сууцны барилга баригдахыг зөвшөөрсөн. Хатуухан хэлэхэд “Авлига хороолол”-ын автор нь Д.Сумъяабазар дарга өөрөө.

-“Онч нүүдэл” ТББ энэ асуудалд стратегийн өмгөөлөл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд газар цуцлах, барилгыг зогсоох асуудлаар эрх бүхий байгууллагуудад нь хэрхэн хандсан бэ. Танай нэхэмжлэлтэй шүүхийн процесс ямар шатанд үргэлжилж байна вэ. Барилгын ажил эхлэх үед л нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо барилга 24 давхар босчихсон, гадна фасадны ажлаа хийгээд эхэлсэн байна.

-Бид энэ асуудлаар 2022 зургадугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт орон сууцны зориулалт олгосон А/17 захирамждаа өөрчлөлт оруулж, харъяа агентлагийнхаа архетиктор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгөөч гэдэг өргөдлийг өгсөн. Манай өргөдөлд хариу өгөөгүй. Гэтэл өргөдөл өгснөөс хойш 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр Барилгын хөгжлийн төвд магадлалын дүгнэлт гарсан байдаг. Мөн 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр БХБЯ-наас нөгөө гурван блок барилгад барилгын ажлын зөвшөөрөл олгосон. Хэрэв хотын дарга өргөдөл гомдлыг тухайн үед буюу хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн бол өөрт нь харъяалалгүй байгууллагуудын дараагийн шийдвэрүүд гарахгүй байсан. Одоо бол барилгын яам руу асуудлыг шидчихсэн. Гэтэл БХБЯ, Барилгын хөгжлийн төв бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, архетиктор төлөвлөлтийн даалгавар батлагдаад, зурган магадлагаа хийгдчихсэн байхад зөвшөөрөл олгохоос татгалзах зөвшөөрөл байхгүй. Гэхдээ БХБЯ барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтээр хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг. Үүнийгээ бас л хэрэгжүүлээгүй.

Хотын даргад бид гомдол гаргах үед барилга дөрвөн давхар дээрээ явж байсан. Дөрвөн давхар хүртлээ ямар ч барилгын зөвшөөрөлгүй баригдаж байсан. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татан буугдаагүй байхдаа хяналт, шалгалт хийгээд кран, барилга, дэд бүтэц, тог цахилгаан зөвшөөрөлгүй гээд бүгдийг нь зогсоож, Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгосон байдаг. Гэтэл 10 хоногийн дараа барилгын зөвшөөрөлтэй болчихсон учраас зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явсан.

Нийслэлийн Засаг дарга хариу өгөөгүй учраас бид 2022 оны долдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, наймдугаар сард хэрэг үүссэн. Хэрэг үүсээд холбогдох материалудаа цуглуулж, аравдугаар сард барилгын ажлыг зогсоох хүсэлт өгсөн. Гэтэл шүүх уг хүсэлтийг хоёр сар хэлэлцээгүй. Хуулиараа долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хоёр сар хэлэлцэхгүй байж байснаа “Авлига хороолол”-ыг бус манайхыг шүүсэн. Дүрэмдээ өөрчлөлт оруулснаас хойш гурван жил болоогүй учир барилга болон байгаль орчны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гээд биднээс өө хайж эхэлсэн. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах шаардлагууд байгаа. Гэхдээ хэтэрхий явцуугаар тайлбарлаж, манай хэргийг хэрэгсэхгүй болгож, манай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Бид өмнө нь стратегийн өмгөөллийн ажил хийж байсан. Тэр үед ингэж явуургаар тайлбарлаж байгаагүй. Амжилттай явж байсан кейсүүд бий. Дүрэмд өөрчлөлт оруулснаас хойш гурван жил гэдэг нь 2023 оны гуравдугаар сард дууссан. Дуусангуут л нь нэхэмжлэлээ өгтөл, өмнө нь О.Оюунгэрэл шүүгчийн шийдсэн шүүхийн шийдвэрээр энэ асуудал чинь шийдэгдчихсэн гээд шүүх дахиад татгалзсан. Бид нар энэ шийдвэр дээр давж заалдах шатны шүүх дээр гомдол гаргаад захирамжийг нь хүчингүй болгож, захиргаан хэрэг үүссэн. Захиргааны хэрэг үүсэж, хариу тайлбар ирсний дараа тавдугаар сарын 27-нд хүсэлтээ өгсөн. Тэрнээс хойш тодорхой хүсэлт хэлэлцэхгүй байсаар барилга нь хорин хэдэн давхар босоод, “Авлига хороолол”-ын газраар дайрч өнгөрөх ёстой байсан Дунд гол нь хальж, хойшоо хүүхдийн парк, Замын цагдаа, Таванбогдыг үерт автуулсны дараа долдугаар сарын 24-нд урьдчилсан хэлэлцүүлэг хэлэлцэхээр боллоо. Гэхдээ бид нар хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал дээр шүүгчээс татгалзсан. Учир нь, өмнө нь хууль журам, хугацаа, дараалал зөрчиж бидний хэргийг хүчингүй болгосон шүүгч дээр манай хэрэг дахиад хуваарилагдсан. Татгалзлыг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Нэг компанийн эдийн засгийн ашиг сонирхлын өмнө нийт Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амь насыг дэнчин тавьж болохгүй. Албан тушаалтнууд нийлж байгаад Монгол Улсын хуулийг зөрчиж чаддаг юм байна. Гэхдээ хууль зөрчсөн ч байгалийн хууль зөрчигдөхгүй. Байгалийн хуулийг зөрчсөн хүн байхгүй гэдгийг сая байгаль өөрөө санууллаа. Тиймээс өөрчлөлт гарна гэж найдаж байна. Д.Сумъяабазар дарга алдаагаа хүлээн зөвшөөрч, “Авлига хороолол”-ыг буулгуулах хүртэл арга хэмжээ авах хүртэл бид шүүхийн журмаар явах болно.

-24 давхар хүртлээ босчихсон барилгыг хуулийн хүрээнд нураах боломжтой юу. Нураасан тохиолдолд гарах хохирлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ер нь манай улсад өмнө нь хууль зөрчиж баригдсан барилгыг шүүхийн шийдвэрээр нурааж байсан кейс байгаа юу?   

-Миний судалснаар шүүхээс хууль зөрчиж баригдсан барилгыг нураах шийдвэр гаргаж байсан гурван кейс байдаг юм билээ. Хоёр нь хэрэгжсэн. Нэг нь, АПУ ХК-ийн арын олон жил баригдсан зочид буудлын өргөтгөлийг шүүхийн шийдвэрээр нурааж байсан. Мөн Рапид харш дотор ХУД-ийн Засаг даргын Тамгын газраас ахмадын үйлчилгээний төв гэж гурван давхар барилга барьсныг оршин суугчид нь холбогдох стандарт, норм зөрчсөн гээд шүүхэдсэн. Уг хэрэгт би өмгөөлөгчөөр оролцож ялсан. Хожим уг барилгыг нураасан. Нэг шийдвэр нь хэрэгжсэн эсэхийг мэдэгдэхгүй.

Шийдвэрүүд нь хууль бус бол барилгыг буулгаж болно. Барилга нураадаг тусгай зөвшөөрөлтэй компаниуд бий. Барилга буулгадаг хууль зүйн үндэслэл бий. Нийслэлийн Засаг даргад тэр эрх хэмжээнүүд нь байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох юм бол эсвэл Д.Сумъяабазар дарга манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрвөл “Авлига хороолол”-ын газар төрд шилжинэ. Төрийн өмчлөлийн газар дээр өөр нэг компанийн объект байгаад байж болохгүй учир буулгаж таарна. Буулгаж чөлөөлсний дараа буруутай албан тушаалтнуудаар учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Тиймээс үе үеийн Засаг дарга нарын хэн нь буруутай юм бэ. Хэн нь анх газар олгож, хэн нь орон сууц болгосон юм бэ. Тэр хүн нь л хохирлыг төлөх ёстой. Түүнчлэн саяны үерээс болж хохирсон иргэд болон хуулийн этгээдүүд шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хэрэв “Эм Энд Жи Констракшн” ХХК-д хохирол учирна гэвэл энэ компани өөрөө хууль зөрчсөн үйлдэлд оролцсон. Хэн гэм буруутай нь хохирлыг төлнө. Мэдээж гэм буруугийн асуудал шүүхээр шийдэгдэнэ. Шийдэх тогтолцоо нь манайд бий.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Itoim.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?