Энэ тухай яриа тасрахгүй. Тэд олон алдаа гаргасан. Алдаа болгон ард иргэдийн нүдэн дээр ил байсан. Үр дагавар нь ард иргэдийн ахуй амьдралд нөлөөлсөн. Тэд дээгүүрээ учраа олохоо больсон. Нэг намаас сонгогдсон ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд нар нь ч хоорондоо үг хэлээ олж чадахгүй, эв түнжингүй байсан. Ойр зуурын асуудал төдийгүй, эдийн засгийн болон улс төрийн томоохон шийдэл дээр ч зөрөлдөж байсан. Намын лидер гэх хүмүүс нь бие бие рүүгээ давшилцгаасан. Нийслэлийн АН-ын дарга бөгөөд, хотын захирагч Э.Бат-Үүл : "Ардчилсан нам гэж байхгүй. Фракц төлөөлсөн дээрэмчид УИХ-д сууж байна" гэж ч мэдэгдэж байсан. Дараа нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг намнах ажиллагааны гэрч болцгоосон. Тиймээс тэд 9-үүлээ үлдэж, цөөнхийн суудалд шилжсэн. Энэ цөөн суудлын нэгийг намдаа авчирсан Лу.Болд : "АН ялагдсан 2 шалтгаан бий. Эхнийх нь хагарал. Засгаа өөрсдөө унагасан. Эрх мэдэл, албан тушаал, өмч хөрөнгө булаацалдсан. Сүүлийнх нь, АН-ыг албан тушаалд хүрэх гүүр гэж андуурсан" гэж тодорхойллоо.
Энэ бол дотроос нь харж хэлсэн хүний үг. Тиймээс ч Лу.Болд, Г.Батхүү нар сонгуулиас өмнө АН-ын шинэчлэлийг ярьж, МоАН гэж байгууллагыг хүртэл санаачилж байгуулсан байдаг. Одоо АН-ын зовлонг, МАН эдэлж эхлэв бололтой. Бас л эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл ил далд өрнөж эхэллээ.
Ц.ЭНХБАТ