Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын зээлийн сан” байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. БСШУС-ийн сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй” гэлээ.
Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ “Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” гэлээ.
Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90000 оюутан хамрагдах тооцоо гарсан байна. Мөн “Дотоодын оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг, гадаадад суралцах магистр, докторын сургалтын зээл олгох ажлуудыг үргэлжлүүлнэ” гэж "Боловсролын зээлийн сан"-гийн захирал П.Лхагвасүрэн мэдээллээ.
Арилжааны банкуудаар дамжуулан олгох эдгээр зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх талаар салбарын сайд мэдэгдсэн.
Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ