Ц.ОРГИЛБОЛД : ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ САЙН ХИЙВЭЛ АМЖИЛТАД ХҮРДЭГ ЮМ БАЙНА

2016-12-02  
Цасны тэрэг бүтээж сошиал ертөнцөд танил болоод байгаа Ц.Оргилболдыг урьж ярилцлаа.

Саяхан цас их орсноос халтиргаа гулгаа ихэсч, хот цасаа цэвэрлэж чадахгүй хүндхэн байлаа.

Энэ өдрүүдэд өөрийн тань зохион бүтээсэн цасны тэрэг анхаарлын төвд байсан. Анхны санаа хаанаас төрж байсан талаар яриагаа эхлэе ?

Би барилгын технологийн коллежийг гагнуурчин мэргэжлээр төгссөн. МҮОНТВ-ийн “Залуу зохион бүтээгч” уралдааныг 2011 онд анх үзээд дараа жилийнх нь уралдаанд оролцохоор өөртөө зорилго тавьсан. 2012 оны тэмцээний бүртгэл явагдаж эхлэхэд, юу хийж болохоо бодож 20-оод санаа жагсаан бичсэн. Тэндээсээ гурван зүйл дээр төвлөрч юуг хамгийн сайн хийж чадах вэ гэж бодсон. Барилгын коллежид сурч байхдаа амралтын өдрөөр усны тэрэг гагнадаг байлаа. Мөн “Алтан тариа” ХХК-д ажиллаж байхдаа цехийнхэнтэйгээ том панераар цас арилгадаг байсан маань санаанд орж ирсэн л дээ. Ажлын туршлагаа бодсон ч тэр цас арилгадаг тэрэг хийх нь дээр гэж бодсон. Усны тэрэгний урд шанага хийгээд анхны цасны тэргээ хийсэн. Нэгдүгээр шатны шалгуурлалтад явах замдаа хийсэн тэргээрээ цас арилгаж үзтэл миний төсөөлснөөс ч илүү өндөр бүтээмжтэй байсан. Дагтаршсан биш  дөнгөж орсон хөвсгөр цас цэвэрлэхээр тооцоолж хийсэн. Тэмцээний нэгдүгээр шатанд бүтээлийнхээ зургийг нь зураад санаагаа бичээд орох боломжтой байв. Харин би шууд тэргээ хийгээд очсон. Хэрвээ санаагаа цаасанд буулгаад эхний шатанд оролцсон бол тэнцэхгүй байсан байх гэж заримдаа боддог.

Тэмцээнд орсноосоо хойш цасны тэргээрээ дагнан үйлдвэрлэл явуулж байна уу?

Тэмцээнд орохын өмнө ажлаасаа гарсан бай­сан. 2011 оноос хувиараа дугуй засвар ажиллуулж эхэлсэн юм. Энэ тэмцээнд ам­жилттай оролцсон маань надад урам зориг өгч,  цаашид би хийж ча­дах юм байна гэсэн өөртөө итгэх итгэлийг тө­рүүл­сэн. Зундаа дугуй  зас­вараа ажлуулаад өвөлд нь цасны тэргээ хийдэг. Би “Алтан тариа” ХХК-д, “Таван толгой” ХХК, “Барилгын коллеж”-доо багш гээд хэд хэдэн газар ажиллаж байлаа. Дугуй засвар маань өвөл зунгүй ачаалал ихтэй ажилладаг болохоор чамгүй орлоготой байдаг. Ямар ч байсан коллежид багшилж байхдаа авч байсан 250 мянган төгрөгийг дөрвөн өдөр ажиллаад л олдог. Ер нь хүн өөрийнхөө чаддаг зүйлийг хөгжүүлээд хувиараа ажил эрхлэх нь илүү ашигтай амжилттай байдаг гэж би боддог.

Өөрийн чинь бүтээл сошиал ертөнцөд трэнд болж, худалдаж авах хүсэлтэй хүмүүс их байх шиг байсан. Борлуулалт нь нэмэгдэв үү?

Хэд хэдэн тэрэг зар­­сан шүү. Хувь хүнд  биш албан байгууллагад зориу­лагдсан учраас  ихэвч­лэн компаниуд худал­даж авдаг. 2012 онд яг тэмцээнд оролцож байх үед Сүхбаатар дүүргээс хол­богдоод 10 тэрэг ху­дал­даж авсан. 

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг бо­лохоор тухайн үеийн удирдлагуудтай уулзаж цасны тэргээ танил­цуулсан. Намайг дэмжээд мөн 10 тэрэг худалдаж  авсан. Энэ дашрамд намайг дэмжин тэрэг худалдаж авсан Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн тухай үеийн удирдлагуудад маш их баярлаж явдагаа хэлмээр байна. Анхлан хийсэн болохоор одоогийн тэрэгнээс чанарын хувьд тааруу байсан л даа. Дөрвөн жилийн хугацаанд жилээс жилд чанарыг нь сайжруулсаар өнөөдрийн хувилбараа гаргаж авсан. Нэг үеэ бодвол монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ маш их дэмждэг болсон. “Монголд хийж байгаа цасны тэрэг мөн үү” гэж их  асуудаг.

Хэдхэн хоногийн өмнө цасны тэргээ хотын даргад танилцуулж байсан. Хотын дарга хамтарч ажиллах тухай юу ярив. Цас цэвэрлэх бүтээмжийн хувьд гараар цэвэрлэснээс хэдэн хувь илүү бол ?

Хотын дарга их сайхан хүлээж авсан. Миний зүгээс борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Намайг дэмжээд  хамтарч  ажиллах байх гэж найдаж байгаа. Бүтээмжийн хувьд гар аргаар цас цэвэрлэснээс тав дахин илүү бүтээмжтэй. Нэг ёсондоо таван хүний цэвэрлэх цасыг нэг тэргээр цэвэрлэнэ гэсэн үг л дээ.

Иймэрхүү цасны тэрэг ч юмуу цасны машин оруулж ирдэг компани байдаг уу ?

Оруулж ирж зардаг компани байдаггүй байх. “МСS” ХХК өөрсдийн хэрэгцээндээ зориулж орчныхоо цасыг цэвэрлэхээр зургаан цасны машин оруулж ирсэн байсан. Монголын нөхцөлд тохирохгүй байна.  Монголчлоод янзлаад  өгөх боломж байна уу гэж холбогдсон. Нэг удаа миний хийсэн цасны тэргийг үзээд, зургийг нь явуулчихвал Хятадад захиалгаар хийлгээд олноор нь оруулж ирэх боломжтой юм байна гэж нэг хүн уулзаж байсан.

Танай компани хэдэн ажилтантай вэ?

Тэрэг хийдэг үндсэн дөрвөн хүн ажилладаг. Борлуултад хоёр хүн явж байгаа. Тэргээ угсарсны дараах тохиргоо зэрэг гол ажлаа би хариуцдаг. Нэг ёсондоо цасаа хусч байгаа эсэх, дутуу гагнасан эсэхийг шалгасны дараа борлуултад гаргадаг. Бид урд нь ажлын байр түрээслэж цасны тэргээ хийдэг байсан. Харин энэ зун ахтайгаа 140 мкв байшин барьж өөрийн гэсэн ажлын байртай болсон болохоор цаашид төмрөөр хашаа хайс хийж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх  бодолтой байгаа.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Буниа:Мундаг зорилготой залуу байна. Бас ажилсаг ийм залуусаа дэмжээд өгвөл ч их юм гарна даа. 2016-12-02
Төстэй мэдээ
М.УРАНЧИМЭГ: ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫГ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХҮҮХЭД ОГЦОМ УУРТАЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ГАДУУР ТЭНЭДЭГ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Ж.БААСАНЖАВ: ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДВЭЛ 12 ХҮРТЭЛ ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛДАГ
Х.НЯМБААТАР: СТАНДАРТТАЙ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРИМОГ, ШИЙДЭМГИЙ ОЛОН ҮЙЛДЛИЙГ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Б.ДӨЛГӨӨН: МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ ХАМААРАЛ НЭМЭГДСЭН УЧРААС ОЛСОН ОРЛОГОО ЗӨВ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Д.САРАНГЭРЭЛ: ХАНИЙНХАА АРСЛАН ЦОЛЫГ ОДОО ХҮРТЭЛ ЧИХ ТАВИН ХҮЛЭЭДЭГ
Ц.ДОРЖГОТОВ: ХҮНИЙ АМЬДРАЛ БОЛ НҮГЭЛГҮЙ ОРЛОГООР Л ГЭДСЭЭ ТЭЖЭЭХ ЯВДАЛ ЮМ
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.ПАГМАДУЛАМ: ОХИД НЭГНЭЭ ДЭЭРЭЛХЭХ ҮЗЭГДЭЛ ГЭР БҮЛИЙН ХАЙР ХАЛАМЖ ДУТАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ
Ж.БАЯРЖАРГАЛ: УРАН ЗОРИОЛОО ХАЙХАРДАГГҮЙ ТӨР МӨХӨЛДӨӨ ДӨХДӨГ
П.ГАНХУЯГ: УРАНААС УЛБААТАЙ ХОЁР ХӨРШИЙН ШАХАЛТАД ОРЖ БАЙГАА БОЛ ҮНЭХЭЭР ТОМ ЭРСДЭЛ
Ц.БАТТӨР: МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ МУУЛАХ, ҮЗЭН ЯДАХ ДОН БУЮУ СЭТГЭЦИЙН НЭГ ТӨРЛИЙН ӨВЧИНД НЭРВЭГДЧИХЭЭД БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?