Дорнын их нэвтэрхий толь, их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг орчин цагийн крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн соёлын төв” амжилттай хэрэгжүүлэн дуусах гэж байна. Энэхүү судрыг анх зургаан жилийн өмнөөс орчуулж эхэлсэн. Манж, төвд, хятад,монгол хэл сайн эзэмшсэн лам хуврагууд болон МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нар хамтран хөрвүүлж байна. Хөрвүүлгийн ажил 70 хувьдаа оржээ.
Тэд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть их хөлгөн судрыг крилл бичгээр 340 боть ном болгох юм. Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө эх хэл дээр буулгасан бөгөөд Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулсаар ирсэн. Ганжуурыг эх хэлнээ буулган судлахын зэрэгцээ алт, мөнгө, зэс тэргүүтэн зэрэг есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд монголоос өөр байдаггүй юм байна.
Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа юм. XVI зуунд Лигдэн хааны зарлигаар “Ганжуур”-ыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. Энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичиг хоёроор буулгаж байгаа юм. Энэ нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна.
Д.БУЯНЖАРГАЛ