ОХУ-Д 430 ГАРУЙ ОЮУТАН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА

2017-01-04  

ОХУ-ын боловсролын салбартай бид 10-20 жилийн түүх ярих эртний түншүүд билээ. 1990 оноос хойш хоёр орны хамтын ажиллагаа жаахан суларч, хойд хөршид суралцах оюутнуудын тоо эрс цөөрсөн. Харин 2000 оноос Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр жилд  50 оюутныг Оросын зардлаар суралцуулдаг байв. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг манай улсад айлчлах үеэр тус улсад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх тухай гэрээ хэлцэл хийсний дүнд ОХУ-д тэтгэлгээр суралцах боломж улам бүр нээлттэй болсоор байна. Өнгөрсөн  жил 383 оюутан ОХУ-д суралцахаар явсан бол ирэх хичээлийн жилд энэ тоо 433 болж өсчээ.  Иймд ОХУ-д суралцахаар төлөвлөж буй ахлах ангийнханд болон  их, дээд сургууль болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй  оюутан залууст энэ талаарх мэдээллийг дуулгая. 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА

ОХУ-д одоо 5000 орчим монгол оюутан суралцдаг.  Гэхдээ тархалтын хувьд харилцан адилгүй.  Тухайлбал, Москва хотын 46 их, дээд сургуульд манай улсын оюутнууд суралцдаг. Ингэхдээ нэг хотод нэг л монгол оюутан суралцах тохиолдол хүртэл байдаг. гэдгийг  ОХУ дахь МОХ-ны тэргүүн Б.Цолмон хэлж байсан. Хойд хөршид  суралцаж буй оюутан залуус ихэвчлэн  Засгийн газрын бодлогын дагуу  инженер, технологийн чиглэлээр суралцдаг. Мөн цэрэг цагдаа, санхүү, эдийн засгийн чиглэлээр цөөнгүй залуус байдаг ажээ.

Орост суралцах асуудлыг өмнө нь хоёр орны Боловсролын яам хамтран зохион байгуулдаг байсан. Харин одоо ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаадтай харилцах төв хариуцдаг болжээ. Энэ жилийн тухайд, дуулгах сонин гэвэл, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн.  Энэ үеэр боловсрол болоод урлаг соёл,  спортын салбарт хамтран ажиллах, багш, оюутнуудыг суралцуулах талаар хэд хэдэн зүйл дээр тохиролцоонд хүрсэн байна. Тухайлбал,  ирэх хичээлийн жилд ОХУ-д 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар болон Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг сургууль буюу ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос Монголын хамтарсан III сургуулийн төгсөгчдийн шалгалтын асуудлыг зардал чирэгдэл багатайгаар шийдвэрлэхээр болсон байна. Дээрх сургуулийн төгсөгчид жил бүр  ОХУ-ын ерөнхий боловсролын шалгалтыг Орост очиж өгдөг байсан бол энэхүү хэлэлцээрийн дүнд Монголдоо шалгалт өгөхөөр болжээ. Төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС  дээр түшиглэн байгуулахаар болсон байна. Мөн эдгээр сургууль төгсөгчдийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулах болсон талаар Россотрудничество агентлагтай тохиролцсон байна. Энэ жил дээрх сургуулиудыг 130 гаруй монгол сурагч төгсч, ОХУ-ын ерөнхий шалгалтад орно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

ЖИЛД 40 ОЮУТНЫГ СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦУУЛНА

Айлчлалын үеэр биеийн тамир, спортын салбарт бас багш, оюутныг солилцох, тэтгэлгээр суралцуулах тухай албаны хүмүүстэй уулзаж, үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жилд 40 хүртэлх тооны оюутныг ОХУ-ын их, дээд сургуульд спортын чиглэлээр суралцуулахаар болжээ. Мөн  хоёр орны үндэсний шигшээ багийн тамирчдыг тогтмол хамтарсан бэлтгэлд хамруулах, спортын салбарын барилга байгууламжийн зураг төсөл авах, 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын зохион байгуулалтад хамтран ажиллахаар болжээ.

Мөн энд нэг зүйлийг онцолж дурдахад, ОХУ-д суралцах хүсэлтэй ч хэлний мэдлэггүйгээс болоод энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй багш, сурагчид  олон бий. Тиймээс энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр Оросын соёл шинжлэх ухааны төвд  хэлний курс хичээллэж байгаа юм байна. Энэ сургалтад оюутан, сурагчдаас гадна энгийн иргэд ч хамрагдах боломжтой юм. Цаашлаад орос хэлтэй л бол хүн бүхэн ОХУ-ын их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалтад хамрагдах боломжтой гэдгийг холбогдох албаныхан дуулгаж байсан. Үүнээс гадна орон нутгийн хүүхдүүд Орост суралцах талаар тодорхой мэдээлэлгүй байдгаас болж, шалгалт өгч чаддаггүй байсан.  Үүнийг өөрчлөх зорилгоор ОХУ-д ЕБС-ийн орос хэлний багш нарыг зуны сургалтанд хамруулахаар болжээ.  Энэ мэтчилэн хойд хөршид тэтгэлгээр суралцах, энэ талын хэрэгцээт мэдээллийг олж авах, хэлний бэрхшээлийг арилгах зэрэг олон чухал асуудлыг хоёр улсын Засгийн газраас нааштайгаар шийдвэрлэсээр байна. Элсэлт болон тэтгэлгийн талаарх зарим мэдээллийг бид дараа дараагийн дугаартаа нийтлэх болно.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?