"ХҮНСНИЙ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ"-ИЙН САНГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2017-03-29  
Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.

Нэр томьёоны комиссын 2017 оны 3 дугаар сарын ээлжит хурлаар  "Хүнсний нэр томьёоны тайлбар толь"-ийн санг хэлэлцэн баталлаа. Комиссын гишүүн байгууллагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ШУТИС-ийн хүнсний мэргэжилтэн багш нар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар баг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаныхан ажиллав.

Тольд нэр томьёог мэргэжлийн зүгээс тайлбарлаж үг хэллэгийг англи, орос хэлээр хэрхэн оноож хэлэх, монгол бичгээр яаж бичихийг давхар тайлбарласан нь лавлагаа, танин мэдэхүйн хүрээг өргөтгөсөн онолын болон практик ач холбогдолыг тусгаж өгчээ.

Хүнсний аюулгүй байдал төдийлөн хангалтгүй байгаатай холбоотойгоор Хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, практик ажиллагаанд өргөн хэрэглэгддэг хүнсний нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгон цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байсан юм.

Тухайлбал:

  1. 2010 оноос эхлэн хүнсний салбарын хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж зарим нэр томьёог тодорхойлж байгаа хэдий ч салбарын хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрэхгүй байсаар байна.
  2. Сүүлийн үед янз бүрийн хэлнээс орчуулгын материалууд албан хэрэгцээнд өргөн хэрэглэгдэх болсон. Орчуулгын материалыг хувь хүн өөр өөрийн дураар орчуулж монголын хөрсөнд буулгахдаа өөр өөр агуулгатай баримт бичгүүдийг гаргах тохиолдол их байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн орчуулгыг жигдлэх, агуулгыг өөрчлөхгүйгээр нэгдсэн сангаас тохирох мэргэжлийн үг хэллэгийг авч ашиглах, нэгдсэн ойлголтыг түгээх шаардлага үүссэн.
  3. Дэлхийн даяршилтай холбоотойгоор хүнсний салбарт ч олон арван шинэ нэр томьёо, хэллэг нэвтэрч байна. Эдгээрийг монгол хэл дээр янз янзын оноолт хийх, зарим нэр томьёог гадаад хэлээр нь хэрэглэх явдал ч нэлээдгүй байна. Иймд эдгээр нэр томьёо, тодорхойлолтыг гарал үүслийнх нь жинхэнэ утгаар тайлбарлах, ойлголтын зөрүүг арилгах нэн шаардлагатай болсон.
  4. Жирийн хэрэглэгчээс эхлэн мэргэжлийн боловсон хүчин, бизнес эрхлэгчид хүнсний үг хэллэг, томьёоллын талаар нэгдсэн ойлголттой болох, ойлголтын зөрүүг арилгах, мэргэжлийн нэг тогтсон хэлээр өөр хоорондоо ойлголцох хэрэгтэй байгаа.

Эдгээр хэрэгцээ шаардлагыг харгалзан хүнсний салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд хамтран “Хүнсний нэр томьёоны толь”-ийг Улсын нэр томьёоны комиссын хурлаар баталлаа. Уг толь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэгдэхүүний үйлдвэрлэл, Үр тариа, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл, Ус, ундааны үйлдвэрлэл, Лабораторийн тоног төхөрөөмж, Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, Хоол зүй, шим тэжээл, Хүнсний хууль эрх зүй болон хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн бүтэц 25000 мянган үгийн сантай юм байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?