Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУНДАГА ӨРГӨХ НУТАГТАЙ БАЙХ САЙХАН

2017-06-14  

Миний хүргэн ах Д.Цэнд

Манайхан (ээжийн тал) бүгд л түүнийг Цэнд ах гэнэ. Энэ хорвоог ёстой л өөрийнхөөрөө хийж, бүтээж, бичиж бас дуулиантайхан өнгөрөөсөн хүргэн ах минь билээ. Хорвоогийн мөнх бусыг үзээд аль хэдийн 4 зун өнгөрчээ. Цэнд ахыг дурсан санахын утга учир : тэр хүн бол “Хамгийн хатуу социализмын үед үндсэрхэг үзэлтэн гэж “МАХН-ын Төв Хорооны Нарийн Бичгийн дарга нарын хурлаар 3 удаа донгодуулж байсан хүн” билээ. Алдар цол нь бол Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш Профессор хүн л дээ.

Хааяахан халамцсан үедээ хаана ч байсан “Биднийг хундага өргөх нутагтай үлдээсэн аугаа их хаад, ноёдын төлөө эхний хундагаа өргөе” гэж хэлээд хундага өргөдөг тийм л зоригтой, эх орондоо хайртай нэгэн байсан юм аа. 1981-1984 оны үед Нацагдорж гуайн Мандухай Цэцэн, Пүрэв гуайн Зүрхний хилэн, Цэмбэл гуайн Амарсанаа романууд шил шилээ даран уншигчдын гарт хүрч би ч бас яаж хоцорохов дээ уншиж билээ. 1985 оны зуны амралтаар би Далхжав гуайн “Уйгаржин бичиг” номыг үзэж уйгаржин бичиг нилээд гадарлахтайгаа болсон юм. 1989 оны үед ахынд айлчлан очиход, Булган чи уйгаржингаар уншдаг болсон гэл үү. Үүнийг унш гээд “Хөх Монголын Хөх Туг” номыг өгч билээ. 

Дараа нь Аугаа Инжинашийн Хөх судар Романы 1-3 –р дэвтрийг өгсөн. Тэгээд Гурван Хааны түүх номыг бас ахаас авч уншсанаас хойш би түүх жаахан гадарлах болж, бас эх орон гэж ингэхэд ямар их цус, нулимсаар бидэнд хүрч ирснийг ойлгохтойгоо болсон юм. Нилээд хожим 2002 онд Архангай явж ирээд хүүхдүүдээ дагуулан ахынд айлчлахад “За хоёулаа номын өрөө рүү орьё. Ах нь дүүдээ ном бэлтгээд тавьчихсан гэж хэлээд О.Намнандорж гуайн Тайхар чулууны нууцаас гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэл” өгч уншуулж билээ. Бие барахаасаа гурван жилийн өмнө өвлийн эхэн сард оройхон над руу утастаад “Ах нь өнөө шөнө дүүгийндээ очиж хононо шүү” гэж хэллээ. Би ч хоол цай, сархад бэлтгэн угтвал "Би дахиж хүүгийндээ ирж амжихгүй байх аа. Тэгээд сүүлчийн удаа хүүгийндээ хонох гэж ирлээ" гээд жаал хууч хөөрөөд хоноод явж билээ. Би түүний энэ үйлдлийг ихэд хүндэтгэж, сэтгэлдээ биширч намайг тоож, байсны нь илрэл гэж баярлаж явдаг даа. Хожим 2015 оны 6-р сарын 5-нд Шилийн Богд уулын оройд би шавь нарынхаа хамт гарч хийморио сэргээнгээ эхний хундага өргөх агшиндаа Цэнд ахынхаа хэлдэг үгийг санан байж "Цусаа юүлж, ясаа ивэн Шилийн Богд Уулаа бидэндээ үлдээж чадсан Аугаа их Дарьгангийн ноёд, ард иргэд та нартаа баярлалаа" гэж хундага өргөж билээ. Цэнд ахын минь хэлдгээр "Хундага өргөх нутагтай байх сайхан".

 

 

Амаржаргалын БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?