Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУДАЛД ДОНТОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ, АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА

2017-12-19  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэтгэцийн эмгэгийн жагсаалтад донтох өвчин байдаг. Архинд донтох, тамхи хар тамхинд донтох, тэр бүү хэл худалд донтох хүртэл сэтгэцийн эмгэгт багтдаг.

Өнөөдрийн Монголд худалд донтох сэтгэцийн эмгэг гамшгийн хэмжээнд хүрч аюулын харанга дэлдэж байна.

1. “Худал”-ын голомт

Платогийн диалогийн нэг болох Титетуст “Мэдлэг бол үнэн, батлагдсан, хаана ч хүчинтэй итгэл юм” гэж Сократ дүгнэсэн байдаг. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягталж, үнэн худлыг ялгаж (Critique), ойлгож, эцсийн дүгнэлт гаргах зэрэг процессыг дамжих шаардлагатай байдаг аж.

Монголын мэдлэг сурсан гэх дипломтнууд мэдлэгийг цээжилж, оноо цуглуулж, диплом авсан хүмүүс байдаг болохоос мэдлэгийг ойлгож баталгаатай итгэлтэй болсон хүмүүс биш гэхэд хилсдэхгүй.

Цээжилнэ гэдэг нь түр зуурын санамж юм. Тухайн үед нь цээжлэвч дараа нь Нүд ирмэх зуур таг мартагдана. Тиймээс тэдний дунд үнэн мэдлэгтэй хүн нэг ч байхгүй.

Мэдлэггүй хүн морал муутай, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас бусдын халаасанд орж, бусдын хэлснээр амьдарч, хар үгээр хэлбэл “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй амьдралтай байдаг.

Нийгэмд жинхэнэ мэдлэгтэй хүмүүс үгүй болж, худал хуурмаг оронд нь газар авахад бусдаас сонссон зүйлээ тоть мэт, өөрөө мэдсэн мэт давтах, шоудах, цаад гүн учрыг ойлгоогүй байж мэдэмхийрэх хүмүүс борооны дараах мөөг шиг л олширдог. Мэдлэг бол хүн төрөлхтний дундын, хамтын өмч. Хэн ч ганцаараа мэдлэгийг бүтээдэггүй. Хэн ч байсан гэсэн жинхэнэ мэдлэгт хүрэх бүрэн боломжтой.

2. Шүүмжлэлд дургүй мэдлэгтнүүд

Англи хэлний “сritic”, “criticism” гэсэн ойлголт нь эртний Грекийн критикос, үнэнийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас, сайхныг муухайгаас ялгаж, салгаж чадах гэсэн философийн ойлголт юм. Монголчууд бид критикийг орчуулахдаа цаад философийн үнэн худлыг ялгах, буруу зөвийг ялгах гэсэн чухал ойлголтыг орхигдуулж шүүмжлэх гэж алдаатай орчуулсан нь худлаар өвчлөх, бурууг өөгшүүлэх үйлдлүүд нийгэмд түгээмэл, хэвийн үзэгдэл болж төлөвшихөд хүргэжээ. Хүн төрөлхтний олон мэдлэгийн, оюуны томоохон бүтээлүүдийн гарчиг нь Critique of ... гэсэн гарчигтай байдаг нь гайхах зүйлгүй. Хүн хөгжихийн тулд мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэтэл мэдлэгийг хүн л бүтээх учир алдаатай, буруу, худал мэдлэг бас олон бий. Тиймээс жинхэнэ мэдлэгт суралцахын тулд критик буюу бидний хэлж заншсанаар шүүмжлэх зайлшгүй шаардлагатай. Шүүмжлэл байхгүй гэвэл үнэн худлыг ялгах боломжгүй, сайн мууг ялгаж чадахгүй. Үнэн худал, сайн муу, буруу зөвөө ялгаж чадахгүй амьдрал, нийгэм ямар там бэ.

3. Мэдлэггүй хүмүүс морал муутай, өчүүхэн байдаг

Мэдлэггүй хүмүүс морал муутай, өчүүхэн байдаг. Моралгүй, өчүүхэн хүмүүс улс орон, ард түмний амьдрал, үр хүүхүүдийн ирээдүйг шийдэх чухал албанд очвол авилга нэртэй төрийн нэр барьсан хулгайчид цэцэглэдэг жамтай. Тэднийг тойрон хүрээлсэн худал дипломтнууд, бялдуучлагчид, популистууд, бөгс долоогчид паразит адил нэвчин шингэсэн байдаг. Худал хуурмагаар өвдсөн, түүнийг хөхүүлэн дэмжигчид бол бусдын амьдралын сайн сайхныг сорж, улс орны баялгийг цөлмөж, нийгмийг аймшгийн там л болгоно.

4. Монголчууд сэтгэцийн, оюуны өвчинд нэрвэгдсэн

Оюуны терроризмд автагдсан ард түмний оюун нь гэмтэж сайн ба муу, сайхан ба муухай, зөв ба буруу, өчүүхэн ба агуу, үнэн ба худал, итгэл ба эргэлзээ, хүсэл ба төсөөлөл, бүтээх ба сүйрүүлэхээ ялгаж танихаа больдог. Монголд нүүрлэсэн оюуны терроризмын гамшиг монгол үндэстнийг мөхөлд хүргэх хэмжээнд хүрчхээд байна. Оюуны терроризмын түүх нь Манжийн дарлал, хэт зүүний социализм, тоталитарианизм, худал ардчилал гэсэн урт удаан хугацааг дамнан амь бөхтэй оршсоор иржээ. Эдгээр нь Монгол хүнд үнэн худал, зөв буруугаа ч тунгааж амжих завдал өгөлгүй хүчээр тулган, сүрдүүлгийн шинжтэй орж ирсэн тул өнөөдрийг хүртэл Монгол хүн моралтай байх гэдгийг номхон, хүлцэнгүй, дуулгавартай, үгэнд сайн ордог, асууж шалгааж шүүмжилж болохгүй, хувь заяа нь л тэр зэрэг албадсан байдлаар ойлгодог. Гэтэл моралтай байх гэдэг бол үнэн, зөвийн төлөө хатуу зогсох чадвартай, зоригтой, тэвчээртэй байх хүн ёсны суурь чадварыг хэлдэг. Үүний тод жишээ бол Монголчууд сүүлийн 10-аад жил утаа, утааны гамшгийг талаар орилж хашхирсан боловч юу ч өөрчлөгдсөнгүй. 10 сараас 3 сар хүртэл хэвлэл мэдээллээр бид утааны талаар шуугьж эхэлнэ. Улс төрчид нь түүнийг нь ашиглаж шоудана. 10 жил ярсны эцэст бид утаатайгаа эвлэрч байна. Маск, агаар цэвэршүүлэгчийн бизнес цэцэглэнэ. Хувь хувьдаа хүүхдүүдээ хагас бүтэн сайнаар агаарт гаргана. Агаарын бохирдол яагаад үүссэн, яагаад арилахгүй байна, яаж шийдэх вэ зэрэг чухал асуултууд хогийн саванд. Бид эдийн засаг хөгжихгүй байна гэж 30 жил ярьж байгаа. Худал хуурмагаасаа салаагүй цагт хөгжил яаж явагдах вэ?

XX зууны эхнээс хүн төрөлхтний мэдлэг суугаагүй Төвд, Манж, Хятад хэлтэй нөхдүүд хэт мэдэмхийрч мэдлэгийн нэр томьёонуудыг ойлголгүйгээр буруу орчуулснаар энэ гамшгийн эхлэл тавигдаж одоо ч үргэлжилсээр байна. 

Үндэстний оюуны дархлааг бий болгох, хадгалах, залгамжлуулах үүрэгтэй хүмүүс бол мэдлэгийн хүмүүс байдаг. Өнөөдөр Монголын нийгэм тэр чигээрээ, дээрээс доошоо, худлаар өвчилж, худалд донтсоныг нэн даруй эмчлэх шаардлагатай. Мэдлэгийг хүн бүтээдэг. Хүн бас алдаатай мэдэж болох учир алдаатай орчуулсан олон мэдлэгийн ойлголтууд, онолуудаа эргэж харах, критик хийх цаг болжээ.

Хөгжил бол мэдлэгээс л эхэлдэг, үнэн мэдлэг бол критик буюу “шүүмж”-ээс эхэлдэг гэж философич Хегел хэлсэн байдаг.

 

 

 

Моралтай Монгол Сан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?