Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

СЭТГЭХҮЙН ХООСРОЛ

2017-11-06  

Юутай ч ард түмнээ соён гэгээрүүлж бичиг үсэг, тоо бодлогод сургасан ачтай хүмүүс бол үе үеийн багш нар.  Багш нар бол түмний олон хүүхдийг балчир багаас нь эрдэм мэдлэгт сургадаг буянтай хүмүүс. Багш нарынхаа ачаар бид өдий зэрэгтэй амь албаныхаа үйл ажиллагааг зохицуулж явна. Багшийн ачийг, багшийн хөдөлмөрийг мартах аргагүй. ЕБС-ийн багш нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол түүний төгсөгчид. Тэр бүтээгдэхүүний мэдлэг чадварын наад захын илрэл нь юуны өмнө төрөлх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг хэрхэн эзэмшсэн байна вэ гэдгээр тодордог гэвэл хол зөрөхгүй болов уу.

Сүүлийн жилүүдэд багш сайн дураараа илүү цагаар ажилладаггүй юмаа гэхэд  хичээлийн хуваарийнхаа дагуу хүүхдүүдээ  төрөлх хэлээрээ зөв бичигт сургасан аль зэрэг олон бол доо. Ээ дээ цөөхөн л болов уу. Ний нуугүй хэлбэл манай нийгмийн нөлөө бүхий сэхээтэн гэж нэрлэдэг, үнэхээр сэхээрч ухаарсан, оюун санааны бяд чадалтай гэхүйц багш нар маань сэтгэхүйн хоосролд орчихсон юм уу гэлтэй.

Манай багш нарын гол бүтээгдэхүүн бол суралцагчид. Тэр ЕБ-ын сургууль төгсөгчдийн  суурь боловсрол тун тааруухан юм гэсэн сэтгэгдэл төрөх болов. Цахим сүлжээнд тавьж буй залуусын янз бүрийн чиглэлийн бичвэр  болон сэтгэгдэл, зурагтаар урсган гаргаж буй товч мэдээг ажиглахад зөв бичгийн алдаа захаас аван юм даа. Дор хаяж л үйлт нэрийн -Х өмнөө заавал эгшигтэй бичнэ гэсэн дүрмийг анзаарч ухаарсан шинж алга. Ерөөсөө төрөлх хэлээрээ зөв бичих дүрмийг ЕБС-д л олгодог шүү дээ. Аль ч их дээд сургууль оюутнууддаа зөв бичигт сургана гэж үгүй. Монгол хэл уран зохиолын ангид суралцагчдад л жаахан анхаардаг байх. Зөв бичиж сураагүй байна гэдэг бол ЕБС-ийн гологдол бүтээгдэхүүн. Төрөлх хэлээрээ зөв бичих дүрмийн ялгааг ухаарч ойлгоогүй бүтээгдэхүүн их дээд сургуульд ороод мэргэжлийнхээ нарийн зүйлийг мэдэж сурна гэхэд хэцүү. Тиймээс манай олон их дээд сургууль төгсөгчид ажлын шаардлага хангахгүй байна.

Эрхэм сэхээтэн багш нарын зарим хэсэг нь сэтгэхүйн хоцрогдолд оржээ гэдгийг зоригтойхон хэлмээр байна. Тэд цалин мөнгө амьдралд хүрэхгүй тухай улигласаар, ажил хаялаа гэж орилж, ажлаа хаяж янз янзаар үзлээ. Ер нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч, тэтгэврийнхний цалин мөнгө амьдралд нь хүрэлцэж байгаа бүлэг хаана байна вэ. Одоо багш нар удахгүй хугацаагүй ажил хаях юм гэнэ. Төр засаг нь мөнгөтэй бол цалингий нь нэмээд мөнгөгүй бол шуудхан түс тас хэлмээр байна. Дутуу алсан могой гэгч шиг хоёрын хооронд хулмалзах хэрэггүй. Цалин нь хүрэлцэхгүй байгаа багш нар ажлаасаа гараад, гадаадад ажиллах юм уу, хувийн хэвшилд орох хэрэгтэй гэдгээ шууд илэн далангуй мэдэгд л дээ. Ажил хаяна гэж байнга мэдээлэх чинь жирийн иргэдэд болон хүүхдүүдэд дарамттай юм. Тархины тураалд орсон ч гэсэн эрх баригчид гээч юм байгаа бол жаахан зоригтойхон шиг дуугарах хэрэгтэй байна. Багш нар цөөн ч гэсэн сардаа баталгаатай хэдэн бор юм авдаг. Манай улсад цалингүй, ажлын хөлс үгүй арай ядан амь зогоож буй хүмүүс зөндөө байна.

Адилхан дутуу бичигтэй дулимхан боловсролтой багш гэсэн үнэмлэхтэй атлаа ажил албагүй залуус зөндөө. Олигтойхон цалинтай ажилд шилжсэн багш нарын оронд үнэмлэх бүхий охид хөвгүүдийг ажиллуулахад зарим нь тааруухан, зарим нь зүтгээд олигтойхон сургах бизээ.

Эрх баригчид газрын тосоо нэрж шатахуун бензин гаргах, арьс шир савхи боловсруулах, ноос сүүний үйлдвэрүүд барих мэтийн амалсан зүйлээ биелүүлэх нь хойшлуулшгүй зорилт болж байна. Та нар сандал ширээ булаацалдсаар байтал хугацаа чинь дуусахад дөтөлсөөр. Хөтөлбөрт заасан амлалтаа биелүүлэхгүй бол шуналын бэрдүүд та нарыг өшиглөх мэт хөөнө. Багш нарын бүтээгдэхүүн охид хөвгүүдийг ажиллуулах үйлдвэр л хэрэгтэй байна. Үйлдвэр баривал залуус ажилтай цалинтай болно, цалин ч нэмнэ биз дээ.   Уг нь сэтгэлгээний хоосролд ороогүй багш нар бол бидний шавь нар, хүүхдүүдийг ажиллуулах үйлдвэрээ хурдхан барьж ажиллуул гэж тэр шуналтан эрх баригчдыг шахаж шаардмаар л байна. Даанч тэд араасаа хатгаанд орчихоод зөвхөн цалин нэм гэсэн хувиа бодсон хөгийн нэг хэвийн улиглалаас гарч чадах царай алга. Энэ бүхнээс үүдээд бодохуй эрх баригчид ч, багш нар ч сэтгэхүйн хоосролд орсны шинж биш гэж үү...

МАН-ын эрх баригчид дотроо төрийн эргэлт хийгээд удаагүй байна. Эрх баригчид зоригтойхон хөдөлж амлалтаа биелүүлэхгүй, сэтгэхүйн хоосролдоо хөтлүүлэн үлгэн салган аргацааж хуурах аргаа үргэлжлүүлбэл ард түмэн тэсэхгүй шүү.  

 

 

С.Товуудорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:зөвөө дэмжиж байна 2017-11-06
DAMDIN:ARD TUMEN IIM UDAAN TESEHGVI !!!! 2017-11-06
PUNTSAG:БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ЯАЖ ИЙМ БАГА ЦАЛИНГААР АЖИЛЛАХ ЮМ БЭ ? 2017-11-06
ЗОЧИН:ҮНЭН ҮНЭН.ЗӨВ БИЧИВ 2017-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?