Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТООСГО ШҮТЭГЧ

2017-08-28  

Монголын анхны силикатыг Польш мэргэжилтнүүдтэй хамтран үүсгэсэн Ашхүүгийн Чүлтэмийн 90 насны ойг тэмдэглэж байна. Монгол Улсын Гавъяат барилгачин энэ хүн Дархан хотын Силикатын үйлдвэрийг тасралтгүй гучаад жил удирджээ. Залуу насандаа эх орныхоо баруун хил хязгаарыг гоминданы цэрэг, хасгийн дээрэмчдээс хамгаалан тэмцэж явсан “Онц хилчин” билээ. А.Чүлтэм гуайтай хамтран ажиллаж байсан “Дархан Чандмана Уул” компаний захирал Д.Лхагвадоржтой уулзаж дурсамжаас нь хуваалцсанаа толилуулья.

БУЛАН ТООСГО

Наян оны дундуур би Дарханд цэргийн ангийн захирагчаар томилогдож ирлээ. Намайг анги руугаа ирэх замын дагуу ачааны машинаас унаж бутарсан тоосго их харагддаг байв. Цэвцийсэн гоё цагаан тоосго. Би цэргүүдээ авчиран өнөөх тоосгыг түүж авна. Урьд нь хилийн заставт алба хаасан надад юм хийх материал ховор, хагархай ч гэлээ энэ тоосго жинхэнэ эрдэнэ шиг л санагдсан хэрэг. Биднийг тоосго цуглуулж байхад ногоон өнгийн “Хорин дөрөв” суудлын машинтай нэг намхан халзан хижээл насны хүн ирж холоос ажиглаж байгаад яваад өгдөг байв. Бид ч тоосгоо цуглуулсаар нөгөө хүн ч алсаас ажигласаар сар гаруйн хугацаа өнгөрлөө. Нэг өдөр мань хүн намайг дуудаж байна аа, яваад очлоо. “-Чи энэ тоосгоор юу хийдэг хүн бэ?” гэхэд нь  “-Би энэ ангийн захирагчаар ирсэн юм, ангиа тохижуулах л санаатай” гэлээ. “-Чамайг их ажиглалаа, зам дээрээс тоосго түүж байгаа өөр хүнийг би олж хараагүй. Юмханаар юм хийчихэж магадгүй, аж ахуйч байрын шинжтэй гэж чамайг бодож байсан нь, үнэн байж. Цэргийн газар юм олдохгүй хэцүү шүү” гэж байна. Тэгснээ “-Би наад тоосгыг чинь хийдэг үйлдвэрийн дарга хүн. Ганц ширхэг тоосго ямар нарийн хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Чи очиж хараарай. Надтай уулзаж байл даа, хүү минь” гэж билээ. Ингэж би Чүлтэм гуайтай анх танилцсан. Энэ мөчөөс хойш би юм л бол үйлдвэрлүү нь очиж уулзана, зөвлөгөө авна, тун дотно болсоон бид хоёр.

Сүүлдээ би давраад үйлдвэр дээрээс нь гологдол болгон ялгаж хураасан хагархай тоосго авахаар очлоо. Чүлтэм гуай надад “-Энийг чинь хагархай гэдэггүй булан тоосго гэдэг юм, үүгээр юу ч хийж болно. Манай тоосгыг өндөр даралтын уураар шарж үйлдвэрлэдэг учраас маш бөх. Чанарын хамаг л шагналыг авсан даа. Би чинь энэ тоосгоо л шүтэж явдаг хүн шүү дээ” гэж хэлсэн. Силикат гэдэг энэ тоосго машины тэвшин дээрээс унахдаа бутраад тараад явчихдаггүй зүгээр л хоёр хуваагдаад уначихдаг. Яах аргагүй л булан нь бүв бүтнээрээ үлддэг тийм бөх. Чүлтэм гуайн удирдсан үйлдвэр ийм л чанартай тоосго гаргаж улсдаа олон жил манлайлсан. Манайх цуглуулсан булан тоосгоороо цэргийн ангийнхаа байрыг хашаатай нь хамт барьж босгосон. Хаягдсан тоосгоор хийсэн гэмээргүй одоо ч бөх бат нь хэвээрээ байгаа.   

ЭСЭРГҮҮГ АЛДАРШУУЛАВ

Чүлтэм гуай нэг удаа “-Чи ахтайгаа хүн амьтны дэргэд нэг их уулзаж харагдаад хэрэггүй, болгоомжтой байсан нь дээр, тэгвэл чамд өлзийтэй, хэл аманд орохыг ч үгүйсгэхгүй” гэж билээ. Би эхлээд их гайхаж байсан, сүүлд учирыг нь олсон доо...Чүлтэм гуайг өөрийн төрсөн Говь-Алтайд хилийн цэрэгт баруун хязгаар түгшүүртэй хэцүү цагт алба хааж байсныг нь дуулж мэдсэн. Надад тун сонин санагдлаа. Тэгээд Чүлтэм гуайг Цэргийн анги дээрээ урилаа. Цэрэг дайчидтайгаа уулзуулж дурсамжийг нь яриулья гэж бодсон хэрэг. Надад нэг санаа ч төрлөө. Өөрт нь хэлэлгүй дайчин алдрыг нь тэмдэглэе гэж шийдлээ. Ийм сайхан хүнийг яагаад цэрэг дайчиддаа таниулж алдар гавъяаг нь мөнхжүүлж болдоггүй юм. Болох л ёстой гэж зориглосон. Өөрт нь энэ санаагаа хэлвэл дургүйцэнэ гэдгийг ч гадарлаж байсан. Зүгээр л “-Таниар яриа хийлгэе” гэж урьсан хэрэг. Уулзалт боллоо, их гоё яриа өрнөсөн. Хичнээн олон цэрэг офицерүүд баяр хүргэж үг хэлсэн гэж санана. Чүлтэм гуай нутагтаа хилийн цэрэгт 1947-1954 онд алба хашихдаа хасгийн дээрэмчдийн өдүүлсэн хэдэн арваар тоологдох зөрчил, зэвсэгт тулгаралтанд биеэр оролцжээ. Түүхэнд тодоор бичигдсэн Бүдүүн Харгайтын тулалдаан болсон өдөр Чүлтэм гуай уулынхаа нөгөө амаар нь харуулд гарчээ. Дайсан аль ч талаар нь дайрч болох байсан ч тэр удаа баатарлаг хилчин Б.Тэгшээ Л.Даваадорж, Б.Гиваан нарын нөхөдтөй нь тулгарч хүч тэнцвэргүй тулалдаан болсон. Тулалдааны дараа Чүлтэм гуай нөхдийн хамт тэнд очиж болсон бүх явдлын халуун ул мөрийг нүдээр үзсэнээ хуучиллаа. Түүхэнд тодоор үлдсэн тэрхүү тулалдааны ховорхон гэрчтэй нь уулзсандаа цэрэг дайчид бид бүгд бахархсан.

Өдөрлөгийн дараа цэргүүдтэй хамт оройн хоолонд орлоо. Чүлтэм гуайн сэтгэл нь их хөдөлсөн. “-Хичнээн ч жил ингэж сэтгэлээ онгойлгон уудалж яриагүй юм бэ, би...” гэж манай өрөөнд хоёулханаа үлдэхдээ надад хоолой чичрүүлэн байж намуухан хэлж байсныг нь би өнөө ч мартдаггүй. Цаг үе нь тийм л байж, ийм гайхамшигтай хүнийхээ үгийг улс нийгэм нь сонсох эрхгүй цэрвэж явж дээ гэж би одоо ч их харамсдаг. Үг яриа үйл ажил бүрээс нь суралцаад дуусашгүй ийм алт шиг ховор хүнээс бид л үлгэр дууриал авах учиртай гэж үүнийг зориглон сэдсэн нь энэ. Түүнээс нам, дарга нар юу гэх бол гэж бодоогүй. Чүлтэм гуайд зориулсан ийм арга хэмжээг тухайн үед зохион байгуулсан анхных нь хүн би юм билээ. Өөрөө надад ингэж хэлсэн. Өчүүхэн ч гэсэн зориг гаргасан энэ үйлдэлдээ би одоо ч урамшдаг. Чүлтэм гуай  үйлдвэрлэлийн нэр цуутай чадварлаг удирдагч байсан гэдгийг нь хүмүүс сайн мэднэ. Харин залуу халуун насандаа эх орныхоо хилийг эрэлхэгээр хамгаалж явсан дайчин замналыг нь таниулах нь чухал гэж Д.Лхагвадорж санууллаа. 

 

 

Ө.Рагчаасүрэн  /Дархан хот. Бурхантын хөндий. 2017 он/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?