Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АЯН ЗАМ БА БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ НОМЫН ҮРГЭЖЛЭЛЭЭС...

2017-12-16  

“ТОСКА” БА ТЕАТРЫН ЭРГЭН ТОЙРНООР

Хүү бидэнд хотын төвд аятайхан буудал захиалчихаж. Аян замынхаа тоосыг гөвж хувцас хунараа сольж аяга кофе ууж түр тухалцгаачихаад тэрүүхэн хавиараа Будапешттай танилцахаар гарлаа. Нийслэлийн нэртэй хоёр голын нэг болох Буда-гийн эрэгт бидний буусан буудал ойрхон байдаг бололтой, хэдхэн минут алхаад голын эрэгт хүрчихэв. Эрэг дагуу дэлхийд алдартай зочид буудлын сүлжээний “Marriott”, “Hilton” гэх мэт урт чацтай тансаг буудлууд оройн харуй бүрийд гэрэл гэгээгээ цацруулаад даллаж л байх юм. Энүүхэн хооронд л хоёр “акул”-тай тааралдаж байгаа нь Будапешт дэлхийн энтэй хотын нэг гэдгийг зарлаж буй хэрэг. Нар шингэнгүүт энэ европт харуй бүрий болчихдог болохоор голын эрэг, гудамж талбай хөл хөдөлгөөнөө хумьж байлаа.Цэцэрлэг, талбайн хөгжимчин, дуучид төгсгөлийнхөө тоглолтыг хийж зарим нь аппарат хэрэгслээ хурааж цэгцэлж, ганц хоёр нь “малгайлсан” мөнгө зоосоо тоолж хэтэвчилж харагдана. Бид хэд иймэрхүү бяцхан аялал хийчихээд эртний мажаруудын хэв загвар хийцтэй зоогийн газар оройн хоолонд орцгоов. Хагас бүхээг гарган тусгаарлаж үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангасан байх юм. Эртний хаад, хатад баатруудын тосон будгийн хөрөг зургаар тэр бүхээгүүд, бүхээгний дээд талын  хануудыг чимэглэжээ. Нэг төрлийн уран зургийн галерей юм шиг. Хоол унд хүлээх зуур тэдгээрийг үзэж харж уйдах завгүй суух. Үйлчлэгч зөөгчид нь ч бас тэр дундад зууны маягаар хувцаслачихаж. Ер нь хэний ч сонирхол татахуйц өвөрмөц орчин юм. Мэдээж энэ хэрээрээ эдний олох зоос арвин байдаг биз. Бид унгар гуляш нэг үхрийн махан стейк хоёр, хагас литрийн шар айраг нэг, хоёр цайтай аваад цаг шахам суугаад гарахад 35,000 форинт буюу 140 ам доллар болж байлаа. Тэндээсээ бид метрогоор Будапештийн дуурийн театр луу явлаа.

Хүү маань бид хоёрт “Тоска” дуурь үзүүлэхээр билет авчихсан байсан юм. Театрын үүдэнд хүргэж өгөөд дуурь тараад метрогоор хоёр буудал яаж явахыг зааж зааварлачихаад зочид буудлаасаа холгүйхэн уулзах болзоо тавиад хүү явлаа. Театрт оронгуут л яаруу сандруу их ажилтай юм шиг яваад өгсөн хүүдээ гоморхох хэрэг гарлаа. Өлгүүрт хувцсаа өгөхөд мөнгө төлдөг юм байна. Би хоёр еврогийн зоос гаргаад өглөө. Өлгүүрийн авгай  форинт  өг гэж байна. Дохио зангаагаар форинт байхгүй гэж ойлгууллаа. Нөгөө үндсэрхэг авгай чинь дөрвөн форинт гээд хуруу гозойлгоод хувцас авдаггүй дээ. Түрийвчээ гаргаад евроны цаасан дэвсгэрт харуулж форинт байхгүйгээ батлахыг оролдлоо. Үндсэрхэг авгай үгүй л гэж байгаа бололтой. Тэгэхээр нь нөгөө хоёр еврогийн төмөр зоосоо тавтын цаасан дэвсгэртээр сольсон чинь ашгүй хоёр хувцасыг маань авч одлоо... Хаа газрын театрууд гоё л байдаг. Будапештийн энэ театр тэр тансагуудын дунд бас ч гэж дээгүүр эрэмбэлэгдэхээр. Одессийн театрыг “Ласкала”-гийн бага хувилбар гэдэг. Москвад оюутан байхдаа би дадлагаар Одесст очиж байсан юм. Тэгээд л тэр гоё театрт нь “Кармен” дуурийг үзэж байв. Ленинградын дуурь бүжгийн театр, Москвагийн Россия, Кремлийн концертийн их танхимд бас концерт энэ тэр үзэж байсантайгаа харьцуулж үзэж харж явав. Хүлээлгийн танхим, хананд манай дуурь бүжгийн театр шиг алдартай жүжигчдийнхээ хөргийг хүндэтгэлтэйгээр байрлуулчихаж. Театрыг үндэслэсэн нэртэй язгууртнууд, нэртэй найруулагч гэх мэт гурав дөрвөн хүний босоо хөргийг тосон будгаар зуруулаад алтадмал рааманд хийгээд ханандаа залчихаж. Концертийн танхим нь тансаг, партер, лож, бельтаж гээд үзэгчдийн суудал нь нийтдээ дөрвөн давхар юм. Манай дуурийн театраас гурав дөрөв дахин том танхим юм уу даа гэж баримжаалав. Дотор талын хана, туурга, адар нь улаан хүрэн, цэнхэр тод өнгө давамгайлсан унгарчуудын эртний домог түүхээс сэдэвлэсэн зураг хөрөгтэй юм. Хана туурганы зүмбэрлэн товойлгосон хэсэг тэр чигтээ алтадмал шаргал аж. Дуурь үзэж буй үзэгчид нь ч тансаг хувцасласан ихэмсэг ноёд хатагтай нар байх аж. Бидний эргэн тойронд голдуу  мажар үзэчид байв. Мэдээж англи, герман, чех, франц гээд хил залгаа хөршүүд нь энэ театрт зочилдог л биз. Европчууд болохоор гаднаас нь хараад тэр энэ улсынх гэж ялгахад хэцүү. Харин хаа ч явсан энэ европынхноос тэмээ ямаа шиг ялгарах япончууд театрт олноороо ирсэн нь таньдаг ч хүн шиг. “Тоска” сонирхолтой, унгарын жүжигчид чадвартай, тайз засал, хөгжим оркестор нь гайхамшигтай байлаа.

Монголоос хоёрхон хоногийн өмнө гараад Германы Берлин, Магдебургаар аяласан монголын нэгэн дундаж гэр бүл Будапештэд Италийн алдарт хөгжмийн зохиолч Пуччинигийн “Тоска” үзээд сууж байна гэдэг бол дэлхий ертөнц хэн хэндээ хаалт саад багатай болж буйгийн л илрэл юм даа. Бас монгол хүмүүс аялах жуулчлах боломжтой болж буйн жишээ ч гэж хэлж болох. Хүүхдүүд дээрээ очоод бид нар шиг аялаад амраад явж буй монгол аав ээжүүд ч олон байгаа байх аа...Тогтсон жишгийн дагуу “Тоска” дундаа нэг завсарлав. Хоёр дахь давхартаа хөнгөн зууш, дарс, шарз, кофе амттаны хэд хэдэн мухлаг байх юм. Үзэгчид бүгд л тэр үйлчилгээг авахыг хүсдэг бололтой. Өглөө эрт босож, галт тэрэг, онгоц дамжаад дөрвөн мянга гаруй км аялчилсан бид хоёрт ачаалал ахадаж байгаа мэдрэгдэж байсан болохоор тархи толгой бие сэтгэлээ сэргээх санаатай аяга кофе, бас орост оюутан байх үеэсээ л мэдэх болсон унгарын алдартай “Токая” дарс хүртэх санаатай цэмцгэрүүдийн дараалалд зогсов. Тэр лангууны эзэгтэй болох үзэсгэлэнт бүсгүй бас л унгарынхаа форинтээр үйчлэнэ гээд манийг хүнд байдалд оруулчихлаа. Хариулт энэ тэр хэрэггүй үүнд тааруулаад л хоёр кофе, 50 грамм дарс өгчихгүй юу гээд хорин евро сарвайсан юм. Уг үнэ нь арван хоёр, гурван евро болохоор юм билээ. Бүсгүй эелдэгхэнээр сэтгэл татам инээмсэглээд “Уучлаарай” хэмээн татгалзлаа. Үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг ингэж л их илүүд үздэг юм байх. Ёс журам  нь ч тийм биз ээ. Унгар Европын холбооны гишүүн болсон хэдий ч “Евро зон”-д нь элсээгүй орон юм билээ... Тоска сайхан болж өндөрлөлөө... Метроны буудал нь театраас холгүй болохоор нөгөө цэмцгэр үзэгчид маань бүгд л тийшээ ороод шингэчихэж байна лээ. Автобус, трамбайны буудал ч тэрүүхэн булан эргээд байв. Тийшээ ч үзэгчид гүйлдэх л юм. Нэлээд хэдэн такси зогсоол дээрээс япончуудыг хоёр гурваар нь суулгаад хөдөлж харагдсан. Бидэнтэй хамт метронд ч гоё ганган унгар, япон үзэгчид олноороо орж ирээд ийш тийш салаалаад одно лээ. Хүүтэй болзсон цаг хараахан болоогүй болохоор гадна дотнохыг ийн яаралгүйхэн ажиглаж явав. Гурван мянга гаруй хүн сандрал, түгжрэлгүй хэдхэн минутын дотор зам замаа олоод л явчих юм. Олон арван машин, жипүүд театрын гадна огтхон ч багшралдсангүй. “Тоска” үзсэн унгарчууд машин тэрэггүйдээ тэр биш л дээ, нийтийн тээвэр нь хүрэх газар нь саадгүй хүргээд  үйлчилчихдэг болохоор өөрсдөдөө тээр болгож тус тусдаа машин унаж түүртэж явахгүй гэж байгаа нь энэ байх. Бид нар ч тэнд байх гурав хоногт метро, автобус, троллейбусаар сааталгүй аялаад үзэх харах юмаа төвөггүй амжуулж явсан. Манайхны бөглөө, тагларал гэдэг “шүдний өвчин” тэнд огт байхгүй нь сайхан. Бодоод байхад энэ хэцүү өвчнөөр зөвхөн монголын Улаанбаатар л өвчилчихсөн нь юм биш үү гэмээр. Буруу хүрдтэй хуучин машинууд чинь жинхэнэ өвчин болж байна. Хуулиндаа баруун гарын дүрэмтэй гээд заачихсан атлаа зүүн гарын жолоотой хуучин япон машин оруулж ирж хотын гудамжаа битүү таглаад буй нь хэний буруу вэ? Хуулиа өөрөө хэрэгжүүлж чаддаггүй ийм төр засаг ард иргэдээсээ хууль сахихыг шаардах эрхтэй юу? Хотын засаг дарга Э.Бат-Үүл уг нь нэг хоёр жилийн өмнө, буруу талдаа жолооны хүрдтэй япон машин нийслэл хотод гурван жилийн дараагаас явуулахгүй хориглох шийдвэр гаргаад дараахан нь түүнээсээ буцчихсан. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм, “Бат-Үүл ээ буруу хүрдтэй машин ярихаас өөр чухал ажил алба энэ нийслэлд алга гэж үү...” энэ тэр гэж хэлээд тэр шийдвэрийг нь мохоогоод өнөөгийн энэ бөглөө таглаа хэвээрээ үлдсэн дэг. Монголын төр засгийн хууль дээдлэх зарчим дээрээ ийм л байна. Дүрэм журмаа хатуухан бариад хотын хөдөлгөөний хэм хэмжээг зөв тогтоогоод нийтийн тээврийг зөв хөгжүүлээд явсан бол энэ олон хуучин ямбийнууд монголд орж ирж нийслэлийн хөдөлгөөнийг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгохгүй байсан нь мэдээж. Зам, тээврийн үйлчилгээний иймэрхүү хэм хэмжээ, үлгэр жишээг заавал европын Будапештаас будаа идэлтгүй л дээ, хажуухан хоёр хөршийнхөө ойр тойрны хотуудаас ч авч ашиглахад бэлхнээ байж л байгаа. Ингэтлээ дэлхийд солгойрох, сондгойрох шаардлага манай залуу нийслэлд байхгүй л баймаар гэж бодогддог юм... Буда гол дээр барьсан 13 гүүрийн нэг дээгүүр нь трамбайгаар гарч Геллертийн ууланд байх хааны ордон музейг үзэж сонирхов. Тансаг, эрхэмсэг чигээр нь гайхалтай хадгалж өнгөрсөн зууныхаа түүхийг бахархалтайгаар хүүрнэх мажааруудын ур ухаанд хүндлэл үзүүлүүштэй. Тасралтгүй  цувах ази, европ, америк, африкийн энэ олон жуулчид ч бас л тиймэрхүү сэтгэгдэл өвөрлөн үзэж харж яваа бололтой.

ҮРГЭЖЛЭЛ БИЙ...

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?