
ЛХАГВААГ ДАВСАН НЬ АВАРГА БОЛДОГ ЖИШИГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БИЕЛЭВ
Баянхонгор аймагт өнгөрсөн жил зохиогдсон Ширээний Теннисний Спартакиадад Манлайжаргал шөвгийн дөрөвт ОУХМ, Монгол улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэнг хожиж, финалд Тэмүүлэнг ялснаар спартакиадын аварга болсон.
Энэ жилийн хувьд, Эрдэнэт хотод зохиосон Ширээний теннисний УАШТ- ний шигшээ 16-д залуу тамирчин Мөнх-Өлзий Лхагвасүрэнтэй таарч , мөн л хожсон. Түүнийг бөмбөг авахаар ирэхэд нь Мөнх- Өлзийг дуудаж: - Лхагвааг хожсон тамирчин түрүүлдэг шинэ жишиг өнгөрсөн жил тогтсон шүү. Манлайжаргалын жишгээр түрүүлээрэй гэж захихад:-
• Ямарч тээнэгэлзэх зүйлгүйгээр - За гэж хэлээд Манлайжаргалтай үргэлжлүүлэн биеэ халаахаар цааш эргэсэн.

Тэр хэлсэндээ хүрч, өнгөрсөн жилийн финалист Тэмүүлэнг 4:3-аар хожиж улсын аваргын цомыг өргөлөө.
• Мөнх- Өлзий над дээр хичээллэж байгаад төв клуб рүү шилжсэн . Гэхдээ сүүлийн үед үндэсний шигшээ багт бэлтгэлээ хийхээ зогсоосон. Төв аймагт хичээл номоо хөөж буй. Бэлтгэлээ тогтмол хийгээгүй ч, өнөөдөр маш зөв тоглож бүх өрсөлдөгчдөө хожлоо. Төрөлхийн авьяастай хүүхэд гэж түүний багш Champions клубын багш , улсын аварга Т.Энхтөр шинэ аваргыг онцоллоо.
• Энэ жилийн улсын аваргад үндсэндээ чиний хоёр шавь түрүүллээ дээ гэвэл,
• Анужин бол айлын бага охин. Над дээр багаасаа явсан. 8 настай байхад нь би Хэнтий рүү зуны сургалтанд хүүхдүүдийн хамт авч явсан. Айлын эрх танхил охин зуны сургалтын дараа огт өөр хүн болсныг эцэг эх нь гайхаж: - Амьдралдаа аяга угааж, шал арчиж үзээгүй охин маань ажилд орчихож гэж дуу алдсан. Ер нь маш тэвчээртэй, уйгагүй охин. Бэлтгэлийн ачаалал даадаг. Бусад нь больё, ядарч байна гэж уйлагнахад Анужин Ширээний теннисний ард зогсож л байна. Үг даана. 13 насандаа улсын аварга болсон Анужин охиныг багш нь ингэж тодорхойллоо. Одоо бол Солонгос багшийн удирдлага дор хичээллэж буй. Тиймээс аль аль нь Champions клубын нэр дээр тоглохгүй байгаа. Миний шавь нар бол мөн гэж хэлсэн юм.

Манлайжаргал, Мөнх-Өлзий нарт хожигдсон Монгол улсын шигшээ багийн тамирчин Тэмүүлэн хоёр дахь жилдээ аваргын алтан медалийн оосроос атгаад алдлаа. Бусдаасаа хамгийн их , тогтмол бэлтгэлтэй байгаа Тэмүүлэн ирэх жил ч финалд зогсож байх чадалтай.
Монгол улсын 5 удаагийн аварга Болор-Эрдэнэ мөрөндөө шөрмөсний гэмтэл аваагүй бол энэ жилийн аварга төрсөн дүүтэйгээ финалдах байсныг үгүйсгэхгүй. Харин улсын 4 удаагийн аварга өнгөрсөн жилийн спартакиадын хүрэл медальт Э.Лхагвасүрэн зүүн гарынхаа эрхий хуруунд хоёр сарын өмнө гэмтэл авсан нь формоо алдахад зохих хэмжээгээр нөлөөлсөн байх магадлалтай.
Ийнхүү Эрдэнэт хотод зохиосон энэ жилийн УАШТ-ээс шинэ аваргууд төрж, шинэ рекорд тогтлоо.
Зохион байгуулалт, шүүлт, тоглолтын хуваарилалт зэрэг нь анх удаа дэлхийн нийтийн жишигт ойртов.
Эрдэнэтчүүд , Эрдэнэт хотын удирдлага, Спортын хороо , Хангарьд ордон , Эрдэнэт дэх Ширээний теннисний салбарын хамт олон, тэмцээнийг дэмжсэн албан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Монголын ширээний теннис мандан бадраг.

Ц.ЭНХБАТ