Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТАМИРЧДАД СЭТГЭЛЗҮЙЧИЙН ҮҮРГИЙГ ЛАМ, БӨӨ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2017-06-23  

Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2016 оны зуны олимпийн наадамд оролцохоор эх орноосоо мордохдоо өмнөх олимпийн наадамд үзүүлсэн хоёр  мөнгө,  хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах зорилготой Бразил улсыг зорьсон. Гэсэн ч зорилгодоо хүрч чадалгүй олимпод оролцсон 41 тамирчнаас жудо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон Д.Сумьяа мөнгөн медаль, боксын -60 кг–д тулалдсан Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Олимп зохиогдсон орны цаг уурын нөхцөл, хоол хүнс гээд тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байдаг ч олимпийг зорьсон шигшээ багт спортын мэргэжлийн сэтгэлзүйч байсангүй.  

Хүн биеийн хүчээр уралддаг байсан цаг ард үлдэж тэмцэлдэх явцдаа сэтгэлийн хүч чадлаа дайчлах хэрэгцээ их өсч буй үед спортын сэтгэлзүйчгүй олимпод оролцсон нь бусад орны тамирчдаас ялгарах сул тал болсон юм.

2016 оны олимпийн наадамд хувиараа спортын сэтгэлзүйчтэй оролцсон ганц тамирчин нь МУГТ Д.Сумьяа. Тэрээр “Миний хувьд 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байранд орж медалиас мултарч байсан. Энэ үед би өөртөө дүгнэлт хийхэд надад нэг л зүйл дутагдаад байсан.  Бэлтгэл сургуулилт хүч, бяр техник бүрэн бэлтгэгдсэн ч яг шийдвэрлэх үед жижиг алдаа гаргаад л хожигдсон. Энэ цагаас л мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллах бодол төрсөн. Ингээд сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө надад үр дүнгээ өгч саяны олимп надад эхнээсээ их энгийн бөгөөд таатай байсан.  Найман сарын турш сэтгэл зүйчтэй ажилласан” гэж хэлсэн юм.

Спортын амжилт тамирчны сэтгэлзүйн бэлтгэлтэй шууд хамааралтай бий болдог тул тамирчдад тусгайлан спортын хөдөлмөрийн онцлогийг мэдэрч, ойлгодог мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө хэрэг болдог.[1]

Энэ удаагийн олимпийн наадамд медаль хүртэх магадлалтай гол тамирчнаар нэрлэгдэж байсан эрхэм бол жудо бөхийн Олон Улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг. Түүнийг улс орнуудын спортын чансааг тооцоолж, олимпод медаль хүртэх боломжийг нь тодорхойлдог “Infostrada” байгууллагаас гаргасан  судалгаагаар хүрэл медаль хүртэнэ гэж тодорхойлжээ. Харамсалтай нь олимпийн наадмаас медаль хүртэж чадалгүй хожигдсон. 

ОУХМ Д.Төмөрхүлэг “Шигшээгийн багш нарынхаа шаргуу хөдөлмөр, өөрийнхөө олимпоос анхны медалиа хүртэх хүсэл эрмэлзлийн дор барилдааны техник, хүч чадлын бэлтгэлээ хангалттай сайн базаагаад олимод оролцсон. Харамсалтай нь шийдвэрлэх барилдаануудын өмнө төвлөрч чадахгүй биеэ барьснаас болж ялагдсан. Дагах тойргийн хариуцлагатай барилдаанд гарахдаа ялагдсан шокноосоо бүрэн гарч чадалгүй явсаар л хожигдсон. Ийм үед надтай тулж ажиллах сэтгэлзүйч дутагдаж байсан. Миний өрсөлдөгч Канадын тамирчин сэтгэл зүйчтэйгээ ажиллаад ялагдлаа мартаад шийдчихсэн л гарч ирсэн”[2] гэж ярьсан юм.

Монголын шигшээ баг 2014 онд Солонгосын Инчон хотод зохиогдсон Азийн олимпийн наадамд оролцохдоо спортын сэтгэлзүйч Ш.Долгортой хамтарч ажилласан байна. Тус тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлж   МУГТ Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж, МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн.

Сэтгэл зүйч, дэд профессор Ш.Долгор Манай ихэнх тамирчин олимпод оролцож байгаа зорилгоо ухамсарлаагүй, биеэ эзэмдэх чадвар хангалтгүй, сэтгэлгээний хурд удаан, эрс шийдэмгий байх зориг дутагдсан. Үүнээс улбаалж тамирчдын анхаарал, шилжилт нь өрсөлдөгчөөсөө хоцорч байсан. Энэ бүхнийг цаг тухайд нь хэлж, оновчтой цөөн үгээр тохируулж чаддаг байх нь дасгалжуулагч болон сэтгэл зүйчийн хийх ажил. Олимдод оролцож ирсэн түүхэндээ Монголын тамирчид хоолны асуудал хөндөж байсан удаагүй. Олимп болгоны дараа сэтгэл зүйн тал дээр асуудалтай байснаа гайхацгаадаг. Тэгсэн мөртлөө энэ удаа сэтгэлзүйч бус тогоочыг илүүд үзэж олимпод авч явсан[3] гэж өгүүлсэн.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 44 жилийн дараа олимпийн медаль авах боломж Монгол улсын гавьяат тамирчин Г.Мандахнаранд байсан ч эцсийн хэдхэн секундэд алдсан. Түүний хувьд барилдаан дуусахаас таван секундийн өмнөөс  зугтаж идэвхгүй барилдсан гэх шалтгаанаар цаг дууссан хойно торгуулж хожигдсон. Энэ нь шүүгчид чөлөөт бөхийн дүрмийг зөрчсөн үйлдэл болсон ч Г.Мандахнаран гавьяат барилдааны эцсийн шүгэл дуугартал биеэ эзэмдэж чадаагүй нь торгуулах шалтгаан болсон.

2016 оны Рио де Жанерогийн олимпийн наадамд оролцож 46 алт, 37 мөнгөн медаль хүртсэн АНУ-ын багийн тамирчид спортын төрөл бүр дээрээ тус тусдаа сэтгэл зүйчтэй ажилладаг байна. Энэ тэдний өндөр амжилт үзүүлэх гол шалтгаануудын нэг байдаг талаар олимпийн найман удаагийн аварга усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелфс “ESPN.com”[4] сайтад өгсөн ярилцлагадаа  өгүүлсэн. Манай улсад спортын сэтгэлзүйч одоогоор бэлтгэх тал дээр дутагдалтай байдаг бөгөөд одоогоор докторын зэрэг хамгаалсан нэг ч хүн байдаггүй талаар МУГТ Х.Цагаанбаатар ярьсан юм.

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга : “Манай тамирчид сэтгэлзүйн бэлтгэл тааруу байсныг хүлээн зөвшөөрнө. Энэ удаагийн олимпод спортын сэтгэл зүйчийн ажлыг хэн орлож, тамирчдын сэтгэлзүйг хэн хурцалж байна вэ гэвэл нөгөө л шашин, лам нар. Бид цаашид шинжлэх ухаанч хандаж, мэргэжлийн төвшинд ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн сэтгэлзүйч маш чухал”[5] гэж  Eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Өмнөө том зорилго тавьж олимпийн наадамд оролцсон  Монголын шигшээ багийн хангалттай амжилт үзүүлээгүйн гол шалтгаан нь спортын сэтгэл зүйчгүй байсантай холбож тайлбарлах тамирчин олон байна.

Монголд мэргэжлийн өндөр төвшний тамирчидтай хамтарч ажилладаг “Сэтгэл зүйн үндэсний хүрээлэн”-ийн захирал Б.Золзаяа, спорт анагаах ухаан эрдэм шинжилгээний албаны сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт судалгааны мэргэжилтэн, дэд профессор Ш.Долгор гэх хоёр мэргэжилтэн байдаг аж.  Үүнээс үзэхэд манай улсад спортын сэтгэл зүйч бэлтгэх шаардлагай байгаа нь харагдаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд гадны орны спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажиллаж суралцах боломж байдаг талаар буудлагын  багийн тамирчин ОУХМ Н.Нандинзаяа хэлсэн юм.   

 


[1] Ш.Долгор “Тамирчны сэтгэл зүйн онцлог” 8 дугаар нүүр

[2] Боловсрол телевизийн “Ялалт” ток шоунаас иш татав

[3] ardiinerkh.mn/post/1820?date=137

[5] http://eagle.mn/r/16667

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?