Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

КИМҮРА АЯАКО: ЧИНГИСИЙН ҮР САД УЧРААС ГЭЖ ЯПОНЧУУД МОНГОЛЧУУДАД НАЙДДАГ ШҮҮ

2017-06-27  

Монгол судлаач. Монгол Улсын Түүхийн Шинжлэх ухааны Доктор(Sc.D), Япон Улсын Токиогийн их сургуулийн Доктор(Ph.D)

-Токиогийн гадаад судлалын их сургууль төгссөн. МУИС - ийн Монгол судлалын хүрээлэнгийн Aспирантурт суралцаж, Монгол Улсын Урлаг судлалын ухааны Дэд доктор, МУИС-ийн Доктронтурт суралцаж, Монгол Улсын Түүхийн Шинжлэх ухааны Доктор(Sc.D), Токиогийн их сургуулийн Докторантурт суралцаж, Доктор(Ph.D)-ын зэрэг тус тус хамгаалсан.

-МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн багш; СУИС-ийн Жүжигчин-Найруулагчийн ангийн багш; Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын Яамны атташе; Япон Улсын Токиогийн их сургуулийн багш; Японы Васэдагийн их сургуулийн Театрын музейн эрдэм шинжилгээний ажилтанаар тус тус ажилласан. Одоо Япон Улсын Токиогийн гадаад судлалын их сургуулийн багш; Япон Улсын Осакагийн их сургуулийн багшаар тус тус ажиллаж байна. Монголын Цам, Монголын театр, Монголын Ардчилал, Монголын уламжлалт соёл судалдаг судлаач эрдэмтэн.

Саяхны нэг өдөр хэвлэл мэдээллийнхний ээлжит нэгэн хуралд суув. “OPEN DOOR” сонины эрхлэгч, нэрт нийтлэлч Х.Бүрэнтогтохтой  суудал зэрэгцэж тэдний сонины нийтлэлийн тухай ойр зуурыг ярьж суулаа. “Танай сонины эзэн, сэтгүүлч Б.Ганчимэг, зөвлөлийн гишүүн П.Содномпил, Б.Ерэнтэй, Д.Сайнбаяр гээд л танайхныг бүгдийг нь би сайн таних юм. Харин Кимүро Аяакотай л танилцаж амждаггүй ээ. Сонины тоймч гээд нэр нь бичээстэй байх юм. Танай сонинд тэр ажиллаж байгаа юу?” гэж би түүнээс асуув. Х.Бүрэнтогтох надад  “Аяако чинь манай сонины орон тооны бус тоймч, манай Ганчимэг эрхлэгчийн дотно найз, бас миний оюутан үеийн танил, найз бүсгүй шүү дээ. Та танилцмаар байгаа юм уу, одоо Монголд ирчихээд байгаа гэнэлээ, би ярьж уулзуулж болно шүү...” гэж хэллээ. Би ч уулзаж ярилцлага хиймээр байна гэв. Тэгээд л тэрээр монголч эрдэмтэн бүсгүйтэй ярьж зөвшөөрүүлснээр хэд хоногийн дараа бид уулзсан юм. Кимүро Аяако Монголд ч элдэв уулзалт, хурал зөвлөлгөөн, сургалт семинарт оролцоод зав зай багатай байдаг юм билээ. Надтай уулзахаар ирэхдээ СУИС-ийн жүжгийн ангийн оюутнуудын курсын ажлын хамгаалалтад шүүгчээр оролцож байгаад тэндээсээ шууд иржээ. Их нервтэж ядарлаа гэж байв. Учир нь оюутан залуусын найруулж тоглож буй жүжиг нь зодоон цохион, дээрэм гээд л дандаа хар бараан сэдэвтэй байсан гэнэ. Тэгээд бас шүүгчид тэндээс  сайн бүтээл шалгаруулж түүнд нь шагнал гардуулах болж. Байр эзэлсэн гэх нэг жүжигт шагналыг нь гардуулж баяр хүргэхийг комиссынхон түүнээс хүсч монгол судлаач япон эрдэмтэн маань тэр ёслолыг гүйцэтгэсэн юм байх. Түүндээ тэрээр сүрхий санаа зовж эмзэглэж байв. Бас МУИС-д энэ хавраас багшлахаар тохиролцоод ирсэн чинь манайхан болсон хойно орон тооных нь асуудлыг дутуу дулим шийдээд түүнийг энэ удаа Токио руугаа буцахаас аргагүй байдалд оруулчихаж. Үүнд тэр бас нервтэж буй бололтой. Гэлээ ч монголчуудаа сайн мэдэх энэ япон эрдэмтэн хэн нэгнийг буруутгаж гомдоллохыг хүссэнгүй, намраас буцаж ирээд багшлахаар болсон гэж байна лээ. Өмнөөс нь би санаа зовохоор иймэрхүү байдалд бид хоёрын ярилцлага эхлэв.

-Таныг монголд хүмүүс ер нь их мэдэх юм аа. Миний сайн танил, найз гэж болох эрхэм нөхөр саяхан утасдаж уулзах зав зай байна уу гэв. Би Тантай уулзахаар цаг товлочихоод байна гээд түүнээс Таныг мэдэх үү гэж асуулаа л даа. “ Нөгөө Тархины тураалыг бичдэг япон бүсгүй юу?” гээд л тэр ярьж байна. Энэ эрхэм бол Парист ЮНЕСКО-д ажилладаг, манай нэрт эрдэмтэн Дэндэвийн Бадарч багш. ТИС-ийн Ректороор олон жил ажиллаж байсан хүн,  Таны нэрийг хэлэнгүүт л олон жилийн өмнөх тэр нийтлэлийг тань яг нэрээр нь дурсан ярьж буй нь монголчууд бидний тархи, оюун ухаанд Таны тэр нийтлэл их гүнзгий сууж үлдэж ээ гэж хэлэх гээд байна би...

 -Арван найман жилийн өмнө бичсэн тэр нийтлэлийг минь олон хүн уншсан бололтой, бас марталгүй санаж явааг нь мэдээд их баяртай байна. Энэхүү нийтлэлийг минь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн нь интернетэд ойр ойрхон тавиад байдаг тул зарим хүн яг өнөөгийн байдлын тухай бичиж байгаа мэт эндүүрдэг тохиолдол ч гардаг байх. Зохиогчийн эрхийг хамгаалах, хүндэтгэх эрх зүй танайд алга. Монголын нийгэм өнөө ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна, тийм үү ? гэж  зарим нь надаас асуух нь ч бий. Би бол тийм биш, байдал өөр болсон гэж тэдэнд хэлдэг.

- Та урт богино хугацаагаар монголд ирж очоод л байгаа.Таны шүүмжлэлт нийтлэлээс санаа оноо авч монголчууд бид “Тархины тураал”-аасаа бага ч атугай салсан болов уу? Судлаачынхаа хувьд Та энэ талын ажиглалт бас хийдэг л байлгүй...

-Ажиглалт гэх ч юу байх вэ дээ.1989 оны Социализмын үед ч, Ардчилал руу шилжиж яваа үед нь ч, Ардчилсан нийгэм байгуулаад явсан үед ч Монголд байсан. Монголд, монголчуудтай хамт арав гаруй жил амьдарч сурч байлаа. Ялангуяа миний хориод насны үеийн ихэнх цаг хугацаа Монголд өнгөрсөн. Монголын нийгмийн дэвшил миний хувьд амьдралын минь түүхтэй салшгүй холбоотой. Монголын нийгэм сайхан явж байвал миний амьдралын сонголт ч зөв байж гэсэн утга гарна.

-Харамсалтай нь монголын нийгэм таны хүссэн шиг сайхан явж чадахгүй л байна.  Тантай уулзаж ярилцахаасаа өмнө Таны хэд хэдэн нийтлэл, сонин хэвлэлд өгсөн ярилцлагыг сайтуудаас хайж уншлаа. “...Монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм...Өөрт нь хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно...Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байх. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ...Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Хятадад ч, Америкт ч, Европт ч тийм бий...” гээд л Та бичсэн байна лээ. Таны хорь шахам жилийн өмнөх нийтлэлдээ бичиж байсан энэ дутагдлууд өнөө бидний амьдралд амь бөхтэй байж л байна. Манай УИХ-ын дарга энэ онд ОХУ-д айлчлахад Оросын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай Матвиенко түүнийг хүлээж аваад уулзахдаа “Монголын яам тамгын алба, газрууд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь олонтоо боллоо, үүнийг Та бүхэн засаж залруулахгүй бол ямар ч хөрөнгө оруулалт гэж яриад амжилтад хүрэхгүй нээ” гээд хэлчихлээ. Монголд олон жил Элчингээр суусан, монгол хэл зан заншлыг бас Танаас дутуугүй шахуу мэдэх ноён Шимизү Такэнори сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа, монголын яам тамгынхны хоорондоо уялдаа холбоогүй ажлыг шүүмжилж, нэг нь өнөөдөр “Тэмээ” гээд ярьж байхад маргааш нь нөгөө түшмэл “Ямаа” гээд л ярьж байх жишээтэй гэсэн байв. Энэ мэтээр таны шүүмжилж байсан “Тархины тураал” бүр Төр засгийн өндөр түвшинд ирчихлээ гэж би харамсаад байна л даа...Та одоо яадаг юм, “Тархины тураал даамжирч бүр хорт хавдар боллоо...”гээд эмчлэх жортой нь бичдэг ч юм уу...?

-Миний “Тархины тураал” нийтлэлийн тухайд гэвэл хожим нь хүмүүст юу бодогдуулах бол? хэр нөлөөлөх бол? гэх талаар төдийлэн төсөөлөөгүй бичсэн юм. Хүмүүс яаж хүлээн авах тухай ч урьдчилан нэг их таамаглаж бодоогүй. Би хэтэрхий залуу байсан. Тэгээд зарим нь сайшаасан ч зарим нь их эмзэглэж хүлээн авсан. Тэр нийтлэлд би хэн нэгэн хүний нэр дурдаагүй, нийтлэл маань ч тодорхой хувь хүний тухай биш юм. Миний амьдрал Монголтой салшгүй холбоотой яваа учраас Монголын нийгмийн сайн сайхны төлөө л бодож бичсэн тийм нийтлэл. Тэр үеийн Монголынхон нийгмээ дан магтацгаадаг заншлаасаа салаагүй байсан цаг үе санагддаг. Өнөөдөр Монголынхоо ирээдүйд санаа зовдог сэхээтнүүд нь нийгмийнх нь сайн сайхны төлөө миний бичсэн зүйлийг мартаагүй анхаарч явдаг бололтой. Түүнд нь их баяртай байна. Ер нь нийгмийн тухай шүүмж бол бичье гээд л биччихдэг амархан зүйл биш дээ. Харин миний бичсэн “Тархины тураал” бол хувь хүний тархинд очих ёстой “тэжээл” түр хугацаагаар дутсан байдлын л тухай юм шүү. Таны одоо энэ асууж, хэлж байгаа тань системийн асуудалтай холбоотой байх. Японд ч байдаг зүйл мэт санагддаг ч Монголын хувьд сонгууль болгоны дараа ажил хариуцдаг дарга нар бүгд солигддог, социализмын үеийн заншлаар нам нь засгийн ажилд хэтэрхий нөлөөлдөг байдал одоо ч үргэлжилсээр байгаа санагдана. Мэргэжлийн бус хүн намынхаа хүч нөлөөгөөр тухайн салбарынхаа дарга болох тохиолдол ч олон байх шиг. Олон жил ажилласан сайн мэргэжилтнүүд түүнд нь сэтгэл дундуур, сэтгэлийн зовиуртай явдаг байж магадгүй. Монгол нэг намын тогтолцоотой олон жил явлаа. Олон намтай болчихоод нэг намын тогтолцооны үеийнхээ заншлаар намаа хэтэрхий дээдэлдэг нь Монголд хэвээрээ үлдчихэж. Энэ тухай Монгол судлаач би бичсэн ч төдий л нэмэргүй байх аа. Заншил, зарчмаа өөрчлөнө гэдэг бол Монголчуудын өөрсдөө л аажмаар хийх ёстой асуудал байх. Монголчууд бол мэргэн хүмүүс дээ.

-Монголчууд бид мэргэн хүмүүс байсан бол манай улс орны хөгжил өнөөдөр арай өөр түвшинд  хүрчихсэн байх байсан биз ээ. Тэгээд ч би Тантай иймэрхүү шүүмжлэлт сэдвээр ярилцаад сууж байхгүй л байсан болов уу... Та бас саяхан Ийгл ТВ-ийн “Зочин” нэвтрүүлэгт оролцохдоо “Монголд ирээгүй хэдэн жил болоод ирэхэд их хөгжжээ” гэж бас магтаад авна лээ. Нийслэл хотын замбараагүй хөл хөдөлгөөн, агаарын бохирдол, шавж барьсан энэ олон байшин барилга, замдаа багтахгүй болсон хуучин машин тэрэг гээд л шүүмжлэмээр юм их байх шиг...

-Би барилга, машин олон болсноор Монгол хөгжсөн гээгүй. Сайн ч муу ч хорвоогийн бүх юм өөрчлөгддөг жамтай. Байшин барилга олон болоод хот өөрчлөгдөж байгаа нь үнэндээ цаг хугацаа өнгөрсний л илэрхийлэл. Монгол хөгжсөн гэхийн тухайд зарим монгол хүн бусдад тусалж чаддаг болоод байгаа учраас тэгж хэлмээр санагдсан. Өөрт нь их юм байхгүй ч бусдадаа өгөх сэтгэлтэй болж байна. Монголд би өнөөдөр олон сайхан хүмүүсээс тус дэм авч байна. Өнөөгийн Монгол хүмүүст бусдын төлөө бодитой туслалцаа үзүүлэх боломж харьцангуй нээгдэж байна. Энэ бол хөгжлийн нэг илэрхийлэл.

-Таны бүтээл туурвилд дэвшүүлсэн сайн санаа оноог нэгтгэн судалж юунд ашиглах хэрэглэх талаар Монголын яам тамгын газар, ШУА анхаарал тавьдаг болов уу?

-Энэ талаар би ёстой мэдэхгүй юм байна. Монголын сайн сайхны төлөө хамтарч судалгаа хийе гэж хэрвээ санал тавибал хүлээн авах байна. Дашрамд хэлэхэд Японд Токиогийн их сургуульд Докторантурт суралцаж байхдаа Орос судлаач эрдэмтэн Проф. Хакамада Шигэки багшийн шавь болох маш ховор завшаан надад олдсон юм. Хакамада багшийн шавь болоод бараг хорин жил болж байна. Хакамада багш бол Дэлхийн нэрт Орос судлаач хүн. ОХУ-ын ДУМ-ын гишүүн асан, нэрт улс төрч хатагтай Ирина Хакамадагийн төрсөн ах шүү дээ. Улс төр, нийгэм судлалын чиглэлээр Хакамада багшийн хичээлээс би их юм сурсан. Бараг улс төр судлалын арга зүйгээ Хакамада багшийн хичээлээр боловсруулсан гэж хэлж болох байх. ОХУ-ын Путин Ерөнхийлөгч гадаадын орос судлаач нарыг Москвад урьж сайхан хүлээж аваад өнөөгийн Орос судлалын талаар гурван цаг шахам санал солилцож ярилцдаг тухай Хакамада багш нэг удаа дурсан ярьсан юм. Багш ч өөрөө тэнд уригдан оролцдог юм билээ. Тэгээд л тэр үед “Яасан гоё юм бэ ?“ гэж би багшдаа хэлтэл багш маань надаас, “Монгол Улсын Ерөнхийлөгч бас мэдээж чамайг урьж санал солилцдог биз дээ ?” гэж асууж байсныг одоо ч санаж байна.

- Хакамада багшийн Тань асуултыг Танд тавимаар санагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Та уулзаж санал бодол солилцож байв уу?

-Тийм тохиолдол байхгүй. 1993 оноос Монголын өдөр тутмын хэвлэлд нийтлэл  гаргаж эхэлсэн. Нийтлэл бол эрдэм шинжилгээний бүтээл биш боловч судлаачийн хувьд үүгээр бодсон санаснаа танилцуулж байгаа мэт санагддаг. Ерөнхийлөгчтэй уулзсан эсэх тухай асуултад тань заавал хариулах ёстой гэвэл, өчүүхэн миний зүгээс энд ярьж болох зүйл биш байж магадгүй ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй 2011 онд Улаанбаатарт болсон Олон Улсын Монголч эрдэмтний хурал дээр санамсаргүй тааралдахад Элбэгдорж Ерөнхийлөгч “Ноднин (2010 онд) Токиод айлчлах үеэрээ онгоцонд номыг чинь уншиж явлаа...” гэж надад хэлсэн юм. Би түүнийг сонсоод маш их баярласан. Бас Элбэгдорж Ерөнхийлөгч “Аяако оо, номоо бичиж байна уу? гэж надаас асуугаад намайг “Үгүй” гэсэнд “Аяако оо, номоо бичиж байгаарай, би чиний номыг уншина шүү...” гэж сайхан үг хэлж өгсөн. Энэ тохиол надад сэтгэлийн их урам өгсөн мартагдашгүй сайхан дурсамж болсон. 

-Та өмнө нь Элбэгдорж Ерөнхийлөгчийг Японд айлчлах үеэр нь тааралдаж уулзаж байгаагүй юм уу?

-Нэг ч удаа бараалхаж байгаагүй. Харин дээр ярьсан 2011 оны Монголч эрдэмтний хурлын үеэр л нэг удаа санамсаргүй тааралдсан нь тэр. Уг нь 1989 оны Ардчилсан хөдөлгөөний үед тааралддаг л байсан байх. Токиогийн 2010 оны айлчлалынхаа үеэр Элбэгдорж Ерөнхийлөгч надад  “Найрамдал” медаль гардуулж өгөх гэсэн юм билээ. Харин Монголын Элчин сайдын Яамнаас айлчлалын яг өмнөх өдрийн орой факсаар урилга нь ирсэн боловч ёслолын өдөр, гариг нь буруу бичээстэй байсан тул би очиж чадаагүй юм. Танай элчин рүү утасдаад ч, өдөр гариг нь буруу байгаа тухай факсдаад ч надад хариу ирээгүй өнгөрсөн.

-Токиод аваагүй “Найрамдал” медалиа хожим нь Та Ерөнхийлөгчөөс гардан авсан уу?

-Гардаж аваагүй, хожим таван жилийн дараа л Танай Элчин сайдын Яамнаас авсан. Тухайн цагт би их зан гаргаад очоогүй юм биш л дээ. Зарим хүнд би ёс алдсан бүдүүлэг амьтан шиг харагдсан байж ч магад. Үнэн учир нь дээр дурдсан буруу зартай л холбоотой юм. Олон жил өнгөрсөн боловч хэзээ нэгэн цагт энэ тухай тайлбар хийж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болон Монголчуудаас уучлал гуйх ёстой гэж би бодож явлаа.        

-Монгол судлаач эрдэмтдийн хуралд Та хэдэн удаа оролцсон бэ? Тэр хурлууд дээр илтгэл сонсгол Та тавьж байв уу?

-1997, 2002, 2011, 2016 оны хурлуудад оролцож илтгэл тавьж байлаа. Ноднингийн Олон улсын Монголч эрдэмтний хурлын үеэр Н.Энхбаяр гуай, гэргий О. Цолмон гуай бидний хэдэн Монголч эрдэмтнийг урьж зоог барьсан юм. Б.Ширэндэв багш амьд сэрүүндээ  Олон Улсын Монголч эрдэмтний хурал болгоны үеэр гадаадын зарим монголч эрдэмтдийг  гэртээ урьж зоог барьж Монгол Улсын Шинжлэх ухааны хөгжлийн төлөө талархлаа илэрхийлдэг заншилтай байсан. Тэгээд л Н.Энхбаяр гуайг өндөр алба тушаалтай байхад нь багш уулзаж “Монголч эрдэмтний хуралд оролцсон эрдэмтэн нарт зоог барьж талархлаа илэрхийлж байгаарай” гэх гэрээслэл үлдээсэн гэсэн. Уг гэрээслэлийг  Н.Энхбаяр гуай ноднин биелүүлж буй нь тэр байх. Тэр үеэр Н. Энхбаяр гуай бидэнд хандаж, Монголч эрдэмтэн Та бүхэн Монголыг сайн судалж өгсөнд баярлалаа, Та нарын үг бол бидэнд тустай. Хэрвээ Монгол судлаач Та бүхнийг Монголчууд гомдоосон бол уучлаарай. Би Монгол хүний хувьд Та бүхнээс уучлал гуймаар байна гэсэн. Би Н.Энхбаяр гуайн тэр үгийг сонсоод их баярласан. 

-Эрхэм Н.Энхбаяр Та нарыг албан тушаалгүй байхдаа хүлээн авч зоог барьжээ дээ. Монгол судлаач эрдэмтнийхээ хувьд Та түүнийг Төрийн гурван өндөр албан тушаал хашиж байх үед нь уулзаж ярилцаж байгаагүй юу?

-Тийм завшаан олдсонгүй. Уг нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч 2007 онд Японд айлчлахдаа намайг сураглаад, уулзъя гэж байсан тухай хожим нь хүнээс дуулсан. Харин 2007 онд манай Токиогийн их сургуулийн Профессор багш нар Монголд очсон үед манай багш нарын хүсэлтийн дагуу Н.Энхбаяр Ерөнхийлөгч зав гаргаж бидэнтэй уулзаж ярилцсан. Урьд өмнө ч Н.Энхбаяр гуай миний бичсэн зүйлийг уншдаг байсан юм билээ. 1993 онд Соёлын сайд байхдаа миний бичсэн нэгэн шүүмжлэлт нийтлэлийг уншаад, Кино театрт гардаг зарим кинонд “Зөвхөн насанд хүрэгчид” гэсэн анхааруулга тавих журам бий болгосон гэдэг. Монголд хэрэгтэй гэж бодсон зүйлийг шуурхай хийдэг хүн юм байна гэж би тэгэхэд ойлгосон. Бас Н.Энхбаяр гуай Ерөнхийлөгч байхдаа манай Токиогийн их сургуулийн 125 жилийн ойг тохиолдуулан манай сургуулийн миний Монгол хэлний хичээлийн оюутнуудад дүрс бичлэгтэй мэндчилгээ ирүүлж байв. Оюутнууд маань маш их баярласан. Монгол Улсын Төрийн Тэргүүн ийнхүү тусгайлан сэтгэл тавьсан нь манай оюутнуудад мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн. Тэд одоо ч сайхнаар дурсан ярьдаг. Токиогийн их сургуулийн оюутнууд бол яваандаа Японы нийгмийг авч явах их ирээдүйтэй хүмүүс. Одоо Японы Засгийн газрын Яамдад тэр үеийн манай оюутнууд олон ажилладаг. 2007 оны тухайн үед Токиогийн их сургуулийн Ерөнхий захиралын зүгээс ч бас Н.Энхбаяр Ерөнхийлөгчид талархсан дүрс бичлэгтэй хариу илгээсэн байсан. Н.Энхбаяр гуай Ерөнхийлөгч байхдаа Япон Улсыг НҮБ-ын Аюулгүй байдлын комиссын байнгын бус гишүүний сонгуульд оролцоход нь дэмжсэн юм билээ. Бидний Япончууд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай болон Монгол Улсын ачийг мартаагүй, мартах ч ёсгүй. Монгол Улс маш чухал цаг үед Япон Улсад тусалсан. Энэ нь Японы хувьд Монгол маш чухал орон мөн гэдгийг бодитой ойлгох, Японы сэхээтнүүдийн хүрээнд Монгол орныг зөв таниулах эхлэл болсон. Тухайн цаг үед АНУ-ын Вашингтон хотод ажилладаг Японы албан тушаалтнууд болон сэтгүүлчдийн дунд Монгол Улсад талархах уур амьсгал их өрнөж, Монгол Улсын үнэлгээ маш өндөрт хүрсэн гэнэ лээ. Энэ тухай Японы хэвлэл мэдээллийн Жи Жи Цүүшиншяа агентлагийн Вашингтон дахь төлөөлөгчийн газрын дарга байсан Сүзүки гуай надад ярьж байв. Сүзүки гуай хэвлүүлсэн номдоо ч Монголын энэ тус дэмжлэгийн тухай дурсан бичсэн байна лээ. Сүзүки гуай одоо манай Японы Гадаад харилцааны яамны “Гадаад харилцаа” сэтгүүлийн редакцын гишүүн.

-Таны судлагааны зардал, хилийн чанад дахь томилолт, цалин пүнлүүг хаанаас санхүүжүүлдэг вэ? Одоо Та монголд ямар ажлаар ирээд байна вэ?

-Миний судалгааны ажлыг хаанаас ч санхүүжүүлдэггүй. Энэ хавар МУИС-д багшлахаар ирсэн ч бүтсэнгүй. Намраас ирмээр байна. Энэ хаврын Монголд ирсэн замын зардлыг минь манай найз Санжаасүрэнгийн Оюун гаргаж өгсөн. Намайг Монголын оюутан нарт хичээл заана гэснийг минь үнэлж, хичээлдээ сайн бэлтгээд ирээрэй гэж Оюун маань дэмжсэн. “Зориг сан”-гийнханд би бас их талархаж явдаг. Монголд оюутан байх цагаас минь таньдаг олон хүн надад тусалдаг. Монгол судлаачийнхаа хувьд их зүйл бүтээж яваасай гэж Монголын хувь хүмүүс ч их тус дэмжлэг үзүүлж өгч байна. Энэ хавар ч Хөдөө аж ахуйн Их сургуулийн Профессор Ч.Тунгалаг багш намайг гэртээ сар орчим суулгаж чин сэтгэлээсээ тусалсан. Тунгалаг багшийнханд  талархал илэрхийлмээр байна. Ноднин болсон Олон Улсын Монголч эрдэмтний хуралд оролцсон үед ч Тунгалаг багш намайг гэртээ байлгаж өгсөн. Монгол хүнийхээ хувьд Монголынхоо төлөө Монгол судлаачийг дэмжинэ гэсэн эх оронч сэтгэлгээтэй эрдэмтэн хүн дээ. Бас гурван жилийн өмнө амрахаар Монголд ирэх үед минь Асашёорюү гуайн ээж Х.Пүрэвбадам гуай надад онгоцны билет авч өгсөн. Дөрвөн жилийн өмнө манай ээж бурхан болоод тэр үед би маш хэцүү байдалд байлаа. Тэгээд Пүрэвбадам гуай надад санаа тавьж, Монголд амраарай гэсэн. Тэр үед манай С.Оюун гэртээ намайг суулгаж өгсөн. Би олон сайхан Монголчуудын тусламж дэмжлэгээр явж байна. Ноднин Монголч эрдэмтдийн хурлын үед Монголын их сургуульд багшилмаар байгаа тухайгаа, миний оюутан цагийн номын анд У.Хүрэлсүх Шадар сайдад хэлээд зөвлөгөө авсан. Тэрээр, Монголын цалин бага, гадаад хүн Монголд ажиллах хэцүү шүү дээ, Та гайгүй юу? Бид Аяако эгчийг хэцүү байдалд оруулмааргүй байна шүү дээ гэж байв. Гэлээ ч монголын оюутнуудын төлөө ажиллах хүсэлтэй байгааг минь тэр дэмжиж, чадах хэрээрээ тусалъя гэсэн. Бас надад Монгол өвөө, эмээ бий. Оюутан байхдаа би тэдний нэг өрөөнд олон жил амьдарч байлаа. Тэд 90 нас хүрч байгаа. Манай өвөө Ц.Рагчаа гуай Увсын Давст сумын анхны даргын хүү, математик-физикийн багш хүн. Манай эмээ Д.Бямбаа гуай Монгол Улсын шатрын спортын анхны мастер эмэгтэй. Тэд нас өндөр болсон хэдий ч “Чамд юугаар туслах вэ?” гээд л надад санаа тавьж байдаг юм. Надад бас олон монгол эгч нар бий. Ю.Цэдэнбал даргын дүү Аюуш гуайн охин Буянтөгс эгч бол миний дотно сайн эгч. Танилцаад 30 шахам жил болж байна. Намайг дандаа хамгаалж халамжилж өгдөг, тусархуу, уужим зөөлөн сайхан сэтгэлтэй жинхэнэ сэхээтэн эрдэмтэн хүн. Буянтөгс эгч болон Цэдэнбал даргынхантай ярих болгонд Цэдэнбал дарга бас ийм сайхан уужим сэтгэлтэй хүн байсан байх гэж бодогддог. Тэднийхэн бүгд сайхан хүмүүс. Кино найруулагч Б.Балжинням гуайнхан, Сэтгүүлч зохиолч Д.Цэмбэл багшийнхан, сэтгүүлч Ц.Цэрэн ахынхан гээд танилцаад гуч шахам жил болсон сайхан айлууд бас бий. Бас Сэтгүүлч Х.Бүрэнтогтох, Урлаг судлаач Х.Жамбалжамц гэж 1989 оноос хэвээрээ нэг л зангаар сайхан харилцдаг найзууд ч бий. Монгол судлаачийн замаар олон жил замнахад Монголын олон сайхан хүмүүстэй учирч танилцах сайхан завшаан надад олджээ. Үүндээ би их баяртай явдаг.

-Оюун гишүүнтэй та Англид, Кембрижид хамт сурч байхдаа танилцсан гэдэг бил үү?

-Тийм ээ. Би 1991 онд Оюунтай хамт Кембрижид сурч байсан. Тэр цагаас хойш Оюунтай найз явна. Түүний нөхөр Ц.Энхбаяр ахтай бол 1989 оноос танил. Япон дахь манай гэрийнхэн ч бүгд Оюуныханд сайн. Баяраа ах Нарангэрэл эгч ч сайхан сэтгэлтэй сайхан хүмүүс. Би оюутан байхдаа Оюуны ээж Доржпалам гуайтай маш сайн харилцаатай байлаа. Доржпалам гуай намайг дууддаг, би ч тэднийд байнга очдог байлаа. Бид ярилцаж  суухдаа санаа их нийлдэг байсан. Оюуны ээжийг би маш их үгүйлэн санадаг.

-Тэдний гэрт Та мэдээж Зоригтой тааралддаг байсан байх. Та түүнтэй аль хэр танил байсан бэ? Би та нарын олуул байгаа нэг гэрэл зураг харж байсан санагдаж байна. Та нарын хооронд монголын улс төр, нийгэм эдийн засгийн тухай яриа хөөрөө болдог байсан уу?

- Оюуны ах учраас хааяа Оюуныд тааралддаг байлаа. Доржпалам гуай намайг охин шигээ хайрладаг байсан, тиймээс хааяа Доржпалам гуай, “Манайх бэр болгомоор байна, Аяако бол манай бэр шүү” гэж тоглоомоор хэлдэг байлаа. Түүнээс болсон ч юм уу, намайг Зориг ахын маш сайн танил мэт андуурдаг хүн ч Монголд байсан байх. Зориг ахтай бол би бараг олигтой ч үг солилцож байгаагүй. Зориг ах харин миний нийтлэлийг уншдаг байсан. Тэгээд хааяа тааралдахдаа нийтлэлийн тухайд ганц нэг үг хэлж өгдөг байлаа. Олон үггүй хүн байсан шүү дээ. 1997 оны намар байсан билүү, намайг Монголд байхад Доржпалам гуай над руу утастаад Зоригоо руу ярь гэсэн. Би утасдлаа. Зориг ах гайхсан хоолойгоор “Аяако, чи хаана байна аа? Хаагуур алга болоо вэ? Чи ярьж байгаарай...” гэж байв. Бид хоёрын хамгийн сүүлийн яриа тэр байлаа. Зориг ахын тэрхүү дуу хоолой, тэр цөөн үг нь л надад мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн байна. Энд нэгэн түүх нэмж өгүүлэхэд 1992 онд би Зориг ахын урилгаар Англиас Монголд очсон. Тэр үед Япон хүн Монголд очих бол заавал Монголоос урилга авах шаардлагатай байсан. Оюунаас урилга гуйгаад Оюун ахаасаа гуйж өгсөн нь тэр юм. Олон жилийн өмнөх энэ явдлыг би мартсан байсан ч тухайн цагт Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын Яамны Консулаар ажиллаж байсан хүнтэй 2003 онд тааралдахад тэр хүн надад, “Би чамайг мэднэ ээ, Зориг гишүүний урилгаар Монголд очсон хүн шүү дээ, тэр үед би чиний визийг дарсан. Зориг гишүүн бол барагтай хүн амьтанд урилга гаргадаггүй хүн байлаа. Тиймээс чамайг Зоригийн урилга бариад ирсэн үед би маш их гайхсанаа санаж байна” гэж ярьсан юм. Оюун, Зориг ах хоёр ингэж л 1992 онд МУИС-ийн аспирантурт суралцах миний замыг нээж өгсөн хүмүүс дээ. Би үүнийг ямагт санаж явах ёстой. Монголд аспирантурт суралцахаар очиход МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Ц.Шагдарсүрэн багш сайхан хүлээн авч өгсөн. Тэгээд Академич Б.Ширэндэв багшийнхны хаалгыг санамсаргүй эндүүрэн тогшиж, Ширэндэв багшийн шавь болох их аз завшаан ч тохиосон. Үүндээ би маш их талархаж явдаг.

-Японы ямар их дээд сургуулиудад одоо монгол судлаач сургаж бэлтгэж буй бол?

-Токиогийн Гадаад судлалын их сургууль, Осакогийн их сургууль.

-Танд монгол судлаач шавь бий юу?

-Байхгүй. Харин өмнө нь арван жил Токиогийн их сургуульд багшлахдаа  сайн монгол хэлтэй гарын шавь нар хэд хэдийг бэлтгэсэн. Гэвч тэд Монгол судлаачаар биш, зарим нь эмч, өмгөөлөгчөөр, зарим нь Японы Гадаад харилцааны Яам, Сангийн яам, Банк, нэртэй томоохон компаниудад ажиллаж байна. Токиогийн их сургуульд бол миний хичээлийг жил болгон 300 гаруй оюутан сонгодог байлаа. Тиймээс гарын шавь нараас гадна намайг багшаа гэх нийт 3000 гаруй оюутан бий.

-Та ямар учир шалтгаанаар монгол судлал руу орчихсон юм бэ? Таныг хүүхэд байх тэр гуч шахам жилийн өмнө монголыг япончууд тун бага мэддэг байсан байх...

-Хувь заяагаар байх аа. Олон удаа энэхүү асуултанд хариулж ирсэн тул миний өмнөх ярилцлага уншсан зарим хүн бол мэддэг байх. Харин энд тодорхой ярих хэрэгтэй юм бол хариулъя. Би багадаа тэмээнд дуртай байсан. Тэмээнд дуртай учраас арван хэдтэйдээ ээжтэйгээ Египетээр аялж, тэмээ унаж Пирамидийн хажуугаар явсан. Гоё байсан учраас тэмээтэй газар амьдармаар санагдаад Араб хэл үзэх гэсэн ч ээж маань зөвшөөрсөнгүй. Тиймээс Арабаас өөр тэмээтэй газар хаана байна ? гэж хайж Монголд тэмээ байдгийг олж мэдээд Монгол хэл сурах болсон. Тэр үед Монголын ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Бадамханд эгч Токиод сурч байсан. Бадамханд эгчтэй танилцаад ойр ойрхон уулзаж хажууд нь байж Монгол хүний Монгол хэлтэй танилцах завшаан олдсон. Харин Бадамханд эгчийг нутагтаа явахад нь заавал үдмээр санагдаад байсан учраас Нарита дээр очиж тэр том онгоцны буудлаас түүнийг хайж олсоноо би санадаг юм. Тэр үед Бадамханд эгч “Бид дахиад уулзаж чадахгүй байх аа...”гэсэн. 1986 оны үе шүү дээ. Монгол социализмаар явж байсан цаг үе. Нэг удаа Японд сурахаар очсон хүнийг дахин Япон руу явуулдаггүй тийм цаг байсан гэдэг. Тэгээд Бадамханд эгч “Надтай дахин уулзмаар байгаа юм бол чи Монголд сурахаар очоорой, тэгвэл уулзаж чадна шүү” гэж надад хэлсэн.Тэгээд л би дараахан нь хоёр орны оюутан солилцох гэрээний дагуу шалгалт өгөөд 1989 онд Монголд сурахаар очсон. Бадамханд эгчийн дараа Японд сурахаар очсон ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Нарантуяа эгчтэй бас танилцаад хажууд нь байж Монгол хэлний бэлтгэлээ хийж байв. Нарантуяа эгч надад үргэлж сайнаар нөлөөлж, надад маш их тусалсан. Бас тэр үед Г.Зориг ах, Золбоот гуай, түүхч Т.Мөнхцэцэг багш ч Токиод сурч байсан. Бүгд мундаг хүмүүс. Мөнхцэцэг багш 1989 онд намайг Монголд Монголын театрын түүх судлах болсон үед Э.Оюун багшийн зээ охин Навч эгчийг танилцуулж өгсөн. Мөнхцэцэг багшийн ачаар Э.Оюун багшийн шавь болох аз завшаан надад тохиосон. Японд сурсан Монголын эрдэмтэн эгч нарын ачаар миний Монголд сурах зам нээгдсэнд би маш их баяртай явдаг.

-Та монголын ямар эрдэмтэд судлаачидтай ойр дотно ажиллаж байв? Одоо хамтарч ажилладаг санаа оноогоо солилцдог эрдэмтэн судлаач Танд бий юу?

-Бий. Манай багш Г.Буянтогтох багш. Манай Буянтогтох багш надад үргэлж зөвлөгөө өгч тусалж өгдөг. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Б.Сэржав эгч, А.Буянтөгс эгч. Бас Эрдмийн сургуулийн захирал Ч.Зэгиймаа багш. Драмын тухай судлал дээр бол П.Цэрэндагва гуай, Д.Мэндбаяр гуай нар. Васэдагийн их сургууль, Токиогийн их сургууль дээр миний зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд тэд оролцож өгсөн. Их эрдэмтэн Ардын жүжигчин. 

-Токиодоо монголын сонин хэвлэл, телевизийн нийтлэл нэвтрүүлэгтээ танилцах боломж Танд аль хэр байдаг вэ?

-News.mn сайт, интернетээр мэдээ үздэг.

- Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сүүлийн тайлан харж байхад монголд 130 аад нэрийн сонин сэтгүүл, үүнээс өдөр тутмын сонин 24 байна. Өдөр тутам нэвтрүүлгээ түгээдэг 40 гаруй телевиз байна. Гуравхан сая хүн амтай монголд ахадсан ч юм шиг...Энэ сайн уу, муу юу гэж монгол судлаачын тань хувьд асуумаар байна. 130 аад сая хүнтэй Японд өдөр тутмын сонин 3-4 хэн байдаг гээд сонсож байсан санагдах юм...?

-Олон намын тогтолцоо руу шилжээд нам болгон өөрийн сонин хэвлэлтэй боллоо.Тэгээд олон нам өөрийн талын ТV-тэй ч болсон бололтой. Бас улстөрч ч сонинтой болж, бас ТV-тэй болдог болж. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон ч тэдгээр нь намын болон улс төрчдийн ухуулга хийдэг хэрэгсэл хэвээрээ байна. Уг нь хэвлэл мэдээлэл бол аль нэг улстөрийн хүчнийхнээс зай барьж, дундач байр суурь дээр байгаад, ард түмний нүд чих, дуу хоолой болж байх ёстой боловч монголын хэвлэл мэдээлэл дэндүү улстөржсөн байна. Угаасаа ухуулгын зэмсэг гэх утгаар бий болсон учраас ухуулгаар нийгмийнхээ үнэнийг бүтээдэг уламжлалт заншлаа хадгалаад байх шиг. Манай Японы сонин хэвлэлд ч онцлог нугалаа гэдэг юм бий. Харьцангуй “Барууны үзэл”, “Зүүний үзэл” баримтлалаараа ялгардаг.

-Сонин хэвлэлийн олшролтой адил бас нэг олшрол бол манай их, дээд сургуулийн тоо. Нэг хүнд оногдох их, дээд сургуулийн тоогоор манай монгол аль хэдийнээ Гиннест бүртгэгдчихсэн байгаа байх. Энэ Танд анзаарагддаг уу? Боловсролын чанараар дэлхийд дээгүүр эрэмблэгддэг танай Японд энэ талын тоо баримт ямар байдаг бол?

-Монголд их дээд сургууль олон байна. Олон их дээд сургууль хөдөөний залуусыг хотод оруулж ирээд байна. Хотод амьдрах боломж бий болгож байна. Залуучуудын тоо нэмсээр байгаа Монголд бол боломжтой байгаад ингэж байгаа байх. Японд бол хүүхдийн тоо багасах хандлагатай, залуусын тоо багассантай холбогдон, олон их дээд сургууль дампуурсан. Бас төрийн бодлогоор заримыг нь цэгцлээд, нэгтгэснээр одоо сургуулийн тоо нэлээд цөөрсөн. Японд их сургуульд орох залуучууд нийт залуучуудынхаа 51-56 хувийг эзэлж байна. Япон залуус бүгдээрээ их дээд сургуульд ордоггүй. Боломжийн айлынхан байлаа ч, толгой сайтай байлаа ч аль болохоор эртхэн мэргэжлийн ажил сурмаар байна гэсэн залуус олон бий. Бас их дээдэд хүүхдээ сургах боломжгүй айл ч Японд бий. Их сургуульд оролгүйгээр шууд ажилд орчихдог залуус ч олон. Монголд их, дээд сургууль олон ч тухайн оюутан нар нь сайн сурч байвал болно. Хамгийн гол нь оюутнуудын ихийг сурах сонирхлыг яаж хангаж өгч байгаа юм бол гэдэг нь чухал. Олон сургуультай ч гадаадад очиж сурахаас өөр аргагүй байдал танайд байна. Монголдоо сурах нь хамгийн сонирхолтой, хамгийн сайхан гэсэн байдал бий болгомоор байна. Гадаад багш нарыг үндсэн багшаа болгоогүй их сургууль дэлхийн томоохон гүрнүүдэд байдаггүй. Японы их дээд сургуульд зөвхөн докторын зэрэгтэй хүнийг багшлуулдаг болсон байна. Монголчууд гадаадад сурахаар олноороо явдаг мөртлөө эх орныхоо их дээд сургуулийг дэлхийн жишигт хүргэх талаар анхаардаг нь цөөн юм шиг. Монголдоо, монголчуудаа эрдэм ном сурах сайн баазтай болгох хэрэгтэй байх. Мэргэжлийн бус хүмүүсээр их дээд сургуулиа удирдуулах хэрэггүй. Монголчууд бүгд улстөрч болох гээд байх шиг.  Эрдэмтэн судлаачид бол улстөрч биш. Гэвч бид нийгмийн сайн сайхны төлөө үг хэлэх үүрэгтэй. Монголоос Нобелийн шагналтан гаргах гэвэл эхлээд Монголд эрдэм шинжилгээний ажлын анхны сайн алхам хийх  боломжийг эрдэмтэн судлаачдад бий болгож өгөх хэрэгтэй байх.     

     

- Монголоос Японд суралцаж буй оюутнуудтай та холбоо харилцаатай байдаг уу? Монгол судлаачийн хувьд Та тэдэнтэй уулзаж лекц зөвлөгөө өгдөг бол тустай байхсан гэдэг санаанаас би энэ асуултыг тавьж байна л даа...

-Би одоо оюутан биш. Оюутан биш учраас Монгол оюутан нартай уулзах боломж олддоггүй. Гэвч аль болохоор оюутнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсох нь чухал байх. Оюутнууд бол харьцангуй юмыг зөв талаас харж, хувийн ашгаас илүү нийгмийн сайн сайхныг боддог, шударга байхыг илүү дээдэлдэг болохыг би мэдэрдэг. Би оюутнуудад юу ярьж чадах вэ дээ? Би бол амьдралын амжилтад хүрчихсэн хүн биш шүү дээ.

-Японы их дээд сургуульд сурч төгссөн монгол залуус манайд олон болж байна. Анхны төгсөгчдийн нилээд нь төр засгийн болон бизнес эдийн засгийн өндөр түвшинд ажиллаж буй. Жишээ нь УИХ-ын гишүүн байсан Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг, сайдаар ажилласан Р.Жигжид гээд олон эрхэм байдаг. Тэдэнтэй Та уулзаж учирч монгол, японы улс төр, эдийн засгийн харилцааны сэдвээр яриа хөөрөө өрнүүлж байв уу?

-Сэдваанчигийг л сайн таньдаг. Токиод оюутан байсан үеийн найзууд. Сэдваанчиг оюутан байхдаа их томоотой, маш номтой сайн оюутан байлаа. Сэдваанчиг хүний мөс сайтай. Гэргий нь ч номтой сайн хүн. Жигжид сайдыг би маш хүндэтгэж явдаг. Нэр хүндтэй сайн дипломат. Ганхуяг гишүүн асныг бол эчнээ таньдаг. Уулзаж ярьж үзээгүй. Баатарсайхан, Батбаатар, Цэвэгдорж гээд Японд сурсан, Япончуудтай тогтоосон харилцаа холбоогоо  эх орныхоо төлөө, хоёр орны харилцааны төлөө хэрэглэж зүтгэж яваа, монголдоо ажил үйлдвэрлэл эрхэлж тодорхой амжилтад хүрсэн, цаашид улам их юм бүтээх, хоёр орны сайн харилцаанд түшиг болж буй мундаг хүн олон.  

-Японд суралцаж төгсөгчдийн анхных болох С.Хүрэлбаатар эрхэм Токиод элчин сайдаар олон жил ажиллаж буй. Та түүнтэй холбоо харилцаатай байдаг уу? Ер нь монголын ЭСЯ-аар орж гардаг уу?

-Орж гардаггүй. Мэдээж би бол оюутан цагаас гуч гаруй жил Хүрэлбаатар сайдыг таньдаг. Хүндэтгэдэг. Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаанд их зүйл бүтээсэн сайхан дипломатч. Саяхан, Японд сайдын зөвлөх хийж байсан, Тайландад сууж байсан элчин сайд Л.Дашпүрэв гуайтай таарсан. Монголын сайн сэхээтэн дипломатч хүн. Монгол-Японы харилцааг хөгжүүлж буй ийм сайхан хүмүүс олон бий.

- Хакухо аварга, Кэкүтэнхо Цэвэгням ояакото гээд япон гэргийтэй алдартнууд олон болжээ. Японд олон жил амьдарч зураг бүтээлээ туурвиж буй С.Заяасайхан гэх нэрт зураачтай би Токиод уулзаж, сонинд ярилцлага хийж байв. Тэр бас япон гэргийтэй юм билээ.  Японы Гадаад яамны түшмэл Кояама Исао манай эстрадын залуу дуучин Солонгоотой гэрлэчихсэн, манай Токиогийн элчин сайдын Цагаан сарын хүлээн авалтад ирсэнтэй би тааралдаж байлаа. Ийм гэр бүл олшроод буй нь улс орнуудын болон хүмүүс хоорондын сайн харилцаа холбооны нэг илрэл байх гэж би харж байна л даа.

-Уучлаарай, би сайн мэдэхгүй байна. Хэн нэгэнтэй гэрлэх нь хэн хүний хувийн асуудал байх. Ер нь хувь хүний гэрлэлт нь хоёр орны харилцаанд  төдийлэн хамаарах зүйл юм уу? Улс орны харилцаа, найрамдлын төлөө сууж байгаа биш биз дээ? Гэрлэсэн хүн ч олон байгаа байх, салсан нь ч олон байгаа байх.

-Таны орь залуу насны хорь шахам жил монголд өнгөрчээ. Романтик дурсамжаасаа хуваалцвал...?

-Сайхан дурсамж байдаггүй. Япон хүн тагнуул гэгдэцгээсэн тийм цаг үе  байсан шүү дээ.

-Монголын хөдөө нутгаар Та аль хэр явав?

-Бүх аймгаар явсан.

-Та монгол хүмүүсийн ямар сайн чанаруудыг хүндэлж явдаг вэ? Бас монгол хүмүүсийн ямар муу чанар, дутагдлыг жигшиж шүүмжилж байдаг вэ? Та япон хүний хувьд биш монгол судлаачынхаа хувьд илэн далангүй үнэнээр нь хэлэх байх гэж би асууж байгаа юм шүү. Үнэн бодит шүүмжлэл гашуун хэдий ч монголын хөгжил дэвшилд тустай байх ...    

-Монголчууд тусархуу. Ачийг хариулдаг хүмүүс. Харьцангуй аминч биш. Бурхан шашинтан учраас юм уу шашны уламжлал уг үндсэнд нь байдаг. Хоосон чанарын мэдрэмжтэй. Нүгэл гэсэн ойлголт монголчуудад бий. Хэрвээ нүгэлтэй зүйл хийсэн ч нүглээсээ айдаггүй бол Монгол хүн биш байх. Монгол хүний тухай би ингэж л боддог. Шүүмжлээрэй гэснээр шүүмжилдэг хүн байдаггүй байх. Шүүмж бол зохиох зүйл биш, бас бүтээх зүйл ч биш. Би юм болгонд чин сэтгэлээс ханддаг зантай. Би Монголоос эрдэм ном олсон хүн. Монгол намайг хүн болгож өгсөн. Монголд сайн сайхныг хүсэн ерөөж явдаг. Монголын ирээдүйн төлөө япон хүн би юу хийж чадах вэ ? гэж бодсоор л яваад өдийд хүрсэн. Монгол хүнийг Японд өмөөрөх ёстой үед нь өмөөрч чаддаг хүн болмоор байна. Бас өмөөрч ч ирсэн. Гэвч Монголыг шүүмжилдэг хүн л болж таараад байна. Гадаадын хүн би шүүмжилье гэснээ Монголд монголоор шулуухан хэлж чадах болсон нь Монгол ардчилсан нийгэмтэй болсны бодитой илрэл байх. . .

-Японд монголын сумочид гээд алдар нэртэй залуус олон болчихлоо. Энэ нь японд монгол орон, монголчуудыг япончуудад ямар нэг хэмжээгээр мэдүүлж сонсгож буй хэрэг байх л даа. Япончууд ингэж бага ч атугай мэдэх болсон нь хоёр орны харилцаа хөгжихөд ямар нэг нөлөө үзүүлж буй болов уу?

-Японы мэргэжлийн сүмод монголчууд Ёкозүна болж монгол хүний хүч чадлыг харуулснаар монголын тухай япончууд сайн мэддэг таньдаг болсон. Олон япончууд сүмо үздэг, сонирхдог. Монголоос анхны Ёкозүна болсон Д. Дагвадорж гуай бол монголчуудад шинэ зам нээсэн хүн. Би Дагвадорж гуайг Ёкозүнагийн хувьд ч, монгол хүний хувьд ч маш их хүндэтгэдэг. Тэр хүн өөрийн хүчээр сүмод зам нээж, өөрийн хүчээр Японоос олсон мөнгөөрөө Монголд ажлын замаа ч нээсэн хүн. Монголынхоо сайн сайхны төлөө гэж дандаа нутгийн монголчуудаа дэмжиж явсан хүн. Ер нь олонх монголчууд түүн шиг монголынхоо сайн сайхны төлөө л явдаг байх. Тийм монгол хүн олширч байгаа цагт Монголын ирээдүй гэрэл гэгээтэй шүү дээ. 

-Хүмүүс хоорондын харилцаа япон, монголын хооронд тун давгүй түвшинд хөгжөөд байдаг. Төр засгийн харилцаа ч бас сайн байх шиг. Токиод манай УИХ-ын дарга саяхан айлчлаад ирлээ. Гэтэл эдийн засгийн том харилцаа манай хоёр орны хооронд тааруухан байна. Японы хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр гэх юм бараг алга. Өнгөрсөн цэрэг дайны төлбөрт авсан гэх ноолуурын “Говь”үйлдвэр л японы хөрөнгө оруулалт гэх нэрийг олон жил хааж байх шиг. Энэ талд хөгжил дэвшил төдийлэн гарахгүй буй нь монголчууд биднээс шалтгаалаад байна уу? Эсвэл өөр бас учир шалтгаанууд байна уу?

-Монгол бол Японоос харьцангуй хол. Манайхтай хиллэдэг хөрш биш. Замдаа өөр орноор дамжих хэрэгтэй. Монголын хүн ам нь цөөн, зах зээл жижиг. Бас Монголын тухай япончууд мэдэх болсон нь 1990 оноос хойш. Гучин жил ч болоогүй. Монголын тухай одоо л сайн мэдэх эхлэл тавигдаж байна. Монгол Улс, Хятадын Өвөрмонгол хоёрын ялгааг сайн мэддэггүй япончууд олон. Тэр байтугай Монгол хаана байдгийг ч тодорхой мэддэггүй хүмүүс ч манайд бий. Монголын тухай мэдээлэл харьцангуй бага. Монголд 1990-ээд оны үед Японы том пүүс хөрөнгө оруулалт хийж асар их хэмжээний хөрөнгө мөнгө алдсан явдал болсон. Санадаг хүн ч байгаа байх аа. Монголын Засгийн газрын баталгаатай байсан учраас Олон улсын шүүхэд хандаж хөрөнгө мөнгөө буцааж авах гэсэн ч шүүхэд ялагдаад хөрөнгө мөнгөө буцааж авч чадсангүй. Энэ нь манай япончуудад хамгийн том сургамж болсон байх. Итгэх боломжгүй, баталгаа ч байдаггүй гэсэн ойлголттой болгосон бололтой. Монголчууд нэгэнт хамтран ажиллах болсон түншдээ алдагдал учруулах ёсгүй байсан байх. Монгол Улсын ирээдүй, хожмыг бодох ёстой байсан. Тухайн цаг үед ард түмэн ч үүнийг нэг их тоогоогүй бололтой. Баян Японоос мөнгө салгаж чадсан нь мундаг гэсэн уур амьсгал ч тэр үед байсан юм шиг санагддаг. Шүүхэд Монголын Засгийн газар ялсанд баярласан хүмүүс ч байлаа. Бас 1990-ээд оны эхээр япон хэлтэй Японд сурсан Монгол хүн япончуудыг мэхлэх явдал бас гарсан. Тэр үед ч Монголын зүгээс түүнд хатуу сануулга өгөөгүй бололтой. Харин ч тийм хүнийг өндөр албан тушаалд тавьсан байдаг. Тэр тухай мэддэг япончууд  Монголыг “оньсого” шиг гэж боддог болсон байх. Япончууд одоо Монголд ашиг олох боломжгүй, зөвхөн сайн дураараа буяны ажил хийхээр ирэхээс өөр аргагүй байдалд байх шиг. Гадаадын түншийг мэхэлсэн хүнтэй тооцоо хийлгэх тогтолцоо ч алга. Япончууд яагаад том хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байна вэ гэдэг нь эндээс ойлгомжтой болов уу. Эхлээд алдсан итгэлийг нь сэргээх хэрэгтэй байх. Одоо ч оройтоогүй шүү. Чингисийн үр сад учраас гэж япончууд монголчуудад найддаг шүү.

-Хөрөнгө оруулалт хийгээд хохирсон тэр том компани нь ямар компани бэ? Нэгэн үе монголд нилээд дуулиан болон яригдаж байсан “Марүбэни” мөн үү?

-Мөн

-Япончуудын монголыг сонирхох ашиг сонирхол юу байж болох вэ?  

-Ашиг бараг байдаггүй байх. Ашиг гэсэн үүднээс сонирхдоггүй болов уу. Зарим Япончууд бол ашиггүй гэж мэдсээр байж монголыг тоохгүй явж чаддаггүй. Би ч тийм л хүн. Ашиг гэдэг бол миний бодлоор урьдчилан тооцож болдоггүй зүйл. Ашиг гэсэн үүднээс бус, өөр үүднээс юмыг үзэх хандлага япончуудад бий байх. Ашиг бол түр зуурын юм. Түр зуурын юмны төлөө зүтгэсэн ч эцсийн эцэст алдахаа магадгүй гэдгийг япончууд мэддэг байх. Энэ манайхны заншил бололтой. Ашиг боддог нь нүгэл биш, муу ч юм биш. Ашиг ч бодох хэрэгтэй. Гэвч ашгаас илүү чухал зүйл ч бий. Зөвхөн ашиг харах нь түр зуурын богино ухаантны хийх ажил гэж багаасаа ардын домгоос бид сурч ирсэн. Ер нь япончууд түүхээсээ их сургамж авдаг. Тиймээс Монголд хөрөнгө оруулалт хийсэн ч мөнгөө алдана гэсэн сургамж 1990-ээд оны эхээр авсан байж магадгүй. Алдсан нь чухал биш, тэнэг ч биш, мэхэлсэн тал нь сэргэлэн ч биш. Ямар нэгэн асуудал үүссэн үед асуудлыг нь хэрхэн шударгаар шийдэх нь чухал болж байна. Шударга хүн ялагддаг нийгэмд ирээдүй байхгүй. Итгэл найдвар бол ашгийн үүднээс бий болдог зүйл биш. Ашиггүй юманд ч хэр зэрэг хүнлэг хандаж чадаж байна вэ гэдгээр хөгжсөн орны боловсорсон иргэний мөн чанарыг харуулах хэрэгтэй болно. Тэр утгаараа Монголын нийгэм одоо нэлээд хөгжсөн нийгмийн шинжтэй болж байна. Ашгийн үүднээс л юмыг харж байгаа цагт хичээн зүтгэсэн ч хожим нь мэдэхэд алдсан нь их байдаг. Өнөөгийн байдлаар бол ашиггүй байлаа ч ирээдүйн төлөө зүтгэх л хэрэгтэй байх. Хүний харилцаанд ч улс орны харилцаанд ч. Хүн бүр ашгийн төлөө л явбал хүн төрөлхтний хөгжил зогсчихно. Ашиггүй юманд ч зүтгэсэн хүмүүс байсан учраас дэлхий хөгжсөн. Хүн бол ашиггүй юман дээр ашиг төрүүлдэг. Хүний амьдрал бол урьдчилан тооцож болдоггүй. Тиймээс сонирхолтой байгаа байх. Сонирхох ашиг сонирхол юунд байгаа вэ ? гэсэн асуултанд Тань заавал хариулах ёстой юм бол юу болохыг мэдэхгүй учраас сонирхолтой байна гэж хариулмаар байна.

 

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Наран:Энэ хүнтэй спортын ордны хавьцаа явж байхад нь их тааралддаг байлаа. Инээмсэглээд л явж байдаг байсан. Япончууд дажгүй хүмүүс. Даан ч ёс жаягтаа хэт их баригдаж, өөрийнхөөрөө байж чаддаггүй, робот шиг болчихсон нь хөөрхийлөлттэй санагддаг. Уурыг нь хүргэсэн хүнд ч гэсэн бөхөлзөж харьцаж байснаа гарангуут нь бүгдээрээ муу хэлдэг. Шууд улаан нүүрэн дээр нь улалзтал нь хэлбэл уг нь кайфтай байдаг юм ш.д. 2017-06-28
Иргэн:Маш сонирхолтой сайхан сургамжтай ярилц**** бна. Хүн байхын тухайд бид монголчууд яагаа ч үгүй байна да. Энэ ярилцлагыг бүх монгол хүн уншаасай, бага ч гэсэн зүйл ойлгож аваасай. Аяако гуайд маш их баярлалаа. Эрдэмтэй хүн даруу гэж аргагүй л үнэн үг юм. 2017-06-29
Пп:Цэдэн-Иш гуай шал тэнэг юм асууж байж, хүний дургүй хүргэчих юм. 2017-06-29
Пп:Цэдэн-Иш гуай шал тэнэг юм асууж байж, хүний дургүй хүргэчих юм. 2017-06-29
Энхамгалан:Таньд баярлалаа таны бичсэнийг уншдаг Монголчууд олон шүү та бичээд байгаарай танд амжилт Баярлалаа 2017-07-16
Dr Collins:Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлж байхыг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг до****аар их мөнгөөр худалдаж авсан. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмчийн бичсэн захианы хаяг нь түүнд баярлан талархаж, бөөр худалдаж авснаар хэрхэн санхүүгийн тусламж авснаа дэлхий даяар ярихад би имэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирсэн зүүд шиг санагдаж байна. Doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө та бүхэнтэй адил төстэй санхүүжилт авах боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. Doctorcollins3@gmail.com Би бол Анита. Монголоос 2017-07-30
anita lee:Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлж байхыг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг до****аар их мөнгөөр худалдаж авсан. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмчийн бичсэн захианы хаяг нь түүнд баярлан талархаж, бөөр худалдаж авснаар хэрхэн санхүүгийн тусламж авснаа дэлхий даяар ярихад би имэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирсэн зүүд шиг санагдаж байна. Doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө та бүхэнтэй адил төстэй санхүүжилт авах боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. Doctorcollins3@gmail.com Би бол Анита. Монголоос 2017-07-30
dr ameer:  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.до****аар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com 2018-06-01
DR. PRADHAN:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-12
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?