Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын анхны ярилцлагыг сонсоод ийм бодол төрөв. Ярилцлагыг нь хураангуйлбал,
- Баян нь тасарч, ядуу нь туйлджээ.
-Өглөө бүр сэтгэл түгшээсэн мэдээ сонсож байна. Яагаад бусад нь дуугүй байна вэ?
- Монголд 30-хан гэр бүл хөлжсөн. Би тэр 30 гэр бүлтэй тууштай тэмцэнэ.
- Газрын дорхи баялаг бол Монголын ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс баялгийг төрд буцаан авна. Энэ бол өмчийг хураадаг социализм биш, ухралт бүр биш.
- Алт ухах, олборлоход гаднын компанийн хөрөнгө оруулалт огт шаардлагагүй. Үүнийг дэмжихгүй. Монголчууд бид алт олборлохоо өөрсдөө хийж чадна.
- Хүнсээ өөрсдөө хангана. Үүнийг улс төржүүлэн мушгих оролдлогыг гадаад хэргийн сайд гаргасан. Гаднаас хүнс авах шаардлагагүй. Өөрсдөө хангачихна. Би Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхаасаа үүнийг ярьсан. Бондын мөнгө үүнд зориулагдсан. Хүнс бол үндэсний аюулгүй байдал.
- Уул уурхай эрхэлдэг сайд нар саналаараа өргөдлөө бичиж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Ийм сайд нар 10 гаран байна. Энэ бол осолтой, Лобби хийх магадлалтай.
- Таван толгойг гадаадын компанитай хамтарсан хувийн компанид өгөхгүй. Таван толгойг ялсан намын мэдлээс гаргана.
- Архины үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг УИХ-д дэвшүүлэхгүй байх хуулийг би санаачилж байсан. Энэ байр сууриндаа өнөөдөр ч хэвээрээ зогсоно.
- Төрийг 60 тэрбумаар худалдан авахыг санаархсан энэ намд Үндсэн Хуулийг өөрчлөх эрх олгож болохгүй.
- Нэг хүнээс хамаарсан улс төрийн тогтолцоог дэмжихгүй. Дарангуйллаар улсаа хөгжүүлэх, нэг хүний дарангуйлал тогтоох гэдэг хоёр өөр зүйл. Нэг хүнийг худалдаж авчих магадлал өндөр.
- Айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. 9-р сард ОХУ-ын Владивосток хотод болох 5 улсын уулзалтаар гадаад айлчлалаа эхэлнэ. Хөрш хоёр улстайгаа гаалийн татварыг буулгах асуудлыг, мөн манай бүтээгдэхүүнийг зохих үнэ ханшаар нь худалдан авах тухай бодитой саналыг хэлэлцэнэ.
- Бүтээгдэхүүнээ гурав дахь хөршид гаргах тухай асуудлыг дэвшүүлж байна. Тэгэж байж дэлхийн ханшид ойртуулна.
- Хятад улсаас 90 хувь хамааралтай байна. Үүнийг УИХ-ын дарга, ерөнхий сайд, 76 гишүүн өдөр бүр ярих ёстой. Ганц би биш.
- Валютын сан бол ажлаа л хийж байна. Тэд хүмүүсийн мөнгийг буцааж өгөх тухай асуудлаа л ярьж буй. Түүнд буруу зүйл байхгүй. Бид харин аль ажлаа Валютын сангаар хийлгэх вэ? гэдгээ мэддэг, тэр түвшинд харьцаж чаддаг хүнтэй байх ёстой. Манайд тийм мэргэжилтэн алга.
- Монгол банк алтны хэр нөөцтэйгээ мэдэхгүй байна. Монголчууд бид алтаа өөрсдөө олборлодог болчихвол, Монгол банкиндаа алтаа үнэнээр нь тушаадаг болно. Сан хөмрөг өснө.
- Бидэнд Норвегийн хуулийг тэр чигээр авчраад хуулчих шаардлага байна. Энэ бол иргэд баялагаасаа ногдол ашиг хүртэх хууль.
- Монголын баялгийг ялсан нам эзэмшиж байна. Үүнийг өөрчилнө. Товчхондоо ийм үгийг Х.Баттулга хэллээ.
Ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг хийнэ гэдгээ илэрхийллээ. Олигархуудаас айхгүй, гадаадынханд эх орноо худалдахгүй, баялгаа мөлжүүлэхгүй гэсэн санааг түүний ярилцлагаас ойлгож болохоор байлаа. Ажилгүйлийг бууруулна. ядууралтай тэмцэнэ. Тэр гоё цээл хоолойгоор, өмнөх ерөнхийлөгчдийн адил донгодсонгүй. Өмнөх ерөнхийлөгчдийг шүүмжилсэн ганц ч үг гээсэнгүй. Гэхдээ тэднийг бодвол, аж ахуй эрхэлж байсан, татварын байцаагчид дарамтлуулж байсан, шарх сорви дүүрэн гэдгээрээ ялгаатай гэдгээ онцоллоо. Мөн Монголын ард иргэд, бизнес эрхлэгчдийг сорон мөлждөг банк санхүүгийн системийг өөрчлөх талаар УИХ-ын гишүүн Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гаргаснаа ч дурдлаа. Ялангуяа тэтгэврийн зээлийн хүү жилийн 24 хүүтэй байгааг болиулна гэдгээ хатуу дурдав. Тэр бизнес эрхлэгчдийн хүлээлтийг ч мөн биелүүлнэ. МҮОНРТ-ийг ч өөрчилнэ гэж хэлээгүй ч, ойлгогдохоор хэлчихэв. - Өөрийг нь мөрдөж байсан хэрэг түүнийг ерөнхийлөгч болсноор зогссон биш. Аль эрт мухардсан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг барьж хорьсон. Юу ч гараагүй. Юу ч гаргаж ирж чадаагүй. Баахан хүн барьж хорьж, шалгаснаас хэтрээгүй.Шударга хуульчид байдгийг тэр үед бас мэдэрсэн. Арай ч ингэж хэлмэгдүүлж болохгүй гэж хэлж байсан шударга шүүгчид тэр үед ч байсан учраас хэрэг мухардсан. Ийм нэгэн, Монголын жирийн иргэдэд ээлтэй, олигархиудад хатуу тусах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ ард иргэддээ дуулгалаа. Сэтгэл бүлээсэв. Улс орон минь, ард иргэд минь өмөөрөн дуугарах эзэнтэй болж байгаа юм байна гэх итгэл бадарлаа. Ерөнхийлөгчийнхөө, намайг дэмжээрэй гэж сөөнгө хоолойгоор бүдэг хэлэх үгийг тодоос тод сонслоо.
Таны ярилцлага сэтгэлд хүрлээ. CONTROL.mn бүх чадлаараа дэмжинэ ээ. Харин Та хамгаалалтаа чангал гэж хэлмээр санагдлаа.
Тоймч Ц.ЭНХБАТ