Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДОРЖЗОДОВ : ЭНГИЙН НЭГ АМЬДРАЛ ХИЧНЭЭН САЙХАН БОЛОХЫГ МЭДЭРЛЭЭ

2017-08-14  

2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураахаас хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумаар Монголын төрийг худалдан авах МАН-ын төлөвлөгөөг задалсан аудио бичлэг интернет орчинд түгсэн. Гол баатар нь хэн хэн болох, үйл явдал хэрхэн өрнөснийг дурсан нурших шаардлагагүй болов уу. Үндэсний аюулгүй байдалтай холбож үзэх энэхүү ноцтой бичлэгийг сонгуулийн үеийн сөрөг ПИАР гэж үзсэн байх магадлал өндөр. Үүнийг тайлбарлах боломж, дэлгэрүүлж анализ хийх, зөв бурууг нь олох цаг хугацаа ч бага, дээр нь сонгуулийн хуулиар мэдээллийн хэрэгслийн үүрэг, оролцоог хумьсан нь ч бас нөлөөлсөн байх талтай. Учир начрыг нь ололгүй сонгуультай золгосон. Энэ ноцтой бичлэгийн зэрэгцээ бас нэгэн сэтгэл хиртгийлгэсэн мэдээг МАХН-ын зүгээс дэлгэж, түүнийг эрх барьж байсан АН-аас томилогдсон ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу мэдэгдэл хийхдээ зөвтгөн зөвшөөрсөн. Энэ бол Монгол улсыг сүүлийн 40 жил тэжээж буй Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг Эрдэнэбилэг гэгч хувь хүнд хувьчилсан явдал байлаа. АН-ын ерөнхий дэвсгэр муу байсан дээр Эрдэнэтийн 49 хувийг "сэм" хувьчилсан мэдээлэл нь иргэд сонгогчдын санаа бодлыг шулуутгаж, АН-д үхлийн цохилт өгсөн гэж улс төр судлаачид дүгнэдэг. Үр дүнд нь 76 суудлын 65-ыг МАН авч, УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулснаар сонгууль өндөрлөсөн.

Тэр цагаас хойш Доржзодов гэгч залуу эрх баригч намын шахалт, дарамтан дор амьдрах болсныг түүний дурсамж яриа өгүүлдэг. Тэгвэл энэ байдлаас бүрмөсөн гарах, эс бөгөөс ямар нэгэн байдлаар мухарлах бас нэгэн боломж олдсон. Тэр бол 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль. Түүнийг ашиглахаас өөр зам түүнд үлдээгүй байдаг. Тиймээс Доржзодов байгаа бүхнээ золиослон дахин ил гарсан. Түүний хэлж буйгаар, - Түүнтэй уулзахыг хүссэн хүний хүрээ тэлж ( эртний найз нөхөд, хөрөнгө чинээтэй бизнесмэн, Цагдаа, АТГ, Тагнуул, МАН, прокурор ) амлах мөнгөний тоо ч гэрлийн хурдаар өссөн байна. Ганцхан болзол : 90 минутын бичлэг эвлүүлэг байсан гээд л хэлчих гэдэг ятгалт, тулгалт. Доржзодовын хэлж буйгаар түүнд ямар ч гарц үлдээгүй. Мөнгө авбал асуудалд унана. Авахгүй бол хонгилд унана. Тиймээс үнэнээс гуйвахгүй л явах зам түүнд үлдсэн гэдэг. Тэр тухайгаа ч УИХ-ын гишүүн асан А.Оюунгэрэлтэй хийсэн нэвтрүүлэгтээ хуваалцсан байдаг. Нэг хүний эсрэг төрийн эрх барьж буй нам, засаг, түүний аппарат, хууль хүчний байгууллага бүхэлдээ хөдөлнө гэж төсөөлөхөд амаргүй. Ядаж байхад өмгөөлөх өмгөөлөгч ч олдоогүй нь Монголын шүүх засаглалд үүссэн нэгэн гажуудлын илрэл юм. Тэр, өөрийгээ өмгөөлж өгөөч гэж 6-7 нэр нөлөө бүхий өмгөөлөгчид хандсан ч, нааштай хариу дуулсан нь үгүй гэдэг. Харин түүний талд Баасан өмгөөлөгч, Оюунгэрэл нар л зогссоныг олон нийт харсан. Доржзодовын хувьд Баасан бол хайж, эрж байсан өмгөөлөгч нь, Оюунгэрэл бол үнэхээр "сохор азаар" учирсан азтай учрал байсан гэдэг. Энэ хоёр эмэгтэйтэй учраагүй бол өнөөдөр Доржзодов гэдэг залуугийн амьдрал хаашаа эргэсэн байхыг таахад бэрх. Арга мухардсан Доржзодов эхнэр, хүүхдээ хөдөө явуулж, нүүрлэж буй аюул заналыг ганцаараа л сөрөхөөр шийдсэн түүнд зөвхөн олон нийтийн л дэмжлэг хэрэгтэй байсан гэж тэр өнөөдөр ч эргэн санаж байна. Ийм л дэмжлэгийг Баасан, Оюунгэрэл нар түүнд олгосонд, бүр гэртээ орогнуулж, цагдаагийн баривчлах операциас холдуулж чадсанд тэр талархаж байна. Үүнийг л тэр ард иргэдийн дэмжлэг гэж хүлээж байсан байдаг. Түүний найдвар гэхдээ бас тасраагүй байсан гэдэг. Яагаад гэвэл "шударга л байя даа" гэж хэлдэг Элбэгдорж ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байсан. Ард түмэнтэйгээ хамт байдаг ерөнхийлөгч болно гэж сонгогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид гурван ч удаа захидал бичээд хариу сонсоогүй нь түүнийг арга мухардахад хүргэсэн байдаг.

Бурханы авралаар, Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, байдал өөрөөр эргэв. 60 тэрбумын асуудлыг шалгаж, нягтлахаар болов. Доржзодов гэмт хэрэгтний суудалд шилжихээс "аврагдав". Өнгөрсөн амьдралаа эргэн харахад, бүх насаараа үрээд үрээд барахгүй 1 сая ам.доллар, 2 өрөө байр, гадаадын дуртай сургуульдаа сурах эрх зэрэг амлалт гоё сайхан сонсогдохгүй байсан гэж Доржзодов хэлэв. Тэр ганц л зүйлийг ухаарсан байна. Тайван амгалан амьдрал. Гэр бүлээрээ хамтдаа, энгийн нэг амьдралаар амьдрах гэдэг ямар агуу зүйл болохыг тэр энэ бүхний эцэст мэдэрсэн байна. Энэ залууг хэвлэлийнхэн сонгуулийн дараачаас мартсан. Харин үүний мөрөөр дахин эргэн сурвалжлах, асуудлыг сөхөх, сэтгүүлчдийн хийвэл зохих байсан нэгэн нэвтрүүлгийг Оюунгэрэл гишүүн хийсэнд талархая. Бүхнийг "хааж орхидог" зангаасаа сэтгүүлчид салах цаг болжээ гэж энэ зуур бодогдов.

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ эсрэг төрийн хүчирхэг машиныг хөдөлгөсөн, дарангуйллын уур амьсгалыг нийгэмд мэдрүүлсэн эрх барьж буй МАН, түүний нэр бүхий удирдагчдаас шударга үнэнийг нэхэх, хариуцлага тооцох цаг ч ирж буйг шил дараалан өрнөх үйл явдал мэдрүүлнэ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?