Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХҮҮХДИЙН АМИА ХОРЛОЛТОД ТОМЧУУД БУРУУТАЙ

2016-03-16  

 Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь 7 тэрбум хүнээс 10-20 сая нь амиа хорлох тухай бодож, нэг сая нь санасандаа хүрдэг гэсэн үг. Уг судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Суурин иргэншлийн сүүдэртэй талыг харуулах энэ үзүүлэлт улс үндэстэн бүрт харилцан адилгүй. Амиа хорлолтын тухай ярих хэрэггүй гэдэг хэсэг ч бий. Гэвч хүүхдийн амиа хорлолтыг томчуудад ярихаас аргагүй цаг үе иржээ.

Амиа хорлолтын үзүүлэлтээр Монгол Улс их ч биш, бага ч биш. Гэхдээ хүн амынхаа тоотой харьцуулахад санаа зовоох асуудлын хэмжээнд хүрчихээд байгаа нь сүүлийн жилүүдэд хүүхдийн амиа хорлолт өсч байгаатай холбоотой. Учир нь 1990 онтой харьцуулахад өнөөдөр амиа хорлогсдын тоо 3 дахин өсчээ. Нийгмийн асуудалтай болон халуун цустай ямар ч улс үндэстэнд амиа хорлолт тодорхой хэмжээнд байдаг гэдэг. Гэхдээ манай улсын хувьд анхаарал татах асуудал нь өндөр настан болон хүүхдийн амиа хорлох үзэгдэл нэмэгдэж байгаад  юм. Амиа хорлож буй болон хорлохыг завдаж буй хүүхдийн нас, арваас доош орох болсон нь бидний сэрж сэрхийх цаг болсныг илтгэнэ.

Хүүхэд яагаад амиа хорлоход хүрч байна вэ? гэсэн асуултад хүүхдийн сэтгэл судлаач болон мэргэжилтнүүд нийгмийн стресс дарамт, гэр бүлийн харилцаа, сургуулийн орчин, баян ядуугийн ялгаа гэх зэрэг хүчин зүйлсийг нэрлэсэн байна. Үүний дийлэнх буюу 53 хувийг эзэлж буй шалтгаан нь гэр бүлийн таагүй харилцаа.

Томчуудын тойрог дахь хүүхэд

Монголчууд эртнээсээ амар тайван зантай,  гэр зуураа илэн далангүй ярилцаж сураагүй улс. Харин тэр цаг хэдийнээ өнгөрч одоогийн хүүхдүүд биднээс илүү их цаг хугацаа, эв дүйг шаардах болжээ. Гэвч энэ байдал эсрэгээрээ, орчин цагийн эцэг эхчүүд бүгд цаг завгүй. Нэг гэр бүлийнхэн дөрвөн ханаар бие биеэсээ тусгаарлагдаж, онлайн ертөнцөөр нэг нэгнээсээ хязгаарлагдан амьдарч байна. Энэ бол хүүхэд амиа хорлолтод хүргэж буй хамгийн том шалтгаан. Томчууд хүүхэдтэйгээ ярилцдаггүй өөрөөр хэлбэл сонсдоггүй гэж хэлж болно. 2016 он гарсаар 30 гаруй хүүхэд амиа хорлохоор завдсанаас 10 гаруй нь санасандаа хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт амиа хорлохоор завдсан охиныг сошиал даяараа буруутган “яллав”. Түүний нэр хаягийг олж тогтоогоод эрээ цээргүйгээр зарлан тунхаглаж байгааг харахад насанд хүрэгчид өөрсдөө харгислагчид юм байна гэж ойлгогдохоор.

Хүүхэд яагаад сэтгэлийн хаттай, зовлон бэрхшээлийг дааж сурсан байх ёстой юм бэ? Арав гаруйхан настай хүүхэд хэдий завандаа хатуу ширүүн амьдралыг шүд зуун давах тэвчээрийг олж амжих вэ? Ер нь хүүхэд яагаад том хүн шиг болсон байх ёстой гэж? Ийм асуултыг томчууд өөрсдөөсөө нэг асуугаасай.

Хүүхэд яагаад уйлдаг вэ? Хүүхэд болохоороо л уйлж байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл жижиг, том ч гэлтгүй асуудлыг даван гарахад бэлтгэгдээгүй учраас халуун нулимсаа бидний өмнө урсгадаг. Өөрийнхөө 20 хүрч яваа хүүхдэд гарч хүрч уйлахаар нь “даанч болоогүй байна даа” гэх хэрнээ хүний 16-тай охин байшингийн ирмэг дээр зогсоход нь эрхийн тэнэг, сэтгэлийн тэнхээгүйгээр нь дуудах нь мулгуу монгол хүний л зан. Хүүхдээс амьтайгаа тэнцэх хэмжээний тэвчээр хатуужил, амьдралын хар ухааныг хайж суугаа нь томчуудын тэнэглэл. Түүнийг нь суулгаж, ухааруулж амжаагүй нь бас л томчуудын тэнэгийнх. Сэтгэл гутрал нь дээд цэгтээ хүрэхэд хүүхэд амиа хорлох тухай бодож эхэлдэг. Энэ шатанд хүртэл нь хүүхдийн сэтгэлийг ойлгон нээж чадаагүй томчуудын буруу.

Бусдыг өөрчилье гэвэл өөрөөсөө эхэл гэдэг

Нэгэнт ийм цаг үеийн нөхцөл байдалд тулгагдсан эцэг эхчүүд бид өөрсдийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. Орчин үеийн хүүхэдтэй хэрхэн харилцах, хамгаалах талаар одоогийн эцэг эхчүүд ойлголтгүй шахуу гэхэд хилсдэхгүй. Муугаар хэлэхэд олонх нь аль социализмийн үеийнх шигээ хээрийн салхинд хөл нүцгэн гүйж өссөн сэтгэлгээгээрээ хүүхдэдээ  ханддаг хэвээр. Тиймээс юуны өмнө эцэг эхчүүдийн харилцаа хандлагыг өөрчлөхөд чиглэсэн ажлуудыг хийж, тэдний хүүхдэдээ зарцуулах цагийг ихэсгэх учиртай. Ялангуяа өрх толгойлсон болон дагавар  хүүхэдтэй гэр бүлүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хороо хэсгийн ажилтнууд хэмээх өрхийн бүртгэл хөтөлдөг хүмүүсийг сонгуулийн ажилд дайчлахаасаа илүү гэр бүлийн зөвлөгч байдлаар ажиллуулахад юу нь болохгүй байхав.

Хүүхэд амиа хорлоход хүргэдэг дараагийн шалтгаан нь материаллаг хэрэглээний асуудал. Амиа хорлоход хүргэж байгаа 25 хувийн энэ шалтгааныг бууруулахад бид юу хийсэн бэ? Харин ч томчууд материаллаг хэрэглээний араас хэт хөөцөлдөж хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь нууц биш. Интернэт ертөнцийн хэт хэрэглээ ч үүний нэг шалтгаан. Сургуульдаа ижилхэн дүрэмт хувцас өмсөх зэрэг өөрчлөлт хүүхдийг энэ ялгаанаас гаргаж чадахгүй байна. Учир нь томчуудын хэрэглээ, хүүхдийн хэрэгцээ хүсэл шуналын ард бий.

Хүүхдийн амиа хорлолтоор дэлхийд 3-т бичигдэж байсан АНУ “Шар тууз” хэмээх хөдөлгөөнийг өрнүүлж бүх шатандаа хүүхдийг сонсох, ойлгох, ухуулан таниулах ажил хийснээр багахан хугацаанд 6 дугаар байр руу ухарсан жишээ байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улс хүүхдийн бусад осол эндэгдлээс гадна чимээгүй өсч буй амиа хорлолтыг харсаах суух уу? 

 “Хүүхдийн төлөө Үндэсний газар” хэмээх ахадсан том нэртэй социализмийн шарилжин дундаасаа сугарч чадаагүй байгууллага нь ийм ажлыг хийж чаддаггүй юмаа гэхэд тоотой хэдэн сургуультай нийслэлд бол идэвх санаачлагатай ТББ-ууд уг нь иймэрхүү ажлыг хийчихэж чадна даа.

Хүүхдийг сонсох 108 гэх утас байдаг аж. Тэр утсанд амиа хорлохтой холбоотой ганц хоёр яриа болдог ч утсаар зөвлөгөө өгөөд цагдаад хэлж арга хэмжээ авдаг гэнэ. Цагдаа дуудах гэж хүүхэд 108 руу залгаагүй л байлтай. Сандлаасаа ховхорч асуудалтай хүүхэд дээр хүрээд оччихож чаддаггүй утасны ар дахь нүүргүй хүн хүүхдийн шийдсэн сэтгэлийг торгоож дийлэх үү? Тэр утсыг гэвч хэдэн хүүхэд мэддэг вэ гэдэг бас л асуулт....

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?