Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

НОМЫН САЙН ГАЗАРЧ

2018-03-27  

“-Эрдмийн таван хаалгаар урин залагч номын сайн газарчийн дэлгэрүүлсэн үйлс арвижтугай” 

Соён гэгээрүүлэгч Н.Ишданзанванжилын "Галын шастир" сургаалиас

Өмнийн говийн эрдэнэс баялгийн нэгэн ундарга нь Цэрэндуламын Сүнжмаа багш. Энэ буурлыг эрдэм түгээн дэлгэрүүлэгч гэдгээр нь нутгийнхан нь андахгүй. Тэрбээр хорин жил багшилж, хорин хоёр жил эрдэм дэлгэрүүлэгчийн албыг хашжээ. Монголын Эрдэм Дэлгэрүүлэх Нийгэмлэгийн таван удаагийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон нь үүнийг гэрчилнэ. Өөрийн сурч мэдсэнээ насан турш бусдад түгээсээр ирлээ. Дээлтэй судар болсон энэ эрхэм хүнээс залуу дүү нар суралцаасай. Энгүй их мэдлэгээс нь амжин хүртэж аваасай. Түүний мэдлэг оюунаас суралцаж байгаа газруудын нэг нь “Монгол говь” сонин. “-Аймгийн амьд түүх болсон Сүнжмаа гуайд мэдэхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Юу ч асуусан уг гарал үүслээс нь эхлэн хүүрнэнэ. Сонин хэвлэл, хүний бичсэнийг уншиж цэгнээд хэрхэн бичсэнийг нь дүгнэж хэлнэ. Сэтгүүлч бидний бичсэн нийтлэлийг уншаад сайн үнэлгээ өгсөн бол эзэнд нь заавал ирж дуулгаж магтах нь сайхан. Хэрэв алдаа мадаг гаргасан бол улаан балаар засчихаад ширээн дээр тавьчихна...” гэж “Монгол говь” сонины эрхлэгч Ж.Сайнжаргал бичжээ. Би вээр нагац ахынхаа дэргэд өссөн дүүгийн хувиар сургамжаар дүүрэн дурсамжийн шигэтгээг толилуулья.    

МИНИЙ ГАЗАР ЗҮЙН БАГШ

Наян гурван оны зун цаг. Оюутны амралтаараа би хөдөө гэрээдээ зорив. Дарханаас гарч давхисаар Баян-Овоо орлоо.Манайх Цагаан хошууны адагт зусаж байгаа. Нар шингэхээс өмнө Үнэгтийн зүүн шар Шавагтайн голыг гаталж амжсан ч харуй бүрийтэй золгов. Жолооч нөхөр маань говьд анх удаа ирж байгаа тул газарчны үүрэг надад оногдлоо. “-Энүүгээр л явах байх...” гэж миний заасан зам гэрт минь аваачсангүй. Шөнийн харанхуйд эргэж буцсаар байгаад жолоочийн арга мухардав. Төрсөн нутгийнхаа замыг олж чадаагүй газарчин ч хэлэх үггүй таг суув. Хий дэмий давхиад яахав гээд хээр хоноцгоов. Өглөө босоод харвал бидний урд нэг их хуурай сайртай хонхор үзэгдэнэ. Надад их л танил газар байв. Хойшоо эргээд хартал худаг дээр хэдэн тэмээ байна. Тиймээ, Шорвог шандны гол энэ мөн. Дээхэн талд нь цавцайсан намхан хошуу толгойн энгэрт манай гэр харагдах нь тэр. Өглөө эртийн шингэн цэнхэр утаа яндангаас суунаглана. Би төрсөн гэрийнхээ өмнөхөн нь ирж унтсан байлаа.

Гэртээ ирвэл аймгийн сургуульд багшилдаг Сүнжмаа ах манайд амарч байгаатай таарав. “-За, зам мэдэхгүй төөрч будилаад, гэрийнхээ хаяанд ирж хоносон намайг ч шоолж л таараа “ гэж бодогдов. Гэвч ах намайг шоолж сүйд болсонгүй. Үдээс хойхоно ах “-За хоёул хойт овоон дээр гарья” гэлээ. Овоон дээрээс нутаг орны бүх газар алган дээр байгаа юм шиг илхэн харагдана. Сүнжмаа ах надаас “-За тэр ямар нэртэй газар вэ?” гэж нар зөв тойруулан асууж гарлаа. Би тун цөөхөнийг нь нэрлэв. Миний мэдэхгүй газрыг өөрөө тодоор хэлж өгсөөр. Гурав хоноод хоёул дахин овоон дээр гарав. Надаас нөгөө газруудаа бас асуулаа. Би давтан шалгалтандаа бүдрэх нь энэ. Ахын хэлсэнд тоомжиргүй хандсандаа би ичиж зовж байгаа гэж жигтэйхэн. Ах намайг зэмэлсэнгүй. “-Унасан газар, угаасан ус нутаг орноо сайн мэдэж байвал өөрт чинь л хэрэгтэй дээ” гэж намдуухан хэллээ. Маргааш нь би сэмхэн ганцаараа овоон дээр гарлаа. “-Дэн цагаан хошуу, Дэврэх хар эрэг, Хачиг хөрхийн хяр, Хармагтайн хадан цохио, Оргихын шарга овоо, Өвөр хүнхэрийн хонхор...” гээд л урсгаж өгөв. "-Нэр нь хүртэл шүлэг, Нээрээ сайхан нутаг Баян-Овоо" ч гэсэн мөр орж ирлээ... Хоёр хоноод би ахыг дахин овоон дээр гарья гэв. Тэр жуумалзан “-Одоо чи мэдэж байгаа л даа, би гадарлаж байна. Асуугаад юу хийхэв, сайн байна. Гэхдээ хойд овоон дээрээс чинь манай сумын зүүн талын зөвхөн нэг л хэсэг жаахан газар харагдаж байгаа шүү дээ. Цааш нь хол ойрын бусад газруудыг сайн мэдэж аваарай” гэлээ. Энэ мөчөөс хойш би зөвхөн нутаг орныхоо гэлтгүй явж үзсэн газруудынхаа нэр ус, зам харгуйг нь ой тоондоо санаж тогтоож авахын ач тусыг мэдэрч авсан. Ах сүүлд нь Оросын Москва хотод очиж, Халимаг, Хакас мужаар аялаж ирээд газар усыг нь нэгд нэгэнгүй нэрлэн сонирхуулж ярьдагсан. Сүнжмаа ах газар орныг гайхалтай сайн мэднэ. Нэг очсон газраараа дахиж явахад төөрөхийн зовлон гэж үгүй. Хүнд байх учиртай чухаг нэгэн эрдэм энэ буюу.   

НОРВЕГИЙН ОЙ 

Ерэн зургаан оны намар. Даланзадгадаас Баян-Овоо орохоор Сүнжмаа ах бид хамт хөдөллөө. Жолоо барьж яваа манай том хөвүүн Жавхаагийн машинд Монгол дуу хэсэг явснаа Битлзийн дуунууд залгав. Дуу сонсож явтал ах гэнэтхэн “-Энэ нэг дуунд чинь Майдар эргэх ёслолын бишгүүрийнх шиг ая гарлаа. Манай сумын “Долоо сүмийн хийд” чинь Майдар бурханы ном хурж байсан гэхээр сүрхий том газар байж. Наад аялгуу нь их адилхан юм гээч” гэлээ. Жавхаа хариулж байна. “-Энэ “Norwegian Wood” гэдэг дуу. Битлзийн дуунууд дотор ситар хөгжмөөр тоглосон цөөхөн дууны нэг нь. Дуу уг ньНорвегийн ой” нэртэй болов ч яах аргагүй дорно зүгийн эгшиг сонсогддог юм. Ах та гайхалтай мэдэрлээ” гэх нь тэр. Жавхаа цааш нь “-Битлзийнхэн Энэтхэгт байхад Жорж Харрисон ситар хөгжим тоглож сурсан юм. Энэтхэгийн ардын хөгжим” гэв. Сүнжмаа ах үргэлжлүүлэн Долоо сүмийн хийдийн тухай түүхийг хүүрнэлээ. Ярианыхаа амтанд орсон ах маань ёстой нэг нүдэнд харагдтал өнгөтөөр ярив.

Хийдийн гол дуганаас Майдар бурханы алтадсан хөргийг хүндэтгэн гаргаснаар ёслол эхэлдэг байжээ. Бурханыг залсан хөсөг тэргийг олон лам нар татлага оосроор мөрөвчлөн чирж авч явна. Араас нь лам нар хос хосоороо лавай, цан, хэнгэрэг, бишгүүр, ганлин бүрээ дуугарган цувна. Их удаан заан шиг тайван явах учиртай цуваатай зэрэгцэн хөгжмийн ая намуухан эгшиглэнэ. Яг л саяын дууных шиг зөөлөн аястай гэж ах өгүүлэв. Нас дээр гарч яваа хир нь Битлзийн олон дуунаас ситар дээр эгшиглэсэн цөөхөн аялгууны нэгийг тэр анзаарчээ. Ай даа, “Norwegian Wood” дуу...Сүнжмаа ахын түүх сайн мэддэгийн зөвхөн нэг л жишээ нь энэ. Сангийн далай хийд, Дэмчогийн хийдийн тухай ихийг ярьж чадна. Ж.Самбуу гуай 1931 оны намар, Дорж мээрэн, Оросын нэрт газар зүйч шар Дамдинсүрэн гэгддэг Симуков нартай зөвлөлдөн Далангийн задгай голын зүүн дэнжийг сонгон Даланзадгад хотын шавыг тавьсан тухай тун сонирхолтой түүх хуучилна. Нутаг орныхоо түүх, ардын ёс заншилыг их судалсан. Түүх мэдэх үндсийг нь Баян-Овоогийн бага сургуульд Д.Чого багш тавьж өгчээ. “-Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? Эцэг нь хэн бэ? Батмөнх даяан хаан хэдэн жил хаан суусан бэ? Өндөр гэгээн Занабазар хэний хүү вэ?” гэсэн асуулттай уралдаан явуулна.Энэ үе нь 1946 он шүү дээ. Чингис хааны тухай ярьж болдоггүй цагт Чого багш ингэж бидний мэдлэгийг арвижуулсан юм” хэмээн Сүнжмаа ах “Эрдэм оюуны уурхай” номын дурдатгалдаа бичсэн. Говь нутгийн эгэл жирийн эрдэмт буурлуудын нэгэн энэхүү “Хүн ном”-ын хуудас бүрийг нь нээн үзэж, охь эрдэнээс нь дээжлэн шимтэхийг хүсье. Номын газарч ах таны минь оюуны гэгээн хур улам дэлгэрэн буух болтугай!

 

 

 

Ө.Рагчаасүрэн. 2018 он. Бурхантын хөндийн Найрамдалын хотоос.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?